| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0159/Э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2018-08-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа,
шүүгдэгч Ж.Нурлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хазыбай овогт Жахааны Нурланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000000141 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1-9 тоотод оршин суух, регистрийн ЛЮ77091617 дугаартай, Хазыбай овогт Жахааны Нурлан.
Яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Ж.Нурлан нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн 18 дугаар гудамжны 413 тоотод оршин суух И.Тулгабаатарын 42 инчийн хавтгай “Фунай” маркийн зурагт хулгайлан авч 306.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ж.Нурлан нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн 18 дугаар гудамжны 413 тоотод оршин суух И.Тулгабаатарын гэрээс 18 цагийн орчимд 306.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн хавтгай “Фунай” маркийн телевизор авч хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Нурланы өгсөн “2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр И.Тулгабаатар найзындаа орсон. Би урд нь тэднийд амьдардаг байсан юм. Надад тэр “Намайг байхгүй ч гэсэн цоожийг нь доош нь дараад гэр рүү орж байгаарай” гэж хэлсэн юм. Намайг очиход И.Тулгабаатар гэртээ байхгүй байхаар нь би архи авахуулах гээд хэсэг гэрт нь хүлээсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь би нөгөө өрөөнд байсан зурагтыг гадагшаа авж гарсан. Намайг зурагтаа аваад зам дээр зогсож байхад нэг машин зогсож надаас зурагтаа зарах уу гэж асуухаар нь би зарна гэсэн. Тэгээд би зарсан мөнгөөрөө архи авж уусан” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч И.Тулгабаатарын өгсөн: “Би Ж.Нурлан гэх хүнийг сайн танина. Бид нар уурхайд хамт ажиллаж байсан ба Ж.Нурлан манай гэрт амьдарч байсан. Ерөнхийдөө одоо ч манай гэрээр орж гардаг, Би тухайн үед Ж.Нурланыг манайд гэрээс хулгай хийнэ гэж бодож байсангүй. Би Ж.Нурланыг гэр оронгүй хэцүү байдаг учир гэртээ байлгаж байсан. Би Ж.Нурланд манайх хүнтэй байсан үгүй ч гэсэн орж гарч байгаарай манай байшингийн хаалганы цоожыг доошоо татаад онгойлгож орж бай гэж хэлж байсан. Надад гомдол хохирсон зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, зурагтаа хүлээж авсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Бердмуратын өгсөн: “Налайх дүүргийн 03 дугаар хороо МТ колонкын эсрэг талын дэлгүүрийн урд явж байтал Ж.Нурлан гэх залуу машин зогсоох гээд гараа өргөчихсөн нэг бүтээлгээр хажуудаа юм бүтээгээд тавьчихсан байхаар нь би зогсоход надаас “Ахаа зурагт худалдан авах уу? Би эхнэртэйгээ муудалцаад хот явах гэсэн юм. Та худалдаад авчихаач” гэхээр нь би хэд бэ гэж үнэ өртөгийг нь сонирхтол 80.000 төгрөг гэхээр нь би 50.000 төгрөгөнд авъя гэхэд зөвшөөрөхөөр нь би зурагтыг худалдан авсан юм. Нурланд өгсөн 50.000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар хуудас/
Вендо компаны “42 инчийн хавтгай дэлгэцтэй, “Фунай” маркийн зурагт 306.000 төгрөг” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Нурланы мэдүүлэг, Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Нурлан нь уурхайд хамт ажиллаж байсан өөрийн танил И.Тулгабаатар байшингийн хаалганы цоожийг доошоо татаад онгойлгон орж бай гэсэн түүний итгэлийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эвдэн Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн 18 дугаар гудамжны 413 тоотод оршин суух гэрээс нь 18 цагийн орчим 306.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн хавтгай дэлгэцтэй телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх түүнийг үзлээ.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Нурланы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллаж байгаа нь үндэслэлтэй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Нурлан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хазыбай овогт Жахааны Нурланыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Нурланд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Нурлан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Нурланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ