Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 171

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Б.Батболор, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч С.Баярцогт,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,   

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа,

хохирогч П.Мөнгөнцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзул,

шүүгдэгч Ө.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Харгана овогт Өлзийдэлгэрийн Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002290021 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Алтай Чандмань” ХХК-нд талбайн зохион байгуулагч, мал нядлагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 17-630 тоотод оршин суух,  регистрийн ЖИ78061419 дугаартай, Харгана овогт Өлзийдэлгэрийн Ганбаатар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ - 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ өөрийн эхнэр П.Мөнгөнцэцэгийг “архи уулаа” гэж маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хутга шидэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ өөрийн эхнэр П.Мөнгөнцэцэгийг “архи уулаа, цагдаад барьж өглөө” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт шалгагдаж байх үедаа дахин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот гэртээ иргэн Т.Ганзоригийг эхнэр П.Мөнгөнцэцэгийг зодож байхад нь салгах гэхэд маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн гэрийн унь модоор зодож амь биед нь хүнд гэмтэл учруулан зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Ганбаатар нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17 дугаар гудамжны 630 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сар, 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө тус тус гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Мөнгөнцэцэгийг “архи уулаа, цагдаад барьж өглөө, явуулахгүй” гэх зэрэг шалтгаанаар хамтран амьдрагч П.Мөнгөнцэцэг рүү хутга шидэж, мөн галын хайч төмөр, униар зодож, маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн П.Мөнгөнцэцэгийг байнга зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр П.Мөнгөнцэцэгийг зодоход гэрт нь унтаж байсан иргэн Т.Ганзориг босч ирээд “чи дандаа эхнэрээ зодож байх юм, болиоч” гэж хэлэхэд нь маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн гэрийн унь модоор зодож амь биед нь хүнд гэмтэл учруулан зодож алсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ганбаатарын өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эрүүлжүүлэхэд хоночихоод, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орой 21 цагийн үед гэртээ ороход эхнэр маань гэртээ нилээн согтуу найзтайгаа хамт байсан. Тэгээд байж байтал манай хадам дүү болох Д.Уранцэцэг, Д.Болорцэцэг хоёр гаднаас орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би гараад явсан. Би гараад найзындаа очоод хоол идэж, зурагт үзэж байж байгаад шөнийн 01 цагийн үед гэртээ орсон юм. Намайг гэрт ороход талийгаач, арын Ганбаа, Даваадай болон манай эхнэр гурав хоёр шил архи тавьчихсан ууж байсан. Тэгтэл арын Ганбаа нь надад “Намайг гэрт дөхүүлээд өгчих” гэж хэлэхээр нь би түүнийг дагуулж яваад хашаа руу нь оруулж өгчихөөд ирэхэд гэрч Давсаа нэг шил архи аваад манайд ирчихсэн байсан. Бид хэд түүний авчирсан архийг уусан.  Тэр үед талийгаач, манай эхнэр хоёр нилээн согтуу байсан учраас  тэр хоёр хэд татчихаад унтаад өгсөн юм. Давсаа, Ганбаа хоёр гарахдаа талийгаачийг аваад гарах гэхэд талийгаач сэрээгүй юм. Талийгаач сэрэхгүй байхаар нь орхиод Давсаа, Ганбаа хоёрыг гэрээс гаргаж өгчихөөд гэрт орж ирсэн. Манай хоёр хүүхэд ээжийнхээ хажуугаар гутал, хувцастайгаа унтаж байсан болохоор нь би ор засч унтуулах гээд талийгаачийн дор нь байсан хүүхдийнхээ ор, хөнжилийг авах гээд би талийгаачийг сэрээх гэхэд миний гэдэс рүү тийрсэн. Намайг жийснээс болоод бид ноцолдоод маргалдаж байхад манай эхнэр сэрээд “Та хоёр гарж хэрүүлээ хий” гэж хэлэхээр нь би ноцолдоод гарах гэхэд гэрийн унь унаж харагдсан. Тэгээд би талийгаачтай гадаа гараад хоёроос гурван минут хэрэлдэж, ноцолдсон.  Талийгаач намайг “Чи намайг хөөлөө” гэж хэлээд миний хажуугаар зөрөөд явахад хашааны хаалга дуугарсан. Би буцаж орж ирээд эхнэртэйгээ хэрэлдээд, эхнэр маань надад “Гарлаа явлаа” гэхээр нь би гэрээс уначихсан байсан униар цохисон.  Бид хэсэг маргалдаж байгаад эхнэрээ тайвшруулаад эхнэрийнхээ хувцасыг нь тайлаад эхнэр, хүүхдүүддээ орыг нь засаж өгөөд унтуулсан. Тэгээд би тэднийг унтуулчихаад гарч бие засахад манай хашаанд хүн байхгүй байсан. Талийгаачийн олдсон газар нь гэрэлтэй байдаг юм. Намайг тэр зүг рүү харахад хэн ч байхгүй байсан юм. Би орж ирж унтчихаад өглөө сэрэхэд байшингийн баруун талд хүн дуугарахыг сонсоод би очиж хартал талийгаач доошоо харчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би татаж босгоод “Чи гэрт орж унт” гэж хэлэхэд надад “За” гэж хэлсэн. Тэр өдөр би хотод ажилтай байсан бас өмнөх орой нь эхнэрээ цохьчихсон болохоороо хувцасаа аваад айж сандраад  бушуухан гараад явсан. Намайг гэрээс гараад явахад талийгаач хашааны баруун хойно гутлаа тайлчихсан, гутлаа оролдоод сууж байсан. Би хашааны хойд хаалгаар гараад явахдаа талийгаачид “Орж унтаачээ” гэхэд над руу хараад толгой дохиж байсан. Тэр өдөр хүргэнийдээ очоод граашийн дээвэр буулгалчихаад, тэндээсээ эхнэр рүүгээ утсаар ярих гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд төд удалгүй талийгаачийг эмнэлэгт байгаа, бие нь маш муу байгаа гэж надад хэлээд намайг цагдаа нар авч явсан. Миний хувьд маш их харамсалтай байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Мөнгөнцэцэгийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ө.Ганбаатар намайг галын дэгээгээр цохисон гээд манай дүү Ө.Ганбаатарыг цагдаа дуудаж өгсөн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой нь Ө.Ганбаатар эрүүлжүүлэхэд хоночихоод гарч ирсэн. Ө.Ганбаатарыг гэрт орж ирээд байж байтал манай эмэгтэй дүү нар орж ирээд Ө.Ганбаатарт хандаж “Та манай эгчийг цохиж, зодоод байна” гээд нэг удаа цохиход манай нөхөр хог шүүрдэж байснаа, хогийн хутгуур олж ирнэ гээд гарж яваад тэр чигтээ ирээгүй. Би ирэхгүй байхаар нь араас нь гарж хартал явчихсан байсан. Тэгээд би орой болчихсон болохоор хоёр дүүдээ “Одоо гайгүй байхаа” гэж хэлээд би гэртээ охинтойгоо үлдэж тэднийг явуулсан. Түүний дараагаар манайд талийгаач нэг найзтайгаа орж  ирсэн. Талийгаач нилээн согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй, тал шил архи барьчихсан орж ирээд манай нөхрийг асуусан. Тэгэхээр нь “Манайх ойрд хэрүүл, уруултай байгаа. Манай дүү нар ойр ойрхон орж ирж шалгаж байгаа” гэж хэлээд байтал манай том, бага хүү орж ирээд тэднийг гэрээс хөөсөн. Тэгээд хөөгөөд удаагүй байж байтал нөгөө хоёр буцаж орж ирээд байж байхад Давсаа гэх залуу хашаа давж орж ирсэн. Тэр орой миний толгой өвдөөд охинтойгоо, бага хүүтэйгээ орон дээр хэвтэж байтал манай нөхөр шөнийн 01 цагийн үед гаднаас орж...ирээд надаас “Толгой чинь өвдөж байна уу? ганц, хоёр татчихаар гайгүй болчихно” гээд надад  архи хундагалаж өгөхөөр нь тэрийг уучихаад буцаад унтаад өгсөн. Намайг хэсэг унтаад сэрэхэд хүмүүс гэрт маргалдаж байх шиг сонсогдохоор нь би “Хэрүүлээ гадаа гарч хий” гэж хэлсэн. Тэгээд талийгаачтай манай нөхөр ноцолдоод гараад явсан. Тэгээд намайг сонсоход гадаа манай нөхөр талийгаачтай маргалдаад байх шиг байхаар нь би хоёр хүүхдээ хувцаслаад гарах гэтэл манай нөхөр орж ирсэн. Намайг гарах гэхэд зөрүүлээд намайг цохиод авсан. Намайг цохихоор нь би Ө.Ганбаатартай маргалдаад хэрэлдэж байх зуур Ө.Ганбаатар газар уначихсан байсан униар намайг цохиод авсан. Тэгээд толгойноос, хамарнаас цус гарсан. Манай нөхөр намайг цохихоор нь би явлаа гэж хэлээд бид хоёр нилээн муудалцсан. Ө.Ганбаатар надад “Одоо унтаж амар” гэж хэлэхээр нь би арай тайвширч орон дээрээ хөл рүүгээ хараад, манай нөхөр хоёр хүүхдээ аваад толгой руугаа хараад унтахаар хэвтсэн. Тэр үед...үүрийн 04 цаг өнгөрөөд 05 цаг болж байсан. Тэгээд хэсэг хэвтэж байтал 07 цаг өнгөрөөд манай нөхөр надаас “Автобусны карт хаана байна бэ?” гэж асуухаар нь цүнхэнд байгаа гэж хэлсэн. Манай нөхөр хоёр хүүхдэдээ “Аав нь ажилд явлаа. Ээждээ утсаа асаа гэж хэлээрэй” гэж хэлэхийг би санаж байна. Би өглөө 05 цаг өнгөрөөд 06 цаг болох гэж байхад хэсэг зүүрмэглэсэн учраас Ө.Ганбаатарыг гараад явсаныг нь мэдээгүй. Ө.Ганбаатарыг гараад явахаар нь би 09 цаг хүртэл унтчихсан байсан. Өглөө 09 цаг болж байхад миний нэг танил хүүхэн надаас “Усны мөнгө байна уу?” гэж асууж орж ирсэн. Тэгэхээр нь би сэрээд толинд харж нүүрэнд наалдсан цусаа арилгасан. Намайг хараад тэр хүүхэн “Нүүр чинь ямар аймар болчихсон юм бэ?” гэхээр нь би “Харин тиймээ, танайд очиж үс толгойгоо угаая” гэж хэлээд хаалгаа түгжээд шууд гараад явсан. Би тэднийд очиж тархи, толгой, нүүр гарныхаа цусыг арилгачихаад тэднийд нэг цаг гаран байж байгаад, хоёр хүүхдээ дагуулаад урагшаа алхаж байтал миний нэг танил надтай таарсан...тэднийд очиж сууж байгаад орой 19 цагийн үед дүүгээ утсаар дуудаад, хамт ээжийндээ очсон. Очоод манай дүү цагдаа, эмнэлэг дуудсан. Манай бага хүүхэд надад “Аав талийгаач ах хоёр маргалдаад байсан” гэхээр нь манай дүү цагдаа нарыг дагуулж манай хашаанд очиход байшингийн хойно хүн өнгөрчихсөн байсан. Харин би шууд эмнэлэг рүү явсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзулын өгсөн: “... Оршуулгийн зардал 8,000,000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Би яг хэд гэдгээ сайн санахгүй байна. Миний хувьд гомдолтой байна ...” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судласан:

Мөрдөн байцаалтад  насанд хүрээгүй гэрч Н.Үлэмжхишигийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “...Аавыг ээжтэй маргалдангуут Томоо ах босож ирээд аавд чи одоо болиоч архи уухлаараа дандаа эхнэрээ зодож цохиж байх юм гэхэд аав Томоо ахын шанааруу нь гараараа цохисон чинь Томоо ах хаалганы бариул мөргөөд газар унангуут Томоо ахын толгойноос цус гараад байсан. Тэгээд аав Томоо ахыг чирээд гэрээс гарсан гадаа гараад гэрийн униар толгойруу нь цохиод байсан... Гэртээ ороод хаалганы завсраар харж байхад аав ээжийг чирсээрээ байгаад хашааруу оруулж ирэнгүүтээ Томоо ахыг цохиж байсан униараа ээжийг зодож цохисон... Тэгснээ би чамайг гүйцээгээд алчийлдаа гээд дахиж үсдэж чирж гэрлүү оруулж ирээд ...дахиад гараараа болон хөлөөрөө зодож цохисон... Ариунаа эгчийнд очих гээд гарахдаа ээж аавын барьж байгаад өөрийг нь болон Томоо ахыг зодоод гурван хэсэг хугарсан унины модыг түүгээд байшингийн зүүн цонхоор байшинруу хийсэн... Аав архи ууж байхдаа гэнэт ээжид хандаж танай дүү нар чинь яасан их цагдаад барьж өгдөг юм бэ гээд ээжрүү дайрснаас болоод тухайн хэрүүл маргаан эхэлсэн...Хашааны баруун хойд талд зодож цохисон... гэх мэдүүлэг

             /1хх-ийн  71-72 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: ”....Талийгаач Т.Ганзоригийн цогцост их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсан доорх цусан хураа, дагзны дэлбэнгийн суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэх цус хуралт, зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, баруун зулай, чамархайд шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн бугуй, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун эгэм, цээж, баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэрийн унь модоор цохих үед үүсэх боломжтой... Уг гэмтлүүдийг авсан хүн хэсэг хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой. Энэ боломжит хугацаа нь тухайн хүний бие махбодийн онцлог, идсэн хоол унд, уусан архины хэмжээ, биед учирсан гэмтэл зэргээс шалтгаалж харилцан адилгүй байдаг учир нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач Т.Ганзоригийн хувьд хүнд зэргийн согтолттой байгаа нь ухамсарт үйл хөдлөл хийхэд нь эсэргээр нөлөөлж удааширсан байж болно... 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр 01 цагт задлан шинжилгээг эхлэж цогцосны гадна үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 11 цагаас 13 цаг орчим болсон байсан ба уг хугацаагаар нь тооцож үзвэл 10 дугаар сарын 01-ний 12 цагаас 14 цагийн хооронд талийгаач нас барсан байх боломжтой. Тархины болон бөөрний хүнд гэмтлүүдийн өнгө, шинж байдлаас үзэхэд талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байсан бөгөөд цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эд эсийн шинжилгээгээр уг учирсан гэмтэл нь талийгаачийг нас барахаас 12 цагаас 18 цагийн өмнө үүссэн гэж гарсан нь уг хэрэг гарсан гэх хугацаатай тохирч байгаа нь нэг цаг үед үүссэн хавсарсан гэмтлүүд байна... гэх мэдүүлэг

/1хх-ийн 86 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Ганбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх гэрийн унь модыг эд мөрийн баримтаар тооцуулахаар мөрдөгчийн хураан авсан тухай санал, тогтоол, прокурорын тогтоол

/1хх-ийн 126-129 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Ө.Ганбаатарын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн“...би уурлаад түүнийг гэрээс чирж гаргаад буцаж орж ирээд гэрт байсан гэрийн унийг аваад эхнэрийнхээ толгой руу цохисон....Гадаа гараад униар толгой руу нь цохьсон....” гэх мэдүүлэг

/1хх-ийн 183 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Мөнгөнцэцэгийн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн” ...Нөхөр Ганбаатартай юм ярьж байгаад маргалдсан шиг санаж байна.Нэг мэдэхэд миний баруун гарны бугалганаас цус гарч байсан, эмэгтэй дүү Уранцэцэг орж ирээд таныг хутгалсан байна, цагдаа сэргийлэх гээд бөөн юм болсон....охиноосоо тодруулхад таныг аав шар иштэй хутгаар хатгачихаад гарч явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 233-234 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Уранцэцэгийн 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн” ...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагын үед эгч Мөнгөнцэцэгэгээ эргэх гээд хүүхдийнхээ хамтаар очход хашааны хаалгаар ортол намайг хутгалчихлаа гээд орилсон тэгэхээр нь гэрт нь ортол 7 настай охин нь баруун мөрнөөс нь гарч байгаа цусыг нь эрээн майкаар дарж байсан гэрт нь арын айлынх нь Тулгаа гэх залуу надтай бараг зэрэгцээд арын хаалгаар нь орж ирээд түрүүлээд орсон...хүүхдээс нь юу блдсон талаар тодруулхад аав болох Ганбаатарыг хутгалсан гэж ярьдаг...” гэх мэдүүлэг

 /1хх-ийн 235-236 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад яллагдагч  Ө.Ганбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ял нэмж сонсгон мэдүүлэг өгсөн” ...Надад шинээр сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.Энэ талаар гаргах санал хүсэлт байхгүй....Гэм буруугаа ухамсарлаж байна.хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг

/1 хх-ийн 188-189 дүгээр хуудас /, 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтийн “ 1.2...Талийгаач Т. Ганзоригийн цогцост их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсан доорх цусан хураа, дагзны дэлбэнгийн суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэхь цус хуралт, зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, баруун зулай, чамархайд шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн бугуй, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун эгэм, цээж, баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. дээрх гэмтлүүдээс их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хэсэг дэх хатуу хальсан доорхи цусан хураа, дагзны дэлбэнгийн суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цусан харвалт гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэх цус хуралт гэмтэл 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, баруун зулай, чамархайн шарх, зүүн хөмсөгний гадна хэсэг дэх шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дух, баруун нүдний доод зовхи, хацар, чихний дэлбэн, шанаа, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн бугуй, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун эгэм, цээж, баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэний цус хуралт гэмтлүүд тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун бугалга, тохой, зүүн шуу, шилбэний цус хуралт гэмтэл гэмтэл нь талийгаачийг нас барахаас 3-5 хоногийн өмнө үүссэн, бусад гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна.

5. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амьд ахуй үед үүсчээ.

6. Талийгаач нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас баржээ.   

7.Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 4,0 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

8. Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байна... 2017-10-02-ны 01 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 11-13 цаг орчим болсон байна.

9. Талийгаачид эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой.

10. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт

/1хх-ийн 75-77 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12490 дугаартай дүгнэлтийн: 1.П.Мөнгөнцэцэг-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зулай, дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, уруул, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бүсэлхий, баруун бугалга, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой... ” гэсэн дүгнэлт болон улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан /1хх-ийн 88 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №496 дугаартай дүгнэлтийн: 1.Ө.Ганбаатарын биед баруун өгзөг, гуя, зүүн гуянд цус хуралт, баруун гарын хуруунд шарх, зүүн сарвуу, зүүн өвдөгний доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэх боломжтой...” гэсэн дүгнэлт

/1хх-ийн 90 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Ганзоригийн  2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдөр өмсөж явсан ШШҮХ-ийн Криминалистикийн  шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулсан хувцас эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцуулахаар мөрдөгчийн хураан авсан тухай санал, тогтоол, прокурорын тогтоол

/1хх-ийн 99-101 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн, Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Б.Батгэрэлийн яллагдагч Б.Ганбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх гэрийн унь модонд шинжилгээ хийж гаргасан 2017.12.06-ны өдрийн 6506 дугаартай шинжээчийн дүгнэлт

/1хх-ийн 125-126 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 1056 дугаар: 1. Ө.Ганбаатар нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчингүй байсан байна.

2.Ө.Ганбаатар нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна.

3.Ө.Ганбаатар нь сэтгэцийн өвчингүй байна.

4.Ө.Ганбаатарт эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5.Ө.Ганбаатар нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэлүүлэг өгөх чадвартай байна.. гэх дүгнэлт

/1хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №08 шэ/446 дугаартай дүгнэлтийн:

1.Мөнгөнцэцэгийн биед баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Мөнгөнцэцэгийн биед үүссэн зүүн чихний дэлбээ,зүүн чамархайн цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь тогтоолд дуоьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна.. гэсэн дүгнэлт

 /1хх-ийн 243 дугаар хуудас/,

П.Мөнгөнцэцэг нь 2017.09.02-ний өдөр Налайх Дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчид үзүүлж анхны тусламж авсан талаарх эмчийн магадлагаа

 /1хх-ийн 244 дүгээр хуудас/,

Хохирогч П.Мөнгөнцэцэгт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн тухай баримтууд

/1хх-ийн 247-250 дугаар хуудас, 2хх-ийн 1-12 дугаар хуудас/,

Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 2 дугаар хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт

/2хх-ийн 3-7 дугаар хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 02 болон 05-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт

 /2хх-ийн 8-12 дугаар хуудас/,

Талийгаачийн цогцос хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт /2 хх-ийн13-16 дугаар хуудас/,

Яллагдагчийн биед болон хувцас эд зүйлд үзлэг хийсэн болон түүнийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт

/1хх-ийн 17-25 дугаар хуудас/,

Энэ хэрэгт анх тогтоогдсон хохирогч Ч.Цэнд-Аюушийн мэдүүлэг хохирогч Т.Алтанзулын хүсэлт болон түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол хариу мэдэгдэх хуудас /1хх-ийн 32-38 дугаар хуудас/,

Хохирогчийн гаргаж өгсөн хэрэгт авагдсан талийгаачтай холбоотой баримтууд /1хх-ийн 41-48 дугаар хуудас/,

Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 221 дүгээр хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 102-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлт

/1хх-ийн 222-227 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан заазуур хутгыг эд мөрийн баримтаар тооцуулахаар мөрдөгчийн хураан авсан тухай санал, тогтоол, прокурорын тогтоол /1хх-ийн 228-230 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан  баримтуудыг дүгнэхэд

Шүүгдэгч Ө.Ганбаатар нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Уурхайчдын 17-630 тоот  өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Мөнгөнцэцэгийг байнга зодож 2017 оны 08 дугаар сард зүүн чихны дэлбээ, чамархайд цус хуралт, хацарт зулгаралт, 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр түүн рүү хутга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр галын хайчаар толгой руу нь цохиж зулай, дагзны хуйханд шарх, 2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, уруул, чихний дэлбээ, баруун зүүн өвдөгний зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан, хүний Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг,

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамтран амьдрагч П.Мөнгөнцэцэгийг зодох үед “Чи болиоч, архи уухаараа дандаа эхнэрээ зодож байх юм” гээд түүнийг  болиулах гэсэн Г.Ганзоригийг цохиж, хаалганы бариул мөргөөд унахад нь  чирж гэрээсээ гарган зэрлэг балмад, онц хэрцгий авираар гэрийн унь, хөл гараар зодож учрах үедээ амь насанд аюултай их тархины баруун тал бөмбөлөгний дагзны дэлбээний хэсэг дэх хатуу хальсан доорхи цусан хураа, дагзны дэлбээний суурь хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорхи цусан харвалт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэх цусан хуралт хүнд гэмтэл (хүнд хохирол) зүүн чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн  няцрал, хуйхан доорхи цус хуралт, баруун зулай, чамархайн шарх, зүүн хөмсөгний гадна хэсэг дэх шарх, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол, дух баруун  нүдний доор зовхи, хацар, чихний дэлбээ, шанаа,  зүүн нүдний дээд зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн бугуй, хоёр хөлийн өвдөг шилбэний зулгаралт бүхий олон тооны гэмтэл, шарх, зулгаралт учруулан түүний амь насыг хохироож (алсан) Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус тус үйлдэж, Г.Ганзоригийг санаатай алсан, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч П.Мөнгөнцэцэгийг байнга зодсон гэх гэмт хэргүүдэд түүнийг гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин улсын яллагч нь шүүгдэгч Ө.Ганбаатарын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1, гээд давхар бичсэн техникийн алдаа гаргасан байна гэсэн ба Харгана овогт Өлзийдэлгэрийн Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.          

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн богино гадуур хүрэм 1 ширхэг, ханцуйндаа оруулгатай хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, ногоон өнгийн задгай энгэртэй ноосон цамц 1 ширхэг,  богино ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, судалтай бараан өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, саарал өнгийн пүүзэн гутал 1 хос, чулуу, өвс, чихрийн цаас тус бүр 1 ширхэг, гэрийн унь модны хугархай хэсэг 3 ширхэг, ногоон өнгийн заазуур 1 ширхэг, яллагдагчийн 10 ширхэг хумс зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,   энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Ганбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 340 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг судлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчин гэрч Г.Үлэмжхишигийн хууль ёсны төлөөлөгчөөр буруу хүн тогтоосон, хэргийн газрын үзлэгээр талийгаачийг идэвхитэй үйлдэл хийж байсныг тогтоогоогүй буюу бусад гэрчүүдийг асуугаагүй, мөн шүүгдэгчийн гэм буруугийн дүгнэлт танилцуулахдаа үхлийн шалтгаан нь осголт байсан учир хүнд гэмтлийн улмаас болж нас барсаныг иргэдийн төлөөлөгч нь талийгаач Г.Ганзоригийн үхэлд Ө.Ганбаатар гэм буруугүй гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Тухайлбал Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл төрөл садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ  тухай тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан бөгөөд арван найман насанд хүрээгүй гэрч Г.Үлэмжхишигийн байцаалтанд төрсөн ээж П.Мөнгөнцэцэгийн дүү П.Уранцэцэгийг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан эдгээр нь дээрх хуулиудын шаардлагад нийцэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг буруу хэрэглэсэн гэсэн боловч уг заалт нь  “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор заасан байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн газрын үзлэгээр талийгаач идэвхитэй үйлдэл хийж байгааг тогтоогоогүй гэснийг шинжээч эмч Ч. Эрдэмболорийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой. Энэ боломжит хугацаа нь тухайн хүний бие махбодийн онцлог, идсэн хоол унд, уусан архины хэмжээ, биед учирсан гэмтэл зэргээс шалтгаалж харилцан адилгүй байдаг учир нарийвчлан тогтоох боломжгүй” гэж тайлбарлан мэдүүлсэн нь үүнийг няцааж байгаа ба хэрэгт ач холбогдолгүй гэрчүүдээс тодруулах шаардлагагүй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8.110.640 төгрөг нэхэмжилснээс 7.862.640 төгрөгийг шүүгдэгч Ө.Ганбаатараас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзулд олгож, хохирогч П.Мөнгөнцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч Ө.Ганбаатар нь онц харгис хэрцгий авирлан хохирогч Г.Ганзоригийг зодоход талийгаач нь учрах үедээ амь насанд аюултай их тархины баруун тал бөмбөлөгийн дагзны дэлбээний хэсэг дэх хатуу хальсан доорхи цусан хураа, дагзны дэлбээний суурь хэсэг зөөлөн бүрхүүлийн доорхи цусан харвалт, зүүн бөөрний ар гадаргуу дахь язрал, өөхөн эд дэх цусан харвалт зэрэг олон тооны хөнгөн болон хүнд зэргийн гэмтэл авсан нь цаашид идэвхитэй ямар нэг хөдөлгөөн хийх боломжгүй байдалд хүргэж амь нас нь хохирох бодит хор уршиг буй болох цаг хугацааны шалтгаант холбоог үүсгэж байх тул шүүгдэгч Ө.Ганбаатарыг Г.Ганзоригийг санаатай алсан гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харгана овогт Өлзийдэлгэрийн Ганбаатарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Ганбаатарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сар хорих хөнгөн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 12 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ганбаатарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ганбаатарын  2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны  өдрийг хүртэл цагдан хоригдсон 340 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн богино гадуур хүрэм 1 ширхэг, ханцуйндаа оруулгатай хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, ногоон өнгийн задгай энгэртэй ноосон цамц 1 ширхэг,  богино ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, судалтай бараан өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, саарал өнгийн пүүзэн гутал 1 хос, чулуу, өвс, чихрийн цаас тус бүр 1 ширхэг, гэрийн унь модны хугархай хэсэг 3 ширхэг, ногоон өнгийн заазуур 1 ширхэг, яллагдагчийн 10 ширхэг хумс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

7. Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлийн 497.1, 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ганбаатараас 7.862.640 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзулд олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Ганбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ

                                          ШҮҮГЧИД                                        Б.БАТБОЛОР

                                                                                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ