| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0165/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Б.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Батсайханы Мөнх-Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003820156 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Эрдэнэ Транс” компанид засварчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Булган аймаг, Булган сумын 5 дугаар баг, Жаргалант 5а-12 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ГЗ94010218 дугаартай, Боржигон овогт Батсайханы Мөнх-Од.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Б.Мөнх-Од нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аръяабалын хийдийн ойролцоо Н.Төгөлдөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Мөнх-Од нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аръяабалын хийдийн ойролцоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Төгөлдөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны гадна, дотно салстын цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Одын өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мөнх-Одын холбогдогчоор өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж Мэлхий хаднаас баруун тийш яваад нэргүй гэр амралтанд манай Эрдэм Транс компаны ажилчид очиж амарцгаасан. 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр би архи уугаад амралтанд амарч байсан гэртээ унтсан. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Мэлхий хаднаас ертөнцийн зүгээр хойшоо яваад Аръяабалын хийд очиж үзэхээр явсан юм. Аръяабалын хийд үзчихээд хийдийн гардаг хашааны хаалганы орчим явж байсан чинь манай ажлын Төгөлдөр гэдэг залуу газарт тасарчихсан хэвтэж байсан тэгээд би хажуугаар нь зөрөөд цаана нь очиж суугаад юм ярьж байсан чинь Төгөлдөр босож ирснээ та нар яахаараа намайг шоолоод байгаа юм бэ? Би сонсдог шүү дээ зураг дарлаа гээд газраас уурлаж босож ирээд надтай маргалдаад байхаар нь би Төгөлдөрийг нэг удаа баруун нүдэнд нь цохисон. Тэгээд манай ажлын газрын ах Батзориг инженер ирээд Төгөлдөр бид 2-ыг дагуулаад машины зогсоолруу явсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 63-65 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Төгөлдөрийн өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 19 цагийн миний ажилладаг Эрдэнэ-Транс ХХК-ын ажилд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар Улаанбаатар хотоос гарсан юм. Тэрэлж явах замдаа Налайхын Оргил дээр надтай Одко гэдэг залуу согтуу надтай мууцалдсан юм. Би тухайн үед эрүүл байсан болохоор маргалдаж зодолддгүй салсан юм. Тэр оройдоо Тэрэлжийн мэлхий хаднаас цаад буланд байдаг нэрийг нь мэдэхгүй амралтанд очиж бид нар амарцгаасан юм. Өчигдөр оройдоо манай ажлынхан архи уугаад унтцгаасан би тухайн үед архи уугаагүй унтсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед манай амралтанд очсон ажилчид маань Аръябалын хийд орж юм үзээд буцаад явж байсан чинь надтай өмнө нь маргалдаад байсан Одко гэдэг залуу миний өөдөөс юм ярилгүй нүд рүү гараараа 2 удаа цохьсон тэгээд миний нүд хавдаад автобусандаа суугаад явж байсан чинь нүднээс цус гараад байхаар нь би эгчдээ хэлээд эмнэлэгт үзүүлээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг
/хх-ийн 09 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганчимэгийн өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн үед манай дүү Нарандуламын Төгөлдөр над руу яриад манай ажлын хүн миний нүд рүү цохчихлоо нүд, хамраас цус гараад байна гэж хэлээд уйлаад ярихаар нь би дүүгээ хурдан Налайхад ир гэж хэлээд дүү ирэхээр нь би Н.Төгөлдөрийг эмнэлэгт үзүүлээд цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг
/хх-ийн 11 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Батзоригийн өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 30 нд Эрдэм Транс ХКК ажилтанууд зугаалхаар Тэрэлжрүү явсан. Нэг амралтанд очоод ууж идээд хоноцгоосон тэгээд маргааш өглөө нь босоод Аръябалын хийдрүү бөөнөөрөө явцгаасан. Төгөлдөр, Мөнх-Од 2 Улаанбаатараас гасанаас хойш маргалдаад байсан. Аръяабалын хийдээс бууж байхад Төгөлдөр ардаа нарийхан урт мод барьчихсан явж байхаар би очоод модыг нь аваад хол шидчихсэн. Тэгээд нэг харсан чинь Төгөлдөр, Мөнх-Од 2 хоорондоо муудалцаад зодолдож байхад нь би салгасан. Тэгээд доошоо 1000 ламын хад гэдэг нэртэй агуйнд очоод тэндээсээ Төгөлдөрийг би автобусны жолоочид хэлээд хүрэх газар нь хүргээд өг гээд явуулсан” гэх мэдүүлэг
/хх-ийн 18 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №8216 дугаар:
1. “Н.Төгөлдөрийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны гадна, дотно салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 22 дугаар тал/
Байнга оршин суугаа хаягын тодорхойлолт,
/хх-ийн 31 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 34 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 40 дүгээр тал/
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41-60 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч Б.Мөнх-Од нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аръяабалын хийдийн ойролцоо согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хохирогч Н.Төгөлдөрийг зодож түүний эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны гадна, дотно салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Мөнх-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Б.Мөнх-Од нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Мөнх-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнх-Одод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнх-Одод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Мөнх-Одод мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Мөнх-Од нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Н.Төгөлдөрт 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнх-Одод оногдуулсан торгох ял биелүүлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Мөнх-Одод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ