Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 543

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Улсын яллагч П.Даваасүрэн,   

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706026870557 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хамт хоноод гарахдаа Т.Лхагвасүрэнгийн эд зүйлийг хулгайлж 592.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706026870557 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Л.Б нь хохирогч Т.Лхагвасүрэнгийн эзэмшлийн гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  2017 оны 10 сарын 10-нд найз Баттулгатай уулзаж хамт архи уусан. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн зүүн талд байх Өргөө зочид буудал руу 20:30 цагийн үед орсон. Тэгээд 1 шил архи уугаад хамт хоносон. Өглөө сэрсэн чинь гар утас, 160.000 төгрөг алга болчихсон байсан. Баттулга байхгүй гараад явсан байсан. ... Баттулгатай утсаар яриад чи яагаад миний гар утас, хэтэвчийг аваад явчихсан байгаа юм бэ? Хэтэвчинд 160.000 төгрөг байгаа авч ирээд өгчих гэхэд би завгүй байна. Гар утсыг чинь мэдэхгүй гэсэн. 3 хоногийн дараа танихгүй хүнээр хэтэвчийг бичиг баримтын хамт өгч явуулсан. Б миний хохиролыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр надтай уулзахдаа уучлаарай найзаа тухайн өдөр би согтуудаа буудлаас гарч явахдаа пальтоны чинь энгэрийн халаасанд байсан гар утас болон хэтэвчийг чинь аваад явсан юм гэж хэлсэн. ... Бид 2 найзууд байгаа. Гэм буруугаа хүлээж уучлалт гуйсан учир хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг/хх-ийн 13-15, 60-61/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн №БЗ1-18-241 дугаартай:

Самсунг жи-7 маркийн гар утас нь 2018 оны 03 сарын 20-ны өдрийн байдлаар 432.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/

 

Шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье. Лхагвасүрэнтэй буудалд нэг шил архи уусан. Лхагвасүрэн архиа уучихаад найз хүүхэнтэйгээ унтаад өгсөн. Тэгэхээр нь би гарахдаа эд зүйлээ хаячихаж магадгүй гэж бодоод хэтэвчийг нь уудалж үзээд аваад явсан санагдаж байна. Маргааш өглөө нь Лхагвасүрэн танихгүй дугаараас залгаад чи яагаад миний бичиг баримт, мөнгө, гар утас аваад явчихсан юм бэ гэхээр нь би мөнгө бичиг баримтыг чинь авсан, гар утсыг чинь мэдэхгүй гээд жаахан маргасан. Дараа нь бичиг баримтыг нь өгөөд сүүлд нь 560.000 төгрөг өгч хохиролгүй болгосон. Би гар утсыг нь авч гараад таксинд хаячихсан байх гэх мэдүүлэг /хх-н 64-65/

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 5-6/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-Баянзүрх дүүргийн 16-р хорооны засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Л.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-27/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Баттулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Л.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Л.Бын иргэн Т.Лхагвасүрэнгийн гар утас, бэлэн мөнгө, бичиг баримттай хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлаж авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулж, ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Л.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   4. Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Л.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ