| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00478/И |
| Дугаар | 315/ШШ2026/00022 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2026/00022
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан юнайтед аренад байрлах, утас 99979907, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эн Ди Жи Партнерс ХХК
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, утас ..., *******ын *******од холбогдох
зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 2,648,688 төгрөг, алданги 1,324,344 төгрөг нийт 3,973,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК болсон бөгөөд хөрөнгө өр авлагын эрх залгамжлан авагч юм. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжийг урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ******* нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй.
2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Жимсний модны суулгац зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 433,500 төгрөг, урьдчилгаа 51,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 382,500 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 191,250 төгрөг болно. Иймд жимсний модны суулгац зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 382,500 төгрөг, алданги 191,250 төгрөг, нийт 573,750 төгрөг байна.
Мөн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн иж бүрдэл хүлэмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 3,236,188 төгрөг, урьдчилгаа 970,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,266,188 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 1,133,094 төгрөг болно. Иймд иж бүрдэл хүлэмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,266,188 төгрөг, алданги 1,133,094 төгрөг, нийт 3,399,282 төгрөг байна.
Тиймээс Жимсний модны суулгац зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 573,750 төгрөг, иж бүрдэл хүлэмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,399,282 төгрөг нийт 3,973,032 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эн Ди Жи Партнерс ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага 3,973,032 төгрөгийг 2,344,344 төгрөгөөр багасгаж 1,628,688 төгрөг болгон нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 3,973,032 төгрөгийг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-аас тодруулсаны эцэст 1,628,688 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь хариуцагч *******од холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 2,648,688 төгрөг, алданги 1,324,344 төгрөг нийт 3,973,032 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эн Ди Жи Партнерс ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 3,973,032 төгрөгийг 1,628,688 төгрөг болгон багасгаж, хариуцагч ******* 1,628,688 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрсэн үнийн дүн 1,628,688 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 41,009 төгрөгийн тал хувь 20,504.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь хариуцагч *******од холбогдуулан гаргасан 3,973,032 төгрөг гаргуулах шаардлагаа 1,628,688 төгрөг болгон багасгаж, хариуцагч ******* нь 1,628,688 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрсэн үнийн дүн 1,628,688 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 41,009 төгрөгийн тал хувь 20,504.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА