| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2513000000170 |
| Дугаар | 2025/ДШМ/53 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/53
А.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/487 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч А.Б холбогдох эрүүгийн 2513000000170 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагчийн өмгөөлөгч А.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч Я.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А, түүний өмгөөлөгч С.А, хохирогч З.Ж өмгөөлөгч Х.З, хэлмэрч, орчуулагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.А нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, ****** хамт ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Ж******* Б******* овогт А****** Б******, /РД:[********]/.
2. Х********* хэргийн талаар:
2.1. Я******** А.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 06-ны шөнийн 00 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн **** БӨН улсын дугаартай “Тоёота К****” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Ж*** ауыл/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын З**** хөдөлгөөний дүрмийн 3.7а “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 13.1 “Ж***** гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ****БӨН улсын дугаартай “Тоёотоа К****” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар насанд хүрээгүй хохирогч Р.Б эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Ж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч З.Ж эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Б.А амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч А.Б дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/487 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгож, А.Б холбогдох эрүүгийн 2513000000170 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:
4.1. Яллагдагч А.Б нь зам тээврийн осол гаргах үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгож, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг эргэлзээгүй тогтоож, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ бүрэн, гүйцэд биелүүлэхийг мөрдөгч, прокурорт даалгах гэжээ.
5. Прокурорын эсэргүүцэлд:
5.1. Шүүгчийн захирамжийг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
5.2. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон мөрдөгчийн магадалгаагаар А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ **** БӨН улсын дугаартай “Тоёота К****” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа ****БӨН улсын дугаартай “Тоёотоа К****” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож, гэм буруугийн талаар яллагдагч нь маргахгүй байхад шүүхээс түүний өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан “...хурдыг тогтоолгоё...” гэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Х**** шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бодитой тогтоолгох хүсэл эрмэлзэлтэй байгаа ч бодит байдалд уг хурдыг тодорхойлох боломжгүй юм. У*** нь гэрч Д.Ж, А.А, Б.Х нар нь 140-160 км цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлсэн ч хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн газарт үлдсэн ул мөр буюу 35 метр зай нь 2 тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөний дараа, уг газар, А цэгээс цааш гарсан тул захирамжийн заалт бүхий ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллаагаагаар тогтоогдохгүй.
5.3. Харин хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн магадалгаанаас бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг магадлах зэргээр шалгаж үнэлэн үзвэл яллагдагчийн жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн болох нь бүрэн, баттай тогтоогдсон, түүнчлэн Д.Ж нарын гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэвэл А.Б нь тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосноос хэмжээнээс хэтрүүлсэн болох тодорхой байна.
5.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан. Гэтэл шүүгч өөрийн санаачилгаар “...А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг мөн зөрчсөн байж болзошгүй...” гэж захирамждаа тусгасан нь хуулийн дээрх зүйл, заалттай нийцэхгүй байна.
5.5. Хэрэгт яллагдагч А.Б буруутгаж байгаа замын хөдөлгөөний дүрмийн зохих заалт, пакт дээр нэмж жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн эсэхийг тогтоох нь хэргийн зүйлчлэлд болон бусад ямар нэгэн асуудалд нөлөөлөхгүй, эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн анхан шатны шүүхээр хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.
5.6. Иймд 2025/ШЗ/487 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
ХЯНАВАЛ:
6. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул прокурорын энэ талаар гаргасан эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгов.
7. Яллагдагч А.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шөнө 00 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн **** БӨН улсын дугаартай “Тоёота К****” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Ж*** ауыл/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 13.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ****БӨН улсын дугаартай “Тоёота К****” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар насанд хүрээгүй хохирогч Р.Б эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Ж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч З.Ж эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, Б.А амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
8. Прокурорын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч А.Б дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасан нөхцөл байдлыг яллах үндэслэл болгоогүй байна.
9. Гэтэл анхан шатны шүүх тухайн яллагдагчийн хувьд прокурорын яллах дүгнэлтэд тусгагдаагүй буюу яллах үндэслэл болгоогүй асуудлаар буюу яллагдагч А.Б нь зам тээврийн осол гаргах үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгохоор шийдвэрлэж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь тухайн хэргийн бодит байдлыг тогтоох зарчим болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
10. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд “талууд” гэж шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, санал, хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарлаж, танилцуулдаг оролцогч, эсхүл яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг ойлгоно. Тухайн тохиолдолд прокуророос яллагдагч А.Б үйлдэл холбогдлын хувьд түүнийг “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэх нөхцөл байдлыг яллах үндэслэл болгоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
11. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар А.Б жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох тухай дээрх нөхцөл байдлыг тогтоосноор А.Б холбогдох хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орохгүй гэж дүгнэсэн атлаа тухайн үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь учир зүйн зөрчилтэй, уг үндэслэл нь тус хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлд хамааралгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцээгүй шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаан хүргүүлэхээр шийдвэрлэв.
12. Яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр нь хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33 дугаар заалт, 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, ... хүчингүй болгож” гэснийг тус тус удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/487 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээж авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч А.Б урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК