Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814002270184 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул налай овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Биеийн тамир спортын газар *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багт байрлах Биеийн тамир спортын газарт иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ийн ... Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатараас ирсэн. Тэгээд 15-ны өдөр 16 цагийн орчимд миний ажилладаг Нэгдсэн эмнэлгийн баг тамирчид тэмцээнд оролцож дуусаад Соёмбод сууж байна гэхээр нь би очсон. Тэнд очиход Б, Ж, *******,******* нар байсан. Тэгээд би тэд нартай пиво ууж суусан ... Тэгээд бид нар орж тэмцээн үзсэн ба сүүлийн тоглолт болж байсан. Би тэмцээн үзэж байгаад гадаа гарахад *******тай Б гэдэг залуу маргаж байсан. Тэдний дэргэд Б, Т нар байсан. Б, Т нар маргаанд оролцоогүй. Би тэд нар дээр очоод “яагаад байгаа юм яах гээд байгаа юм чи ямар санаатай байна” гэж Бд би хандан хэлсэн. Тэгтэл Б явахдаа намайг үг хэлээр доромжилчихоод спорт заал руу орохоор нь би дагаж ороод тэмцээний заалны дотор түүнийг заамдаж аваад “чи юу гээд байгаа юм” гэсэн чинь дэргэд нь байсан хүмүүс намайг бариад авсан чинь Т намайг толгой руу үсэрч ирээд 2-3 удаа гараа зангидаж байгаад дагз руу цохисон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18- 20/,

Гэрч Б.Бгийн ... Ж шууд орж ирээд намайг пудволкны захаар хоолой шахаж барьсан. Тэгтэл цаанаас Тэгшээ ирээд хоёр удаа алгадсан байх тэгтэл манай багийн хүмүүс ирж салгасан. Тэгтэл манай А гэдэг ах бид нарын дундуур орж ирээд цээжин хэсгээр нь барьж аваад түлхэхэд хойгуураа гулгаж бөгсөн хэсгээрээ унасан. Ж өөрөө нилээд согтуу байсан. Тэгээд хойшоо унасан байх тэрнээс өмнө намайг барьж авахдаа миний өмсөж явсан улаан өнгийн пудволк урсан. Тэгээд бид нар шагналаа гардаж авч байхад цагдаа ирж Ж гэдэг хүнийг авч явсан ... Урдаас нь татхад биеийн бөгсөн хэсгээрээ унаж байгаа харагдсан. Жыг Т хоёр удаа алгадсан өөр тэнд зодоон цохион болоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Гэрч О.Аын ... Тэр өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ж гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд зүүн хаалганы тэнд байх шийдний тэнд сууж байсан Б гэдэг залууг шууд очоод цохиод авсан. Тэгтэл Т гүйж ирээд Жыг шууд цохиод авсан. Тэгтэл Ж мөн адил харилцан цохилцож байгаа харагдсан. Тэгээд би шууд тэнд очоод та нар боль гэж шаардлага тавьсан. Гэтэл Б хойшоо эргээд суусан: Тэгтэл тэнд байсан хүмүүс Тыг хойшоо татаад авсан. Би Жыг хойш татаад авсан тэгтэл Т миний араас хойгуур тойрч ирээд Жыг толгойны баруун чих орчимд нь хоёр удаа цохисон. Тэгээд би Жыг хойшоо холдуулах гэж урдаас нь татахад баруун тийш баруун хөл нь тээглэж бөгсөн хэсгээрээ унасан. Тийм ч хүчтэй унаагүй тэгээд босоод шийдний ард сууж байгаад гараад яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Шүүгдэгч *******ын ... 2018 оны 04 дүгээр сарын 15-ны орой Баянхонгор хотын аварга шалгаруулах тэмцээн болж байсан юм. Би спорт хороон дээрээс гэртээ хариад 22 цагийн үед спорт хороон дээр ирхэд Б Нэгдсэн эмнэлэгийн хэдэн залуучууд байсан одоо сайн санахгүй байна спорт хорооны гадна зогсож байсан. Тэгээд Ж эмнэлэгийн хэдэн залуучууд Бгаас үг гуйгаад өдөөд байх шиг байсан. Тэр зарим нэг нь цохих гэж байх шиг байсан. Би Заяаг наад согтуу хүмүүстэйгээ юу ярьдаг юм гэж хэлээд Бг дуудсан. Тэгтэл тэнд байсан Ж надаас үг өдөж чи зайл чи юу юм гэж намайг миний өмсөж явсан хувцасны захаар түлэхсэн. Тэгээд би Бг тэндээс зааланд авч орсон ороод шагнал авах хувцсаа сольж байхад Ж орж ирээд Бг орж ирээд араас нь цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр барилцаж аваад салахгүй болохоор нь би хоёр удаа алгадаж байхад А ах араас нь татаад хойш гулсаад бөгсөөрөө унасан. Тэгээд тэнд Ж суугаад байсан. Би согтуу юм чинь ахиад гараад хүнтэй зодоон хийчих байх гэж бодоод цагдаа дуудчих гэж эхнэртэй хэлсэн эхнэр цагдаа дуудаж Жыг цагдаа авч явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-70/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн ... *******үгдэрнамжилийн биед тархи доргилт, баруун хацар, чамархай, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 56-57/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь шүүгдэгчид гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Сартуул налай овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА