Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 315/ШШ2025/00432

 

2025 11 06

315/ШШ2025/00432

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............. оршин суух, утас ............, ......,

Хариуцагч: ............. оршин суух, утас ............, ......,

Хариуцагч: ............... оршин суух, утас .........., ...... нарт холбогдох

2,565,080 (хоёр сая таван зуун жаран таван мянга наян төгрөг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ......, хариуцагч ......, ......, гэрч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ......, ...... нарт холбогдуулан 2,565,080 (хоёр сая таван зуун жаран таван мянга наян төгрөг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2021 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт худалдаа үйлчилгээ явуулах зориулалттай 3 давхар үл хөдлөхийн газар болох 1336.0 м2, 0,1336 га газрыг эзэмших хүсэлтийг сумын Засаг дарга асан ......д гаргаж өөрийн үл хөдлөхийг өргөтгөн тус газрыг эзэмшиж авсан. Гэтэл тухайн үед Засаг даргын нарийн бичиг ...... нь газрын албаны ......ад А/91 дугаартай захирамжийн тоотыг өгсөн бөгөөд үүний дагуу ...... нь газрын кадастр, гэрээг хийж ...... надад газрыг эзэмшүүлж гэрчилгээг гаргаж өгсөн. Гэвч уг А/91 дугаартай захирамж гараагүйн улмаас би улсад 2.565.080 төгрөг төлсөн. Би 2001 онд уг газарт худалдааны гудамж гэж гаргаад ганцаараа л эзэмшиж байсан. Тухайн үед тэр газарт нэг ч хүн газар эзэмшиж байгаагүй. Гэтэл А/91 дугаартай Засаг даргын захирамжийг Засаг дарга ......, бичиг хэрэг ...... нар гаргаагүйн улмаас уг гэрчилгээгээ Газрын албаны цахим бүртгэлд оруулаагүй гэдгийг би 2024 оны 06 дугаар сар7д мэдсэн. Тэгээд эдгээр хүмүүсийн буруутай үйлдлийн улмаас сар гаруй хөөцөлдөж болохгүй болохоор нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бизнесийн зээл авахын тулд газрын гэрчилгээ хуурамч байна, бүртгэгдээгүй байна гэсэн учраас зээлээ авахын тулд газрын төлбөр гэж 100120000967 тоот төрийн сангийн дансанд 2,565,080 төгрөг, 100121300943 тоот дансанд 82,062 төгрөг төлсөн. Би 100121300943 тоот дансанд 82,062 төгрөгийг төлөх ёстой төлбөр төлсөн учраас би үүнийг нэхэмжлэхгүй. Харин дээрх буруутай хүмүүсээс болж төлөх ёсгүй байсан 2,565,080 төгрөгийг төлсөн учраас нэхэмжилж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга асан ......, бичиг хэрэг ...... нар нь төрийн албан хаагч байсан бөгөөд эдгээр төрийн албан хаагчийн буруутай, ажлын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж би хохирсон. Иймд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга асан ......аас 2,000,000 төгрөг, бичиг хэрэг ......аас 565,080 төгрөгийг гаргуулж, иргэн ...... надад олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 онд Эрдэнэцагаан сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа мэргэжилтнүүдийн төлөвлөж ирээд төслөөр танилцуулж байгаа захирамжийг тухай бүрд нь гаргуулдаг байсан. Мөн газрын алба гэдэг байгууллага бол дээрээсээ удирдлагатай байгууллага учир газрын даамалд иргэн өргөдлөө өгч газрын асуудал шийдэгдсэнээр миний бие газрын даамлын төлөвлөж оруулж ирсэн захирамжийн төсөлтэй танилцан бичиг хэргийн эрхлэгчээр гаргуулах чиглэлийг өгдөг. Харин захирамж гарын үсэг зурагдаж баталгаажсаны дараагаар бичиг хэргийн ажилтан он сар дугаарыг нь тавьж холбогдох иргэн болон холбогдох мэргэжилтэнд нэг хувь нь очдог. Мөн газрын захирамжид үндэслэн газрын гэрчилгээ гардаг учир захирамж гараагүй байх учир байхгүй. Мөн миний бие нь газрын албаны программд оруулдаг мэргэжилтэн биш учир энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын Архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. Архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалтнаас төлөвлөж ирүүлсэн албан бичгийг стандартын дагуу шивж гаргаад холбогдох албан тушаалтанд өгөх үүргийг гүйцэтгэж байсан. Мөн тухайн мэргэжилтэн гаргах захирамжаа төлөвлөж оруулж ирсний дараагаар миний бие шивж стандартаар хэвлэж гаргаж өгдөг байсан бөгөөд захирамжийг хэвлэмэл хуудсанд хэвлэж гаргаад удирдах албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсны дараа захирамжийг дугаарлаж өгдөг байсан. Иймд тухайн нэхэмжлэгчийн захирамж тухайн цаг хугацаандаа гарснаар газрын гэрчилгээ нь олгогдсон байна гэж миний бие харж байна. Мөн миний бие захирамж гаргаж газрын цахим санд шивж оруулах эрх бүхий албан тушаалтан биш учир энэ асуудал надтай холбоогүй гэж бодож байна. Иймд ...... гэдэг хүний гаргасан нэхэмжлэлийн мөнгөн төлбөрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Гэрч ......аас шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Иргэнээс ирсэн газартай холбоотой хүсэлтийг би судалж, сумын Засаг даргад танилцуулж, захирамж шийдвэрээ төлөвлөж гаргуулдаг. Би он сарын нь санахгүй байна, гэхдээ тэр захирамж гарсан. Би тэр оны дараа намраас ажлаа өгч хувийн компанид ажилладаг болсон. Газрын албаны систем дээр оруулах гэтэл газрын дуудлага худалдааны анхны үнэ буюу зөрүү мөнгийг аргачлалаар нь авсан байна гэж би ойлгосон. Мөн газрын төлбөр авсан байсан Захирамж гарсан. 2,565,080 төгрөгийн тухайд тухайн газар нь эзэмшлийн газар учраас улс дуудлага худалдааны анхны үнийг газрын зөрүү мөнгөн дүнг авах ёстой. Цахим санд бүртгэгдсэн үгүйг би мэдэхгүй байна. Газрын алба руугаа явуулдаг. Би бүртгэж, кадастрын өөрчлөлтийг газрын албаны тусгай эрхтэй хүн нь бүртгэдэг. Би өргөдлийг нь бүртгэсэн. Түүний дараагийн шатны ажлыг газрын кадастр хариуцсан мэргэжилтэн хийдэг. Би гарсан захирамжийг өргөдөл, дугаартай нь газрын алба руу явуулсан гэв.

 

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, ...... дугаар ......гийн газар эзэмших гэрчилгээний хуулбар, ......гийн 2,565,080 төгрөг төлсөн баримт, 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ......гийн Хаан банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хаан банкны салбарт гаргасан тодорхойлолт, фото зураг зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6. Хариуцагч ......аас хариу тайлбар,

 

7. Хариуцагч ......аас хариу тайлбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/91 дугаар газрын хэмжээ өөрчилж газар эзэмшүүлэх тухай захирамж, зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна. 

 

8. Хариуцагч нарын хүсэлтийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 315/ШЗ2025/01367 дугаар захирамжаар ......аас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч ......гийн хариуцагч ......, ...... нарт холбогдуулан гаргасан 2,565,080 (хоёр сая таван зуун жаран таван мянга наян төгрөг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ...... нь 2021 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт худалдаа үйлчилгээ явуулах зориулалттай 3 давхар үл хөдлөхийн газар болох 1336.0 м2, 0,1336 га газрыг эзэмших хүсэлтийг сумын Засаг дарга асан ......д гаргаж өөрийн үл хөдлөхийг өргөтгөн тус газрыг эзэмшиж авсан. Гэтэл тухайн үед Засаг даргын нарийн бичиг ...... нь газрын албаны ......ад А/91 дугаартай захирамжийн тоотыг өгсөн бөгөөд үүний дагуу ...... нь газрын кадастр, гэрээг хийж ...... надад газрыг эзэмшүүлж гэрчилгээг гаргаж өгсөн. Гэтэл А/91 дугаартай Засаг даргын захирамжийг Засаг дарга ......, бичиг хэрэг ...... нар гаргаагүйн улмаас уг гэрчилгээгээ Газрын албаны цахим бүртгэлд оруулаагүй гэдгийг би 2024 оны 06 дугаар сард мэдсэн. Тэгээд эдгээр хүмүүсийн буруутай үйлдлийн улмаас сар гаруй хөөцөлдөж болохгүй болохоор нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бизнесийн зээл авахын тулд газрын төлбөр гэж 100120000967 тоот төрийн сангийн дансанд 2,565,080 төгрөг төлсөн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга асан ......, бичиг хэрэг ...... нар нь төрийн албан хаагч байсан бөгөөд эдгээр төрийн албан хаагчийн буруутай, ажлын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж би хохирсон. Иймд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга асан ......аас 2,000,000 төгрөг, бичиг хэрэг ......аас 565,080 төгрөгийг гаргуулж, иргэн ...... надад олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч ...... нь миний бие 2021 онд Эрдэнэцагаан сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа мэргэжилтнүүдийн төлөвлөж ирээд төслөөр танилцуулж байгаа захирамжийг тухай бүрд нь гаргуулдаг байсан. Мөн газрын алба гэдэг байгууллага бол дээрээсээ удирдлагатай байгууллага учир газрын даамалд иргэн өргөдлөө өгч газрын асуудал шийдэгдсэнээр миний бие газрын даамлын төлөвлөж оруулж ирсэн захирамжийн төсөлтэй танилцан бичиг хэргийн эрхлэгчээр гаргуулах чиглэлийг өгдөг. Харин захирамж гарын үсэг зурагдаж баталгаажсаны дараагаар бичиг хэргийн ажилтан он сар дугаарыг нь тавьж холбогдох иргэн болон холбогдох мэргэжилтэнд нэг хувь нь очдог. Мөн газрын захирамжид үндэслэн газрын гэрчилгээ гардаг учир захирамж гараагүй байх учир байхгүй. Мөн миний бие нь газрын албаны программд оруулдаг мэргэжилтэн биш учир энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргадаг.

 

4. Хариуцагч ...... нь миний бие тухайн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын Архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. Архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалтнаас төлөвлөж ирүүлсэн албан бичгийг стандартын дагуу шивж гаргаад холбогдох албан тушаалтанд өгөх үүргийг гүйцэтгэж байсан. Мөн тухайн мэргэжилтэн гаргах захирамжаа төлөвлөж оруулж ирсний дараагаар миний бие шивж стандартаар хэвлэж гаргаж өгдөг байсан бөгөөд захирамжийг хэвлэмэл хуудсанд хэвлэж гаргаад удирдах албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсны дараа захирамжийг дугаарлаж өгдөг байсан. Иймд тухайн нэхэмжлэгчийн захирамж тухайн цаг хугацаандаа гарснаар газрын гэрчилгээ нь олгогдсон байна гэж миний бие үзэж байна. Мөн миний бие захирамж гаргаж газрын цахим санд шивж оруулах эрх бүхий албан тушаалтан биш учир энэ асуудал надтай холбоогүй гэж бодож байна. Иймд ...... гэдэг хүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/91 дугаар Газрын хэмжээ өөрчилж, газар эзэмшүүлэх тухай захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтаар ...... тоот хаягт орших 53.46 мкв талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээ зориулалтаар эзэмшиж байсан иргэн ......-ийн нэгж талбарт өөрчлөлт хийлгэх хүсэлтийн дагуу газрын хэмжээг 1336 мкв болгон үйлчилгээ зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсүгэй гэж, 2 дахь заалтаар Газар эзэмшигчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулан эрхийн гэрчилгээ олгож, газрын хил заагийг тогтоохыг сумын газрын даамал /....../-д, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга /..../-т тус тус үүрэг болгосугай гэж заажээ . /хх-31 х/

 

5.2. Дээрх Засаг даргын захирамжийг үндэслэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газрын албаны мэргэжилтэн ...... нь ......тэй 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 02237-2021/01025 дугаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын кадастрын зураг үйлдэж, ...... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тогтоогдож байна. /хх-9-14 х/,

 

6. 2024 оны 6 сард нэхэмжлэгч ...... нь Хаан банк ХК-аас бизнесийн зээл авахаар газрын гэрчилгээгээ барьж очтол таны нэр дээр ямар нэгэн газар бүртгэлгүй байна гэх хариу өгсөн бөгөөд үүний дагуу газрын албатай холбогдоход А/91 дугаартай захирамж гарсан байна, тэр захирамжаа аваад ир, өнөөдрийн дотор газрыг чинь зоогоод өгье гэсний дагуу хариуцагч ......, ...... нартай уулзаж, бүтэн сар гаруй хугацаанд хөөцөлдөөд болохгүй болохоор нь би улсад 2,565,080 төгрөг төлсөн. А/91 дугаартай захирамжийг Засаг дарга ......, засаг даргын нарийн бичиг ...... нар нь гаргаагүй, газрын гэрчилгээг цахим санд бүртгээгүй, албан хаагчдын буруутай, ажлын хариуцлагагүй байдлын улмаас би төлөх ёсгүй төлбөрийг улсад төлсөн учраас уг мөнгийг хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарладаг.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан.

 

9. Дээрх хуулийн зохицуулалтаар зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

 

10.Шалтгаант холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хоёрын хооронд байхыг шаардах бөгөөд гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

11. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ...... нь газар эзэмших гэрчилгээг газрын цахим санд бүртгэх үүрэгтэй ямар төрийн албан хаагч нь уг үүргээ гүйцэтгээгүй, хийх ёстой үйлдлээ хийгээгүй эс үйлдэхүйн улмаас төрд 2,565,080 төгрөг төлснийг тогтоолгосны үндсэн дээр өөрт учирсан хохирлоо буруутай албан тушаалтны удирдах байгууллагаас шаардах, харин тухайн төрийн байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас шаардах эрхтэй болох нь тогтоогдож байна.

 

12. Нэхэмжлэгч ...... нь Засаг даргын А/91 дугаартай захирамж тухайн үедээ гараагүйн улмаас цахим санд бүртгэгдээгүй, сүүлд нөхөж гаргасан гэж тайлбарладаг боловч хариуцагч ......, ...... нар нь Засаг даргын захирамжийг үндэслэн газрын гэрчилгээ гардаг учир захирамж гараагүй байх учиргүй, газрын цахим санд газрын гэрчилгээг шивж оруулах эрх бүхий албан тушаалтан нь бид нар биш гэж тайлбарладаг.

 

13. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т сумын газрын даамал нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулна гэж заасны дагуу Засаг даргын А/91 дугаартай захирамж тухайн үед гарч, дээрх захирамжийг үндэслэн газрын даамал нь газар эзэмшүүлэх гэрээ хийж, газар эзэмших гэрчилгээ олгосон гэж үзэхээр байна.

 

14. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т сумын газрын даамал нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж заасны дагуу дээрх захирамж, газар эзэмших гэрчилгээ, кадастрын зургийг газрын улсын бүртгэлд бүртгэх эрх бүхий албан тушаалтан нь сумын газрын даамал буюу мэргэжилтэн гэж үзэхээр байна.

 

15. Иймд ...... нь өөрт учирсан хохирлоо сумын газрын даамал болон түүний удирдах төрийн байгууллагаас шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэхээр байх тул түүний ......, ...... нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ......гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгч ......гийн хариуцагч ......, ...... нарт холбогдуулан гаргасан 2,565,080 (хоёр сая таван зуун жаран таван мянга наян төгрөг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ......гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАЯРБААТАР