Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 

О.О*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   Прокурор Д.С*******,

   Шүүгдэгч О.О*******,

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д******* /цахимаар/,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.П*******,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нарыг оролцуулан, Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.О*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

 Монгол Улсын иргэн, Э*******н овогт О*******ын О*******, Б аймгийн Хр суманд 1996 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, ам бүл 3, аав, ээжийн хамт Б аймгийн Хр сумын Гурт 1 дүгээр баг, 8-807 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ГН.

 Шүүгдэгч О.О******* нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар Б аймгийн Хр сумын 4 дүгээр багийн нутгаар дамжин өнгөрөх Х-Бы чиглэлийн улсын чанартай, хатуу хучилттай авто замаар БУН улсын дугаартай “Toyota.Prius-XW20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7 а/... согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг  тус тус зөрчиж “замын зорчих хэсгийн

хажуу руу онхолдсон” зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Чгийн амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

   Б аймгийн Прокурорын газраас О.О*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

   Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/******* дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Э*******н овогт О*******ын О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг “согтуурсан үедээ  үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.О*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 /ес/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О*******д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 /ес/ жилийн  хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьж,

Шүүгдэгч О.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д******* нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлын талаарх нотлох  баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шүүхээр шийдвэрлэхдээ хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг буруу тогтоон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хохирогчийн амь нас эрсэдсэн тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлын хэмжээг шууд тогтоосон Улсын дээд шүүхийн жишиг аргачлалыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн. Хэргийн улмаас зөвхөн хууль ёсны төлөөлөгч миний эрх ашиг, сэтгэл санаа хохироод зогсохгүй аав, ээж, 2 дүүгийн хувьд сэтгэл санааны гүн хямралтай байна. Бидэнд ажил явдалд зориулан 20,000,000 төгрөг өгсөн боловч тухайн үедээ зөвхөн ажил явдлын зардалд зарцуулагдсан. Цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэх зэрэг олон олон зардлууд гарах бөгөөд сэтгэцийн хохирлын хэмжээг үнэн зөв тогтоож хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ хэргээс хойш ээжийн бие муудсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа” гэв.

 

 Шүүгдэгч О.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О******* нь оршуулгын зардал болон бусад зардалд 24,600,000 төгрөгийг төлсөн. 2 тооны тугалтай үхрийг 3,000,000 төгрөгөнд тооцож өгсөн. Д******* дээрх мөнгө болон 2 тооны үхрийг хүлээн авсан. Дээрх зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой өөр нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэг дээр хэлсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч О*******г бусдад төлөх төлбөргүй гэж тооцсон. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар дээр амь хохирогчийн ээжийнх нь бие муу байгаа. Сэтгэл санааны хямралтайгаас үүдэлтэйгээр биеийн эрүүл мэндийн байдал муудсан гэсэн тайлбарыг хэлж байна. Амь хохирогчийн ээж нь ямар шалтгаанаар муудсан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ асуудал хэлэлцэгдээгүй асуудал. Тийм учраас нотлох баримтын хэмжээнд авч үзэхээргүй байна. Тухайн үед шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг 3 дугаар зэрэглэл тогтоогдсон. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 3 дугаар зэрэглэл тогтоосонтой холбоотой маргаж гомдол гаргасан зүйл байхгүй. 3 дугаар зэрэглэл нь жишиг аргачлалын дагуу тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн доод хэмжээг 13-22.99 хувь нэмэгдүүлсэн дүнгээр олгоно гэж заасан. Шүүгдэгч хамгийн дээд хэмжээ буюу 22 дахин үржүүлээд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлсөн. Оршуулгын зардалтай холбоотой баримтыг хэрэгт өгсөн. Хохирогч хоршооны зээлээ нэхэмжлэх гэсэн боловч хоршооны дүрмээ өгчихсөн байна. Үүнийг иргэний журмаар жич нэхэмжилнэ гэдэг асуудал хэлэлцсэн. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 1.1 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ гэж заасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээний талаа тусгайлан тусгасан хууль болон журмын энэхүү заалтаас харвал зөвхөн гэмт хэргийн улмаас нас барсан хүний гэр бүлийн гишүүнд нь сэтгэл санааны хохирлыг авахаар хуульчлан заасан байна. Гэр бүлийн гишүүн гэдэг нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэр бүлийн гишүүн гэж үзнэ. Энэ шалгуурт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д******* хамтран амьдралтай гэр бүлийн гишүүн байна гэдэг шалгуурт хамаарахгүй байна. Д******* нь амь хохирогчтой нэг гэрт цуг амьдарч байгаагүй. Өөр хаяган дээр байсан нь биеийн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа гэв.

 

 Прокурор Д.С******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д******* нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо О*******гээс нийт 24,600,000 төгрөг, 2 тооны үхрийг хүлээж авсан. Нэхэмжлэх зүйлгүй гэж ярьсан. Цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх зардал гарна гэсэнд нь прокурорын зүгээс ойлгомжгүй байна гэсэн тайлбар хэлсэн. Хохирогчийн зээлтэй холбоотой баримтыг анхан шатны шүүхэд баримтыг гаргаж өгсөн. Тухайн үед зээлийн гэрээг гаргаж өгөөгүй учраас нээлттэй үлдээсэн шийтгэх тогтоол гарсан. Ийм учраас давж заалдах шатны гомдол үндэслэлгүй байгаа тул хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.О*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

   2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

  3.Шүүгдэгч О.О******* нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар Б аймгийн Хр сумын 4 дүгээр багийн нутгаар дамжин өнгөрөх Х-Бы чиглэлийн улсын чанартай, хатуу хучилттай авто замаар БУН улсын дугаартай “Toyota Prius-XW20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7 а/... согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг  тус тус зөрчиж “замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон” зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Чгийн амь нас хохирсон үйл баримт нь:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д*******гийн: “... Манай төрсөн дүү Чг О******* гэх нэртэй хүн 2025 оны 06 дугаар сарын 02-ны шөнө гэрээс нь авч гараад О******* нь тээврийн хэрэгсэл барьж яваад “Б” гэх газарт осолд орж манай төрсөн дүү Ч нь нас барсан гэж надад 2025 оны 06 дугаар сарын 03-нд манай аав надад гар утсаар хэлсэн” гэх мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч Д.Хрын: “...приус 20 загварын 33-44 БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хүү О.О******* эзэмшиж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Ггийн: “...2025 оны 06 дугаар сарын 03-ны өглөө үүрээр 05 цагийн үед эмнэлгээс манай нөхөр А рүү залгаад та хурдан 4 дүгээр баг “Б” гэх газар хүрээд ир гэсэн. Тэгээд тухайн заасан газар яваад очтол манай хүүг цэнхэр зүйлээр бүтээсэн байсан. Тэгээд би хүүгээ нас барсан гэдгийн мэдсэн” гэх мэдүүлэг,

-Гэрч Э.Тын: “...Би 2025 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Хр сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний 8 нэрийн дэлгүүрээ хаахаар дэлгүүрийн гадаа ирээд зогсож байхад засмал замаасаа миний араас улаан өнгийн приус-20 маркийн автомашин ирж зогсоод 2 залуу машинаас буугаад манай дэлгүүрт орж үйлчлүүлэхэд тухайн 2 залуугийн 1 нь манай сумын А ламын хүү Ч гэдэг хүн явж байсан. Энэ 2 хүн 0.75 литрийн ногоон экс 2 шилийг, түмний спрайт ундаа, бидний панта ундаа 2 ширхэг, 0.5 литрийн краш нэртэй лаазтай пиво 4 ширхгийг тус тус худалдан авсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Аийн: “...19 цаг 30 минутын үед миний хүү сумын төв орж эмээгийндээ хувцас угаана гэж хэлээд ганцаараа мотоциклтой явсан. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед сумын эмнэлгийн жолооч над руу залгаад танай хүү Ч Хр сумын 4-р баг Бн баруун талд автомашинтай замын хажуу руу орж онхолдсон байна бие нь муу байна, та хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би Б руу очиход хэргийн газарт цагдаа нар хамгаалалт авч таны хүү мөн үү гэж харуулахад миний хүү Ч мөн байсан ба нас барсан байсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Оийн: “ ... Бид нарыг дуудлагын газарт очиход Б гэх газрын хойд талд засмал замын ертөнцийн зүгээр баруун тал руу улаан өнгийн тоёота приус-20 маркийн автомашин замын хажуу руу унасан байдалтай байсан. Тэгээд тухайн машин луу буугаад очиход уг машины урд хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай машин нь өөрөө баруун талаараа газарт буусан машины 4 дугуй ертөнцийн зүгээр баруун тал руу харсан байдалтай байсан. Тэгсэн машин дотор согтуу бололтой 1 хүн орилоод байхаар нь бид нар дөхөөд очиход машины ойр орчмоос архи үнэртэж байсан. Тэгээд цонхоор нь харахад уул уурхайн улбар шар хар хөх хосолсон хүрэмтэй, нөгөөх нь хар юүдэнтэй цамцтай 2 хүн давхарлагдсан байдалтай байсан ба тухайн 2 хүн хоёулаа хөдлөх шиг болохоор нь энэ 2 хүн хоёулаа амьд байгаа юм байна гэж бодоод тухайн байрлалаас уг 2 хүнийг машинаас гаргах гэхээр ямар ч боломжгүй байсан учраас бид нар машиныг дээд хэсгээс түлхэж 4 дугуйн дээр нь буулгаад гацсан хаалгануудыг нь хүчээр онгойлгож тухайн 2 хүнийг гаргаж ирэхэд хар юүдэнтэй цамцтай 20-25 орчим насны 165-170 орчим см өндөртэй эрэгтэй хүн нь ямар нэгэн хариу урвалгүй байхаар нь анхан шатны үзлэг хийхэд 2 талдаа хүүхэн хараа нь жигд өргөссөн зүрхний цохилтгүй нас барсан байсан...” гэх мэдүүлэг,

-Гэрч Л.Гы: “...Хр сумын 4 дүгээр баг Б гэх газарт 33-44 БУН гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу талд унасан байхаар нь эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Би машинаасаа буугаад тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход тээврийн хэрэгсэл дотор хоёр хүн байсан. Тухайн тээврийн хэрэгслийн хамар хэсэг Х аймаг орох зам дагуу харсан байсан ба тухайн тээврийн хэрэгсэл жолоочийн талаар хажуулдсан байрлалтай байсан /тээврийн хэрэгслийн баруун тал/. Тээврийн хэрэгсэл дотор байсан хүмүүсийн нэг нь ажлын хувцастай байсан. Нөгөө хүн нь юүдэнтэй хар цамцтай, хар өнгийн өмдтэй байсан...” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Мын: “...Хр сумын 4 дүгээр баг Б гэх газарт 33-44 БУН гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу талд унасан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би машинаасаа буугаад тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход тээврийн хэрэгсэл дотор хоёр хүн байсан. Мөн тухайн хоёр хүн бие бие дээрээ давхарлагдсан байсан.Тээврийн хэрэгслийн хамар хэсэг Х аймаг тал руугаа харсан байдалтай байсан ба жолоочийн тал руугаа хажуулдаж унасан байдалтай байсан. Тээврийн хэрэгсэл дотор байсан хүмүүс нэг нь ажлын шар хар өнгийн алаг цамцтай байсан. Нэг хүн нь юүдэнтэй хар цамцтай байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор хар цамцтай хүн нь шар, хар өнгийн алга цамцтай хүний дээр байрлалтай хэвтсэн байсан...” гэх мэдүүлэг,

-Шинжээч Я.Сын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 52-151/369 дугаартай ...Toyota Prius маркийн 33- 44 БУН улсын дугаартай автомашины жолооч О.О******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй, ...“Toyota Prius” маркийн 33-44 БУН улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй, ...Toyota Prius маркийн 33-44 БУН улсын дугаартай автомашины жолооч нь зам тээврийн ослын үед зогсоох арга хэмжээ авсан гэх үндэслэлгүй, ...жолооч О.О******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэх дүгнэлт,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн  ЕГ дугаартай Аийн Д******* /РД:РС/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэх дүгнэлт,

-Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №194 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “О.О******* ГН” гэж хаягласан цуснаас 2.0 спиртийн агууламж илэрсэн, ...согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт,

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д*******гийн “...Манай дүү их уугаагүй байсан. Үнэхээр их хохиролтой байна. Хэлэхэд хэцүү байна. Цаашид аав ээж, хоёр дүү нь мал аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна” гэх мэдүүлгүүдээр бүрэн нотлогдон тогтоогдсон байна.

 

3.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч О.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг “согтуурсан үедээ  үйлдсэн” гэм буруутай гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д******* “хохирогчийн амь нас эрсэдсэн тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо Улсын дээд шүүхийн жишиг аргачлалыг харгалзан үзээгүй, хэргийн улмаас зөвхөн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашиг, сэтгэл санаа хохироод зогсохгүй аав, ээж, 2 дүүгийн хувьд сэтгэл санааны гүн хямралтай байна. Цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай тул сэтгэцийн хохирлын хэмжээг тогтоож, хэргийг шийдвэрлүүлэх” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

4.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийгдээгүй давж заалдах гомдолд дурдсан ...аав, ээж, 2 дүүгийн буюу гэр бүлийн бусад гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна.

4.2.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...А.Д*******гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэсэн дүгнэлттэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр танилцсан байх тул түүнийг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

    5.Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/******* дугаартай  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/******* дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

    2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.О*******гийн цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ

 

 

                                ШҮҮГЧИД                               Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                          

                                                                                Л.АРИУНЦЭЦЭГ