| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2413002700117 |
| Дугаар | 2025/ДШМ/50 |
| Огноо | 2025-11-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/50
Ш.А холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.А холбогдох эрүүгийн 2413002700117 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Ш.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э /цахим сүлжээгээр/ Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн А******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ***********хамт *********** багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х****** Б**** овогт Ш********* А****, /РД:[********]/.
2. Шүүгдэгч Ш.А нь Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоонд байхгүй “Х***** мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх албан тушаалд Ш.Ш 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай захирамжаар томилон, 2023 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд ажиллуулж, төрд 2.200.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаар яллах дүгнэлтээр Ш.А дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолоор:
4.1. Х****** Б**** овогт Ш********* А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Н****** албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нийтийн албанд ажиллах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албан ажиллах эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 12.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.500.000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Өлгий аймгийн А******** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түүнд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилээр хасах нэмэгдэл ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
4.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А гэмт хэргийн хор уршигт 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Ш.А өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо:
5.1. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Э би, Ш.А-д холбогдох хэрэгт түүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд эрүүгийн 2413002700117 дугаартай хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгыг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж уг ялыг А******** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хариуцлагын бусад зорилгуудад нийцээгүй зөвхөн цээрлүүлэх шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан шүүгдэгч А******** сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байснаар түүний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан язгуур эрх ашгууд болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авах буюу Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан “эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэх мэт олон эрхүүдийг зөрчсөн дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээд байна.
5.3. Мөн манай үйлчлүүлэгч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Zerger int.co” гэх хуулийн этгээдэд "Хүний нөөц хариуцсан менежер" гэх албан тушаалд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй" гэх Шударга ёсны зарчимтай нийцээгүй түүний ажил хөдөлмөр эрхэлж өөрийнхөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх тэдний гэр бүлд сөргөөр нөлөөлөх дүгнэлт шүүхээс хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
5.4. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх шаардлагыг хангаж чадаагүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан “Шаардлага”-уудыг хангаагүй гэх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/195 дугаартай Шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулж Баян-Өлгий аймгийн Өлгий сумыг нэмж оруулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зарим хэсгийг хүчингүй болгож өөрчлүүлэх зорилгоор Давж заалдах гомдол гаргав.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
6.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А******* хувьд түүний биеийн байцаалт болон хувийн байдалтай холбоотой гаргаж өгсөн бичиг баримт нь Баян-Өлгий аймгийн А******** сумд оршин суудаг гэж байсан. Шүүхийн шатад шүүх хуралдааны явцад өөрийнх нь тайлбарлаж хэлснээр Нийслэлийн Баянгол дүүрэгт түр оршин сууж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа. Үүнтэй холбоотой эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, оршин суух бүртгэл, хаягийн лавлагаа, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч А***** зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хязгаарлалтын бүсийг зөв тогтоосон гэж үзэж байна.
6.2. Өнөөдөр шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын илэрхийлж байгаа зүйл нь А******** сум дээр нэмж Өлгий сумыг тогтоогоод өгөөч гэдэг асуудлыг ярьж байна. И боломжгүй гэж үзэж байна. Энэ нь өөрөө эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэхгүй. Е****** гэдэг шүүгдэгчийн асуудлаар ярьж байна. Энэ нөхцөл байдал тухайн үед өөр байсан. Энэ хүний хувьд нөхцөл байдал өөр байгаа. Энэ ажлыг өөрөө сонгож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт ажиллах албан тушаалыг сонгож, сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан байна. Дээрээс нь эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, нөгөө талаар цээрлүүлэхэд чиглэгддэг. Хэрвээ Баян-Өлгий аймаг буюу хязгаарлалтын бүсийг нь өргөн хэмжээгээр тогтоох юм бол энэ зорилгод нийцэхгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн хувьд Баян-Өлгий аймагт цаашид ажиллаж, амьдарна гэвэл Өлгий сумаар хязгаарлалтын бүсийг өөрчилж болно. Тэгэхээс биш А******** сум дээр нэмж Өлгий сумыг тогтоох боломжгүй гэж үзэж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй боловч шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
9. Шүүгдэгч Ш.А нь Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоонд огт байхгүй “Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах” гэх албан тушаалд иргэн Ш.Ш 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай захирамжаар томилон, 2023 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын хугацаанд ажиллуулж, төрд 2.200.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
10. Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг мөн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
11. Шүүгдэгч Ш.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь:
- Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс иргэн С.Г гаргасан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, хавсралт материалууд /1 дэх хавтаст хэргийн 05-57 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3-02/799 дугаартай “Х********** хууль ёсны төлөөлөгчөөр Б.Н томилсон тухай” агуулга бүхий албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н /Баян-Өлгий аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн төлбөр, тооцоо хариуцсан мэргэжилтэн/-ийн “...Засаг даргын Тамгын газрын албан хаагчийн орон тоог тухайн сумын Засаг даргын Тамгын газрын дарга баталдаг. Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах гэж албан тушаал байх ёстой юу, үгүй юу гэдгийг баталсан бүтэц, орон тооноос харах нь зүйтэй. Нийгмийн даатгалын лавлагаанаас харахад Ш.Ш нь ажилд томилогдоод 2023 оны 7, 8, 9, 10 дугаар саруудад сарын 550,000 төгрөгийн нийт 2,200,000 төгрөгийн цалин авсан байна. Т***** авсан цалин нь Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газраас гарсан байна. Т******* Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газарт хохирол учирсан гэж үзэж болно. ...тус сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан холбогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд дээд байгууллага болох манайхыг хохирогчоор тогтоож намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байна гэж ойлгож байна. ...хуулийн байгууллага нь тухайн асуудал дээр хэн нэгнийг буруутай гэж үзээд цалин мөнгө нь төрд буцаан төлөгдөх шаардлагатай бол түүнийг Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн санд буцаан төвлөрүүлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,
- Гэрч Ш.Ш “...Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш одоог хүртэл Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Н***** 2023 оны 7 дугаар сараас Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Т***** газрын Х***** мэдээллийн ажилтнаар сумын Засаг дарга Ш.А захирамжаар томилсон. ...Тухайн үед би ял шийтгэл эдэлж гарч ирээд өр зээлд баригдсан талаараа Засаг дарга Ш.А хэлсэн, тэгээд хамт олны хурлаар авч хэлэлцээд намайг Ш.А даргын захирамжаар томилж байсан. Баян-Өлгий аймгийн А******** сум Засаг дарга Ш.А бид хоёр ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй, цуг ажиллаж байсан гэдгээр сайн танина..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
- Гэрч А.Е “...2023 онд Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн албан тушаал батлагдаагүй. ....сумын Засаг дарга Ш.А нь Ш.Ш 2023 оны 7 сараас ...”Х***** мэдээллийн ажилтан” гэсэн албан тушаалд захирамжаараа томилсон. Ш.Ш цалинг Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газраас олгосон. ...Ш.А, Ш.Ш хоорондоо садан төрлийн холбоо байхгүй, харин намын журмын нөхөд л байх даа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73, 75 дахь тал/,
- Гэрч М.Г “...Ш******* Ш***** гэдэг хүн Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад А******** тэмцэх газарт шалгагдаж ял шийтгэл хүлээж, ажлаас чөлөөлөгдсөн байсан. И***** ял эдэлж дуусаад сумандаа ажилгүй байж байтал Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг дарга Ш.А нь Ш.Ш 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах гэх албан тушаалд томилсон. Тухайн үед Ш.Ш Засаг даргын Тамгын газар дээр ирээд ажилтай хүн шиг цагаа бүртгүүлээд фэйсбүүкт мэдээлэл тавиад явж байсан. И***** Засаг дарга Ш.А манай Засаг даргын Тамгын газрын батлагдсан орон тоонд ийм Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах гэж албан тушаал байхгүй, тийм учраас энэ хүнд цалин олгох боломжгүй гээд цалин гаргаж өгөөгүй. М**** сумын Засаг даргын Тамгын газарт Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах гэх албан тушаал огт батлагдаагүй, энэ орон тоо аль ч суманд байхгүй. И***** тэр хүнд 2021 онд цалин гаргахгүй явж байтал Засаг дарга Ш.А нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б/89 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслахаар Ш.Ш томилсон захирамж гаргаж, сумын Тамгын газарт ирүүлээд одоо энэ хүнд цалин гарга, би өөрөө захирамжаараа томилж байна. Та нар 1 жил орчим энэ хүнд цалин гаргахгүй явлаа гээд байхаар нь 2023 оны 7 дугаар сараас цалинг олгосон. ...Ш.Ш нь тус сумын Засаг даргын Тамгын газрын Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслахаар 2023 оны 7, 8, 9, 10 дугаар саруудад ажиллаж цалингийн доод хэмжээгээр тооцож сард 550,000 төгрөгийн цалин авч, шимтгэл 132,000 төгрөг төлж гар дээрээ 418,000 төгрөгийн цалинг 4 сарын турш авсан. Ш.Ш 4 сарын турш нийт 2,200,000 төгрөгийн цалинг төрөөс авсан. Ш.Ш цалин тус аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газраас гарч байсан. Ш.Ш нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын орлогчоор томилогдсон. Ш.Ш сумын Засаг даргын орлогчоор томилогдсоноос хойш хэн нэгнийг Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах гэх албан тушаалд томилоогүй. ...С**** Засаг даргын Тамгын газрын албан тушаалтныг сумын Засаг даргын Т***** газрын дарга тушаалаар томилдог...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
- Гэрч М.А /Баян-Өлгий аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С***** Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог З****** газраас жишиг баталж, түүний дагуу аймаг, сумдын засаг даргын тамгын газрын дарга нар бүтэц, орон тоог баталдаг. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67.4-д заасан аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга З****** газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж чөлөөлнө гэж заасан байдаг. Үүнийг баримталж сумдын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог сумдын Засаг даргын тамгын газрын дарга Засгийн газрын жишгийн дагуу сумандаа орон тоог баталдаг гэж ойлгож болно. М***** огт байхгүй бүтэц, орон тоонд гэрээгээр ажиллуулна гэж байж болохгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай “Х***** мэдээллийн ажилтан томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/,
- А******** сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай “Ш.Ш ажилд томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал/,
- А******** сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/130 дугаартай “Засаг даргын орлогчоор ажилд томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоол /1 дэх хавтаст хэргийн 91-96 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 423 дугаартай албан бичиг, түүний хавсралт Ш.Ш нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал/,
- Хохирлын тооцоо /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/,
- Я******** Ш.А “...Би Ш.Ш зориулж ямар нэгэн хүнийг ажлаас чөлөөлөөд давуу байдал бий болгоогүй, түүнийг гэрээт ажилтан гэдэг утгаар цалингийн доод түшингээр цалинжуулсан. ...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ш.Ш хэвлэл мэдээллийн ажилтнаар томилсон захирамж биелэгдээгүй. Тухайн үед сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Е Ш.Ш олгох цалин хөлс байхгүй, тэгээд ч батлагдаагүй орон тоо гээд биелүүлээгүй. ...Ш.Ш ял эдэлж ирээд өрөнд ороод тухайн үед их өрөвдөлтэй байсан. ...ингээд түүнийг ажилтай болгох гээд л гэрээт ажилтнаар ажиллуулсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал/,
- Иргэний хариуцагч Ш.Ш “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дээрх албан тушаалд сумын засаг дарга Ш.А захирамж гарган томилж, би 2022 оны 3 дугаар сар хүртэл ажил хийсэн боловч сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Е захирамжийг биелүүлэхгүй, надад цалин гаргаж өгөхгүй болохоор нь би тус ажлаас гарчихсан. И***** сүүлд дахин намайг томилсон, учир нь би А****** хэрэгт шалгагдаж өрөнд ороод манай хашаа байшинг шүүхийн шийдвэрээс хураахаар болсон тул А***** очоод намайг ямар ч хамаагүй ажилтай болгох боломж байна уу, би өрөнд орж дууслаа гэхэд намайг дахин Х***** мэдээллийн ажилтан гэсэн албан тушаалд томилсон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 212-213 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.
12. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулах замаар шинжлэн судлахад, Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд байхгүй “Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах” гэх албан тушаалд иргэн Ш.Ш 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай захирамжаар томилон, 2023 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын хооронд ажиллуулж, төрд 2.200.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримтаар нотлогджээ. Шүүх шүүгдэгч Ш.А үйлдэл холбогдолд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
13. Шүүх хэргийн бодит байдал, шүүгдэгчийн санаа зорилго, сэдэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үнэлж дүгнэн, харьцуулан шинжилж эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж сэргээн тогтоох учиртай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ш.Ш Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газарт “хэвлэл мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах” гэх орон тоонд томилж, Тамгын газрын цалингийн төсвөөс цалин гаргаж олгохыг А******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Е, нягтлан бодогч М.Г нарт даалгаж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон учраас түүний үйлдэл холбогдлыг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хууль ёсны зарчмыг хангасан гэж үзнэ.
14. Нийтийн албан тушаалтан буюу Засаг дарга Ш.А нь тухайн эрхэлж байгаа ажил үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргээр зөвхөн өөрт нь тухайлан олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд төрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй.
Баян-Өлгий аймгийн А******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Б**** орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар “Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах” гэх орон тоо батлагдаагүй, дээрх орон тоо нь аль ч аймаг, нийслэл, сум, дүүргийн тамгын газрын бүтэц орон тоонд тусгагдаагүй байхад А******** сумын Засаг даргаар тухайн үед ажиллаж байсан Ш.А нь батлагдаагүй орон тоонд Ш.Ш “Х***** мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах” гэх ажилд томилон ажиллуулсан, ажил үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргээр зөвхөн өөрт нь тухайлан олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд төрийн үйл ажиллагааг эрхлэн, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийг хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
15. Шүүгдэгч Ш.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
16. Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.А энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 12,500,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 жил, 06 сар, 20 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор хуульчилсан бол сүүлийн шийтгэх тогтоолоор шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тохиолдолд тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж хуульчилжээ. Шүүгдэгч Ш.А нь сүүлийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон учраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, тодруулбал түүнд сүүлийн болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг төрлийн эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг нэмж нэгтгэн, торгох болон зорчих эрхийг хасах өөр өөр төрлийн үндсэн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, анхан шатны шүүхийн шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэг төрлийн ялын тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй учраас зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
17. Шүүгдэгч Ш.А шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 4 жил, 06 сар, 20 хоногийн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг 7 жил 6 сар 20 хоногоор тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хасах нэмэгдэл ялын нийт хэмжээний дотор байх шаардлагыг, түүнчлэн нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн шаардлагыг тус тус хангасан гэж үзнэ.
18. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг мөн агуулгаас нь буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нэмж, нэгтгэн оногдуулсан нийтийн албанд 7 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг нь тоолохыг дурдсугай” гэж зөвтгөж өөрчилснийг тэмдэглэх нь зүйтэй.
19. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж уг ялыг А******** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хариуцлагын бусад зорилгуудад нийцээгүй зөвхөн цээрлүүлэх шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан шүүгдэгч А******** сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байснаар түүний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан язгуур эрх ашгууд болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэх мэт олон эрхүүдийг зөрчсөн дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээд байна. Мөн манай үйлчлүүлэгч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Zerger int.co” гэх хуулийн этгээдэд "Хүний нөөц хариуцсан менежер" гэх албан тушаалд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан ...Шударга ёсны зарчимтай нийцээгүй түүний ажил хөдөлмөр эрхэлж өөрийнхөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх тэдний гэр бүлд сөргөөр нөлөөлөх дүгнэлт шүүхээс хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/195 дугаартай Шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулж Баян-Өлгий аймгийн Өлгий сумыг нэмж оруулах зорилгоор Давж заалдах гомдол гаргав.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, гагцхүү хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ.
20. Шүүгдэгч Ш.А нь шийтгэх тогтоол гарах үед Баян-Өлгий аймгийн А******** сумын 3 дугаар баг, У************ оршин суудаг байсан ба 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар баг А******* 17-3 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтуудаар тогтоогджээ.
Мөн шүүгдэгч Ш.А нь 2025 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс “Zerger int.co” ХХК-д "Хүний нөөц хариуцсан менежер" гэх албан тушаалд ажиллаж байгаа нь 2025 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 2025/01 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.А оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн төрлийн ялын зорилго зэргийг харгалзаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож хязгаарлалт тогтоон, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж шийдвэрлэв.
21. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “шүүгдэгч Ш.А хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэн, нийт эдлэх эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг 7 жил 6 сар 20 хоногоор тогтоосон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хасах нэмэгдэл ялын хэмжээнээс илүүгүй байх ёстой” гэсэн агуулгатай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна. У*** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Х** хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэсний “тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээ” гэснийг тухай төрлийн ялын мөн хуулийн тусгай ангид тогтоосон дээд хэмжээ гэж ойлгож болохгүй, харин мөн хуулийн ерөнхий ангид заасан, тухайлбал эрх хасах нэмэгдэл ялын хувьд хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хасах нэмэгдэл ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж ойлгоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг:
“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангин 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ш.А эдэлбэл зохих нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын нийт хугацааг 7 жил 6 сар, 20 хоногийн хугацаагаар тогтоож, түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 12.500.000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,
4 дэх заалтыг:
“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож хязгаарлалт тогтоон, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэж,
5 дахь заалтыг:
“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нэмж, нэгтгэн оногдуулсан нийтийн албанд 7 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг нь тоолохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтын хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдлын зарим хэсгийн хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ