| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2410000000257 |
| Дугаар | 2026/ДШМ/47 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Алтай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/47
2026 01 08 2026/ДШМ/47
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Алтай,
хохирогч Д.Б, А.Х, Б.Э,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2419 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.А, Д.Б, Б.Б, С.Г, М.Г, П.Д, Ш.Д, Г.Д, Х.Н, Л.С, Л.Т, Б.Э нарын хамтран, шүүгдэгч О.Н-ийн гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар О.Н-д холбогдох эрүүгийн 2410000000257 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн О.Н, ..................................... /РД: ................................../,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15- ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Шүүгдэгч О.Н нь олон нийтийн цахим сүлжээгээр буюу фейсбүүк хаягаар мал койны талаар сурталчилгаа явуулж, малжуулах, өгөөж хүртээх зорилготой төслийг хэрэгжүүлнэ гэж байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны хооронд 54 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, өмчлөгчийн 271.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Наадам центр төвд байхдаа хохирогч Н.Н-ээс 2-3 хоногийн дараа эргүүлээд өгнө гэж хуурч, өмчлөгчийн 13.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, бусдад нийт 284.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Н-ийг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Н-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд хөрөнгө битүүмжпэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Н-оос 10.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д, 3.500.000 төгрөгийг гаргуулж Б.М-т, 10.000.000 төгрөгийг гаргуулж Б.Б-д, 3.500.000 төгрөгийг гаргуулж Х.Н-т, 7.000.000 төгрөгийг гаргуулж Б.А-д, 3.500.000 төгрөг гаргуулж Д.Б-д, 7.000.000 төгрөг гаргуулж Г.Д-т, 14.000.000 төгрөг гаргуулж Д.Г-т, 5.000.000 төгрөг гаргуулж Ш.Э-д, 500.000 төгрөг гаргуулж А.А-т, 7.000.000 төгрөг гаргуулж Б.А-д, 9.000.000 төгрөг гаргуулж О.Н-д, 7.500.000 төгрөг гаргуулж Б.Ш-д, 3.500.000 төгрөг гаргуулж Ш.Д-т, 3.500.000 төгрөг гаргуулж М.Г-д, 500.000 төгрөг гаргуулж Э.М-д, 3.500.000 төгрөг гаргуулж Н.А-т, 3.500.000 төгрөг гаргуулж О.Н-д, 1.500.000 төгрөг гаргуулж Л.С-д, 1.000.000 төгрөг гаргуулж Б.В-т, 3.000.000 төгрөг гаргуулж Т.Т-д, 3.000.000 төгрөг гаргуулж Л.Т-д, 3.500.000 төгрөг гаргуулж Х.С-т, 10.000.000 төгрөг гаргуулж Н.Мөнх-эрдэнэд, 5.000.000 төгрөг гаргуулж Ч.Б-д, 3.500.000 төгрөг гаргуулж Б.Б-д, 6.000.000 төгрөг гаргуулж Б.Ө-т, 1.000.000 төгрөг гаргуулж Б.Б-д, 3.500.000 төгрөг гаргуулж О.Ч-д, 3.500.000 төгрөг гаргуулж Ч.Г-д, 4.000.000 төгрөг гаргуулж С.Б-д, 3.500.000 төгрөг гаргуулж Б.Р-д, 4.500.000 төгрөг гаргуулж Б.О-д, 7.000.000 төгрөг гаргуулж Н.Г-д, 5.000.000 төгрөг гаргуулж М.А-д, 4.500.000 төгрөг гаргуулж М.А-т, 3.500.000 төгрөг гаргуулж С.Г-т, 3.000.000 төгрөг гаргуулж О.Ч-д, 3.500.000 төгрөг гаргуулж Г.Д-д, 3.500.000 төгрөг гаргуулж А.М-д, 7.000.000 төгрөг гаргуулж И.Т-т, 4.000.000 төгрөг гаргуулж А.Х-д, 3.500.000 төгрөг гаргуулж Б.Э-т, 1.500.000 төгрөг гаргуулж С.А-д, 3.500.000 төгрөг гаргуулж М.Т-т, 4.000.000 төгрөг гаргуулж Ц.О-т, 4.000.000 төгрөг гаргуулж Н.Н-д, 8.700.000 төгрөг гаргуулж Н.Н-т, 3.500.000 төгрөг гаргуулж Б.Ө-д, 2.900.000 төгрөг гаргуулж П.Д-д тус тус олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдэл, гэм буруугийн хувьд маргах, гомдох зүйл байхгүй болно. “А групп” ХХК-ийн хэрэгжүүлж эхэлж байсан малжуулах төслийн хувьд өмчлөлийн 1 га газрыг Төв аймгийн Баянчандмань суманд худалдан авч хашаа хороог барин тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Беларус улсаас сүү махны чиглэлийн Сементал үүлдрийн өндөр ашиг шим бүхий үхрийг авах төсөлд шалгаран явж байсан боловч ОХУ-д гарсан дайны нөхцөл байдлаас шалтгаалан тухайн төсөл хэрэгжих боломжгүй болсноор олон тооны хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг ашгийн хамт буцаан өгөх зорилгоор барилгын төсөлд хөрөнгө оруулсан боловч хувийн зохион байгуулалт, хамтарч ажилласан хүмүүсийн итгэл эвдсэн, өөрийн санхүүгийн тооцоолол алдсанаас тухайн төсөл 3 жилийн хугацаанд царцаж өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж олон тооны хөрөнгө оруулж итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагчдаа хохироож хүндрэл учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байна.
Хэдийгээр ийм нөхцөл байдалд хүрсэн ч тухайн хэрэг шүүхийн шатанд явж байхад нийт хохирол боло 280 орчим сая төгрөгөөс 48 сая төгрөгийг 11 хохирогчид өг 5 хүний хохирлыг бүрэн барагдуулсан.
Хоригдохоос өмнө Авто замын компанийн ерөнхий менежерээр ажиллаж гүйцэтгэсэн ажлын урамшуулал болгож авахаар тохирсон төлбөр анхан шатны шүүх хурлаас өмнө авахаар болсонд найдан шүүх хурлаас хохирол барагдуулах 5 хоног авч шүүх хурал завсарласан боловч тухайн хугацаанд урамшууллаа авч амжилгүй шүүхээр орж 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Гэвч хоригдож байх хугацаандаа хохирол барагдуулах тал дээр өөрийн өмгөөлөгч Н.Буянжаргалаар дамжуулан ажиллаж байгаа болно.
Миний бие 2025 онд нурууны L4 үе дээр “Гранд мед” эмнэлэгт мэдрэл чөлөөлөх хагалгаанд орсон боловч 2025 оны 10 дугаар сарын эхээр халтирч унаад дээр дурдсан L4 үеэ дахин гэмтээж “Мөнгөн гүүр” эмнэлэгт үе рүүгээ үрэвслийг дарж өвчин намдаах тариа хийлгэж, хэвтэн эмчлүүлж байсан. Шүүх хурлын өглөө эмнэлгээс шууд очиж хуралд оролцсон. Тухайн гэмтлийг хугацаа алдалгүй мэдрэл чөлөөлөх хагалгааг үргэлжлүүлэн үе солих хагалгааг хийлгэх шаардлагатай байгаа болно.
Миний аав П.О 72 настай, зүрхний эмчийн хяналтад байдаг, ээж А.П сүүлийн арваад жил элэгний хатуурлаар байнгын эмчилгээ хийлгэдэг хөгшчүүл бий.
Иймийн учир эрхэм шүүгчид та бүхэн миний гэм буруугаа гүнээ ойлгон хохирогчдын хохирлыг барагдуулж байгаа нөхцөл, өндөр настай аав, ээжийгээ хамт байж асран халамжлах, мөн хорих ангид өдөр болгон өвчин намдаахаар 2 төрлийн эмийг хэрэглэж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оноож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж чин сэтгэлийн гүнээс хичээнгүйлэн хүсэж байна.
Жич: Хохирогчдоосоо мөн уучлал хүсэж байна. ...” гэжээ.
Хохирогч Н.А, Д.Б, Б.Б, С.Г, М.Г, П.Д, Ш.Д, Г.Д, Х.Н, Л.С, Л.Т, Б.Э нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч бидний үзэж байгаагаар: Нэгдүгээрт, О.Н-д оноосон ял нь үйлдсэн хэрэгтээ хөнгөдсөн буюу ял завшсан гэж үзэж гомдол гаргаж байна. Тухайлбал, О.Н-д 2019 оны 04 дүгээр сарын 15 өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 4 сарын ял оногдуулсан ч 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр буюу хугацаанаас өмнө сулласан байдаг. Гэтэл О.Н нь “А групп” ХХК болон бусад хамтрагчдынхаа хамтаар “Малжуулах төсөл” гэсэн дараагийн залилан мэхлэх ажлаа 2022 оны 01 дүгээр сараас эхлүүлсэн байгаа нь өөрийн гэм буруугаа хүлээн, засан хүмүүжигдээгүй хүнийг хугацаанаас нь өмнө сулласан үйлдлээс үүдэлтэй гэж харж байна. О.Н-д хамтрагчид байгаа юу гэвэл байгаа. Анх 2022 оны 1 дүгээр сараас ард иргэдэд олон нийтийн сүлжээгээр жүжигчин А, жүжигчин Б зэрэг хүмүүсээр сурталчилгаа хийлгэн залилан мэхлэх ажлынхаа мэдээллийг цацсан нь олон хүмүүсийг тэдэнд итгэж төөрөгдөлд ороход хүргэсэн, мөн С.Н гэх хүн хохирогч бидэнтэй гэрээ хийж, малжуулах төслийнхөө тухай тайлбарлаж, энэ төслийнхөө хүрээнд бий болгосон фейсбүүк группдээ мэдээлэл оруулдаг байсан нь энэ хүн гарцаагүй хамтрагч нь мөн бөгөөд ямар ч ял шийтгэлгүй үлдэж байгаад нь гомдолтой байна. Өмнө нь яг энэ зүйл ангиар ял аваад хугацаанаасаа өмнө суллагдаад 6 сарын хугацаа ч өнгөрөөгүй байхад дахин давтан залилангийн хэргээ үйлдээд нэр бүхий 55 иргэнд нийт 284.700.000 төгрөгийн хохирол учруулчхаад байгаа нь яагаад энэ зүйл ангийг хүндрүүлэх шалтгаан болохгүй байгаад гайхаж байна. 300 сая орчим төгрөгийн хохирлыг яагаад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхгүй 3 жилийн хорих ялаар шийтгэж байгаа шүүхэд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын хэмжээ 2-8 жил гэж заасан байхад яагаад 3 жилийн ял өгч байгааг асуумаар байна. Хоёрдугаарт, О.Н нь өнөөдрийг хүртэл хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулаагүй байгаад гомдолтой байна. Хохирогчид 2024 оноос хойш тасралтгүй хохирлоо гаргуулахаар шүүхийн байгууллагад хандаж явсан хэдий ч одоог хүртэл хохирол бүрэн төлөгдөж дуусаагүй байна. Тус хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчийн дансанд зохих хаалт тавьж, хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваагүйд шүүхийн байгууллагад гомдолтой байна. Яагаад шүүхийн байгууллага хохирогчдын хохирлыг барагдуулах тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй байна вэ. Шүүгдэгч эрх чөлөөтэй, бидний дунд хөл нийлэн амьдарч явсан ч хохирлоо төлөөгүй явсаар сүүлийн шүүх хурлын өмнөхөн багахан хэмжээний хохирлыг төлсөн байсан нь энэ хүний ял завшиж сурсан буюу нийт хохирлыг төлөх сонирхол байхгүй байгааг илтгэж байна. ...” гэжээ.
Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч миний хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохиролгүй болгосон гээд энэ хүний толгойг илж, ялыг нь хөнгөрүүлж болохгүй. Урьд шүүгдэгчид 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, суллагдсанаасаа хойш 5 сарын дараа дахин залилах гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч дахин залилах гэмт хэрэг үйлдэж, мэргэшсэн байхад түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгаа нь зөв үү, хэдэн жил ял эдэлж, суллагдсаныхаа дараа дахин ямар залилан хийх вэ, магадгүй дараа нь та бидний аав, ээж, үр хүүхэд залилуулна. Энэ гэмт хэргийн нийгэмд учруулах хор уршгийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч оны өмнө хохирол төлбөрийг төлж барагдуулсан, үүнд талархууштай байна” гэв.
Хохирогч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн мөнгө өгснийг хохирол төлж барагдуулсан гэж үзэж байгаа. Гэтэл анх гэрээ хийхэд амласан сар болгоны өгөөж, 5 жилийн дараах ашиг зэрэг нь худлаа болсон. Хүний олон арван сая төгрөгийг эргэлдүүлсэн байхад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна” гэв.
Хохирогч А.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ төсөл анхнаасаа луйврын шинжтэй байсан. Залилуулсан бүх хүмүүс “А групп” ХХК-ийн ***** тоот данс руу мөнгө шилжүүлж, гэрээ байгуулсан. Прокурор хохирсон 55 хүнийг олж тогтоосон. Миний хувьд 55-с олон хүн залилуулсан байх магадлалтай гэж үзэж байна. Надад миний болон манай 2 эгч, 2 ахын 5 ширхэг гэрээ байна. Гэтэл энэ 55 хүний нэрст зөвхөн 2 хүний нэр орсон. Мөн өндөр үнийн дүнтэй гэрээнүүд хасагдаж, нийт хохирлын дүн 284.000.000 төгрөг гэж орж ирсэн. Би 17.500.000 төгрөгийн гэрээ хийж, 5.500.000 төгрөгийг эхнэрийнхээ данснаас, ээжээрээ Хас банкнаас зээл авахуулж, 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн данс учраас хуулга авах боломжгүй гэж хасагдсан. Би ганцхан данс байгаа учраас бүгдийг нь шүүж, бүх хохирогч нарыг гаргаж ирэх байх гэж итгэсэн. Би ажилтай байсан учраас араас нь хөөцөлдөж, гаргаж ирж чадаагүй. Манай ах Шведэд амьдардаг, энэ компани гадаадад амьдардаг иргэдийг залилах зорилгоор гадаадад түлхүү сурталчиллаа явуулсан. Манай ах” 3 жилийн дараа ирж, та хэдийн малыг өөрөө маллаж, амьдаръя, та хэд орооч” гэж ярьсан. Манай ах Хөх сүрэг гэдэг малжуулах төсөлд орсон. Энэтэй яг адилхан шинэ төсөл гарч ирлээ гэж хэлсэн. Олны танил хүмүүс рекламдсан учраас энэ төсөлд орж, хамаатнуудаа хүртэл оруулсан. Монголд ирээд та хэдийн малыг маллаж өгнө гэсэн ах ирэхэд нөгөөх нь луйвар болж тааран сэтгэл санаагаар унаж, архи уудаггүй хүн ганц удаа архи уугаад шоконд орж нас барсан. Би амь нас нэхэх дайны гомдолтой байна. Би энэ мөнгийг зээлж, давхар ах, дүүстээ итгүүлсэн болохоор энэ хүмүүсийн мөнгийг олж өгнө гэж давхар гэрээ хийж, байраа алдаж, өдрийн зээлэнд унасан. Шүүгдэгч 5, 6 жилийн дараа тавлаж байгаа юм шиг “зөвхөн үндсэн мөнгийг өгье” гээд надад 4.000.000 төгрөг өгсөн. 2021 онд гэрээ байгуулж, гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад 2022 онд “мөнгөө буцааж авъя, би хүүг нь дийлэхгүй байна” гэж гэрт нь очсон боловч байгаагүй. Шүүгдэгч хуулийн зохицуулалтыг маш сайн мэддэг, гэрээнд аав нь байсан боловч сүүлд нь группээсээ хассан байсан. Төсөл хэрэгжсэний дараа энэ хүмүүс бүгд 88-тай дугаар барьсан. Одоогийн байдлаар 88-тай дугаар хамгийн доод тал нь 10.000.000 төгрөг, дээд тал нь 100.000.000 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ дугаараа одоог хүртэл барьдаг. Би хүн залилсан бол утсаа салгаж, нэг нэгээр нь хүмүүсийн мөнгийг өгөх байсан. Гэтэл нэг ч хүний мөнгийг өгөхгүй, “би одоо өгнө, маргааш өгнө” гэж итгэл төрүүлэн, давхар зээл авхуулсан. Би байраа, хайртай ахыгаа алдсан. Олон олон гэр бүл үүнээс болж маргалдаж байгаа. Зөвхөн миний 3 хэргийг гаргаж ирээгүй юм чинь энэ дансыг шүүвэл олон хохирогч гарч ирэх болов уу гэж бодож байна. 50 хүний 284.000.000 төгрөгийн хохирлоос 48.000.000 төгрөгийг барагдуулсан гэж байна. Би 2 эгчийнхээ мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Ахын маань хүүхдүүд том болоод энэ хэргийг харна. Гуравхан жилийн ял оногдуулж, энэ хэргийг хаасан байна. Би ч бас олон хүн луйвардаж, хөрөнгөтэй болох боломжтой юм байна гэдэг сэдлийг төрүүлж байна” гэв.
Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Н гэм буруутай болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, учирсан хохирлын хэмжээнд тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Хохирогч А.Х “маш олон хүн залилуулсан” гэж ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагаа 2 жилийн хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд гомдол гаргасан хохирогч нарын хэргийг шалгасан, өөр хохирогч байна уу гэж ухаж шалгах боломжгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээ, хязгаарын дотор боломжит ажиллагааг хийж, тогтоогдсон хүрээнд нь хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос О.Н-ийг олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүкээр мал койны талаар сурталчилгаа явуулж, малжуулах, өгөөж хүртээх зорилготой төслийг хэрэгжүүлнэ гэж байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны хооронд 54 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, өмчлөгчийн 271.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Наадам центр төвд байхдаа хохирогч Н.Н-ээс 2-3 хоногийн дараа эргүүлээд өгнө гэж хуурч, өмчлөгчийн 13.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, бусдад нийт 284.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй нөхцөлд хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болжээ.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, шүүгдэгч О.Н нь анх 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “...Би нийт 100 гаруй хүнтэй гэрээ хийсэн. Уг 100 гэрээнд цугласан мөнгө нь 500 хүрэхгүй сая төгрөг цугласан байгаа. 500.000.000 төгрөгөөр би Төв аймгийн Баянчандмань суманд 1 га газрыг 300.000.000 төгрөгөөр авч байсан...” /1хх 22-26/ гэж, 2025 оны 01 дүгээр сард яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Хонь, үхэр гэдэг багцаараа тооцоолж 100 орчим гэдэг гэрээг би 500 орчим сая төгрөг гэж бодож байсан...” /11хх 190-194/ гэж мэдүүлжээ.
Түүнчлэн хохирогч А.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд “...надад миний гэрээнээс гадна хоёр эгч, хоёр ахын нийт 5 ширхэг гэрээ байна. Гэтэл хохирогч гэх 55 хүний нэр дотор зөвхөн хоёр хүний нэр орсон. Мөн өндөр үнийн дүнтэй гэрээнүүд хасагдаж, нийт хохирлын дүн 284.700.000 төгрөг гэж орж ирсэн. Би 17.500.000 төгрөгийн гэрээ байгуулж, 5.500.000 төгрөгийг эхнэрийнхээ данснаас, ээжээрээ Хас банкнаас зээл авахуулж, 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн данс учраас хуулга авах боломжгүй гэж хасагдсан. Тиймээс ганцхан 5.500.000 төгрөг шилжүүлсэн дансыг маань шүүж, хохирлыг тооцсон нь үндэслэлгүй. Би мөрдөн байцаалтын шатанд бүх хохирогч нарыг гаргаж ирэх байх гэж итгэсэн...” гэсэн тайлбарыг гаргаж байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн мэдүүлэгт дурдсан 500.000.000 төгрөг авсан гэх дүнг багасгаж, прокуророос 55 хохирогчид нийт 284.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй хэргийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль шүүгдэгчийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг бүрэн тогтоох шаардлагатай.
2. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь дадал хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.
Шүүгдэгч О.Н-ийн хувьд урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан ч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны хооронд 4 сарын хугацаанд нэг төрлийн залилах гэмт хэргийг ижил төстэй аргаар үйлдэж, хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг зөв тогтоосноор гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн цаг хугацаа, түүний гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл, гэмт үйлдлийн шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлэх нөлөөлөл зэргийг үнэлж шүүгдэгчийн дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй эсэхийг прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэн тогтоох боломжтой.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруугийн хэлбэрт тохирсон ялыг сонгон оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдах үндсэн нөхцөл болохыг анхаарах нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.4-т заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотлон тогтоох шаардлагатай бөгөөд эдгээрийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүхэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд мөрдөн шалгах тодорхой ажиллагааг прокурорт даалган нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж үзлээ.
Иймд хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2419 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Н-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч О.Н нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2419 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ