Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 168

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Б.Энхмэнд,

арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Түвшинбаярын хууль ёсны төлөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Төмөр-өлзий нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Дашдоржийн Төмөр-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180700280157 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 01 дүгээр хороо 18 дугаар байрны 33 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ЕЙ75011516 дугаартай, Боржигон овогт Дашдоржийн Төмөр-Өлзий нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Д.Төмөр-Өлзий нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандах” хүнсний дэлгүүрийн урд талын засмал замд 13-73 БРА улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Г.Түвшинбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Төмөр-Өлзий нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13-73 БРА улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа 14 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандах” хүнсний дэлгүүрийн урд талын засмал замд явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Түвшинбаярыг мөргөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Төмөр-Өлзий мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн асуултанд “Надад зөрж явсан машины ард харагдаагүй юм. Би зөрж явсан машины ардаас гэнэт хүүхэд гараад ирэхээр нь би сигнал дараад тормос гишгэсэн” гэсэн хариулт болон улсын яллагчийн судалсан:

Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Түвшинбаярын өгсөн: “Би 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 01 дүгээр хороо “Мандах” маркетын зүүн талд байрлах барилгын материалын дэлгүүрээс гарч зам хөндлөн гарахаар тус барилгын материалын дэлгүүрийн эгц өөдөөс харсан явган хүний гарцаар гүйгээд гартал саарал өнгийн жижиг тэрэг их хурдтай ирээд намайг шүргэж газарт унагасан. Би тэр үед босох гэтэл босож чадахгүй хөл өвдөөд тухайн жолоочийн машинтай Налайх дүүргийн эмнэлэгт ирж зураг авахуултал шагайны жижиг яс хугарсан байна гэсэн. Би зам хөндлөн гарахдаа замын хоёр тал руу сайн харж байгаад зүүн талаас ирж яваа микро автобус шиг машиныг өнгөрөөгөөд нөгөө талаа хартал намайг мөргөсөн машин зайтай байсан болохоор би зам хөндлөн гарч амжих юм байна гэж бодоод гүйтэл тухайн тээврийн хэрэгсэл хурдтай явж байсан учир би амжаагүй дөнгөж өнгөрөөд баруун хөлөө шүргүүлж газарт унасан. Би замын урд байрлах барилгын материалын дэлгүүрээс гарч ирээд эгц өөдөөс нь харсан явган хүний гарцаар гарцаар зам хөндлөн гарсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-15, 17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярбаясгалангийн өгсөн: “Би “Хүслэн” гэх дэлгүүрт орж утас зарна гэж хүн орж ирээгүй юу гэж асуугаад гарч ирээд зүс таних Төгсөө гэх ахтай уулзаад зогсож байхад манай хүү Г.Түвшинбаяр барилгын материалын дэлгүүрээс гарч ирээч зам хөндлөн гарах гэтэл саарал өнгийн соната-6 маркийн машин хурдтай орж ирээд манай хүүхдийг мөргөсөн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 18 дугаар  хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №08 шэ/264 дугаар:

  1. “Г.Түвшнбаярын биед баруун гадна хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

            /хх-ийн 34 дүгээр хуудас/

            Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар:

            2. Жолооч Д.Төмөр-Өлзий нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 буюу Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүргийг хүлээнэ. “  “а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно; мөн 13.1 дэх хэсэгт зааснаар “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрмйн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.Төмөр-өлзий нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13-73 БРА улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон хот хоорондын замаар 14 цагийн орчим зорчин явахдаа Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандах” хүнсний дэлгүүрийн өмнөх явган хүний гарцаар гарч явсан арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Түвшинбаярыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мөргөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Төмөр-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Төмөр-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Г.Түвшинбаярт гэм хорын хохиролд 680.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дашдоржийн Төмөр-Өлзийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Төмөр-өлзийд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг Д.Төмөр-Өлзийд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Төмөр-Өлзийд мэдэгдсүгэй.

5. Д.Төмөр-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Г.Түвшинбаярт гэм хорын хохиролд 680.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.Төмөр-Өлзийд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Төмөр-Өлзийд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ