Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/51

 

А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/539 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч А.Б, Ш.А нарт холбогдох эрүүгийн 2413000000385 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбеш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, яллагдагч А.Б, яллагдагчийн өмгөөлөгч С.А /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Ж нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс  ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, **** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-**хүнтэй, ********** хамт ****************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Н***** овгийн Ш****** А******, РД:*************;

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс  ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл-** хүнтэй, ***** хамт Баян-Өлгий аймгийн *************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш***** овгийн А****** Б*******, РД: *******************.

 

3. Х********* хэргийн талаар:

3.1. Я******** Ш.А нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Х***** 2024 оны ээлжит сонгуульд тус аймгийн Өлгий сумын 6 дугаар баг буюу 26 дугаар тойрогт Монгол А**** намаас нэр дэвшигч А.Б сонгуулийн штабт менежерээр ажиллаж байхдаа 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тойргийн сонгогч иргэн болох Х.Э 100,000 төгрөг болон 20,000 төгрөгийн шатахууны эрхийн бичгийг “нэр дэвшигч А.Б дэмжээрэй” гэж өгч, иргэний сонгуулийн эрхээ эдлэхэд саад хийх,

3.2. Я******** А.Б нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Т************ Х***** 2024 оны ээлжит сонгуульд тус аймгийн Өлгий сумын 6 дугаар баг буюу 26 дугаар тойрогт Монгол А**** намаас нэр дэвшиж сонгуульд өрсөлдөх явцдаа, сонгуулийн сурталчилгааны үеэр буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн   Х.А, Х.Э нарын саналыг худалдаж авах зорилгоор 100,000 төгрөг бэлнээр өгч, иргэний сонгуулийн эрхээ эдлэхэд нь саад хийх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.   

 

4. Прокурорын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаартай яллах дүгнэлтээр А.Б, Ш.А нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн  2025/ШЗ/539 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтыг удирдлага болгож, А.Б нарт холбогдох эрүүгийн 241300000385 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

5.1. Гэмт хэрэг гарсан байдал буюу яллагдагч Ш.А нь гэрч Х.Э хэзээ, хаана, хэрхэн ямар байдлаар уулзаж, түүнд 100.000 төгрөг болон бензиний тасалбар өгсөн болохыг мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагаа явуулах,

5.2. М** гэрч Х.Э, яллагдагч Ш.А нарыг нүүрэлдүүлэн байцаах зэрэг аргаар шалгаж тогтоох,

5.3. Я******** А.Б, гэрч Х.А нарын гар утасны дугаарын дуудлагын түүхийг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны дотор холбогдох үүрэн телефоны газруудаас гаргуулж, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох,

5.4. Гэрч Х.А, Х.Э, яллагдагч Ш.А, А.Б нарыг нүүрэлдүүлэн байцааж, тэдгээрийн мэдүүлгийн зөрүүг арилгаж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоох,

5.5. Гэрч Ж.А гар утаснаас бэхжүүлж авсан бичлэг дэх харилцан ярианд . тусгагдсан эрэгтэй хүний дуу хоолойг яллагдагч А.Б дуу хоолой мөн эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох зэрэг ажиллагааг гүйцэтгүүлэх.

 

6. Прокурорын эсэргүүцэлд: 

6.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А би яллагдагч Ш.А, А.Б нарт холбогдох эрүүгийн 2413000000385 дугаартай эрүүгийн хэрэгт 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

6.2. Хэргийг тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүгчийн 2025/ШЗ/539 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байна. Ингэхдээ:

- Яллагдагч Ш.А нь гэрч Х.Э хэзээ, хаана, хэрхэн ямар байдлаар уулзаж, түүнд 100.000 төгрөг болон бензиний тасалбар өгсөн болохыг мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагаа явуулах,

- Гэрч Х.Э, яллагдагч Ш.А нарыг нүүрэлдүүлэн байцаах,

Яллагдагч А.Б, гэрч Х.А нарын гар утасны дугаарын дуудлагын түүхийг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны дотор холбогдох үүрэн телефоны газруудаас гаргуулж, хэрэгт хавсаргах,

-Гэрч Х.А, Х.Э, яллагдагч Ш.А, А.Б нарыг нүүрэлдүүлэн байцааж, тэдгээрийн мэдүүлгийн зөрүүг арилгаж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоох, 

-Гэрч Ж.А гар утаснаас бэхжүүлж авсан бичлэг дэх харилцан ярианд тусгагдсан эрэгтэй хүний дуу хоолойг яллагдагч А.Б дуу хоолой мөн эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох шаардлагатай гэж дүгнэжээ.

6.3 Шүүгчийн захирамжийг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэн араах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

6.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж, 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж тус тус хуульчилсан. Гэтэл шүүх тус хэргийн гэрч Х.Э, яллагдагч Ш.А нарыг нүүрэлдүүлэн байцаах, гэрч Х.А, Х.Э, яллагдагч Ш.А, А.Б нарыг нүүрэлдүүлэн байцаах, яллагдагч Ш.А мэдүүлгийг газар дээр нь шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь яллагдагчийг бусад яллагдагч болон гэрч, хохирогчтой нүүрэлдүүлж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн яллагдагчийн хүсэлтэд үндэслэн бусад яллагдагч, гэрч, хохирогч нар нь зөвшөөрсөн тохиолдолд, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг тухайн яллагдагчийн зөвшөөрснөөр хийгддэг онцлогтой, тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаа юм.

6.5. Яллагдагч А.Б болон түүний өмгөөлөгч нарын хувьд мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч “Нүүрэлдүүлэн мэдүүлэг авах” тухай хүсэлтийг мөрдөгч болон прокурорт гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин “яллагдагч Ш.А нь гэрч Х.Э хэзээ, хаана, хэрхэн ямар байдлаар уулзаж, түүнд 100,000 төгрөг болон бензиний тасалбар өгсөн болохыг тогтоох зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулах,” гэх заалтын хувьд яллагдагч Ш.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...миний бие тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь иргэн Х.Э ямар нэгэн мөнгө төгрөг болон шатахууны тасалбар огт өгөөгүй” гэж мэдүүлдэг.

Иймд яллагдагч Ш.А дээрх мэдүүлгийг газар дээр нь шалгаснаар шүүгчийн захирамжид дурдагдсан нөхцөл байдал тогтоогдохгүйгээс гадна мэдүүлгийг газар дээр нь шалгах мөрдөн шалгах ажиллагааны зорилго хангагдахгүй тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй.

6.6. Шүүгчийн захирамжид дурдагдсан “гэрч Ж.А гар утаснаас бэхжүүлж авсан бичлэг дэх харилцан ярианд тусгагдсан эрэгтэй хүний дуу хоолойг яллагдагч А.Б дуу хоолой мөн эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох шаардлагатай” гэх заалтын хувьд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтэс нь “шинжилгээний объектод гаднын /К****/ хэлээр ярьсан яриа дуу авианы техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамраахгүй тул шинжилгээ хийх боломжгүй” энэ төрлийн дүгнэлтийг гаргадаггүй тул уг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэж боломжгүй байна. /Шүүх шинжилгээний ерөнхий газрын И******-техникийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0548 дугаартай дүгнэлт/

6.7. Түүнчлэн тус гэмт хэрэг нь 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарсан тул тухайн цаг хугацаан дахь яллагдагч А.Б, гэрч Х.А нарын гар утасны дугаарын дуудлагын түүхийг үүрэн телефоны газруудаас гаргуулан авах боломжгүй болно. Иймд шүүгчийн захирамжид дурдагдсан “дуу хоолойны адилтгалын шинжилгээ хийлгүүлэх” гэх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй, “нүүрэлдүүлж мэдүүлэг авах, мэдүүлгийг газар дээр нь шалгах” мөрдөн шалгах ажиллагааг хийснээр яллагдагч, гэрч нарын хуулиар олгогдсон эрх зөрчигдөж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихөөр байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/539 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

7. Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслээд гомдол гаргасан юм байна. Гэтэл энэ  нь үндэслэлгүй. Яагаад гэвэл 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийт 10 үндэслэлийг заасан. Энэ 10 үндэслэлийн  аль үндэслэлд орж байгааг бичээгүй бөгөөд энэ үндэслэлүүдийн аль нэгээр нь ноцтой зөрчсөн үйлдэл захирамжид байхгүй болохыг дурдъя.

7.2. Эсэргүүцэл дээр нүүрэлдүүлж мэдүүлэг авах боломжгүй тухай дурдсан байна. Гэтэл нүүрэлдүүлж мэдүүлэг авах боломжтой. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрүү байвал авна. 2 дахь хэсэгт зөвшөөрсөн тохиолдолд авна гэж байгаа.  Ноцтой зөрүү байна уу гэвэл хавтаст хэрэгт  ноцтой зөрүү байгаа. Яагаад гэвэл гомдол гаргаж байгаа н.А****** гэдэг хүн хамгийн анхны мэдүүлэгт А.Б мөнгө өгсөн тухай мэдүүлдэг боловч дараагийн мэдүүлэгт надад А.Б өгөөгүй юм байна. Ш.А өгсөн байна гэдэг мэдүүлэг авагддаг. Тэгэхээр яг хэн, хэзээ өгсөн, яаж өгсөн гэдэг нь өнөөдрийг хүртэл авагдаагүй.  Дээрээс нь миний үйлчлүүлэгч энэ хүнийг огт таньдаггүй, уулзаж байгаагүй, ярьж байгаа шиг нөхцөл байдал огт байхгүй учраас иймэрхүү асуудлуудын зөрөөг арилгах боломжтой гэдэг үүднээс шүүгч нүүрэлдүүлж мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзсэн. Нөгөө талаас зөвшөөрсөн тохиолдолд болно шүү дээ. Бусдаар боломжгүй гэдэг зүйл ярьж байна.  Зөвшөөрсөн тохиолдолд боломжтой, ийм учраас зөвшөөрсөн эсэхийг тодруулах хэрэгтэй. Нөгөө талаас өмгөөлөгчийн зүгээс нийтдээ энэ ажиллагаатай прокурорын өөрт нь 5 удаагийн гомдол гаргасан. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах талаар удаа дараа шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хангаж өгөхгүй байсан. Шүүхээс хангаж өгч  байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. 

7.3. Мэдүүлгийг газар дээр нь шалгах боломжгүй тухай тайлбарладаг. Яагаад гэвэл хуулийн зохицуулалтад нийцэхгүй гэж байна. Энэ нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийг зөвшөөрснөөр мөрдөгч өөрийн санаачилгаар ажиллагаа хийх боломжтой зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл гомдол гаргаж байгаа этгээд өмнө өгсөн мэдүүлгүүд нь ноцтой зөрөөд байна. Яагаад гэвэл би А.Б мөнгө авсан гэж мэдүүлчхээд дараагийн мэдүүлэгт нь би аваагүй, Ш.А авсан гэж мэдүүлдэг.  Мөн энэ мөнгийг хаана, яаж өгсөн бэ гэдгийг өнөөдрийг хүртэл мэдүүлдэггүй. Тэгэхээр өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан судлах зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгах боломжтой гэж үзэж байна. Энэ асуудлаар ч гэсэн өмнө нь удаа дараа гомдол гаргаад мөн хангахгүй явсан.

7.4. Шүүх шинжилгээний тухай хуулиар гадаад хэл дээр авагдсан дуу хоолойн бичлэг дээр шинжээч томилох боломжгүй тухай тайлбарлаж, нэр бүхий Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна. Энэ нь үндэслэлгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт нь хууль зөрчиж нотлох баримт гаргаж өгсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өөр этгээдийн хувийн нууцтай холбоотой шинжээч томилсонтой холбоотой асуудал байна. Түүний зөвшөөрөлгүйгээр шууд жишээ болгож байна гэх мэтээр гаргаж өгөх боломжгүй. Уг нотлох баримтыг нотлох баримтын хүрээнд авч үзэх хэрэггүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр шинжээч н.Б****-Э***** гэдэг хүн өөрийнхөө тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжгүй гэж үзэж байна. Нөгөө талаас дүгнэлтийн 3 дахь хэсэгт заасан байна. Иймд дуу авианы адилтгалын шинжилгээний объект, гаднын хэлээр ярьсан яриа, дуу авианы техник шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй учраас боломжгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл н.Б****-Э***** гэдэг шинжээч би боломжгүй гэж хэлсэн болохоос биш Шүүх шинжилгээний байгууллага боломжгүй гэж хэлээгүй. Тэгэхээр боломжтой, боломжгүй эсэхийг Шүүх шинжилгээний байгууллага тодорхойлдог.

7.5. Иймээс тус байгууллагаас нь энийг тодруулах хэрэгтэй. Түүнээс биш  боломжгүй юм байна гэдэг н.Б****-Э***** гэдэг шинжээчийн дүгнэлтээр үүнийг дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Нөгөө талаас шүүгчийн захирамж нийтдээ 4 ажиллагааг хийх ёстой талаар дурдсан. Прокурор цагаатгах баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Бид нарын хүсэлтийг удаа дараа  хангаагүй. Өнөөдрийг хүртэл шүүх  бодит байдлыг тогтоохын тулд энэ баримтууд маш чухал болохыг үндэслэлтэйгээр дурдсан учраас захирамж, үндэслэлтэй гэж үзэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            8. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болно. Энэ тохиолдолд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдлыг тогтоох,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх учиртай.

 

10. Гэтэл А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд нь дээр дурдсан хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Тухайлбал, шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 10 дахь заалтад яллагдагч А.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийн “зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ” гэж  шүүх дүгнэхдээ тухайн хүсэлтүүдийн хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүгчийн захирамжид тодорхойлж тусгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед үүссэн, оролцогчийн хүсэлтэд дурдсан нөхцөл байдлуудад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр (1) мэдүүлгийг газар дээр нь шалгах, (2) гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн байцаах, (3) яллагдагч, гэрч нарын гар утасны дугаарын дуудлагын түүхийг хэрэгт хавсаргах, (4) гэрч болон яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, (5) гэрчийн гар утаснаас бэхжүүлж авсан бичлэг дэх харилцан ярианд тусгагдсан эрэгтэй хүний дуу хоолойг яллагдагч А.Б дуу хоолой мөн эсэхийг шинжээч томилж тогтоолгох зэрэг 5 төрлийн ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгүүлэхээр тусгасан хууль зүйн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна.

 

11. Анхан шатны шүүхийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 10 дахь заалтад тэмдэглэсэн дээрх 5 төрлийн ажиллагааг судлан үзвэл, тэдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад заасан, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болох аль нэг үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтуудын хүрээнд, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийн үйл баримт, тэдгээрийг тогтооход ач холбогдолтой нөхцөл байдлуудын талаар дүгнэлт хийх, шүүхийн шатанд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой, хүрэлцээтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

12. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/539 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж,  А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/539 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүргүүлсүгэй.

 

2. Яллагдагч  А.Б, Ш.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ