| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/00445/И |
| Дугаар | 315/ШШ2025/00430 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 315/ШШ2025/00430
2025 11 05 315/ШШ2025/00430
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: ..... байрлах, ...... ХХК /РД:...../ -ийн
Хариуцагч: .......... тоот хаягт оршин суух, ....../РД:....../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 830,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...... ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:Хариуцагч ...... нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ...... ХХК-тай гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, Самсунг А14 маркийн гар утсыг нийт 698,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023 оны 9 сарын 21-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 38,778 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 542,892 төгрөг, 2024 оны 01 сарын ярианы төлбөр 16,445 төгрөг, алданги 271,446 төгрөг, нийт 830,783 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 830,783 төгрөгөөс нэхэмжлэгч 100,000 төгрөгийг багасгаж байгаа тул үлдэгдэл 730,783 төгрөгийг 2025 оны 12 сарын дотор төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн тайлбартай танилцаж, тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Алданги 271,446 төгрөгөөс 100,000 төгрөгөөс татгалзаж, нийт үлдэгдэл төлбөр 730,781 төгрөгийг хариуцагч 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулж өгнө гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч ......д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 830,783 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч ...... ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага 830,783 төгрөгөөс 100,000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 730,783 төгрөгийг хариуцагч ...... 2025 оны 12 сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,489 төгрөгийн тал хувь 12,244.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,244.5 төгрөгийг хариуцагч ......гээс гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ...... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 830,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 730,783 төгрөгийг хариуцагч ...... 2025 оны 12 сард багтаан төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,489 төгрөгийн тал хувь 12,244.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,244.5 төгрөгийг хариуцагч ......гээс гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР