Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/69

 

 

 

 

    2026             01             14                                         2026/ДШМ/69

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

иргэний нэхэмжлэгч Б.Ц,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2412 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503004380877 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г.Д, ..............................., /РД: ............................./;

Г.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 03 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 4 дүгээр гудамжны замд “Toyota Prius” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14, 3.7, 3.5-т заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас, “Toyota Porte” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Б.С-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар тус хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Г.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1  жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд хориглосон нутаг дэвсгэрээс нийтийн тээврийн батлагдсан маршрутын дагуу ажлын байр, оршин байгаа газар руу зорчихоор тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Д-д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 1.721.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ц-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 124.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө шүүгдэгч миний бие өөрийн үйлдсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Шүүх надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа оршин суугаа Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглож, хөдөлмөр эрхэлж байгаа бол нийтийн тээврийн батлагдсан маршрутаар ажлын байр руугаа ирж очин зорчихоор тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан нь учир дутагдалтай гэж үзэн гомдол гаргаж байна.

Шүүх надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зорчих эрхийг хязгаарласан ч миний хөдөлмөрлөн, орлого олох эрхийг нээлттэй үлдээсэн. Миний эхнэр Ариунтуяа нь ой гарантай хүүхдээ харж ажилгүй гэртээ байдаг, мөн 8-11 насны хоёр бага насны хүүхэд сургуульд явдаг тул би ам бүлээ ажил хөдөлмөр эрхэлж тэжээн тэтгэх ганц хүн нь. Мөн хохирогчид учруулсан хохирлын үлдэгдэл 1.721.500 төгрөгийг хохирогч Б.Ц-д төлж барагдуулах үүргийг хүлээлгэсэн. Гэтэл энэ хязгаарлалт нь миний гэр бүлийн гишүүдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөх, нөгөө талаар хохирогчид хохирлоо төлөх боломжийг тодорхой хэмжээгээр хязгаарлахад хүргэсэнд гомдолтой байна. Миний бие химич мэргэжилтэй тул Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хас гоёл” ХХК-ийн “Зоос гоёл”-ын үйлдвэрт ажиллан үйлдвэрийн захиалагч болох төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн захиалсан одон тэмдэг, бэлэг дурсгал, үнэт эдлэлийн орц найрлага, бүтээгдэхүүний өнгө үзэмж, сорьц зэргийн стандартыг хариуцан чанартай бүтээгдэхүүн гаргах хариуцлагатай үүргийг хүлээдэг. Миний гэр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байдаг, ажлын байр маань Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч Сүхбаатар дүүрэгт оршдог.  Миний гүйцэтгэх үүрэгт үйлдвэр дээр сууж ажиллахаас гадна химич мэргэжилтэй ажилтны хувьд Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт орших “Зоос гоёл”-ын үйлдвэрийн Сорьцын алба, үйлдвэрлэлд шаардлагатай бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлдэг гэрээт байгууллагуудаас үйлдвэрлэлд нэн шаардлагатай түүхий эд бүтээгдэхүүнийг үзэж сонгон таарч тохирох хэмжээгээр олж авах, үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнээ өөрөө биечлэн байж Сорьцын албанд шинжлүүлж баталгаажуулалд авдаг. Энэ бүх ажиллагаа явуулсны төлөө миний бие цалинжиж ам бүлээ тэжээдэг, үйлдвэр маань захиалагчдын захиалсан бүтээгдэхүүнүүдийг гэрээнд заасан чанар, тоо хэмжээнд хийж гүйцэтгэн нийлүүлдэг. Гэтэл надад тавьсан хязгаарлалт зөвхөн гэрээс ажлын газрын хооронд явах нийтийн тээврийн маршрутын дагуу тогтоогдсон нь миний гэр бүлийн гишүүдийн эрх, “Хас гоёл” ХХК-ийн үйлдвэрлэл гэрээ, стандартад зааснаар хэвийн явах боломж бололцоог давхар хязгаарласан. Иймд шүүгдэгч надад шүүхээс тогтоосон эрүүгийн хариуцлагын төрөл болох зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хязгаарлалтыг зөвхөн нийтийн тээврийн маршрутын дагуу биш миний ажил үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй орж гардаг харилцагч байгууллагуудын хаягаар хязгаарлалтыг өргөтгөж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тухайд маргаагүй. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Анхан шатны шүүхээс түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа нийтийн тээврийн маршрутаар зорчих боломжтой гэж үзсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч химич мэргэжилтэй ба хэд хэдэн байгууллагуудад зөвлөгөө өгдөг. Зөвлөгөө өгөх боломжгүй болсноор гэр бүлийн орлого багасаж, хохирол төлбөр төлөхөд саад учирч байна. Энэ бүгдийг харгалзан үзэж хязгаарлалтыг тэлж, орлого олох боломжоор хангаж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн зүгээс хохирлыг өгнө гэсэн ч худал хэлж, бүрэн төлөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахгүйгээр өгчих байх гэж найдаж байсан ч утсаа авахгүй, зугтсаар байна. Г.Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэрнээ хохирлоо төлөхгүй байгаад гомдолтой байна” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзахаар заасан. Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, 27.11 дүгээр зүйлүүдэд тус тус заасан ялын хэмжээнд ялыг оногдуулсан байна. Шүүгдэгчийн хувьд маш их буюу 2.9 хувийн согтолттой байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан, мөн хүн мөргөж зугтаасан. Ийм байтал зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хэмжээгээр тогтоолгоё гэж байгаа нь үндэслэлгүй. Улсын дээд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялын үндсэн шинж алдагдаж байгаа тухай тайлбар гаргасан бөгөөд тодорхой хязгаарлалт үүсгэж байж ялын зорилго хангагдах ёстой. Гэтэл шүүгдэгчийн зүгээс Улаанбаатар хот даяар чөлөөтэй зорчихыг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, бусад нөхцөл байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь нийгмийн аюулын шинж чанар өндөртэй буюу хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлэх үйлдэлтэй гэмт хэрэг төдийгүй уг хэргийг хоёр дахь удаа үйлдсэн тохиолдолд хорих ял шийтгэдэг. Шүүгдэгч архи ууснаар өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж, бусдыг гэмтээсэн байж “би орлого олох ёстой” хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Д-д холбогдох эрүүгийн 2503004380877 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Г.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 03 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 4 дүгээр гудамжны замд “Toyota Prius” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14, 3.7, 3.5-т заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас, “Toyota Porte” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Б.С-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар тус хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

хохирогч Б.С-ын “...Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжаар урдаас хойш чиглэлтэй явж байтал 2 суудлын автомашин мөргөлдчихсөн байсан. Улмаар би хажуугаар нь өнгөрөөд явж байтал миний араас нэг машин ирээд мөргөөд унагаачихсан. Тэгээд тэр мөргөсөн автомашин шууд зугтаагаад яваад өгсөн. Би газарт хэвтээд байж байтал 2 залуу ирээд цагдаа түргэн тусламж дуудсан…” /хх 19/,

иргэний нэхэмжлэгч Б.Ц-ын “... Тухайн өдөр би хангайн гудамжаар явж байтал өөдөөс нэг машин гарч ирэнгүүтээ шууд миний машиныг мөргөөд, мөргөнгүүтээ хойш ухраад явган зорчигчийг мөргөж унагаад тэгснээ миний машины хажуугаар гараад зугтсан. Тэр машиныг цагдаа араас нь хөөж байж барьж авсан...” /хх 26/,

шүүгдэгч Г.Д-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад гудамжны үзүүрт машинтай мөргөлдсөн, тэгээд ухрах үйлдэл хийж байгаад явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Тэгээд мөргүүлсэн машинаас 3 хүн бууж ирсэн, тэгээд тэр 3 залуу цагдаад дуудлага өгөөд над руу орилоод байхаар нь би айсандаа цагдаа ирэхээс өмнө ослын газрыг орхиод зугтсан, зугтаад явж байтал араас цагдаагийн машин хөөж намайг барьсан...” /хх 102/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0725/6361 дугаартай дүгнэлт /хх 34-35/,

мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1114 дугаартай магадлагаа /хх 61/,

“Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 28307 дугаартай “...Toyota Porte маркийн 02-86 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг нийт 2.265.500 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, оношилгооны хуудас /хх 53-58/,

“Буянт-Оюу” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А2/183 дугаар тодорхойлолт /хх 64-68/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-15/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Д-ийг ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Г.Д-ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “Toyota Porte” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Б.С-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Г.Д “...зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хязгаарлалтыг зөвхөн нийтийн тээврийн маршрутын дагуу биш миний ажил үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй орж гардаг харилцагч байгууллагуудын хаягаар өргөтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлийн 174.2-т “Ялтан ял эдлэх бүсээ өөрчлөх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь зайлшгүй хэрэгцээ, шаардлагад тулгуурлан сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхийг тодорхойлох хууль ёсны баримтыг бүрдүүлэн эрх бүхий байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан зөвшилцөж, тухайн байгууллагаас чиглэл нэмсэн, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчилсөн маршрутын дагуу зорчин явах эрх нээлттэй болохыг тэмдэглэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны шүүгдэгч Г.Д нь хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд хориглосон нутаг дэвсгэрээс нийтийн тээврийн батлагдсан маршрутын дагуу ажлын байр, оршин байгаа газар руу зорчихоор шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нь өөрийн ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зорчих маршрутыг өөрчлөх нэмэгдүүлэх боломжтой юм.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг авч үзвэл шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг авч үзвэл иргэний нэхэмжлэгчид хохирлыг төлж барагдуулаагүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 1.721.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Ц-д олгуулахаар заахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “1,721,5000 төгрөг” гэж алдаатай бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзээд холбогдох заалтыг зөвтгөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2412 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 7 дахь заалтын “...1,721,5000 төгрөгийг...” гэснийг “...1,721,500 төгрөгийг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ

 

ШҮҮГЧ                                   Ц.МӨНХТУЛГА

 

                             ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ