Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 170

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогч Т.Чулуунбат,

шүүгдэгч Ц.Болд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Шарнууд овогт ЦэндАюушийн Болдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003660155 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 01 дүгээр  хороо, Уурхайчдын 13-561 тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн шүүхийн 1987 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 154 дүгээр зүйлийн 154.2 зааснаар 3 жил хорих ял,

Налайх дүүргийн шүүхийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял,

Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 3 жил хорих ял,

Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, өмнө 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 2 жилийг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын  хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 2 сарын хорих ял шийтгэгдэж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон,

Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар ял шийтгэгдэж байсан, регистрийн УД69112315 дугаартай, Шарнууд овогт Цэнд-Аюушийн Болд.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Ц.Болд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 13 дугаар гудамжны 561 тоотод байрлах гэрийнхээ үүдэнд хохирогч Т.Чулуунбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн дээд хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Болд нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 13 дугаар гудамжны 561 тоотод байрлах гэрийнхээ үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Чулуунбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн дээд хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Болдын өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Чулуунбатын өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн орчим хуурай ахын гэрт нь ороод гаръя гэж бодоод Энхтуяагийн хамт очсон. Би нэг шил авч очсон тул түүнийгээ гаргахад Болд “ах архи уухгүй” гэж хэлсэн. Тэгээд бид гурав хувааж уугаад “би явлаа” гэхэд намайг Болд ах “яв яв” гэж хэлээд миний зүүн мөрөн дээр хутгалсан. Би “түргэн дуудаарай” гэж хэлээд түүний гэрээс гарсан. Өвөршандын зам дээр явж байсан жолооч нар дуудлага дуудаж, түргэн ирж авсан. Надад гомдол санал байхгүй. Шүүгдэгч манай ахын найз байгаа юм” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Болдын яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 16 цагийн орчимд манай гэр болох Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 13-561 тоотод гаднаас 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн нийт 5 хүн манай гэрт 2 шил 0,75 литрийн савалгаатай Соёрхол архи барьж орж ирээд бид нар хувааж уусан. Тэгээд манайд орж ирсэн хүмүүс дахиад 1 шил 0,75 литрийн савалгаатай Хараа архи авж гэрт орж ирээд бид нар дахиад хувааж уусан, 3 шил 0, 75 литрийн савалгаатай архи уусны дараа би тасраад орон дээр унтаад өгсөн ... санаж байгаа зүйл байхгүй өглөө сэрсэн чинь эрүүлжүүлэх байранд сэрсэн.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 53 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч В.Энхтуяагийн өгсөн: “2018.06.24ний орой Чука 88314139 дугаарын утаснаас над руу залгаж ганц юм аваад хүрээд ир хагархай Болорын гэрт байна гэхээр нь би дэлгүүрээс архи авч Буян налайхаас таксинд суугаад Уурхайчдын гудамжинд ирэхэд баруун үзүүрт нь Чука намайг тосож аваад 2-улаа Болорын гэрт орсон, тэгээд миний авчирсан архийг авчирч 3-улаа ууж байгаад тэр 2 гадагшаа гармагц намайг хутгалчихлаа гэж Чука орилохоор нь би тоглож байгаа юм уу гэж бодоод тоогоогүй, намайг ширээний зүүн талд сууж байхад гаднаас Чука орж ирээд цусаа гоожуулаад үүдэнд зогсож байгаад цагдаа дуудаарай гээд буцаад гарахад Болор гэртээ орж ирээд маслын хутга шиг жижиг шардуу иштэй хутгыг шар хуйнд нь хийж байгаа харагдсан, тэгэхээр нь би хутгалсан нь үнэн юм байна гэж бодоод цагдаа дуудах гээд утсаа автал утасны цэнэг дуусч унтарсан. Би гэрээс шагайж харахад Чука явчихсан гэрийн үүдэнд модон гишүүр дээр хэсэг газар цус болсон байсан, Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 24 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №321 дугаар:

1. “Чулуунбатын биед цээжний зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 28 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №7048 дугаар:

1. “Чулуунбат гэж хаягласан цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна.

2. Шар ногоон өнгийн иштэй хутга 1 ш, гялгар ууттай нунтаг зүйл дээр цус илэрсэн. Уг цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 40 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №4848 дугаар:

1. “Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт,

            /хх-ийн 44 дүгээр тал/

            2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

            /хх-ийн 04-11 дүгээр тал/

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл,

            /хх-ийн 13 дугаар тал/

            Байнга оршин суугаа хаягын тодорхойлолт,

            /хх-ийн 55 дугаар тал/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 58 дугаар тал/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ үйл баримтыг дүгнэхэд Ц.Болд нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 13 дугаар гудамжны 561 тоотод байрлах гэрийнхээ үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Чулуунбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн дээд хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Болдын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэл нь тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж байна.

Шүүгдэгч Ц.Болд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураалдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт ЦэндАюушийн Болдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Болдод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Болдод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Болдод мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Болд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ц.Болдод оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шар хуйв иштэй хутгыг устгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Болдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ