| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0142/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 096.2.6, |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Г.Ганбаатар, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.Дэмбэрэлжав,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч Х.Сэлэнгэ,
гэрч С.Лхамзүмпэрэл, З.Пүрэвжав, Ч.Отгонбилэг,
шинжээч эмч Н.Туяа
шүүгдэгч Н.Ялалт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хошуут овогт Нарантуяагийн Ялалтад 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080202 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 38-15 тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж тэнсэж хянан харгалзсан,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 14 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр суллагдсан, регистрийн МР79122419 дугаартай Хошуут овогт Нарантуяагийн Ялалт
Яллах дүгнэлтэд дурдсанаар :
Н.Ялалт нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наадаан” гэх амралтын газарт амарч байхдаа Х.Сэлэнгээг хардалтын улмаас зодож хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг онц харгис, хэрцгий аргаар буюу түүнийг удаан хугацаагаар тарчлаах, зовоох, бие болон нүүр толгой хэсэгт нь олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч Н.Ялалт нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наадаан” гэх амралтын газар хамтран амьдрагч Х.Сэлэнгэ, түүний ажлын хамт олонтой амарч байхдаа Х.Сэлэнгээд танай ажлынхан намайг яасан их хартай юм бэ гэж асуувал чи юу гэж хэлэх вэ гэхэд нь чамайг хартай л гэж хэлнэ гээд зугтах үед түүний нүүрэн тус газар цохиж унагаан дээр нь сууж хоёр гараараа ээлжлэн олон удаа цохиж биед нь хоншоор ясны олон нийлмэл Le Forte-III ангилалын хугарал, зүүн талд суурь ясны их далавч дотор хэсгээр бяцарсан хугарал, зүүн талын хацар ясны нум бяцарч сэлтэрсэн, хоёр талын гайморын хөндийг үүсгэж буй, хоншоорын бүх ханууд /урд, дотор, ар хана/ 0,8 см хүртэл хэмжээтэй олон тооны ясны хэлтэрхий бүхий бяцарч, сэлтэрсэн хугарлууд, 2 талын нүдний ухархайг үүсгэж буй ханууд /доод, ар, дотор хана/ бяцарч, сэлтэрсэн хугаралууд, хамар ясны 2 хажуу хана бяцарч сэлтэрсэн хугарал, хамрын таславч бага зэрэг зөрөөтэй хугарал, дээд эрүү, тагнай яс, голын заадсаар салсан хугарал, бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл, зүүн талын суурын хөндийд бага хэмжээний цусан хураа, нүүрэнд няцарсан шархнууд, бугалага, хүзүү, чих, чамархай нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны хөхрөлт, зулгаралт учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ялалтын өгсөн: “Би нялх охин, эхнэр хоёроо өөрийн ээж шигээ санаж хайрлаж явдаг байсан. Ирээдүйд нялх охин, эхнэрийнхээ төлөө өдөр шөнөгүй ажил хөдөлмөр эрхэлж амьдарна. Би нэг жилийн хугацаанд хоригдохдоо маш их зүйлийг ойлгосон. Би хийсэн хэрэгтэй гэмшээд барахгүй байна. Би ханийгаа харгис хэрцгий аргаар цохиж зодоогүй, 3-4 удаа л цохьсон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Сэлэнгээгийн өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр амралтын газар очсон. Би хардуулах зүйл огт хийгээгүй. Өмнө нь намайг манай нөхөр удаа дараа хардаж байхад би тэвчиж өнгөрөөж байсан. Амралтын газарт очоод намайг дагуулж яваад цохьсон. Би ухаан алдсан тул болсон асуудлыг санахгүй байна. Миний нүүрний яс цөмөрсөн. Одоо нүүрэндээ хадаастай байгаа. Би одоо ийм болсон тул ажил хөдөлмөр хийж болохгүй байгаа мөн бага насны охинтой. Нэгэнт ийм асуудал болсон тул одоо яахав дээ. Би болсон асуудлын талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Лхамзүмбэрэлийн өгсөн: “Ээж амралтанд явсан. Шүүгдэгч манай ээжийг худлаа ярьж гол руу дагуулж яваад зодсон гэж хэлсэн. Нүүр нь бүхэлдээ хавдсан. Хувцас хунар цус болсон. Би ээжийн нүүрээс өөр гэмтлийг хараагүй. 2016 оны 12 дугаар сард намайг шүүгдэгч, хохирогч нартай хамт амьдарч байхад шүүгдэгч ээжийг аймар зодсон. Өмнө нь гар хүрч байхыг харсан. Би Ялалт, ээж хоёртой 2014 оноос 2016 оны намар хүртэл хамт амьдарсан. Зарим зодооныг харсан. Зарим зодооны талаар ээжийн биеийн гэмтэл дээрээс харсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.Пүрэвжавын өгсөн: “Голын цаад талын амралтаас хоёр хүн гол дээр ирсэн. Тэгээд эмэгтэй хүнийгээ зодоод байсан. Гол гарч болохгүй байсан тул би “болиоч, наад чинь эмэгтэй хүн шүү дээ” гэж нэлээн хэдэн удаа хэлсэн. Эрэгтэй нь эмэгтэйнхээ дээр гарч суугаад хоёр гараараа хаашаа цохиж байгаагаа мэдэхгүй, нүдэж балбаад байсан. “Чамайг алсан ч яадгийн” гэж хэлэхийг би сонссон. Би 2-3 удаа боль гэж хэлсэн. Хугацааны хувьд нэлээн удсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Отгонбилэгийн өгсөн: “Эгчийн ажлын газрын Олонжам гэх хүн “Сэлэнгээ Ялалтад зодуулаад үхчихлээ” гэж хэлсэн. Би эгчийгээ хараад таниагүй. “Арай ч дээ ийм болгочихлоо гэж үү” гэж бодсон. Ялалт эгч хоёр муудалцахаар Ялалт ах зодчихоод яваад өгсөн байдаг. Хөл гарын булчин нь хөхөрсөн байхыг харж байсан. Эгч над руу залгаад “намайг Ялалт зодох гээд байна” гэж ярьж, би гудамжнаас очиж авч байсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Туяагийн өгсөн: “Хохирогчийн биед учирсан гэмтэл олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Тоог тодорхой гаргах боломжгүй. 2 ба түүнээс дээш удаагийн үйлдлээс үүснэ. Хоншоор ясны олон нийлмэл репорт 3 дугаар зэргийн хугарал гэж нүүрний хэлбэр дүрсийг үүсгэж байгаа бүх ясны нийлмэл хугарлыг хэлж байгаа юм. Тухайн гэмтлүүд ойчих, татах үйлдлээс үүсэх боломтой. Зүүн далавч ясны суурь хэсэгт бяцарсан хугарал нь дангаараа хүнд гэмтэл хамаарна. Бусад нүүрний хугарал гэмтэл гэмтлийн хүнд гэмтэлд хамаарна.” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад гэрч Э.Болд-Эрдэнийн өгсөн: “эмэгтэй нь утсаа шидчихээд зугтах гэхэд эрэгтэй нь цамцнаас нь татаж эргүүлээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа хүчтэй цохиход эмэгтэй газар унасан. Эмэгтэйг газар унахад нь эрэгтэй нь дээр нь мордож сууж байгаад хоёр гараараа ээлжлэн нэлээн олон удаа цохисон. Эмэгтэй нь хамгийн анх цохиулснаас хойш огт хариу үйлдэл хийгээгүй, ёо гэж ерөөсөө дуугараагүй, эмэгтэйн дээр суугаад цохиж байсан залуу нь чамайг ер нь алчихсан ч яадаг юм бэ гээд л цохиод байсан. Энэ үед Пүрэвжав ах хөөе чи болиоч ээ, эмэгтэй хүнийг аллаа ш дээ, цагдаад хэллээ шүү гэж хэлэхэд тэр залуу өөрийнхөө өмсөж байсан фудволкоор нүүрийг нь бүтээгээд мөрөн дээгүүрээ гарыг нь давуулаад цаашаа аваад явсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 56-57 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №305:
“1. Х.Сэлэнгээгийн биед хоншоор ясны олон нийлмэл Le Forte-III ангилалын хугарал, зүүн талд суурь ясны их далавч дотор хэсгээр бяцарсан хугарал, зүүн талын хацар ясны нум бяцарч сэлтэрсэн, хоёр талын гайморын хөндийг үүсгэж буй, хоншоорын бүх ханууд /урд, дотор, ар хана/ 0,8 см хүртэл хэмжээтэй олон тооны ясны хэлтэрхий бүхий бяцарч, сэлтэрсэн хугарлууд, 2 талын нүдний ухархайг үүсгэж буй ханууд /доод, ар, дотор хана/ бяцарч, сэлтэрсэн хугаралууд, хамар ясны 2 хажуу хана бяцарч сэлтэрсэн хугарал, хамрын таславч бага зэрэг зөрөөтэй хугарал, дээд эрүү, тагнай яс, голын заадсаар салсан хугарал, зүүн талын суурын хөндийд бага хэмжээний цусан хураа, нүүрэнд няцарсан шархнууд, бугалага, хүзүү, чих, чамархай нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо”
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заагдсанаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 59 дүгээр хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 05-12 дугаар хуудас/ Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 16-24 дүгээр хуудас/, Гэмтэл Согог Судлалын төвийн өвчний түүх /1 хх-ийн 163 дугаар хуудас/ хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, хохирол төлбөрийн баримт зэрэг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нар, шинжээч эмч нарын мэдүүлэг, Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Н.Ялалт нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наадаан” гэх амралтын газар хамтран амьдрагч, төрсөн охинынх нь эх Х.Сэлэнгээг чамайг хартай гэж хэлнэ гээд зугтах үед түүний нүүрэн тус газар цохиж унагаан дээр нь сууж зэрлэг балмад онц хэрцгий авир гарган хоёр гараараа ээлжлэн олон удаа цохиж биед нь хоншоор ясны олон нийлмэл Le Forte-III ангилалын хугарал, зүүн талд суурь ясны их далавч дотор хэсгээр бяцарсан хугарал, зүүн талын хацар ясны нум бяцарч сэлтэрсэн, хоёр талын гайморын хөндийг үүсгэж буй, хоншоорын бүх ханууд /урд, дотор, ар хана/ 0,8 см хүртэл хэмжээтэй олон тооны ясны хэлтэрхий бүхий бяцарч, сэлтэрсэн хугарлууд, 2 талын нүдний ухархайг үүсгэж буй ханууд /доод, ар, дотор хана/ бяцарч, сэлтэрсэн хугаралууд, хамар ясны 2 хажуу хана бяцарч сэлтэрсэн хугарал, хамрын таславч бага зэрэг зөрөөтэй хугарал, дээд эрүү, тагнай яс, голын заадсаар салсан хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл, зүүн талын суурын хөндийд бага хэмжээний цусан хураа, нүүрэнд няцарсан шархнууд, бугалага, хүзүү, чих, чамархай нүүрэнд цус хуралт зэрэг олон тооны хөхрөлт, зулгаралт зөөлөн эдийн няцрал учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн дээд хэмжээ ихэссэн байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ялалтын үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэл нь тохирсон байна. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогчид шүүгдэгч Н.Ялалт нь 6.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдахын зэрэгцээ шүүгдэгчийн цагдан хоригдсон 450 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч Х.Сэлэнгэ нь Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хошуут овогт Нарантуяагийн Ялалтыг онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тсугай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар Н.Ялалтад 9 /ес/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ялалтад оногдуулсан 9 /ес/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Х.Сэлэнгэд 6.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ялалтын 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 450 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хохирогч Х.Сэлэнгэ нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ялалтад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
Э.ЧИНГИС