| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0837/Э |
| Дугаар | 902 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 902
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч П.Д шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Н нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харъяа Зэвсэгт хүчний жанжин штабын даргын өрөөнд хохирогч П.Д хурууг зүсэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр П.Д өгсөн мэдүүлэг /хх-н 16-16-21/, гэрч Д.Г өгсөн мэдүүлэг /хх-н 22-24/, гэрч Б.С өгсөн мэдүүлэг /хх-н 25-27/, гэрч Р.С өгсөн мэдүүлэг /хх-н 28-30/, гэрч Ж.М өгсөн мэдүүлэг /хх-н 31-32/, гэрч Б.М өгсөн мэдүүлэг /хх-н 33-35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5617 дугаартай дүгнэлт /хх-н 49/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 65-66/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Д шүүгдэгч Б.Н нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харъяа Зэвсэгт хүчний жанжин штабын даргын өрөөнд хохирогч П.Д хурууг зүсэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Н 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харъяа Зэвсэгт хүчний жанжин штабын даргын өрөөнд П.Д хурууг зүсэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Д хохирогчоор өгсөн “...Тухайн өдрийн өглөө ажлын өрөөндөө орж байтал /ХШҮГ/ коридорт хурандаа Н согтуу чанга, чанга дуугарсан байдалтай тааралдсан. Би "чи яахаараа хар өглөө согтуу явж байдаг юм яв чи эндээс яв" гэж хэлээд өрөөндөө ортол өрөө рүү араас дагаад ороод ирсэн. Би согтуу бишээ гэхээр нь "би чамайг худлаа хэлээд байгаа юмуу гүжирдээд байна уу төрийн генерал худлаа хэлээд байна уу чи өнгөрсөн 7 хоногт лабортори дээр согтуу яваад байна” гэсэн. Батлан хамгаалах яам ийм замбараагүй юм уу чи гар гээд загнахад гараагүй, гарахгүй байхаар нь орлогч дарга Д дуудаад эндээс Н гарга гэж хэлсэн. Д дарга орж ирээд Н аваад гарсан. Түүнээс хойш 12 цаг 30 минутын орчим өрөөндөө ажлын хувцасаа тайлаад энгийн хувцас өмсөөд байж байтал өрөөний хаалга тар түр гэх чимээ гарсан Наранбадрал миний амралтын өрөөнд хутга далайгаад ороод ирсэн. Чи яасан их хүн дарамтладаг юм чамайг алнаа гэхээр нь "чи алж чаддаг юмуу" гэхэд өөдөөс далайгаад ирэхээр нь би баруун гарнаас нь барьж аваад арагш нь гарыг нь дараад нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиход гартаа барьсан хутгаа алдахаар нь би хутгыг нь сейфин доогуур өшиглөж оруулаад буйдан дээр дарахад больё гэж хэлэхээр нь больсон. Тэгээд би Д даргыг гараад дуудсан. Тэр үед ажлынхан орж ирээд Н авч гарч би удирдлагууд болон хуулийн зөвлөхүүдэд мэдэгдээд манайхан цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гартаа барьсан хутга нь бор иштэй хутга байсан. Дүгнэлттэй танилцсан уг гэмтлийг Н учруулсан" гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/
Гэрч Д.Г "...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр...3эвсэгт хүчний жанжин штабын хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, баригадын генерал П.Д өрөөнд ороход Наранбадрал байхгүй, генерал П.Д юу болсон талаар асуухад өглөө надтай хурандаа Б.Н коридорт таарсан, ингэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой явж байхаар нь өрөөндөө оруулж зэмлээд гаргасан. Тэгтэл үдээс хойш хутга барьж өрөөнд орж ирэхээр нь би хутгийг нь салгах гээд хэд хзд цохьсон гэж ярьсан, ингэж ярихдаа Б.Н хурандаа өөррүү нь хутгатай довтолж дайрсан талаар дурдаагүй...Н уг үйлдлийг хийсэн талаар лавлахад намайг хэл амаар доромжлохоор нь айлгая гэж бодсон юм аа, уучлаарай даргаа гэж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.С "...бригадын генерал П.Д өрөөнд ороход генерал ширээний хойд талдаа сууж байсан, сая манай яамны нэг хурандаа хутга барьж орж ирээд, намайг дарамталлаа гэхээр нь ноцолдож байж хутгыг нь булаан авч газарт хаялаа, манай өрөөнд хутгатай орж ирсэн нөхрийг яамны удирдлагууд нь аваад явлаа гэж хэлсэн...зүүн гарын долоовор хуруугаа зүсчихлээ гээд шархны линтээр боосон, өөр ил харагдах гэмтэл, шархгүй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Р.С "...би Доржсүрэнрүү өөрийн биеэр утасдаж лавлахад өдрийн цайны цагаар хувцасаа солиод гарах гээд зогсож байхад гаднаас Н гартаа хутга барьсан орж ирсэн. Тэгэхээр нь би Н цохиж аваад гараас нь хутгийг нь булаах явцдаа хуруу хэсгээ зүсчихсэн гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/
Гэрч Ж.М " ...генералын өрөөнд ороход хэрэг үйл явдал аль хэдийн дууссан генерал амьсгаадсан байдалтай, бор өнгийн иштэй хутга ширээн дээрээ ил тавьчихсан, Н миний өрөөнд хутга барьж орж ирж намайг сүрдүүллээ, тэгэхээр нь би хутгийг нь булаан авч хөөж гаргалаа энэ явцдаа гараа зүсчихлээ гээд сууж байсан. Ингээд генералын өрөөнөөс гарахад хажуу талын өрөөнд нь Н хурандаа архи үнэртүүлсэн сууж байсан, би яагаад ёс зүйгүй үйлдэл гаргаад байгааг асуухад Н хурандаа надад би айлгах зорилгоор хутга барьж орсон юм гэсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5617 дугаар,
1. П.Д биед зүүн гарын 2-р хурууны сорви /зүсэгдсэн шарх/ гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой,
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-49/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Н ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч П.Д нь “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 94/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Н энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга ирсэн болохыг тус тус дурдав.