Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0441/З |
Дугаар | 186 |
Огноо | 2020-05-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 186
А.О-ийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбоонд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “...намайг Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, элсүүлэх шийдвэр гаргахыг даалгах”,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0823 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хундыз нарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0823 дугаар шийдвэрээр: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.О-ийн Монголын Хуульчдын холбоонд холбогдуулан гаргасан “...намайг Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, элсүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 133 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
1. Нэхэмжлэгч А.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Би 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ял шийтгүүлсэн бөгөөд үүнээс хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгохоор заасан. Энэ заалтаар миний ял шийтгэлтэй хугацаа хамрагдан би хуулиар ял шийтгэлгүй болсон. Мөн 2017.07.01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн ойлголт огт байхгүй болж, хүнийг өмнө нь ял шийтгүүлснээр хүндрүүлж үздэг, эрх зүйн байдлыг дордуулдаг байдал арилсан.
2. Мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 42 тоот тушаалаар миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дээрх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзаж, миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд нэг үндэслэлээр хоёр удаа шийтгэл хүлээлгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, тэгш байдлын зарчим, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үйл болно” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах” гэсэн Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна.
3. Би гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж гэм буруу дээрээ шийтгэл эдэлсэн, Эрүүгийн хуульд заасан цээрлэлээ эдэлсэн. Гэтэл шүүх энэ ял эдэлж эрүүгийн хариуцлага хүлээж цээрлэл эдэлсэн үйлдэл дээр дахин зөвшөөрөл олгохоос татгалзаж дахин цээрлэл үзүүлж байна гэж үзэж байна. Монголын Хуульчдын холбоо нь намайг Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д заасан миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөрчиж байна.
4. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21.1.1-д заасан “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн” гэсэн хуулийн заалтыг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон атлаа дахин энэ шийтгэх тогтоолоор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь буруу байна гэж үзэж байна.
5. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/182 дугаартай албан бичгээр “...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох боломжгүй”-г нэхэмжлэгч А.О-т мэдэгдсэн, үүнийг эс зөвшөөрч “...2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар миний ял шийтгэлтэй хугацаа хамрагдаж, ял шийтгэлгүй болсон, ...мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн ойлголт байхгүй болж, хүнийг өмнө нь ял шийтгүүлснээр хүндрүүлж үздэг, эрх зүйн байдлыг дордуулдаг байдал арилсан, ...эс үйлдэхүй хууль бус” гэж маргажээ.
8. Нэхэмжлэгч А.О нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа нэр бүхий 4 хүний ажилласан байдал тогтоосон илт хууль бус шүүхийн шийдвэр гаргасан гэмт хэрэг үйлдсэн нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 250 дугаар зүйлийн 250.1-д “шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бус шийдвэр гаргасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж байгаад эдлээгүй үлдсэн 4 сар 11 хоногийн ялаас 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тэнсэж суллагдсан ба уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т “..., эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ” гэж, 78 дугаар зүйлийн 78.2-т “дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно: ...78.2.3.хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай /цаашид Өршөөлийн хууль гэх/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “доор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно: 6.1.1.Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” гэж тус тус зааснаас үзвэл, А.О-ийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь Өршөөлийн хуульд хамрагдсанаар тэрээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар ялгүй болсон гэж үзнэ.
10. Түүнчлэн, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн /2015 оны/ хуульд “ялтай байдал” гэх эрх зүйн ойлголт үгүй болсон учир “ялгүйд тооцох”, “ялгүй болох” зэрэг ойлголт хэрэглэгдэхгүй бөгөөд “ялтай байдал”-ын үр дагавар үүсэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй.
11. Харин, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, ...” гэж заасан нь “ялгүй болсон”, “ялгүйд тооцогдсон” эсэхээс үл хамаарч, гагцхүү санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүх тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх агуулгыг илэрхийлж байх тул нэхэмжлэгчийн “...эрүүгийн хариуцлага хүлээж цээрлэл хүлээсэн үйлдэл дээр дахин зөвшөөрөл олгохоос татгалзаж дахин цээрлэл үзүүлж байна” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
12. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн /2015 оны/ 6.1 дүгээр зүйлийн 4-т “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэснээс үзвэл эрүүгийн хариуцлагыг хүлээж дууссанаас үл хамаарч тухайн этгээдэд хуулиар тодорхой хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “дор дурдсан үндэслэл байвал өргөдөл гаргагчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана”, 21.1.1-д “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн” гэж заасан тул уг этгээдийг “хуульч”-аар ажиллуулахыг хориглосон байна.
13. Иймээс, нэхэмжлэгчийн гомдлын “...шийтгэх тогтоолоор миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон атлаа дахин энэ тогтоолоор ...зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь буруу” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
14. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.