| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0187/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Р.Машлай,
хохирогч, шүүгдэгч Т.Отгонбат, А.Алтан-Аргамж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Амгалангийн Алтан-Аргамж, Тайжийнхан овогт Тулгаагийн Отгонбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003690153 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 28 дугаар ангид гал сөнөөгч, аврагч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 01 дүгээр хороо Уурхайчдын 11 дүгээр гудамжны 502 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД94072211 дугаартай, Боржигон овгийн Амгалангийн Алтан-Аргамж.
2. Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс торгууд, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, Налайх дүүргийн 02 дугаар хорооны 56 дугаар байрны 07 тоотод оршин хаягтай, одоо ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 02 хороо 57 дугаар байрны 07 тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3-т зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тэнсэн суллагдсан, регистрийн УЕ80080910 дугаартай, Тайжийнхан овгийн Тулгаагийн Отгонбат / яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Т.Отгонбат, А.Алтан-Аргамж нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голомт” цогцолбор сургуулийн гадаа А.Алтан-Аргамжтай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Алтан-Аргамж нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голомт” цогцолбор сургуулийн гадаа иргэн Т.Отгонбаыг “чи пүдр түрхээд явдаг Баяраа мөн үү” гэж түүнийг уурлан заамдан авахад зодолдон эрүүл мэндэд зулайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол,
шүүгдэгч Т.Отгонбат нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голомт” цогцолбор сургуулийн гадаа иргэн А.Алтан-Аргамжийг “чи пүдр түрхээд явдаг Баяраа мөн үү” гэхэд түүнийг заамдан авч цохин унагаахад нь хажуудаа байсан тал тоосгоор толгой руу нь цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол харилцан зодолдож, бие биендээ учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алтан-Аргамжийн хохирогчийн хувиар өгсөн: “Тухайн өдөр би Н.Ганзориг гээд залуутай хамт явж байгаад тэр залуу нэг ахыгаа дуудна гэхээр нь би “тэг тэг” гэж хэлэхэд энэ ах ирсэн. Би энэ хүнийг хүнтэй андуураад “Пүдр түрхдэг залуу мөн үү?” гэж асуусан. Би үнэн эсэхийг нь үзнэ гээд би нэг удаа цохисон. Үүнээс болоод бид хоёр дээр доороо ороод цохилцоход, Т.Отгонбат газраас тоосго авч миний толгой руу цохисон. Би Т.Отгонбатыг явуулахгүй гээд зууралдахад Т.Отгонбат хувцасаа ураад зугтсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Отгонбатын хохирогчийн хувиар өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хуурай дүү Ч.Ганзориг намайг дуудхаар би очиж уулзаад архинаас нь хоёр, гурван рунк уучихад байж байтал А.Алтан-Аргамж нилээн халамцуу ирсэн. Тэгээд намайг хүнтэй андуураад намайг “Пүдр түрхдэг залуу мөн үү” гэж асуугаад, намайг пүдр түрхдэг эсэхийг чинь шалгая гээд намайг нэг шанаадсан. Тэгээд би унахад хажууд тал тоосго байхаар нь би А.Алтан-Аргамжийг цохиход толгой хэсгээс нь цус гарч байсан. Бидний хооронд өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ганзоригийн “2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03 цагийн орчим Налайх дүүргийн 01 дүгээр хороонд байрлах “М” бааранд архи ууж яваад найз А.Алтан-Аргамжтай тааралдаад хамт архи ууж байгаад өглөө үүр цайсан байх үед гарсан юм. Тэгээд дахин архи уух болоод Цайзын орчимд байдаг дэлгүүрээс нэг шил архи аваад Голомт цогцолбор сургуулийн гадаа очоод Т.Отгонбат ахыг би утсаар дуудсан юм. Ингээд сургуулийн гадаа архи ууж сууж байх үед А.Алтан-Аргамж нь Т.Отгонбат ахыг “Пүдр түрхэж явдаг залуу байна” гэж
маргалдаад байх шиг байсан. Түүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй зүйл байхгүй. Нэг ухаан орох үед гэртээ ирсэн байсан” гэх мэдүүлэг
/хх-ийн 18 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №326 дугаар:
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт
/хх-ийн 27 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 /шэ/355 дугаар:
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй,
5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт
/хх-ийн 29 дүгээр хуудас/
Дээрх шүүхийн хэлэлцүүлэг өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон улсын яллагчийн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд Шүүгдэгч А.Алтан-Аргамж нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голомт” цогцолбор сургуулийн гадаа иргэн Т.Отгонбаыг “чи пүдр түрхээд явдаг Баяраа мөн үү” гэж түүнийг уурлан заамдан авахад зодолдон эрүүл мэндэд зулайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол,
шүүгдэгч Т.Отгонбат нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голомт” цогцолбор сургуулийн гадаа иргэн А.Алтан-Аргамжийг “чи пүдр түрхээд явдаг Баяраа мөн үү” гэхэд түүнийг заамдан авч цохин унагаахад нь хажуудаа байсан тал тоосгоор толгой руу нь цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол харилцан зодолдож, бие биендээ учруулж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг тус тус үйлдсэн байх тул тэдгээрийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.Алтан-Аргамж, Т.Отгонбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Алтан-Аргамж, Т.Отгонбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Амгалангийн Алтан-Аргамж, Тайжийнхан овогт Тулгаагийн Отгонбат нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Алтан-Аргамж, Т.Отгонбат нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Алтан-Аргамж, Т.Отгонбат нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Алтан-Аргамж, Т.Отгонбат нарт мэдэгдсүгэй.
5. А.Алтан-Аргамж, Т.Отгонбат нарт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар А.Алтан-Аргамж, Т.Отгонбат нарт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Алтан-Аргамж, Т.Отгонбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ