Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2014/0400/З |
Дугаар | 221/МА2018/0454 |
Огноо | 2018-08-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0454
Ж.А, Т.Э, Д.Г,
“Л” ХХК нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.А, нэхэмжлэгч Д.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд “БФ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0271 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд “БФ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээд Яаралтай түргэн тусламжийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарын давж заалдах гомдлоор, Ж.А, Т.Э, Д.Г, “Л” ХХК нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0271 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай /2008 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх” 223/2014 тоот акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогоолгох” шаардлага бүхий нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Л” ХХК-иас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд "БФ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн нэмэлт шинжилгээ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07/153/21 дүгээр шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, "ӨА" ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлж дүгнэн, харьцуулан үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал бий болгож байх тул шүүх өөрийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж шинэ акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д "Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх дөрвөн удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан, дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй хэмээн үзэж байгаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэл болохгүй юм. Хэргийн нөхцөл байдал тодруулах болон тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах нь ялгаатай ойлголт юм.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй маргаан бүхий барилга хоорондын зай, нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагын талаар шүүхийн зүгээс шинжээч томилон дүгнэлт гаргуулж тодруулсан.
Анхан шатны шүүхээс Ж.А, Т.Э, Д.Г нарын захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан илт хууль бус нь тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн атлаа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой гэж үзсэн атлаа "Л" ХХК-ийн хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй хэмээн үзэж байгаа нь илт үндэслэлгүй.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой байсан.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэлт хийж дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Нөгөөтээгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах, тайлбарлах хуулийн хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой юм.
Ж.А, Т.Э, Д.Г нарын болон "Л" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох тухай:
Албан контортой зэрэгцүүлэн төлөвлөсөн ажилчдын орон сууц нь нэхэмжлэгч талын 46 дугаар байрны тууш хөндлөн талд хамаарахгүй ба жишүү байрлалтай оршдог бөгөөд БНбД 31-01-10-д жишүү байрлалтай барилга хоорондын зайг зохицуулсан зохицуулалт байхгүй учир БНбД 31-01-04-д заасан галын норм дүрмээр тооцдог.
Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн нэмэлт шинжилгээнд Сүхбаатар дүүрэг, Яаралтай түргэн тусламжийн төвийн хашаан дотор барих гэж буй барилга нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсанаар зэргэлдээ 46 дугаар байр болон төлөвлөгдөж буй барилга хоорондын зай "Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт" /БНбД 30-01-04/-ийн нормын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад "Орон сууц хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зай 6 метрээс багагүйгээр төлөвлөнө" гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь "Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт" /БНбД 30-01-04/-ын 2.11-д "...Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно" гэж заасантай нийцэж байгаа юм.
"ӨА" ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17/0311 дугаар нарны гэрэлтүүлгийн талаарх шинжээчийн дүгнэлтээр нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагын талаар дүгнэсэн байх бөгөөд “...нарны гэрэлтүүлэлтийн хугацаатайгаар шинжлэн үзэхэд зуны цагт нэхэмжлэл гаргагч Сүхбаатар дүүргийн 1 хорооны 46 дугаар байранд оршин суугч 1301, 1302, 1502 тоот айлуудын нарны гэрэлтүүлэлтийн хугацаа өдрийн хэмжээнд буюу өдрийн ээвэрлэлт авах бүрэн нормоо биелүүлж байна. Сүүдэрлэсэн гэх "Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54/, Албан контор"-ын барилга нь 46 дугаар байрны 1301, 1302, 1502 тоот айлуудыг сүүдэрлэхгүй /нар халхлах боломжгүй/ болох нь тогтоогдож байна", "Л" ХХК-ийн хувьд мөн нарны гэрэлтүүлгийн нормын шаардлага хангагдаж байгаа талаар дүгнэсэн болно.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг илт хууль бусд тооцох үндэслэлд илэрхий, ноцтой хор уршиг бүхий алдааг ойлгодог бөгөөд анхан шатны шүүхийн "...Нэхэмжлэгч иргэдийн нэхэмжлэлдээ дурдаж буй захиргааны актууд...зэрэг нь хуульд заасан илт хуулъ бус байх үндэслэл тогтоогдохгүй" байна хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нөгөөтээгүүр Яаралтай түргэн тусламжийн төв 16 болон 4 давхар 2 барилга барихаар төлөвлөж байгаа бөгөөд "Люксцентр"-ийн урд байрлах барилгыг "Л" ХХК-ийн барилга гүйцэтгэгч "ЧГ" ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2012 онд 4 давхар болгон багасгаж, хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилсөн байдаг бөгөөд тус асуудал нь шийдвэрлэгдэж гомдол гаргаагүйгээр дууссан байдаг. Тийм учраас "Л" XXK нэгэнт шийдвэрлэгдэж дууссан асуудлаар дахин хандсан байх ба хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой юм.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн зүйл байхгүй байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0271 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгон гомдлыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О давж заалдах гомдолдоо: “...“Л" ХХК-д холбогдох хэсгийг шүүх дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38, 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц, Албан конторын эскиз зураг зэргийг баталсан үйлдлийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон оролцогч талуудын тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан бөгөөд “Л” ХХК-ийн хувьд эмнэлэгийн тусгай зөвшөөрөл авч эмнэлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас хажууд нь баригдах барилга нь эмнэлгийн барилгын норм дүрэм авна гэж тайлбарласан.
Гэвч тус эмнэлгийн барилга нь орон сууц, олон нийтийн барилгаар төлөвлөгдсөн барилга байгууламж бөгөөд “ЧГ” XXK барьж ашиглалтад оруулсан. Энэ нь ч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Мөн шүүх хөөн хэлэлцэх хугацааг шүүх харгалзаж үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг зөрчсөн.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 128/ШШ2018/0271 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Яаралтай түргэн тусламжийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь иргэн Ж.А, Т.Э, Д.Г нарын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч, "Л" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай "Архитекгур төлөвлөлтийн даалгавар", 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар", Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Яаралтай түргэн тусламжийн төв, 54 айлын Ажилчдын орон сууц, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх "Л" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой байхад уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй байна гэж дүгнэсэн нь нэг талаас ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Шүүх энэхүү захиргааны хэрэгт авагдсан тухайн хэрэгт ач холбогдолтой баримтууд болох шинжээч нарын 4 удаагийн дүгнэлтүүдийг хуулийн дагуу үнэлж дүгнээгүйгээс үндэслэл муутай шийдвэр гаргасан болно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй маргаан бүхий барилга хоорондын зай, нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагын талаар шинжээч нар маш тодорхой ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байгааг анхаарч үзэж үнэлэх боломжтой гэж үзэж байна.
"Л" ХХК-ийн эмнэлэг байгаа барилга нь анх орон сууц, нийтийн барилгаар төлөвлөгдсөн барилга байгууламж байсан бөгөөд уг барилгын зориулалт одоо хүртэл хэвээр байгаа болно. Мөн "Л" XXK нь маргаж буй байртай холбоотой асуудлааар өмнө нь "ЧГ " ХХК-тай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2012 онд уг асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байдаг ба энэ асуудлаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128\ШШ2018\0271 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар", 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар", Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай түргэн тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж шийдвэрлэснийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Ж.А, Д.Г, Т.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэргийн нөхцөл байдал тодорхой байхад “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж дүгнэн, маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврууд болон эскиз зураг баталсан үйлдлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Л” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ж.А, Д.Г, Т.Э нар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 223/2014 тоот акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”,
“Л” ХХК-аас мөн газарт холбогдуулан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд болон иргэдээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “барилга хоорондын зайн хэмжээ зөрчигдсөн, цонхоор тусах нарны ээвэрлэлтийн хугацаа багассан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буурсан, нэхэмжлэгч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эмнэлгийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг алдагдуулсан” зэрэг үндэслэлүүдээр маргаж байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 43,8 х 14,4 метр хэмжээтэй Яаралтай тусламжийн төвийн ажилчдын орон сууцны 16 давхар барилга барих СБД45/09/11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан, уг даалгаврын дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 223/2014 дугаартай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай олгосон нь дуусгавар болжээ.
Үүний дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Яаралтай түргэн тусламжийн төвөөс 2011 оны СБД45/09/11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлж, нэг орцтой 16 давхар 54 айлын орон сууц, 4 давхар албан конторын барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21,6х14,4 метр, 16 давхар ажилчдын орон сууц барихыг зөвшөөрсөн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 21,6х14,4 метр, консолгүй, тагтгүй албан контор барихыг зөвшөөрсөн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус баталсан, харин уг барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гараагүй байна.
Барилгын тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д зааснаар барилга байгууламжид тавигдах шаардлага нь зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байхад оршино. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд, иргэдийн оршин сууж, үйл ажиллагаа явуулдаг 46 дугаар байр болон гуравдагч этгээдийн барихаар төлөвлөж буй 16 давхар орон сууцны барилга нь байрлалын хувьд жишүү, харин 4 давхар барилга нь зэрэгцээ байрлалтай байна.
Барилга хоорондын зай, хэмжээг Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт тооцох тухай дүрмээр зохицуулах бөгөөд уг дүрмийн 2.5-д барилгын тууш талуудын хооронд, барилгын тууш тал болон хөндлөн талын хооронд, сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд, орон сууцны цонхгүй хөндлөн талуудын хоорондын зай хэмжээнээс барилга хоорондын зайг тооцохоор заасан боловч жишүү барилга хоорондын зайг тогтоогоогүй байна.
Иймд гуравдагч этгээдийн барих барилгаас шалтгаалан нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “гуравдагч этгээдийн төлөвлөж буй барилга болон 46 дугаар байрны хоорондын зайг хэмжиж үзэхэд 46 дугаар байрны консолийн хананаас 7,88 метр зайтай, харин 1 дүгээр давхрын үндсэн хананаас 10,08 метр зайтай байгаа” талаар дүгнэснээс үзвэл “Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 30-01-04/-ийн 2.11-д “...2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондхи зай 15м-ээс багагүй, 4 давхар бол 20м-ээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөнүүдийн цонхнуудын хоорондох зай 10м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байршуулж болно” гэж заасныг хангаж байна гэж үзлээ.
Мөн хэргийн оролцогчдын харилцан дүгнэлт гаргуулахаар зөвшилцсөн “ӨА” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “нэхэмжлэгч “Л” ХХК-ийн 1 дүгээр давхарт байрлах талбайн цонхоор тусах нарны гэрлийн хугацааг өвөл, зунаар тооцоход тус компанийн эмнэлгийн зүүн зүг харах цонхоор нарны гэрэл өвөл 2 цаг, зун 4 цаг, урд зүг харах цонхоор өвөл 2 цаг, зун 2 цаг, баруун зүг харах цонхоор өвөл 1 цаг 30 минут, зун 3 цаг байна” гэж, “нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нарын оршин суух 46 дугаар байрны 1301, 1302, 1502 тоот байруудад нарны гэрэлтэлтийн хугацаа ердийн хэмжээнд буюу өдрийн ээвэрлэлт авах бүрэн нормоо биелүүлж байхаас гадна маргаан бүхий баригдахаар төлөвлөгдөж буй барилгууд нь нэхэмжлэгч нарын байруудыг сүүдэрлэхгүй, нар халхлахгүй” гэж дүгнэсэн байна.
“Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны хангамж” БНбД 23-04-07-ийн 3.6-д “Нутгийн өмнөд хэсэг буюу хойд өргөргийн 480-аас урагшаа хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22 хүртэл хугацаанд өдөрт 2 цагаас багагүй”, “ ...хот байгуулалтын төвөгтэй нөхцөлд ...орон сууцны хорооллыг шинэчлэх, нэмж барилгажуулах үед нарын тусгалын үргэлжлэх хугацааг бүс тус бүрд 0,5 цагаар багасгаж төлөвлөхийг зөвшөөрнө” гэж заасан тул нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа хангагдаж байна.
Мөн маргаан бүхий барилгуудыг гуравдагч этгээд Яаралтай түргэн тусламжийн төв нь өөрийн эзэмшил газартаа төлөвлөсөн, уг барилгууд баригдсанаар 46 дугаар байрны орц, гарцыг хаахгүй, “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 30.01.04/-ийн 2.8 дахь заалтад нийцэж байгаа талаар Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтүүд гарсан байна.
Дээрх байдлаар төлөвлөгдөж буй барилга нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр “Л” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны актуудын биелэлтийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймээс гуравдагч этгээдийн барихаар төлөвлөсөн барилга нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулаагүй, орц гарцыг хаагаагүй байх тул Ж.А, Д.Г, Т.Э нар болон “Л” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0271 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А, Д.Г, Т.Э нарын “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 223/2014 тоот акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч “Л” ХХК-ийн “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас батлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Яаралтай тусламжийн төв, Ажилчдын орон сууц /54 айл/, Албан конторын эскиз зэргийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтын дугаарыг 3 болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон гуравдагч этгээд Яаралтай түргэн тусламжийн төвийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд “БФ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН