Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/43

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               С.Ариунаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  *******

Өмгөөлөгч                                                                Т.Бадамгэрэл

Яллагдагчийн өмгөөлөгч                                      Х.Даваахүү

Яллагдагч                                                                 *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/748 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор С.Ариунаагийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2521001570225 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1976 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: ЖД76100573/

2. Яллагдагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Өүлэн эхийн хөшөөний зүүн талын “Сод монгол” ШТС-ын урд талын засмал зам дээр ******* УНХ улсын дугаартай, Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2.В-д урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байх үед, мөн дүрмийн 13.4.А-д уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч *******ын амь насыг хохироож, зорчигч гийн биед хүзүүний 7-р нугалам, баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд

... Тухайн зам тээврийн осол болсон цаг хугацаанд замын хөдөлгөөнд гурван тээврийн хэрэгсэл оролцож байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхаас гадна яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг бусад тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн үйлдэлтэй холбоотой гэж маргадаг. Гэтэл тус эрүүгийн хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглалд тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн, чиглэл, байрлалыг огт тусгаагүй, өөрөөр хэлбэл ганцхан яллагдагч *******ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан мэтээр хэргийн газрын үзлэг хийж, ослын схем зураглал зурагдсан нь илт үндэслэлгүй байна.

... яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлттэй танилцан улмаар хүсэлт гаргасан, мөн прокурор нь яллагдагч *******т холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, улмаар яллах дүгнэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагт яллагдагчид гардуулан, шүүхэд мөн өдрийн 16 цагт хэргийг шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

Үүнээс үзвэл яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүд хэргийн материалыг эх хувиар нь танилцуулаагүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг бичгээр гаргах эрхээ эдлэх боломжийг олгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэгт тус тус заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохоос гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна.” гэж дүгнэн яллагдагч *******т холбогдох хэргийг прокурорт  буцааж шийдвэрлэжээ.  

5. Хяналтын прокурор С.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэрийн зарим заалт үндэслэлгүй хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэн эс зөвшөөрч байна.

Хэргийн газрын үзлэгээр цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход яллагдагч *******ийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн урд байсан гэх Приус-20 маркийн ДОУ, Приус-41 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хэргийн газарт байгаагүй учир хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон зам тээврийн ослын схем зурагт тусгагдаагүй, тусгагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Харин яллагдагч *******ийн тээврийн хэрэгслийн хар хайрцагны бичлэгт тухайн осол ямар зайд, ямар нөхцөл байдалд, яаж үйлдэгдсэн болох нь тодорхой бичигдсэнийг үзлэг хийн хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон.

Уг бичлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн 45-78/186 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан.

... Иймд яллагдагч *******т холбогдох хэрэгт хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын схем зураглалыг дахин хийлгэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь хавтаст хэргийн материалтай танилцаагүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хавтаст хэргийн 216 дугаар хуудсанд яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь 2025 оны 06 сарын 30-ны өдөр биеэр ирж хэргийн материалтай танилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба үүнээс хойш мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй.

Хяналтын прокурор 2025 оны 07 сарын 07-ны өдөр хэргийн хүлээн авч 2025 оны 07 сарын 21-ний өдөр 198 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Ялладагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдолд Аймгийн ерөнхий прокурор 2025 оны 08 сарын 13-ны өдөр хариу өгсөн тул яллагдагч *******т яллах дүгнэлтийг 2025 оны 09 сарын 19-ний өдөр гардуулж, тус өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр хамтран амьдраад 20 жил болж байгаа. Гэхдээ яг одоогоор тусдаа амьдарч байна. Гэсэн хэдий ч гэрлэлтээ цуцлуулсан зүйл байхгүй. Би үнэндээ яг асуудал юунаас болж үүссэн болохыг л мэдэхийг хүсч байна. *******ийг 100 хувь буруутгахыг хүсэхгүй байна. Манай охин хэлэхдээ “ ...урд талд явж байсан машин ямар ч дохио өгөхгүйгээр гэнэт эргэсэн” гэж хэлж байсан. Яллагдагчийн өмгөөлөгчийн хэлж байгаа зүйлс ч гэсэн үнэмшилтэй санагдсан. Тиймээс өмнө нь явж байсан машин буруутай ч байх боломжтой санагдаад байгаа юм. Тиймээс энэ нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй мэт санагдаж байгаа. Энэ нөхцөл байдлыг бүрэн нотолж тогтоох ёстой гэв.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор хэт нэг талыг барьж тайлбар гаргаж байна. Нотлогдчихсон, болчихсон гэж яриад байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа хэлбэр юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байгаа. Гэмт хэрэг үйлдсэнийг бүр хөдөлбөргүйгээр тогтоох талаар дурдсан. Гэтэл тийм ажиллагаа хийх шаардлагагүй, болчихсон гэж хэлж байна. Миний хувьд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж оролцож байна.

8. Прокурор С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “дохио өгсөн, өгөөгүй” гэдэг зүйлийг ярьж байна. Охин нь хэлсэн мэтээр хэлж байгаа боловч энэ талаар хэргийн материалд авагдаагүй. Өмгөөлөгчийн хувьд ямар баримт дээр гарын үсэг зурж байгаа гэдгээ мэдэх ёстой. Хэргийн материал танилцуулсан баримт дээр өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн дараагийн дугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “прокурор хэт яллах талын байр суурийг баримталж байна” гэж яриад байх юм. Би улсын яллагч хүн. Баримтыг цуглуулах, үнэлэх үүрэгтэй. Хөндлөнгийн байр суурьтай шинжээч томилж дүгнэлтийг гаргуулсан. Гэрчид хууль сануулж мэдүүлэг авсан. Зам тээврийн осол гарсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Хар хайрцагны бичлэгт тухайн үед явсан машинууд л харагдаж байгаа шүү дээ. Хэргийн газрын үзлэгээр тухайн осол болсны дараах нөхцөл байдлыг харуулж байгаа. Тиймээс зөрүүтэй байхаас өөр яах юм. Мөн гуравдугаар заалтын хувьд би хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эхний хоёр заалтыг бол хүлээн авах ямар ч боломжгүй гэдэг тайлбарыг давхар гаргаж байна.

9. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Хэргийн газрын үзлэг болон камерийн бичлэг зөрүүтэй байх нь зөв гэж яриад байх юм. Энэ нь өөрөө хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж үзэж байна. Зүв зүгээр явж байсан машин мурилзаад явахгүй шүү дээ. Тиймээс тухайн хэргийн газрын үзлэгийг дахин хийх нь зөв юм. Дараагийн дугаарт мөрдөгчийн хэлсэн үгийг би тодорхой хэллээ. Надад хэлсэн зүйл, миний хэлсэн зүйлс. Гэтэл цагдаа дээр очоод хэрэгтэй танилцсан гэж яриад байх юм. Ингэж улаан цайн худал хэлж болохгүй. Хууль бол хууль шүү. Хууль зөрчсөн нь үнэн, гэхдээ ийм тайлбарыг гаргаж байна гэж яриад байх юм. Хүний эрхийг хангасан хуулийн заалтыг зөрчсөн байгаа биздээ. Ингэж тайлбар гаргаж болохгүй гэж бодож байна. Хэргийн бодит байдлыг бүрэн зөв тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг ярих нь зүйтэй байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/748 дугаартай шүүгчийн захирамжаар “ ...яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь зам тээврийн осол болсон шалтгаан нөхцлийг бусад тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн үйлдэлтэй холбоотой гэж маргадаг. ...Иймд хэргийн газрын үзлэгийг дахин хийж, үйл баримтыг эцэслэн шалгаж тогтоох боломжтой байх тул яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын схем зураглалыг дахин хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй. ...Тус хэрэгт дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийж хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлох шаардлагатайгаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. ...Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлттэй танилцан улмаар хүсэлт гаргасан, мөн прокурор нь яллагдагч *******т холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, улмаар яллах дүгнэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагт яллагдагчид гардуулан, шүүхэд мөн өдрийн 16 цагт хэргийг шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

...Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүд хэргийн материалыг эх хувиар нь танилцуулаагүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг бичгээр гаргах эрхээ эдлэх боломжийг олгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэгт тус тус заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохоос гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Иймд дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг арилгаж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.” гэж үзэж яллагдагч *******т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

3. Прокурор С.Ариунаа “...яллагдагч *******ийн жолоодон явсан Prius-30 маркийн ******* УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хар хайрцагны бичлэгт тухайн осол ямар зайд, ямар нөхцөл байдалд, яаж үйлдэгдсэн болох нь тодорхой бичигдсэнийг камерын бичлэгт үзлэг хийн хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хар хайрцагны бичлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 45-78/186 дугаартай “зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон” бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд яллагдагч *******т холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын схем зураглалыг дахин хийлгэх үндэслэлгүй гэж үзэж байна.

...хавтаст хэргийн 216 дугаар хуудсанд яллагдагч *******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт биеэр ирж хэргийн материалтай танилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба үүнээс хойш мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, мөрдөгч 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорт ирүүлснийг хяналтын прокурор 2025 оын 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 198 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

...Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдолд аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэн 2025 оын 08 дугаар сарын 13-ны өдөр 59 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолдоо “...яллагдагч *******ийн дугаартай хэрэгт хяналтын прокурор С.Ариунаагийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай яллах дүгнэлтийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.” гэх хариуг өгсөн тул яллагдагч *******т яллах дүгнэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж тус өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. Иймд шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэх эсэргүүцэл бичжээ.

4. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “ ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлжээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т урьдчилсан хэлэлцүүлгийн үед “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол; “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол; гэсэн үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын схем зураглалыг дахин хийлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг арилгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, оролцогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдэх тул мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

6. Иймд Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхиийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/748 дугаартай “Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид тусгасан мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн шатанд буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд уг ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/748 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                               Г.УРТНАСАН

             Ц.ЭРДЭНЭЗУУ