Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/56

 

 

 

 

     2026          01            14                                      2026/ДШМ/56

 

О.Ц, Б.Ц нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ариунзул,

хохирогч Л.У, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

хохирогч Э.О, түүний өмгөөлөгч Д.Тамир,  

хохирогч Л.У, Э.О нарын өмгөөлөгч Б.Ганзориг,

яллагдагч О.Ц, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

яллагдагч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/6333 дугаар захирамжийг эс зөвшөөрч хохирогч Л.Уийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, хохирогч Э.О, хохирогч Л.У, Э.О нарын өмгөөлөгч Б.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.Ц, Б.Ц нарт холбогдох 2305005580041 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

1. С овгийн Б.Ц, ..................................., /РД: ........................../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 , 111.2, 148.3 дугаар зүйлд тус тус зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000.000 төгрөгийг торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

2. Т бургууд овгийн О.Ц, ....................................................., /РД:............................../;

Яллагдагч Б.Ц, О.Ц нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 16-ны хооронд хохирогч Л.У-ийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь “Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хаалга цогцолборын байр худалдана” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчид нийт 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 213.500.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирлыг иргэн А.Н-ийн эзэмшлийн Хаан банкны **************  тоот данс, Худалдаа хөгжлийн банк дахь Ц.Н-ийн эзэмшлийн ******  тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Э.О-д “гадаадаас их хэмжээний мөнгө  оруулж ирэх гээд татвар нэхэгдээд яаралтай мөнгө хэрэгтэй байна, Могул таунд 16 мкв талбай бүхий 4 өрөө байраа хямдхан зарна, гадаадаас орж ирэх мөнгөний татварт өгөх мөнгө дутаад байна, мөнгө шилжүүлээд өгөөч” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 45.000.000 төгрөгийг,

мөн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 42.000.000 төгрөгийг тус тус бусдын дансаар авч залилж нийт 87.000.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 300.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Ц, Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хуулбар хувь, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг А.Мтэй хийсэн гэрээний хуулбар хувь, 2021 оны Д.Оаас баталгаа гаргаж бичсэн гар бичмэлийн хуулбар хувь, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар хувь, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээгээр иргэн Д.Оаас Э.Оад шилжүүлсэн гэрээний хуулбар хувь, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЭХ/22-820 дугаартай үлд хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний хуулбар хувь, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/1222 дугаартай орон сууц, үйлчилгээний талбай захиалгаар худалдах, худалдан авах гэрээ хуулбар хувь, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/1212 дугаартай орон сууц, үйлчилгээний талбай захиалгаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар хувь, “БӨ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6/7 дугаартай албан бичгийн хуулбар хувь, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байр захиалгын гэрээний нэмэлт хэлцлийн хуулбар хувь, Гэрч Д.Нармандах мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...манай компани Өү Эм Ди Си гэх компанитай хамтарч ажиллаж байгаагүй. “...Д.О гэх захирал ажиллаж байгаагүй. Тийм хүн захирлаас өөр албан тушаалд ч ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.У мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...гэрээгээ “БӨ” ХХК дээр О бид хоёр очиж тухайн байрнуудыг миний нэр дээр шилжүүлж гэрээ байгуулах байсан байтал хойшлуулаад байхаар нь би өөрөө “БӨ” ХХК-ийн захирал Зтай утсаар холбогдон Оаас байр авсан тэрийгээ шилжүүлж авах гэсэн юм гэж хэлтэл О надад энэ байрнуудынхаа төлбөр тооцоог хийгээгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр О гэх хүнтэй утсаар ярьсан. Тухайн хүн нь туслан гүйцэтгэгч байсан учраас шууд үндсэн компанитай гэрээ хийж байр авахаар тохиролцсон улмаар маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр О дагуулж очсоноор “БӨ” ХХК-ийн захирал Зтай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор 14 давхар 0-3 өрөө 74.18 мкв талбайтай 118.688.000 төгрөг, 3 давхарт Е-3 өрөө 103.7 мкв талбайтай байр 165.920.000 төгрөгийн үнэтэй хоёр байрыг худалдан авсан. Тэр өдрөө би 30.000.000 төгрөгийг голомт банкны О гэх хүний дансаар шилжүүлж, мөн 20.000 доллар бэлнээр Хан-Уул дүүргийн нутаг Хүннү моллын гадна зогсоолд миний тээврийн хэрэгсэл дотор От өгсөн. Мөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг үлдэгдэл мөнгөнд бодож От итгэмжлэл хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.  

Шүүх нь хийсвэр бус, шүүхэд шилжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталсны үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Дээр дурдсан хэрэгт авагдсан баримтууд нь хэрэгт хуулбар хувиар авагдсан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийн шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй /эх хувиараа/ бичмэл баримтад тавигдах хуулийн шаардлага хангахгүй байх тул хуульд нийцүүлэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байдлаар хэрэгт цуглуулах нь зүйтэй байна.

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3, 32.4, 32.10 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй шалгагдах, хянагдах ёстой асуудалд хамаарах ба тус хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар тус хуульд заасан үндэслэл, журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэл бүрдсэн байна.

Зөрчилтэй байдлыг зөвтгөн залруулахгүйгээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдөх үр дагавар үүсэхээр байна.

Мөн хохирогч Э.О, Л.У нар нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/1222 дугаартай орон сууц, үйлчилгээний талбай захиалгаар худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хуулбар хувь зэргээр тус тус Д.О гэх хүнтэй гэрээ байгуулсан байна. “БӨ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6/7 дугаартай албан бичгээр Д.О нь нийт 336.81 мкв орон суу 538.896.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг байрыг захиалсан байх ба хохирогч Э.Оай байгуулсан гэрээний зүйл болох маргаан бүхий орон сууцууд нь уг албан бичгээр Д.Оын захиалсан захиалгад байхгүй байсан үйл баримт харагдаж байх ба Д.О нь өөрийн захиалгын хуудаст байхгүй орон сууцуудыг Э.Оад эрх шилжүүлэх гэрээ болон орон сууц, үйлчилгээний талбай захиалгаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нөхцөл байдал байна.

Харин хохирогч Л.У хохирсон хэргийн хувьд хохирогчийн мэдүүлгээр маргаан бүхий 4 байрыг А.М гэх хүнд шилжүүлж зарсан талаар “БӨ” ХХК-ийн захирал Заас мэдсэн талаар мэдүүлсэн гэрч А.М: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр О гэх хүнтэй утсаар ярьсан. Тухайн хүн нь туслан гүйцэтгэгч байсан учраас шууд үндсэн компанитай гэрээ хийж байр авахаар тохиролцсон улмаар маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр О дагуулж очсоноор “БӨ” ХХК-ийн захирал Зтай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор 14 давхар 0-3 өрөө 74.18 мкв талбайтай 118.688.000 төгрөг, 3 давхарт Е-3 өрөө 103.7 мкв талбайтай байр 165.920.000 төгрөгийн үнэтэй хоёр байрыг худалдан авсан. Тэр өдрөө би 30.000.000 төгрөгийг голомт банкны О гэх хүний дансаар шилжүүлж, мөн 20.000 доллар бэлнээр Хан-Уул дүүргийн нутаг Хүннү моллын гадна зогсоолд миний тээврийн хэрэгсэл дотор От өгсөн. Мөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг үлдэгдэл мөнгөнд бодож От итгэмжлэл хийж өгсөн...” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд Д.О нь хохирогч Л.Ут бусдад борлуулсан байраа шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан байх тул Д.О-ын үйлдэл холбогдлыг шаардлагатай. Мөн гэрч нарын тайлбар, эрх шилжүүлэх гэрээ болон орон сууц, үйлчилгээний талбай захиалгаар худалдах, худалдан авах гэрээгээр Д.О нь хохирогч нартай эрх шилжүүлэх гэрээг хийсэн байхад төлбөрийг эрх шилжүүлэн өгч буй этгээдэд бус Б.Ц-ийн данс руу шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд хэрэгт авагджээ. Яагаад тухайн төлбөрийг маргаангүйгээр Д.О-т шилжүүлж байгаа болон Б.Ц нарын хооронд өр авлагын харилцаа байсан эсэхийг тус тус шалгах шаардлагатай. Дээрх нөхцөл байдлуудыг тогтоож, шалгаснаар орон сууцыг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Э.О, Л.У нарт их хэмжээний буюу 300.500.000 төгрөгийн хохирол хор уршиг учруулсан гэмт хэргийг хэн үйлдсэн, хамтын оролцоо байгаа эсэх, гэм буруугийн хэлбэр нэг мөр тогтоогдоно гэж үзэв.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, оролцогч нарын хуулиар олгосон эрх, үүргийг нь эдлүүлж, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэн ямар хэмжээгээр хариуцах, эсхүл хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлтэй эсэх зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн “шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч О.Ц, Б.Ц нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч нарт хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.У, Э.О нарын өмгөөлөгч Б.Ганзориг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан бөгөөд энэ зүйлийн 6 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлын талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид дурдсан 4 төрлийн асуудлын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заагаагүй байх ба 6.13-т нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн гэж оролцогч нараас гомдол гаргасан тохиолдолд, 6.15-д оролцогч нараас энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр гаргасан хүсэлтийн хүрээнд шийдвэр гаргахаар заасан байна. Гэтэл хэргийн оролцогч нараас анхан шатны шүүхээс дүгнэсэн асуудлын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, тухайн ажиллагаануудыг хийлгэхээр хүсэлт гаргаагүй байдаг. Мөн гэм буруугийн шүүх хуралдааны үед дээрх нотлох баримтуудын эх хувийг оролцогч нараас гаргуулан авах боломжтой гэж үзэж байна. Д.О-ын хувьд мөрдөн байцаалтын шатанд өөрийн оролцоо үйлдлийн талаар болон Б.Ц-тэй харилцаа холбоо өр авлагатай эсэх талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд гэрч М, З, хохирогч Л.У болон Д.О нарын мэдүүлэг нь хоорондоо ноцтой зөрүү гараагүй байдаг.

Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 491 тогтоолоор шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлын талаар дүгнэхэд: Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй , байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж яллах дүгнэлт үйлдэх бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх шүүхийн бүрэн эрхэд хамаарна. Мөрдөн байцаалтаар хийгдсэн ажиллагаа зөрчилтэй болохыг тогтоосон уг зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсхүл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарах бөгөөд уг үндэслэл тодорхой ойлгомжтой байх шаардлагатай гэжээ. Үүнээс үзэхэд урьдчилсан хэлэлцүүлгээс буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шатанд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, ажиллагааг хийлгэхээр буцаах мөн гэм буруугийн хуралдааны шатанд оролцогч нараас гаргаж өгөх боломжтой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж гомдол гаргаж байна.

Яллагдагч О.Ц, Б.Ц үгсэн тохиролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс гадна Б констракшны захирал Ц.Б-ийн “яллагдагч О.Ц нь Нарлаг апартмент төслийн байрнаас орон сууц захиалах гэрээ байгуулсан, төлбөрийг Б.Ц бүрэн төлсөн талаарх албан бичиг, хохирогч Л.Уээс яллагдагч О.Ц-гийн данс руу нийт 60 сая төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч Л.У яллагдагч О.Ц нарын харилцсан мессеж, яллагдагч Б.Ц-ийн охин болох Н-ийн Төрийн банкны ******  тоот дансны хуулга, хуурамч гэрээнүүд, хохирогч Э.О-аас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагч О.Ц-д 2 сая төгрөг шилжүүлсэн дансны хуулга, хохирогч Э.О-аас яллагдагч Б.Ц-ийн охин Номиндарийн данс руу 43 сая, 42 сая төгрөг шилжүүлсэн дансны хуулга, яллагдагч Б.Цийн охин болох Номиндарийн Хаан банкны 5034318870 тоот дансны хуулга, яллагдагч Б.Цийн охин болох Намуундарийн Хаан банкны **************  тост дансны хуулга, яллагдагч Б.Цийн охин болох Намуундарь, Номиндарийн яллагдагч Б.Цийг өөрсдийнх нь дансыг ашиглаж байсан тухай мэдүүлэг, Хаан банкны хуулийн мэргэжилтэн Х.Э-ийн албан бичиг “М” ХХК-ийн О.Э-ы албан бичиг, хохирогч Э.Оын 42 сая, 43 сая төгрөг шилжүүлсэн дансны хуулга, яллагдагч О.Ц нь Э.Оыг ятгаж байсныг нотлох чат, яллагдагч О.Ц нь хохирогч Э.Оаас 2 сая төгрөг авсан дансны хуулга зэрэг нэмэлт нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Л.У-ийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт буруугийн асуудлыг шүүх хуралдааны шатанд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргахаар заасан. Мөн хохирогч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд нотлох баримт гаргаж өгөх эрхтэй ба хохирогч нарын зүгээс захирамжид дурдагдсан бичмэл нотлох баримтуудын эх хувийг гэмт буруугийн хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх төлөвлөгөөтэй байсан. Учир нь, нэгэнт ганц хувь байгаа эх хувь нотлох баримтаа эрт хэрэгт гаргаж өгөх нь тухайн нотлох баримт үгүй болж болзошгүй гэж үзсэнтэй холбоотой бөгөөд энэ талаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хэлж байсан тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй шийдвэр болсон.

Мөн уг хэрэгт Д.О, З нарыг хамтран оролцсон эсэх, үйлдэл оролцоог шалгах шаардлагатай гэжээ. Уг хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт 3 жил гаруй хугацаанд үргэлжлэн явагдсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч нарын зүгээс дээрх этгээдүүдийг энэ хэрэгт холбогдолтой талаар ямар нэг үндэслэл бүхий баримт гаргаж өгч байгаагүй бөгөөд хэрэг шүүхэд шилжих үед ямар нэг баримтгүйгээр тухайн этгээдүүдийг дурдаж байгаа нь хэргийг дахин удаашруулах зорилготой үйлдэл гэж үзэж байна.

Бидний зүгээс Д.О, З нарыг энэ хэрэгт шууд холбоотой гэж үздэггүй. Учир нь Д.О нь хохирогч Л.Утэй орон сууц захиалгын гэрээ байгуулснаас өөрөөр энэ хэрэгт холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч Б.Ц, О.Ц нар нь дээрх захиалгын гэрээн дэх орон сууцуудын Б.Цийнх гэж хохирогчид итгүүлэх идэвхтэй үйлдлүүдийг тасралгүй хийсний үндсэн дээр хохирогч тэдний хэлсний дагуу Отай орон сууц захиалгын гэрээ байгуулж мөнгийг нь Б.Цийн 2 хүүхдийнх нь данс руу түүний хэлсний дагуу шилжүүлсэн ба тухайн мөнгийг Б.Ц, О.Ц нар хуваан авч захиран зарцуулсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Б.Ц, О.Ц нарын залилангийн үйлдэлд Д.О, З нар нь шууд холбоотой гэж үзэх баримт байдаггүй ба энэ талаараа гэрч нар мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч нар эдгээр хүмүүсийг холбоотой гэдгийг нотлох ямар нэг баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй юм. Д.О-ын хувьд олон үйлдэлтэй, олон хохирогчтой, олон тэрбум төгрөгийн хохиролтой залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Д.О, Б.Ц нар урьдын танилууд гэх тул хэн хэнийхээ хэргийн шалгалтын ажиллагааг удаашруулах зорилго агуулж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Б.Ц, О.Ц нар нь хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний мөнгийг шилжүүлэн авч захиран зарцуулсан үйлдэл нь хангалттай нотлогдсон байхад шүүгдэгч нарын ямар нэг баримтаар нотлогдоогүй хүсэлтийг хүлээн авч хэргийг хэт удаашруулах нөхцөлд хүргэж байгаа тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай ээж О.Ц гэдэг хүний аавтай ойрын хамаатан, садан. Бид нэг нутаг, нэг голд тоглож өссөн, бие биеэ сайн мэдэх ойрын хүмүүс. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу ковид өвчин гарсан байх үед О.Ц надтай уулзаж, “Баянзүрх дүүргийн Нарлаг апартментэд хямд байр байна, чамд 60.000.000 төгрөгөөр худалдъя, хүний нохой идэхээр чи авсан нь зүгээр биш үү, чи энэ байрыг аваач, мөнгийг нь түрүүлээд өгчих, дараа нь гэрээг нь хийлгэж өгнө” гэж хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр над руу утасдаж “энэ данс руу мөнгө хийгээд өг, одоо мөнгө нь яаралтай хэрэгтэй байна, компани нь холбоо барьж байгаад гэрээг чинь хийж өгнө” гэж хэлсний дагуу тухайн өдөр 60.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ байрыг Улсын комисс хүлээж аваагүй байсан. Би барилгын компаниуд ажлаа явуулахын тулд барьцаанд тавьж, тэр мөнгөөрөө барилгын ажлыг үргэлжлүүлдэг гэдгийг мэддэг байсан. Надад “байрыг барьцаанд тавигдсан, Улсын комисс хүлээж авахаар чамд шилжүүлж өгье” гэж хэлсэн. Надад 60.000.000 төгрөгийг буцааж шилжүүлээгүй, байр шилжүүлж өгөхгүй байсаар 2022 оны 09 дүгээр сарын дундуур анх Б.Цтэй уулзсан. О.Ц “нөгөө байрыг шилжүүлж өгөхгүй удаад байна. Барилгын компани эхлээд зээлээ төлнө. Ковидтой холбоотойгоор зээлээ төлөх нь удааширч байна. Тиймээс чамд өөр байр өгье, уучлаарай, Цагаан хаалгат байдаг 4 ширхэг байрыг шилжүүлж өгье. Чи Б.Ц гэдэг хүнтэй уулзаадхаач, чамд тавих гоё санал байна” гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан хичээл эхэлчихсэн, хүүхдээ хичээлээс нь авч байсан. Саруул захын хажууд Б.Ц гэдэг хүнтэй анх очиж уулзсан. Б.Цтэй уулзахад “О.Ц энэ байрыг чамд зараарай гэж хэлсэн, ийм байрууд байгаа, ковидтой холбоотойгоор мөнгө шаардлагатай байна, чамд энэ байрыг хямдруулж зарах, хүнээс өндөр хүүтэй мөнгө авах чанарын ялгаагүй байна. О.Ц чамайг санал болгосон” гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр О.Ц дахин над руу залгаж “нөгөө байрнууд зарагдах гээд байна. Чи шийдвэрээ гаргасан уу” гэж хэлэхэд нь “чи түрүүчийн байрнуудаа шилжүүлж өгөөгүй байхад би чамд яаж итгэх вэ” гэхэд “чи хар багаасаа нэг дор тоглож өсчхөөд, ах, дүү хамаатан, садангийн хүн байж, надад итгэхгүй, чи миний ахуй амьдралыг мэднэ, би чамд баталгаа олгоно, би энийг өөрөө шалгасан, ар тал нь би байна” гэж хэлсэн. Шүүгчийн захирамжийн 3 дахь хуудаст “2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний хуулбар хувь /1хх-24-27 дугаар тал/” гэж бичсэн байна. Надад 4398, 4409, 4410, 4412 тоот гэрээнүүдийн эх хувь байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ гэрээнүүдийг гаргаж өгөх гэж байсан. Мөн “2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А.Мтэй хийсэн захиалгын гэрээ, Д.Оын баталгаа гаргаж бичсэн гар бичмэл /1хх-33-34/” гэж дурдсан. А.М гэдэг хүн надад материал өгөхдөө хувилж өгсөн. Би “энэ материалыг нотариатаар баталгаажуулж өгөөч” гэж хэлэхэд “би шүүх дээр тайлбар гарга” гэж хэлэн шүүхэд тайлбар гаргасан. “2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээ /хх-198-200/” гэж дурдсан байна. Б ХХК болон О.Ц нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ мөн бүрэн эхээрээ байгаа. Шүүгчийн захирамжид дурдсан баримтууд надад бүгд бүрэн эхээрээ байгаа. Яллагдагч тал “иргэний хэргийн бүхэлд нь татуулъя, энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгөөч” гэж хүсэлт гаргасан, энэ баримтууд надад байгаа. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “БӨ” ХХК-ийн албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний нэмэлт хэлцлийн хуулбар, “БӨ” ХХК-ийн захирал Зын Д.Отай байгуулсан гэрээ, албан бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлт, төлбөр тооцооны талаарх тайлбар өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан. Нөгөөтэйгүүр, шүүгчийн захирамжид “БӨ” ХХК, З нарыг шалгах талаар дурдаагүй. Д.О О.Ц, Б.Ц нартай хамтарч энэ гэмт хэргийг үйлдээгүй, яллагдагч нар Д.Оыг ашигласан. Би гэрээ байгуулах хүртэл Д.Оыг таньж, мэддэггүй байсан. Д.О энэ байрнуудын талаар яриагүй, намайг ямар нэг байдлаар ятгаагүй, итгэл төрүүлээгүй, өөрийн дансаар мөнгө аваагүй, ямар нэг идэвхтэй үйлдэл хийгээгүй. Энэ гэмт хэргийг анхнаасаа О.Ц зохион байгуулж, Б.Ц өөрийн үйлдэлдээ татан оролцуулж, ашгаа хуваасан гэж үзэж байна. Би аавынх нь талын хамаатнуудыг мэддэг учраас надад “Б.Цийг ээжийн талын хамаатан, үеэл” гэж танилцуулж байсан. 2021 онд анх байр өгнө гэж 60.000.000 төгрөг авч, Б.Цийн охидын данс руу шилжүүлсэн мөнгийг О.Ц данс руу орсон гүйлгээний баримтууд, надтай харилцсан зурвас, адилхан аргаар үргэлжилсэн үйлдлээр Э.Оыг залилсан болох нь бусад нотлох баримтаар нотлогдсон. О.Ц эндээс 86.100.000 төгрөгийн ашиг хүртсэн. Мөн нөгөөтээгүүр, шүүхийн шийдвэрт Д.От мөнгө өгсөн мэтээр бичсэн, гэхдээ Д.От нэг ч төгрөг өгөөгүй, түүнийг танихгүй, мэдэхгүй байж байгаад анх гэрээ байгуулахад уулзсан. 1.500.000.000 төгрөгийн өглөг, авлагын харьцаа байсан эсэхийг шалга шаардлагатай гэж үзсэн. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр анх Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж, гомдол гаргасан. Хэрвээ Б.Ц нь Д.Оаас авлагатай байсан бол өөрийн гэм буруугүйг нотлохын тулд энэ баримтыг хамгийн түрүүнд гаргаж өгөх байсан. Энэ хэргийг 3 жил гарангын хугацаанд шалгаж байхад ямар ч баримт гаргаж өгөөгүй. Д.О “Б.Цэд өр, авлага байхгүй” гэж мэдүүлсэн. 1.500.000.000 төгрөгийн өглөг, авлагатай байсан юм бол үүнийг нотолсон ямар баримт байгаа вэ, гүйлгээний баримт, гэрээ, хэлцэлтэй холбоотой нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Б.Ц надаас авсан мөнгөнөөсөө охин Ц.Н-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь данснаас 3 удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг 2023 онд шүүхээр шийдвэрлүүлэн торгох ял авсан хэргийн хохирогч н.Дашдэмбэрэл өгсөн талаарх баримтууд нь авагдсан. Хавтаст хэрэгт 1.500.000.000 төгрөгтэй холбоотой ямар ч баримт авагдаагүй байхад шүүх “ийм юм байж магадгүй” гэж таамаглал дэвшүүлэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс яллагдагч нарт, ялангуяа өөрийн хамаатан гэх О.Цд гомдолтой байна. Яагаад энэ өөрийнхөө төрөл, саданг хохирогчоор сонгож авсан бэ, энэ бол О.Цгийн зохион байгуулсан гэмт хэрэг. Энэ хэргээс болж зээл, зээлийн хүү, алдагдсан боломж, сэтгэл санаа, эд хөрөнгө, гэр бүлийн харилцаа, үр хүүхдийн ирээдүй, эрүүл мэндээрээ хохирсон. Үндсэндээ энэ асуудал 5 жил үргэлжилж байна. Хэргийг хурдан хугацаанд, үнэн, зөвөөр шийдвэрлэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Э.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч нарын залилан мэхлэх гэмт үйлдэл нь хангалттай нотлогдсон байхаас гадна захирамжид дурьдсан гэрээний хуулбаруудын эх хувь нь хохирогч бидэнд байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал дээр гэрээ болон баримтуудын эх хувийг бид гаргаж өгөх боломжтой талаар тайлбарласан боловч үүнийг харгалзаж үзсэнгүй. Мөрдөн байцаалтын шатанд хяналтын прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлээд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж зааснаар хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх боломжтой байсан гэж үзэж байна. Мөн гэрч Д.О болон З нар нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг ба шаардлагатай гэж үзвэл тэднийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан мэдүүлэг авч тодруулах асуудлуудаа тодруулах боломжтой гэж үзэж байна. Хэрэв гэм буруугийн шүүх хуралдаанаар тодруулах шаардлагатай өөр асуудлууд байгаа гэж үзсэн тохиолдолд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлтэй гэж үзвэл шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хоногоор хойшлуулж холбогдох ажиллагаануудыг хийлгэж болохоор хуульчилсан байна. Тиймээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Э.Оын өмгөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хохирогч Э.Оын өмнөөс давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. Би хол байсан учраас давж заалдах гомдлын үндэслэлийг мессежээр бичиж, хохирогч Э.О гарын үсэг зурсан. Хохирогч Э.О нэмж тайлбар хэлэх байх. Хохирогч Э.О, Л.У нар Б.Ц, О.Ц нарт залилуулсан гэж гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Сая хохирогч нарын 2 өмгөөлөгч яагаад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан талаар тайлбарлалаа. Прокурор хэрэгт авагдсан нотлох баримтаар залилан мэхлэх үйлдэл нь хангалттай нотлогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Гэм буруугийн шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар хэргийг хэлэлцэх ёстой байсан боловч урьдчилсан байдлаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Хуульд эх хувь баримт байх зохицуулалт байдаг боловч энэ гэрээний үүрэгтэй холбоотой маргаан биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд хэргийг шийдвэрлэнэ гэдэг зохицуулалт байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хуулбар гэрээний эх хувийг гаргаж өгөх боломжтой талаар тайлбарласан. Мөн шүүх гэрч Д.О, З нарын мэдүүлгийг дурдсан. Энэ хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн, шаардлагатай бол шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, тодруулж, асуух бүрэн боломжтой, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжтой гэж үзэж байна” гэв.

Яллагдагч О.Цгийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Хохирогч, түүний өмгөөлөгчид “шүүх хуралдаанд нотлох баримтыг гаргаж өгөхөөр бэлдэж байсан, өмнө нь өгвөл алга болж магадгүй гэж бодсон” гэх агуулгатай тайлбар хэллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийдэг. Иргэний хэрэгт талууд өөр өөрсдийн байр суурийг нотлох байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт гаргаж өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөр явагддаг гэдгийг хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоож чадаагүй гэж үзсэн шүүгчийн захирамжтай санал нэг байна. Гэмт хэрэг хэзээ, хаана, хэн, хэрхэн яаж үйлдсэн, ямар сэдэлт, санаа зорилгоор үйлдсэн, гэм буруугийн хэлбэр зэргийг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, үнэлэх байдлаар тогтоодог. Анхан шатны шүүх үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн. Таамаглал дэвшүүлж гэж байгаа боловч Д.Оын үйлдэл, оролцоо байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Таамагласан шинж байхгүй. Урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Оюунчимэгийн дурдсан хүсэлт буюу Д.Оын холбоо, хамаарлыг шалгуулах хүсэлтийн үндэслэлээ тодорхой дурдсан. Үүний үр дүнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч яллагдагч Б.Цтэй бүлэглэсэн үйлдэл байхгүй, гэмт хэргийн субьектив, обьектив шинж хангагдаагүй. Миний үйлчлүүлэгчийг санаатайгаар нэгдэж, бүлэглэсэн гэж буруутгасан. Санаатайгаар нэгдсэн гэх сэдэл, санаа, зорилго нь ямар нотлоох баримтаар тогтоогдож байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой. Хохирогч нар О.Цд итгэсэн, түүнийг таньдаг байсан гэж мэдүүлсэн. О.Ц нь Д.О гэдэг хүнийг огт танихгүй, шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр Д.Оыг тогтоох шаардлагатай болох нь хангалттай тогтоогдсон. Мөн тус хэрэгт хяналт тавьж ажилласан прокурорын зүгээс тус шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичээгүй нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч О.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Д.О, З гэж хэн бэ, гэрээ байгуулсан 2 хүнээс учир шалтгааныг тодруулахгүй байгааг гайхаж байна. Л.У өөрөө нотариатч, өөрөө очиж гэрээ хийсэн хүн үнэхээр үнэн байна уу, бичиг үсэг мэддэг хүн гэрээгээ уншиж, итгэл үнэмшил төрсөн болохоор гэрээ хийж байгаа. Гэрээ авчирч, энэ хүн өглөгтөө өгсөн байна, авлагатаа өгсөн мөнгийг хэрхэн зарцуулах нь тухайн хүний хэрэг. Энэ хүн бид хоёрын хооронд өглөг, авлагын асуудал байгаа. Бие биедээ зээлж, өгч, авдаг асуудал байсан л байх, нарийн дүнг хэлж мэдэхгүй байна. Надад үүнээс ашиг хүртсэн зүйл байхгүй” гэв.

Яллагдагч Б.Цийн өмгөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Л.Уийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун “хэргийн удаашруулахын тулд өмгөөлөгчийн хамт санаатайгаар саад учруулж байна” гэж миний нэрийг оруулж байна. Мөрдөн байцаалтын шатанд Б.Ц анхнаасаа 1.500.000.000 төгрөгийн асуудлын талаар ярьж, Д.Оаас мэдүүлэг авч өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу түүнийг цагдан хоригдож байхад мэдүүлэг авсан. Өмгөөлөгчийн зүгээс илтэд зөрүүтэй мэдүүлэг өгсөн учраас нүүрэлдүүлж мэдүүлэг авах хүсэлт гаргаж байсан. 1.500.000.000 төгрөгийн оронд байр өгч, энэ байрыг Л.У, Э.О нарт өгөх асуудал байсан. 1.500.000.000 төгрөгийн асуудлыг цаасан дээр буулгасан нотариатын бичиг байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байсан. Гэтэл өнөөдөр ийм асуудал огт байхгүй, анхан шатны шүүх хуралдаан дээр анх гаргаж ирж, шүүгч байхгүй зүйлийг байгаа мэтээр төсөөлж, таамагласан гэж байна. Д.Оын үйлдлийг шалгаж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Мөрдөн байцаалтын шатанд энэ ажиллагааг хийгээгүй учраас бидний зүгээс прокурор нотлох баримт гаргаж өгөх шаардлага үүссэн. Прокурорт 2025 оны 08 дугаар сард нотариатын байгууллагаас 1.500.000.000 төгрөгтэй холбоотой нотариатын бичгийг хуулбарлуулан авч, гаргаж өгсөн. Мөн прокурор Д.Оын гар бичмэлийг өгч байсан. Тус бичигт “би Б.Цэд 1.500.000.000 төгрөгийн өглөгтэй байсан, энэ өглөгийнхөө оронд байр санал болгосон, Л.У, Э.О нартай маргаж байгаа асуудал нь миний Б.Ц-д санал болгосон байртай холбоотой” гэж гараараа бичиж өгсөн нь хэрэгт авагдсан. Хохирогч, түүний өмгөөлөгчид “Д.Оыг яллагдагчаар татах үндэслэл байхгүй” гэж хэлж байна. Д.Оыг яллагдагчаар татах үндэслэл байхгүй гэдгийг яаж мэдэж, ямар нотлох баримтуудад үндэслэж таамаглаж байгаа вэ, яллагдагчаар татах эсэхийг нотлох баримтад үндэслэж, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд бүх талын арга хэмжээг авч, шалгах үүрэгтэй. Хэргийг 3 жилийн хугацаанд шалгасан гэж байгаа боловч энэ асуудлыг огт шалгаагүй, дуудаж хохирлоо төл гэдэг шаардлага тавьдаг байсан. Бидний зүгээс шалгаж өгөөч гэж хүсэлт гаргаж, прокурорт “мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй, хохирол төлүүлэх ажиллагаа хийж байна” гэж гомдол гаргаж байсан. Хохирогчийн  өмгөөлөгч “Б.Ц, О.Ц нарын хэн аль нь залилах гэмт хэргээр шалгагдаж байгаа” гэж хэллээ. Би энэ талаар өнөөдөр сонсож байна. Энэ хэргээс өөр залилах гэмт хэрэг үйлдэж, цагдаагийн байгууллага шалгаж байгаа эсэх, хаана, ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, энэ хэрэгтэй холбоотой юу гэдгийг нэгтгэж шалгадаггүй юм гэхэд, цагдаагийн хэлтсүүд рүү албан бичиг явуулж шалгуулах боломж байгаа. Хэрэгт хуулбар баримтууд авагдсан гэж үзсэн. энэ гэрээг Б.Ц мэдэхгүй, Д.О, З нарын хооронд гэрээ хийгдэж, Д.О, Э.О, Л.У нарын хооронд гэрээ хийгдсэн учраас Б.Ц энэ гэрээг гаргаж өгөх боломжгүй, хохирогчид энэ 3 жилийн хугацаанд нотлох баримтын шаардлага хангуулж, нотлох баримтаар гаргаж өгч, хэрэгт хавсаргахгүй яасан юм бэ, шүүхийн шатанд хохирогчид өөрт байгаа баримтыг гаргаж өгч болно. Гэтэл хохирогч нарт байхгүй Д.О, З нарын хооронд байгуулсан гэрээ, З, А.М нарын хооронд байгуулсан гэрээнүүд байгаа. Анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Отай 4 гэрээ байгуулж, яг тэр өдрөө З 2 байрыг нь А.Мөд өгсөн. Энэ үйлдэл залилан биш үү, энэ байр давхардаж байна уу, үгүй юу гэдгийг Б.Ц мэдэх боломжгүй. Б.Ц мөнгөний оронд байр санал болгосон, байраа зарах гэж байгаад энэ 2 хүнтэй таарсан. Д.О, З нар гэрээ хийж, З нь Д.О-ыг залилсан уу, энэ 2 хүн мэдсээр байж Д.О нь Л.У-тэй гэрээ хийсэн үү гэдэг үйлдлийг яагаад шалгахгүй байгаа вэ, энэ гэрээний асуудалд Б.Ц хамааралгүй. Гэм буруугийн шүүх хуралдаанд дуудаж, мэдүүлгийн зөрүүг гаргаж болно гэж тайлбарлаж байна. Энэ мэдүүлгийн зөрүү биш, цаана нь гэмт хэргийн сэдэл, шалтгаант холбоо, үйлдэл, оролцоог шалгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн Б.Ц Д.О-т мөнгө өгөөгүй, Л.У “би Д.О-т нэг ч төгрөг өгөөгүй” гэж яриад байгаа. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Д.О, Л.У нарын байгуулсан гэрээний 3.3-т “тооцоо дууссан, төлбөрийг А талын заасан дансанд иргэн Б.Ц төлсөн” гэж байгаа. Б.Ц мөнгө төлсөн, мөн авлагатай байсан. З, Д.О, А.М нар “З-т Д.О-ын байрны төлбөрт шилжүүлсэн 255.000.000 төгрөг, приус машин байгаа” гэж хэлдэг” гэв.

Яллагдагч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Анхан шатны шүүх хуралдаанд мөн хэлж байсан, Д.О, З нарыг шалгаж өгнө үү. З гэрээ байгуулсан хэрнээ яагаад 3 хоногийн дараа цуцалсныг шалгаж өгнө үү. Хохирогч Э.О-ын нэхэмжилсэн 87.000.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан. Мөн хохирогч Э.О “нотариат дээр ганцаараа очиж, гэрээ байгуулсан” гэж байна. Энэ асуудлыг шалгаж өгнө үү. Нотариат дээр 2 тал очиж гэрээ байгуулдаг. Гэтэл яагаад нотариат зөвхөн Э.Отай гэрээ байгуулсан бэ, нотариатчийн үйлдлийг шалгаж өгнө үү, Д.О нар хамт очиж гарын үсэг зурсан, тухайн  үед би байгаагүй. Энэ хүмүүс Д.О-ын өмгөөлөгч юм шиг “Д.О энэ хүнд өглөггүй” гэж байна. 2019 онд би мөнгө өгч, 2021 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Д.От холбогдох хэрэгт миний бие хохирогчоор оролцож байгаа. Д.О-аас 30.000 төгрөг, 100.000 төгрөг, 1.000.000 төгрөг гэх зэргээр хохирлоо төлж, өчигдөр хүртэл 150.000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг шалгаж өгнө үү. Энэ хүмүүсийн ойлголтоор Д.О өргүй юм бол яагаад жил дамнан надад мөнгө шилжүүлж байгаа вэ” гэв.

Прокурор Г.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гарч, миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцсон. 2025 оны 10-11 дүгээр сард ажлаа хийх боломжгүй байсан учраас хугацаандаа эсэргүүцэл бичих чадаагүй. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, Б.Ганзориг нарын давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж, 2025 оны 01 дүгээр сард яллагдагч О.Ц, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүх хуралдаанд “мөрдөн шалгах ажиллагаа 3 жил үргэлжилсэн” гэж ярьж байна. Энэ хугацаанд талууд маргаж, Нийслэл, Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаж, хэргийг бүхэлд нь татаж шалгаж байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа мөрдөн байцаалтын хугацааг 2 сарын хугацаагаар сунгаж, дээд шатны прокурор хэргийг удаа дараа шалгасан. Прокурорын зүгээс нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид хохирогч, гэрч нарын мэдүүлгийг дурдсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт холбогдолтой гэрч, хохирогч, яллагдагч нар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Гэм буруугийн шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулж, тайлбар авах бүрэн боломжтой. Мөн баримтыг хуулбар хувиар өгсөн асуудлыг дурдаж шийдвэрлэсэн ч хохирогч Л.У сая баримтын эх хувийг харуулж, гэм буруугийн шүүх хуралдааны өмнө гэрээний эх хувийг өгөх боломжтой талаараа хэллээ. Хэргийг прокурорт буцааж энэ ажиллагааг хийгдэнэ гэж байгаа нь өрөөсгөл, үндэслэлгүй байна. Өмгөөлөгч Б.Оюунчимэгээс Д.Оыг удаа дараа шалгуулах хүсэлт гаргаж байсан. Хохирогч нар яллагдагч О.Ц-г танина, яллагдагч Б.Ц-ийг танихгүй, хохирогч нар Д.О-тай огт уулзаж байгаагүй. Хохирогч нар Д.О мөнгө аваагүй, гэрээ хийсэн талаар дэлгэрэнгүй ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О-ыг яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй учраас О.Ц, Б.Ц нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улсын яллагчийн зүгээс Л.У, Э.О нарын хохирсон хэрэгт Д.О хамааралгүй гэж үзсэн. З, А.М нарын үйлдлээс өөр ямар хэрэгт хохирсон байх нь ач холбогдолгүй, зөвхөн Л.У, Э.О нар хохирсонтой холбоотой ажиллагаа хийгдсэн. Урьдчилсан хэлэлцүүлэгт 1.500.000.000 төгрөгийн асуудал яригдаж, өглөг, авлагатай байсан эсэхийг шалга гэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2021 оноос хойш энэ харилцаа үүссэн, анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахад би энэ хүмүүс авлагатай байсан, авлагынхаа оронд орон сууцыг өгсөн гэдэг асуудал байсан бол нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.500.000.000 төгрөгийн асуудал яригдаж байгаагүй. Д.О, З нараас мэдүүлэг авч, хэрэгт холбогдолтой бүх хүмүүс мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэж байна. Тиймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад тус тус заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Анхан шатны шүүх, яллагдагч О.Ц, Б.Ц нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна.Үүнд;

1. Хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн зарим нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтууд байх боловч хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах эрхийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчдын шинээр нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангах боломжтой. Нотлох баримтын эх сурвалжийг шалгах болон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар журам зөрчигдсөн талаар оролцогчдоос гомдол гаргавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу прокурорт даалган шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх нь зүйтэй.

2. Гэрч М, гэрч О нарт холбоотой асуудал нь хохирогч Л.У, Э.О нарын зөрчигдсөн эрхийг сэргээж хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод хамааралгүйгээр тусдаа шалган шийдвэрлэгдэх боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу О.Ц, Б.Ц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, тэднийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй төдийгүй “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын хүрээнд хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3, 32.4, 32.10 дугаар зүйлийн холбогдох хэсэгт заасан заалтуудыг дурдаж мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй шалгагдах, хянагдах ёстой асуудалд хамаарах ба тус хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар тус хуульд заасан үндэслэл, журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэл бүрдсэн гэсэн байх боловч аль заалтыг хэрхэн, яаж зөрчсөн болон хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж, хохирогч Л.У-ийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, хохирогч Э.О, хохирогч Л.У, Э.О нарын өмгөөлөгч Б.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх хүртэл яллагдагч О.Ц, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/6333 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч О.Ц, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

 

ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ