Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/48

 

Б.Е, Х.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Е, Х.Х нарт холбогдох эрүүгийн 2513000020119 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Е давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Е, Х.Х, шүүгдэгч Б.Е өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **************** мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ********************* ажиллаж байсан,  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ам бүл 4 хүнтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт ************* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И**** ургийн овогтой Х******* Х******, регистрийн дугаар: [********];

1.2. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ суманд төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, ********** ажилтай, ам бүл 6 хүнтэй, эхнэр, 4 хүүхдийн хамт *************багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, К**** ургийн овогтой Б******* Е******, регистрийн дугаар: [********];

 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар, шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг даргаар тус тус ажиллаж байхдаа Монгол Улсын Б****** орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаартай “Б******* ашиглахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар тус тус барагшуныг ашиглах (түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах)-ыг 5 жилийн хугацаатай хориглож, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга болон холбогдох албан тушаалтанд үүрэг болгож шийдвэрлэснийг ажил үүргийнхээ хүрээнд мэдэж байсан, мэдэх боломжтой байсан атлаа бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А/01 дугаартай, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/20 дугаартай захирамжуудаар тус тус “А***-А***” ХХК-д барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 98 дугаар яллах дүгнэлтээр Б.Е, Х.Х нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч И**** овогт Х******* Х******, К**** овогт Б******* Е****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Н****** албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Х, Б.Е нарын тус бүрд нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Б.Е давж заалдах гомдлын агуулга:

5.1.Миний бие сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа аль болох хуулиа мөрдөж ажиллахыг эрмэлздэг ба өөрөө хуулийн мэдлэггүй болохоор нь салбар салбарын мэргэжилтнүүдийн боловсруулсан захирамжийг албажуулан гаргахдаа тухайн мэргэжилтнээс ямар нэгэн дүрэм, журам, хууль зөрчөөгүй юу гэдгийг тэднээс тодруулдаг байв. Г**** энэ удаагийн барагшун бэлтгэхтэй холбоотой захирамж нь хууль зөрчсөн захирамж байсныг би огтоос мэдээгүй байсан. Надад холбогдох мэргэжилтний боловсруулж ирсэн захирамжийг албажуулан ажилласан бөгөөд ямар учиртай ийм захирамж гарч байгааг нь ч түүнээс нарийн асууж тодруулаагүй. Гэхдээ тухайн захирамжийг боловсруулахдаа холбогдох дүрэм, журмуудыг сайн судалж боловсруулсан уу гэж түүнээс тодруулж би албажуулж гаргаж байсан. Миний бие өдий хүртэл шүүхэд итгэж, шударга ёс, ардчилсан дэглэм, хүний эрх гэдэг ойлголтыг өөрийнхөө амьдралын зарчим болгож, сумын А******** намаас хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар сумын Засаг даргын албыг 4 жилийн хугацаанд хашиж байлаа. Энэ албан тушаалыг хаших хугацаандаа хэн нэгэнд хүнд суртал, чирэгдэл учруулахгүйн тулд ажилласан ба ийм төрлийн зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд төвөг учруулахгүйгээр ажиллана гэж боддог байлаа. Би салбарын мэргэжилтэндээ итгэж, түүний боловсруулсан энэхүү захирамж хуульд нийцсэн хэмээн хандаж алдаа гаргасан. Би бусдад давуу байдал бий болгоё гэсэн санаа өвөрлөөгүй. Миний бие тухайн захирамж хуульд нийцсэн эсэхэд хайнга хандаж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна.

5.2. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг 2 агуулгаар нь эс зөвшөөрч энэхүү гомдлоо гаргаж байна. Би хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэх арга хэмжээ авч өгнө үү.

5.3. Миний өмгөөлөгчөөс намайг хэргээ хүлээн зөвшөөрөхгүй бол хоригдож магадгүй гэхээр нь аргагүйн эрхэнд хэргээ хүлээн зөвшөөрч орохоос өөр аргагүй байдалд орсон. Би хоригдохгүйн тулд хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн миний гэм буруу байхгүй шүү дээ гэдэг байдлаар дотроо маш их харамсал, сэтгэл санааны тухгүй байдал үлдэж, сэтгэлд сэвтэй, хормойд хийтэй үлдсэн. Я******** гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон эсэхийг заавал шалгадаг гэж итгэдэг байсан. Би өөрөө хорих ялаас айсандаа хэргээ хүлээн зөвшөөч байгаа хэдий ч шүүхээс миний энэхүү холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл таарч тохирч байгаа эсэх, гэмт хэрэг нь нотлогдсон эсэхэд дүгнэлт хийж намайг цагаатгах, эсхүл хөнгөн ял оногдуулж ялаас чөлөөлөх байх гэж найдаж байсан. Г**** шүүхээс намайг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хасах ялаар шийтгэсэн. Би төрийн албанд ажилладаг. З***** эрхийн ял шийтгүүлснээр би төрийн үйлчилгээний албанд ажиллах боломжгүйд хүрэхээр байна. Н****** албанд ажиллах эрхийг 4 жилээр хассан нь миний хэргээ хүлээн зөвшөөрсний үр дагавар гэж ойлгохоор байна. Х***** хүлээн зөвшөөрч байгаа хүнд оногдуулах ялын хэмжээнд шүүхээс анхаараагүй гэж үзэж байна.

5.4 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/108 дугаартай тушаалаар Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг ашиглах, түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг 5 жилийн хугацаагаар хориглосон шийдвэр гарсныг эрхэлж байгаа албан үүргийн хувьд мэдэж байсан, мэдэх боломжтой байсан атлаа бүлэглэж, тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Х.Х нь захирамжийн төслүүдийг боловсруулж, Засаг дарга, шүүгдэгч Б.Е уг захирамжуудад гарын үсэг зурж баталгаажуулан гэх боловч Б****** орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/108 дугаартай тушаалаар Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг ашиглах, түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг 5 жилийн хугацаагаар хориглосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1,-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй буюу Legalinfo.mn нийтлэгдээгүй байсан. Нийтлэгдээгүй, бүртгэгдээгүй хэм хэмжээний актыг мөрдөөгүй гэж яллаж байгаа нь хэр үндэслэлтэй байсанд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Мөн энэхүү барагшуныг Б***** сумаас өвлийн улиралд бэлтгэсэн гэж дүгнэсэн нь буруу. Манай суманд өвөл ямар ч барагшун бэлтгэх боломжгүй байдаг. Иймд миний гомдлын дагуу хэргийг бүхэлдээ хянаж өгнө үү.

 

6. Шүүгдэгч Х.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

6.1. Би тухайн үед байцаагчаар ажиллаж байх үед 2020 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарсан байдаг. 2020 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дахиж тогтоол гараад зөвшөөрөл өгч, бэлтгэсэн. Миний хувьд тус тогтоолыг баримталж ажилласан болно. Б****** орчны яамнаас гарсан тушаалыг би мэдээгүй. Хоёулаа тэрэнд захирамж төлөвлөсний төлөө буруутгагдаж байгаа гэв.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд: 

7.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Х.Х, Б.Е нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Е гаргасан гомдлын дагуу тухайн хуралдаанд оролцож, шүүгдэгч Б.Е гаргасан давж заалдах гомдолтой холбоотой дараах тайлбар, дүгнэлтээ нэмж нэгтгэж гаргаж байна. Шүүгдэгч Х.Х хувьд Баян-Өлгий аймгийн Б***** сумын Б****** орчныг хамгаалах улсын байцаагч,  Б.Е хувьд Б***** сумын Засаг даргаар ажиллаж байсан. Б**** давуу байдал олгосон гэмт хэрэгт холбогдуулан  холбогдсон цаг хугацаанд нь эдгээр нийтийн албан тушаалтан А****** эсрэг хуулийн 4.1.1, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулж ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2, Төрөийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3 дахь хэсэг  гээд  эдгээр хуулийн заалтуудыг тус, тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай захирамжаар А** А*** ХХК-д барагшун түүж бэлтгэхийг зөвшөөрсөн захирамжийг Х.Х хувьд боловсруулсан. Б.Е хувьд тухайн захирамжуудыг тус, тус албажуулан гаргаж, бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргүүдэд тус, тус холбогдсон гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тус холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Б.Е, Х.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоол гарахдаа шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, мөн зүйл ангид зааснаар  эрүүгийн хариуцлагыг тус тусад нь хүлээлгэж шийдвэрлэсэн.

7.2. Тус шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Е зүгээс эс зөвшөөрсөн. Давж заалдах гомдлын агуулгатай танилцахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөхгүй байгаа тайлбарыг гаргасан. Тухайн сайдын тушаал ямар нэгэн байдлаар нийтээр хүлээн зөвшөөрөгдөж мөрдөгдөөгүй хэм хэмжээний акт байсан.

7.3. Хоёрдугаарт нь надад оногдуулсан эрүүгийн хариуцлага хүндэтгэсэн гэдэг байдлаар гомдлыг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэж шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч нарын хувьд 2022 оны сайдын тушаал гарсан. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/102 дугаартай тушаал гарсан. Тус тушаалд барагшун түүж бэлтгэхийг хэсэг хугацаанд хориглосон шийдвэр гарсан.

7.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг дарга бөгөөд  тухайн аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэн, ажлын албаны хүн болох шүүгдэгч Х.Х, Б.Е нар нь 2 удаагийн үйлдлээр А** А*** ХХК-д барагшун түүж бэлтгэхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан. Ингэснээр А** А*** ХХК-д эдийн засгийн давуу байдлуудыг бий болгосон. Хэдийгээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн хэм, хэмжээний акт биш байна гэж мэдүүлж байгаа хэдий ч байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний хувьд Х.Х энэ асуудлыг мэдэж байх ёстой. Х***** байдлыг нь авч үзвэл тус салбар, албан тушаал дээр насаараа ажилласан хүн байгаа.  С**** Засаг дарга нь Х.Х боловсруулсан захирамж дээр гарын үсэг зурсан. Би энэ асуудлыг мэдээгүй гэдэг байдлаар анхан шатын шүүх хуралдаанд мэдүүлэг тайлбараа гаргасан.

7.5. Мэдээгүй байх нь энэ хүнийг гэмт хэрэг үйлдээгүй байна гээд үгүйсгэх нотлох баримт үгүйсгэх, үйл баримт болж тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журам, заавар журамд аливаа төрийн албан тушаалтан захирагдана. Гаргаж байгаа аливаа шийдвэр нь тухайн  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хууль журам бусад эрх зүйн баримт бичигт үндэслээд гаргах ёстой. Тэгэхээр нэгэнт улсын хэмжээнд барагшуныг түүж бэлтгэж болохгүй гэдэг шийдвэрийг холбогдох яамнаас гаргачихсан байхад энийг зөрчиж 2 удаагийн үйлдлээр А** А*** ХХК-д барагшун түүж бэлтгэхийг зөвшөөрсөн захирамжийг гаргасан. Б********* түүгээд ачиж ирж байсан тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч нар илрүүлж, анх цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас энэ үйлдэл дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бусдад давуу байдал олгосон үйлдэл байна. Б**** ******** ****** ****** компани дээр ямар нэгэн асуудлыг ярих боломжгүй. Я***** гэвэл нэгэнт сумын Засаг даргын захирамжаар энэ асуудлыг зөвшөөрч захирамжаа гаргаж өгсөн байх. Т** хүмүүсийг бид нар буруутгах үндэслэл болохгүй. С***** тушаалыг зөрчөөд захирамж гаргаад тухайн компанид барагшуныг түүж бэлтгээд цаашаа боловсруулж худалдан борлуулах боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн компанид давуу байдал олгож байгаа шүүгдэгч Б.Е, Х.Х нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэж шүүхээс гэм буруутайд тооцсон.

7.6. Хэргийн нөхцөл байдлын хувьд эргэлзээтэй, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл баримтыг үгүйсгэх, шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэх цагаатгалын нотлох баримт мөрдөн шалгах ажиллагаагаар хавтаст хэрэгт цуглараагүй. 3 удаагийн сумын Засаг даргын захирамжийг бусдад давуу байдал олгосон.  Өөрөөр хэлбэл барагшуныг түүж бэлтгэж байгаа А** А*** ХХК-д нийтийн албан тушаалтан болох Б.Е, Х.Х нар давуу байдал олгосон гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тухайн хэргийн үйл баримт, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагатай холбоотой дүгнэлтийг шийтгэх тогтоолоор дүгнэж шүүхээс шийдвэрлэсэн. Шүүгдэгч Х.Х, Б.Е нарын холбогдсон хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь нийтийн албанд ажиллах эрхийг нь 2-5 жил хүртэлх хугацаагаар хасаж, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр эрүүгийн хариуцлагын санкцыг хуульчилсан. Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилийн хугацаагаар тус тусад нь хасаж, мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус бүрд нь 2 жилийн хугацаагаар  оногдуулж шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүгдэгч нарын байнгын оршин сууж байгаа хаяг нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын нутаг дэвсгэр байгаа. Тус ялыг  2 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Б***** сумын нутаг дэвсгэрт эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

7.7. Эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцүүлж энэ шийдвэрийг анхан шатын шүүхээс гаргасан. Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн оршин суугаа бүс нутагт нь эдлүүлэх нь тухайн ялын зорилго байгаа. Дээрээс нь  шүүгдэгч нар 2 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал олгосон. 2022 онд аль хэдийнээ сайдын, тушаал шийдвэр гарчихсан байхад 2023, 2024 онд бол А** А*** ХХК-д давуу байдал олгож захирамжийн төслийг боловсруулж, шүүгдэгч Б.Е зүгээс тухайн захирамжийг албажуулан гарын үсэг зурж баталгаажуулан тус компанид давуу байдал олгосон үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гээд бүх нөхцөл байдлыг анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн.

7.8. Хэргийг шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын эрхийг зөрчиж хязгаарласан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж тухайн нотлох баримтыг үндэслээд анхан шатын шүүхээс шийтгэх тогтоолыг дүгнэж шийдвэр гаргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн шүүхийн шатанд хэргийг хянан хэлэлцэх хуралдаан 60 хоногийн хугацаагаар хойшилж, тэр цаг хугацаанд нь холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгээд, дахин шүүхээр хэлэлцүүлсний эцэст шийтгэх тогтоол гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа буюу хавтаст хэрэгт нотолбол зохих байдал, хэрэгт бодит байдлыг мөрдөгчийн зүгээс тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүх дүгнэж шийтгэх тогтоол үйлдэгдсэн. И** учраас прокурорын зүгээс шүүгдэгч Б.Е гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатын шүүхээс хэргийн нөхцөл байдалтай уялдсан дүгнэлтийг хийж,  шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал талаас нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн. Т*** учраас шүүгдэгч Б.Е давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг прокурорын зүгээс гаргаж байна. Х**** шүүгдэгч Б.Е гаргасан гомдол үндэслэлгүй. Давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар шүүгдэгч Б.Е давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүх шүүгдэгч нарын хувьд бүхэлд нь хянаж үзлээ.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

10. Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар, шүүгдэгч Б.Е нь тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаартай “Барагшун ашиглахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар барагшуныг түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах ажиллагааг 5 жилийн хугацаатай хориглож, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга болон холбогдох албан тушаалтанд үүрэг болгож шийдвэрлэснийг ажил үүргийнхээ хүрээнд мэдэж байсан атлаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хамтран оролцож Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А/01, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/20 дугаартай захирамжуудаар тус тус “А***-А***” ХХК-д барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь хөтөлбөргүй тогтоогджээ.

 

11. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг, тухайлбал:

- Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч Т.Н гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл бүртгэх тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 70-73 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/,

- гэрч Т.Т /01 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/, С.В /01 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/, Л.А, Х.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд /01 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

- Шүүгдэгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /01 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,

- мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /01 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /01 дэх хавтаст хэргийн 116-118 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаар /01 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай захирамжийн хуулбар /01 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,

- Байгальорчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/102 дугаартай тушаалын хуулбар /01 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/, Т******, тушаал, захирамжийн бүртгэлийн хуулбар /01 дэх хавтаст хэргийн 123-126 дахь тал/,

- Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 138-149 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг даргын 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай захирамжийн хуулбар /01 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/,

- Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /01 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/36 дугаартай захирамжийн хуулбар /01 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/,

- Х.Х, Б.Е нарын яллагдагчаар болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, хооронд нь харьцуулах замаар шинжлэн судлахад, тухайн хэргийн үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй байна. Т****** нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар, шүүгдэгч Б.Е нь тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Б****** орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаартай “Б******* ашиглахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар барагшуныг түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг 5 жилийн хугацаатай хориглож, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга болон холбогдох албан тушаалтанд үүрэг болгож шийдвэрлэснийг ажил үүргийнхээ хүрээнд мэдэж байсан атлаа үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хамтран оролцож Б***** сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А/01, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/20 дугаартай захирамжуудыг тус тус гаргаж “А***-А***” ХХК-д барагшун түүж бэлтгэх тусгай зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

12. Албан тушаалын гэмт хэрэг нь нийгмийн ашиг сонирхол хийгээд тэгш эрхийн зарчмыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг, тухайлбал тус гэмт хэргийн үйл баримтын хувьд Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, хамгаалах албаны чиг үүргээ нийтийн албан тушаалтнууд ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаартай “Барагшун ашиглахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар барагшуныг ашиглах буюу түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах ажиллагааг 5 жилийн хугацаатай хориглож, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга болон холбогдох албан тушаалтанд үүрэг болгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар, шүүгдэгч Б.Е нь тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд дээрх хориглолтын талаар мэдэж байсан атлаа үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хамтран оролцож, албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримтлах албаны чиг үүргийнхээ эсрэг ашиглаж, Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай захирамжуудыг гаргаж “А***-А***” ХХК-д барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг ноцтой алдагдуулсан байна.

 

13. Төрийн захиргааны төв байгууллагаас буюу дээд шатны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд барагшун ашиглах буюу түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах үйл ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр 5 жилийн хугацаагаар хориглосон байхад Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар бүлэглэж, хамтран оролцож, энэ хугацаанд тус сумын Засаг даргын хоёр удаагийн захирамжаар “А***-А***” ХХК-д барагшун түүж бэлтгэх зөвшөөрлийг хууль тогтоомжийг  илэрхий зөрчиж удаа дараа олгосон нь тус салбар дахь тэгш эрхийн болон төрийн үйлчилгээ бүх нийтэд тэгш, хүртээмжтэй байх зарчмыг ноцтой зөрчсөнөөс гадна нийгмийн шударга ёсыг алдагдуулсан, байгаль орчны салбарт мөрдөгдөх хууль тогтоомж, журам, стандартын хэрэгжилтийг илтэд зөрчсөн, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

 

14. Иймээс прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч тус бүрийн үйлдэл холбогдлыг нарийвчлан тогтоож, тэдгээрийн үйлдэл, эс үйлдэхүйн шинж чанар, хохирол хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо, тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох байгууллага, албан тушаалтнаас баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй нөхцөл байдал, хууль тогтоомжийг зөрчсөн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Х.Х, Б.Е нарын хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь гэм буруугийн болон хууль ёсны зарчимд нийцжээ.

15. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч бүрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, үйлдэл тус бүрийн шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийг журамлаж, тусгай ангид заасан ялын төрлийг оновчтой сонгож хэрэглэсэн, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Х, Б.Е нарын тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.

 

16. Шүүгдэгч Б.Е “би хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэх арга хэмжээ авч өгнө үү. Би өөрөө хорих ялаас айсандаа хэргээ хүлээн зөвшөөч байгаа хэдий ч шүүхээс миний энэхүү холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл таарч тохирч байгаа эсэх, гэмт хэрэг нь нотлогдсон эсэхэд дүгнэлт хийж намайг цагаатгах, эсхүл хөнгөн ял оногдуулж ялаас чөлөөлөх байх гэж найдаж байна” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судалж үзэхэд, түүний гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Е холбогдох хэргийн үйл баримт, түүнийг тогтооход ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бусадтай бүлэглэж, хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул түүний уг давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 дугаар тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан тул Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг дарга болон төрийн захиргааны албан хаагч болох тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар нийтийн албан тушаалтнууд мөн байна.

 

18. Эдгээр нийтийн албан тушаалтнуудын үйлдэл холбогдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Е өмгөөлөгч С.Н “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаартай “Б******* ашиглахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал нь хэм хэмжээ тогтоосон акт мөн болохын хувьд З********* ерөнхий хуульд зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэгдсэн санд бүртгэж, бүртгэснээс хойш 10 хоногийн дотор нийтлүүлэх ба уг хэм хэмжээ тогтоосон актыг хуульд зааснаа нэгдсэн санд бүртгүүлсэн, албан ёсоор нийтэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул З********* ерөнхий хуулийн 67.3-т зааснаар тухай акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, түүнийг биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэж болохгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж, шүүгдэгч нарыг цагаатгах байр сууринаас шүүх хуралдаанд оролцжээ.

 

            19. Мөрдөн шалгах ажиллагааны үед Баян-Өлгий аймгийн Б****** орчны газрын байгаль орчны хяналтын ахлах байцаагч Х.Ж хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэрээр “Б****** орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/102 дугаар тушаалаар барагшун ашиглахыг 5 жилийн хугацаатай хориглосон. Тухайн тушаалд бүх шатны Засаг дарга нарт тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгасан байдаг” гэж мэдүүлж /1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал/, Монгол Улсын Б****** орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/102 дугаар “Б******* ашиглахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалыг гаргаж өгсөн /1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дахь тал/ байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын уг тушаалаар Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзаж мөн өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд барагшун түүж бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах ажиллагааг түр хугацаагаар хориглосон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчныг хамгаалах талаар хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

 

20. Байгаль орчныг хамгаалах асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дээрх хэм хэмжээ тогтоосон акт гарсантай холбогдуулан орон нутагт холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон бөгөөд сумын Засаг дарга нь  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтаар нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Т************ Х****, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх, харин байгаль орчны хяналтын улсын байцаагч нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтаар байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх үүрэгтэй.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг дарга болон байгаль орчныг хамгаалах улсын байцаагч нар дээд шатны төрийн захиргааны байгууллагаас хориглосон хугацаанд Баян-Өлгий аймгийн Б***** сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/20 дугаартай захирамжуудаар “А***-А***” ХХК-д удаа дараа барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгосон нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх суурь зарчмыг санаатайгаар алдагдуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах зорилтыг хангаж ажиллаагүй байна.

 

            21. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ” гэж, 67.2 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж, 67.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалтуудыг Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн байна.

            Захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг нэгдсэн санд бүртгүүлэх, нийтлэх, ингэснээр хуулийн хүчин төгөлдөр болохтой холбоотой Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн захиргааны хэм хэмжээний акт гаргахтай холбоотой процедурын зохицуулалтыг тухайн хуульчилсан журам хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө гарсан Монгол Улсын Б****** орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/102 дугаар “Б******* ашиглахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалд цаг хугацааны хувьд буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Т******* Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “...иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаас үзвэл, захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх, нийтлэхтэй холбоотой процессын шаардлага хангагдаагүй байдал нь Б****** орчны тухай хуулийн 17, 27 дугаар зүйлд зааснаар албаны буюу хуульчилсан чиг үүрэгтэй нийтийн албан тушаалтнуудад тухайн зохицуулалт хамааралгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж байна.

           

            22. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Б.Е давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Б.Е давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК