| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0162/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/190 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1814002940153 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүүхдийн цэцэрлэгийн албан конторт *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өглөө Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр багт хүүхдийн цэцэрлэгт ажилдаа ирээд 08 цаг 30 минутын цэвэрлэгээгээ эхлээд 09 цаг өнгөрч байхад манай туслах багш Аийн хүүхэд идэж байсан печенийнхээ цаасыг газар хаясан байхаар нь наад цаасаа ав гээд хэлсэн чинь А гал тогооноос гарч ирээд чи юун сүртэй юм гэхээр нь би цэвэрлэгээ хийж байна танай хүүхэд хог хаяад байгаан биш үү гээд хэлтэл намайг энэ хачин авгай юу юм зайлаараа чи муу янхан банзал гэх зэргээр салаавч гаргаж багш хүнээс гархааргүй зан гаргахаар нь чи багш хүн байж ийм үг хэлж болдог юм уу гээд асуутал үгийн сөхөөгүй ирээд миний нүүрийг маажиж хөлрүү өшиглөж зодож эхэлсэн би тухайн үед Аийг жирэмсэн гээд урдаас нь нэг ч цохиогүй. Тэгж байтал манай тогооч *******,******* нар ирж түр салгасан би шууд гараад нүүрээ толинд хартал миний нүүрнээс цус гарсан нилээн их хумсны маажуулсан сорви байхаар нь эргэж гал тогооны өрөөнд ороод чи ингэж мааждаг нь яаж байгаа юм гээд асуутал мөн намайг барьж аваад зодох гээд эхэлтэл цэцэрлэгийн эрхлэгч туслах багш Бодь-Өнөр нар орж ирэн мөн салгасан юм. Би Аийг жирэмсэн гээд нэг ч цохиогүй би гартаа шал угаадаг резинен бээлий, хөлөндөө табчиктай байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/,
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 9 цаг өнгөрч байх үед цэцэрлэгийн гал тогооны өрөөнд байж байтал А хүүхэдтэйгээ орж ирээд юм ярьж байтал Аийн хүүхэд гал тогооны өрөөний үүдэнд идэж байсан печенийхээ цаасыг хаясан чинь үйлчлэгч Д би цэвэрлэгээ хийж байна энэ хогоо ав гээд Аийн хүүхдэд хэлсэн чинь А Дг энэ юу болсон юм хачин юм чинь гэх мэт үг хэлтэл Д орж ирээд чи хүүхдээ хүмүүжүүлээч багш хүн байж гээд хэлээд л тэр 2 хэрэлдээд эхэлсэн. А гэнэт дайраад Дгийн нүүрийг битүү самардаж маажсан байсан ба очоод салгаад хөөж гаргасан чинь Д нь миний нүүрийг маажсан байна гээд орж иртэл дахиад тэр хоёр барилцаад эхэлсэн ба манай багш Бодь-Өндөр, эрхлэгч нар орж ирж салгасан юм. Д нь табчиктай гартаа бээлийтэй байсан ба цохиж чадаагүй байх харин А нь пүүз өмссөн байсан ба хумс нь их ургасан байсан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 18-19/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Дгийн нүүр нь маажуулсан байсан ба намайг хардаа гэхээр нь би сайн хартал нилээн их маажуулсан байсан. Д гартаа юм угаадаг бээлий өмссөн харин Аийн биед гэмтэл учирсан талаар би мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Дгийн нүүрэн дээр нь олон тооны хумсаар маажуулсан сорви үүссэн хөлөн дээр нь 2 хөхрөлт үүссэн байсан харин А зодоон болсны дараа миний гар хөхөрсөн байна гэж ярьж байсан би сайн хараагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутад Заг сумын хүүхдийн цэцэрлэгт ажилдаа ирсэн ба хүүхдүүдийн өглөөний ундыг гал тогооноос авах гээд өөрийнхөө хүүхдийг дагуулаад ороод байж байтал Д нь миний хүүхэдрүү дайрч наад цаасаа ав гэх мэт үг хэлээд байхаар нь би өмөөрөөд наадах чинь жоохон хүүхэд юм ойлгохгүй гээд хэлтэл чи хүүхдээ аваад гараач битгий хог хаяуулаад бай гэхээр нь чи өөрөө зайл гээд хэлсэн чинь миний толгойруу цохихоор нь би зөрүүлээд нүүрийг нь маажчихсан юм. Уг нь цохих гэж байснаас биш маажна гэж бодоогүй юм. Надруу Д дайраад байтал манай 2 тогооч салгаж байсан дараа нь зодоон дууссаны дараа Д манай ангид орж ирээд чи миний нүүрийг самардсан байна гээд байхаар нь би салаавч гаргаад ангиас гар гээд хөөгөөд гаргасан. Д нүүрэндээ хумсны сорвиуд авсан харин миний баруун гар баруун хөлөнд хөхрөлт үүссэн байсан. Дтэй ямар нэгэн өш хонзон байгаагүй. Тогооч ************** нар салгасан. Д намайг нөхөр сольсон гэх мэт үг хэлж доромжилсон ба харин би Дг архичинд дээрэлхүүлдэг гэх мэтээр л дуудсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би Заг сумын 4 дүгээр баг хүүхдийн цэцэрлэгт ажилдаа ирээд 09 цаг 30 минутын үед хүүхдүүдийн өглөөний ундыг гал тогооноос авах гээд байж байтал цэцэрлэгийн үйлчлэгч Д нь миний хүүхдийг наад газар унагаасан цаасаа ав хүмүүжилгүй гэх мэтээр манай хүүхдийг доромжлоод байхаар нь би наадах чинь насанд хүрээгүй жоохон хүүхэд юун сүртэй юм гээд хэлтэл ******* нь миний толгой руу ирээд цохиод авхаар нь гар зайл гээд би хэлсэн чинь намайг цохих гээд ирхээр нь би өөрийгөө хамгаалах гээд гараа явуултал нүүрийг нь санамсаргүй маажсан байсан. Харин Д бол намайг санаатай ирж цохисон. Уг өрөөнд миний хөл гарлуу өшиглөөд мөн толгойруу цохиж доргилт авсан, гар тулсан байсан зодоон болж байхад манай ажлын тогооч*******, ******* нар бид 2-ын зодооныг салгасан ба би салаад ангидаа ороод сууж байтал ардаас Д орж ирээд намайг боловсролын газар чамайг мэдэгдэнэ манай хамаатан байгаа, ажлаас чинь халуулна, олон эр сольсон хүүхэн гэхээр нь би хүүхдүүдийн хажууд чи болиоч гар зайл гээд хэлсэн чинь гараад явсан юм. Удалгүй сумын цагдаа ирж уулзаж байсан. Д манай аавыг хахууль өгдөг гээд одоо намайг юу өгөх гээд байна гэхээр нь би чи тэгээд юу авах гээд байгаа юм гээд асуусан дараа нь сумын ёс зүйн хороонд хүртэл өгсөн байсан. Д түрүүлж гараараа миний толгой руу цохисон.миний баруун хөл баруун гарт хөхрөлттэй, баруун гарын долоовор хуруу тулсан харин Д нь нүүрэндээ л хумсны шарх сорвиуд авсан. Би тулсан хуруугаа болон толгойгоо бариулсан өөрөөр үзүүлээгүй. Баруун гарын долоовор хуруу бага зэргийн өвчтэй, толгой хааяа өвдөөд л байгаа. Д нь манай хүүхэд, аав болон намайг доромжилсон, намайг зодсон тийм болохоор би гомдолтой байна би санаатай цохиогүй. Би Дд хохирлыг нь барагдуулах гэж юм өгөөгүй. Тухайн зодоон болсны дараа их өвдөж эмнэлэгт үзүүлж бариулсан юм мөн сумаар яриа гаргаж намайг ажлаас нь халуулна гэх зэргээр ярьсан байсан би цэцэрлэгт 2012 оны 6 сард ажилд орсон харин Д нь 2018 оны 04 дүгээр сард ажилд орсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаартай шинжээчийн ... “*******гийн биед дух, шанаа, хамар, хацар,уруул, эгэм, эрүүнд зулгаралт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаартай ... *******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 40-40/,
Хохирогч *******гийн фото зураг /хх-ийн 34-34/,
Баянхонгор аймгийн Заг сумын эмнэлэгийн тодорхойлолт /хх-ийн 35-35/,
Хохирогч *******гийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 62/,
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 56-57/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүүхдийн цэцэрлэгийн албан конторт *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч Б.*******, *******, ******* нарын мэдүүлэг, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******гийн фото зураг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* нь шүүгдэгчээс сорвины тос, сумаас аймаг орон нутагруу ирж буцсан шатахууны зардал, цаашид Улаанбаатар хотод сорвины лазер эмчилгээ хийлгэх зардал зэрэг нийт 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэргийн 62 дугаар хуудсанд сорвины тос, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албанд мөнгө тушаасан санхүүгийн баримт, НИК ХХК-наас шатахуун авсан тухай Е баримт зэрэг 131.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн НИК ХХК-наас шатахуун авсан тухай Е баримт 89.000 төгрөг нийт 220.000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт цугларсан байна.
Дээрх хохирлын баримтууд нь хуульд нийцсэн ба уг хохирлыг шүүгдэгч нь хохирогчид төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******ээс 220.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож, бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь хохирогчид нээлттэй үлдээв.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн I phone 5 маркын гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 220.000 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багт оршин суух хаягтай Жаргалсайханы Дд олгосугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн iphone 5 маркын гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Хохирогч ******* нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА