Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/49

 

Б.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/221 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 2513000000246 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************** төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ********** мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхийн хамт ************* тоотод оршин суух хаягтай,

- урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Х******* овогт Б****** Б*******, регистрийн дугаар: ***********;

 

2. Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Х** хад/ багийн нутаг дэвсгэрт согтуугаар **** БӨТ улсын дугаартай “Тоёота П****-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 205 дугаар яллах дүгнэлтээр Б.Б дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Х******* овогт Б****** Б********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10    дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Т******* хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд:

5.1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.08.18-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б би дараах гомдлыг гаргаж байна.

5.2. Би архи уусан минь үнэн. Тээврийн хэрэгсэл жолоодоогүй байсан бөгөөд уг машин дотор тээврийн хэрэгсэл маань хөдөлгөөнд оролцоогүй байхад бусадтай хамт согтууруулах ундаа уусан.

5.3. Согтууруулах ундаа ууж байхдаа машиныг авч явах найз А********* утсаар ярж дуудахад А****** нь 15 минутын дотор очно гэж хэлсэн. Тэгээд А********* яриад түүнийг хүлээгээд сууж байхад цагдаа нар ирж баривчилсан.

5.4. Би буруугаа хүлээж байна.

5.5. Надад оногдуулсан ял хүнд болсон. 2 жил эрхийг хасаж, 3.500.000 төгрөгөөр торгосон юм. Иймд ялыг хөнгөрүүлж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн. Т***** тухайн гэмт хэргийн үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугласан нотлох баримтуудаар хөдлөшгүй хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч хэдийгээр би замын хөдөлгөөнд оролцоогүй байхад цагдаа нар ирээд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан гэж мэдүүлсэн. Гэхдээ цагдаагийн албан хаагчийн мэдүүлгээр Тоёота-20 маркийн тээврийн хэрэгслээр уулнаас бууж ирж байсныг гэрчилж мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчийн согтолтын хэмжээ нь бас өндөр гарсан. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь хянан үзээд шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ял оногдуулсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн хувьд урьд нь эрхээ хасуулсан байсан. Тийм учраас анхан шатны шүүхээс шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага хуульд нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй. 

 

9. Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Х** хад/ багийн нутаг дэвсгэрт согтуугаар **** БӨТ улсын дугаартай “Тоёота П****-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдсон нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байна.

 

10. Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

11. Шүүгдэгч Б.Б нь “...Надад оногдуулсан ял хүнд болсон...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ. 

11.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж,  гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх тухай шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

           

12. Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Б.Б давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК