Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Өлзийбаатар

Иргэний нэхэмжлэгч                                              *******

Өмгөөлөгч                                                                Д.Урансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Галтогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2521002210265 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд  1992 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: *******/.

2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд ******* ДОА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг сахин биелүүлдэг байвал зохино.”, 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн гийн жолоодож явсан Приус 30 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөж жолооч гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд

шүүгдэгч Э.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жил 6 сарын хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *******ас хохирогч гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 6 366 000 төгрөг, эмчилгээний зардалд 34 600 төгрөг, нийт 6 370 600 төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух д /РД:/-д олгож, иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн 16 450 120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.

5. Иргэний нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд өөрт учирсан эд хөрөнгийн гэм хорыг арилгуулж чадаагүй хохирсон хэвээр байна. Миний нэхэмжилсэн 16 450 120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний нэр ******* юм. Гэтэл шүүх хуралдааны ирцэнд ******* гээд цааш гэж алдаатай бичсэн үүнийг залруулах шаардлагатай гэж үзэж байна.

Хохирлын төлбөрийг тооцохдоо алдаатай тооцоолсноос гадна бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мастер үнэлгээний 1 300 000 төгрөг шүүх хуралдааны өмнө өгсөн. Улаанбаатар хот явсан ирсэн шатахуун, оношилгооны зардал зэргийг төлөөгүй. Үнэлгээний газраар эд хөрөнгийг солих шинэчлэх зардал тооцсон боловч ... би мөнгө нэмж тээврийн хэрэгслээ засуулах болж байна.

Хуулиар бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан бол өмнө байсан байдалд нь оруулах ёстой гэсэн байдаг.  Гэтэл миний тээврийн хэрэгслийг өмнө байсан байдалд оруулахад хохирлоор тооцсон үнэлгээ тохирохгүй байна. Тиймээс би тээврийн хэрэгслээ өөрөө засаад баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх гэхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хортой үр дагавар бий болгож, иргэний журмаар ч нэхэмжлэх эрхгүй болж байна.

Ямар ч тохиолдолд би тээврийн хэрэгслээрээ орлого олж байсан бол олох ёстой байсан орлогоо ч нэхэмжлэх эрхтэй. Хэрэв баримтыг шүүх үнэлэхгүй бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж болох байсан. Гэвч энэ бүхэн зөвхөн хуульд хохирогчийн эрхийг хамгаалаад эд хөрөнгөөрөө хохирсон иргэний нэхэмжлэгчийг хамгаалах шийдэлгүй хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулан эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.

6. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хаалттай үлдээж шийдвэрлэсэн. Иймээс тухайн осолтой холбоотой төлбөрийг нэхэмжлэх эрхгүй болчихсон. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол бүрэн арилаагүй. Мөн цаашид олох ёстой байсан орлогоо ч нэхэмжлэх боломжтой. “Хаан үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр машины гадна талд учирсан хохирлыг тогтоосон. Мөн “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр машины дотор талын хэсгийн үнэлгээг гаргасан. Нийт 4 751 300 төгрөгийн хохирол учирсан байгаа. 2 876 300 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгчид даатгалын газраас шилжүүлж өгсөн. Дотор талын үнэлгээ нь 1 875 000 төгрөг гарсан. Үүнээс 1 900 000 төгрөгийг төлсөн байна гэж үзээд тааруулж шийдвэрлэсэн. Гэтэл энэ бүхэн чинь үнэлгээ гаргуулахад төлсөн шүүгдэгчээс гарсан мөн байгаа. Гэтэл энийг нь хохирол төлбөрт тооцож болохгүй. ... Үндсэндээ иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Яагаад гэхээр тухайн тээврийн хэрэгслийн гадна талд учирсан хохирол, дотор талд учирсан хохирол гэж тусдаа үнэлгээ гарсан. Гадна талын хохирлыг даатгалын газраас төлбөрийг төлсөн. Дотор талд үүссэн хохирол гэдгийг өөрөө явж байж гаргуулсан. Мөн Улаанбаатар хот руу явсан зардал нэхэмжилсэн байгаа. Нийт 1 875 000 төгрөгийг хохирол учирсан гэж дүгнэсэн. Үүнийг нь миний үйлчлүүлэгч 1 900 000 төгрөгөөр төлж барагдуулсан. Хохирлыг бүрэн төлсөн учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

8. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо иргэний нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн техникийн шинжтэй алдааг зөвтгүүлэх нь зүйтэй. Гэхдээ шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар ноцтой зүйл гэж үзэхгүй байна. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн олох ёстой байсан орлого 9 000 000 төгрөг, банкны зээлийн төлбөр 2 700 000 төгрөг зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Гантулгын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

4. Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд ******* ДОА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг сахин биелүүлдэг байвал зохино.”, 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч гийн жолоодож явсан Приус-30 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий болжээ.

5. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Гантулгыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг зөв тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн гэм хорын хохиролд 6 370 600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус заасантай нийцсэн байна.

7. Харин анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч *******ын гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгчид төлсөн шууд хохирлыг төлөгдсөн болохыг дурьдаагүй, мөн иргэний нэхэмжлэгчид учирсан шууд бус хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

8. Иргэний нэхэмжлэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн өмчлөлийн автомашины гадна талын эд ангийн үнэлгээгээр 2 876 300 төгрөг/хх 88-89/, дотор эд ангийн үнэлгээгээр 1 430 000 төгрөг/хх 93-95/, автомашины эвдрэл гэмтлийг тогтоолгох оношлогоонд хоёр удаа орсон зардалд 210 000 төгрөг /хх 92,96/, Улаанбаатар хотруу оношлогоо, үнэлгээ хийлгэхээр явсан шатахууны зардалд 230 500 төгрөг /хх 97/, олох байсан орлогод 9 000 000 /1сарын 1 800 000*5сар/ төгрөг, автомашины зээлд төлсөн 2 704 320 /сард 540 864*5сар/ төгрөг буюу нийт 16 451 120 төгрөгийг нэхэмжилжээ.

Дээрх хохирлоос шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад автомашины эвдрэлийн хохиролд 2 876 300 төгрөгийг даатгалын компаниас төлсөн, мөн 600 000 төгрөг /хх 112/, 1 300 000 төгрөг /хх 162/-ийг тус тус автомашинд учирсан хохиролд төлсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд нийт 4 776 300 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

Иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчийн төлсөн 600 000 төгрөгийг дээрх хохиролд ороогүй гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байх тул шүүхээс дээрх төлбөрийг автомашинд учирсан хохирлоос төлөгдсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл(эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн олох ёстой байсан орлого болон зээлийн төлбөрт төлсөн зардлын талаарх баримтууд нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршгийг арилгахад чиглэсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул энэ талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

10. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний нэхэмжлэгчийн нэрийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой алдаанд орохгүй боловч цаашид дээрх алдааг гаргахгүй байхад анхаарвал зохино. 

11. Дээрх үндэслэлээр иргэний нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан “ ... хохирлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний нэхэмжлэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/281 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “... иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн 16 450 120 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг хүчингүй болгож,

6 дахь заалтыг “6. Хохирогч нь эмчилгээний зардал /хагалгаанд орсон гэх/ 5 145 950 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч ******* нь олох байсан орлого, зээлд төлсөн зардалд нэхэмжилсэн 11 704 320 төгрөгийн хохирол болон бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилж,

 7 дахь заалтад “... иргэний нэхэмжлэгч *******т эд хөрөнгөд учирсан хохиролд 1 900 000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                            Ц.ЭРДЭНЭЗУУ                                                                                                                                               Г.УРТНАСАН