Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 147

 

“Б...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч  

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсгийн “Б...” ХХК-ийн газартай давхардсан 17576 мкв хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0750 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0750 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг баримтлан “Б...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-ийн 134000 м.кв газрын “Б...” ХХК-ийн 17576 м.кв газартай давхцсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 750 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3” гэснийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3”, “бүхэлд нь” гэснийг “зарим хэсгийг”, “17576” гэснийг “17000”, “тогтоосугай” гэснийг “тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 576 м.кв газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/318 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага өөр хэргийг шийдвэрлэсэн, Нийслэлийн Засаг дарга хэргийн оролцогчоор оролцоогүй хэргийн шийдвэр, магадлал, тогтоолыг нотлох баримтаар хавтаст хэрэгт авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг зөрчсөн. Уг нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

4. Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу хилийн заагийг тогтоосон 21, 3 тоот шон, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэмж тогтоосон 75 дугаар шонгуудын хилийн зурвас нь хаагуур байгаа, ямар байрлалтай, ямар тэмдэглэгээтэй болох, мөн маргаан бүхий 17000 мкв газар нь дархан цаазат газрын хилийн цэст бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн хамаарсныг шинжээч томилж үзлэг хийж хэргийн бодит нөхцөлийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн байна.

5. Иймд, шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          6. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.

          7. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 9 сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар “Б...” ХХК-нд 1.7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар, нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “Ө...” ХХК-д 134000 м2 газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн, эдгээр газрууд нь бүхэлдээ давхцалтай, байршлын хувьд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн дотор байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох “... “Б...” ХХК-д 1.7 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/318 дугаар тушаалыг болон мөн сайдын 2015 оны А/433 дугаар тушаалын “Дүнжингарав гурил” ХХК-д газар олгосон хэсгийг, мөн сайдын 2016 оны А/220 дугаар тушаалаар “Э...” ХХК-д 2 га газар олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0890 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 0163 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 214 дүгээр тогтоолоор тогтоогджээ.

          8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон … үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан, энэ тохиолдолд, маргаан бүхий газар нь “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн дотор байгаа” нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул шүүх дахин нотлохгүй, өөр дүгнэлт хийх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага өөр хэргийг шийдвэрлэсэн, нийслэлийн Засаг дарга хэргийн оролцогчоор оролцоогүй хэргийн шийдвэр, магадлал, тогтоолыг нотлох баримтаар хавтаст хэрэгт авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.

         9. Төрийн өмчийн газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах талаарх бүрэн эрхийг захиргааны аль байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх асуудал нь хуулиар тусгайлан зохицуулагдсан бөгөөд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д           “... /тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн/ төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах”-аар заасан байхад, шүүх “нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэх эрхтэй” гэж дүгнэх боломжгүй, түүнчлэн, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон, уг тогтоол хүчин төгөлдөр байхад “...хилийн цэс нь хаагуур байгаа нь тодорхойгүй” гэж шүүх мөн дүгнэх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

          10. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамж гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.3-т “... захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан... /-ны гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх/”-өөр заасан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 9 сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар “Б...” ХХК-нд 1.7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/79 дугаар гэрчилгээ олгож, 2015/043 дугаартай гэрээ байгуулсан, байхад нэхэмжлэгч “Б...” ХХК “... 17576 м.кв газартай давхцсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор шаардсан нь үндэслэлгүй, “Ө...” ХХК-д газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Б...” ХХК-ийн газартай давхардсан 1.7 га газарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн давж заалдах шатны  шүүхийн магадлал зөв тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                         Д.МӨНХТУЯА