| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00062/И |
| Дугаар | 315/ШШ2026/00087 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2026/00087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 8-р анги төгсөж 1981 оны 6 дугаар сарын 15-нд ******* нэгдэлд туслах бригадын гишүүнээр ажилд орж 1981 оны 07 сарын 01-ээс 1983 оны 10 сарын 01 хүртэл ажилласан. Мөн 1987 онд цэргээс халагдаж ирээд нэгдлийн даргын тушаалаар нэгдлийн туслах бригадад тус оны 08 сарын 01-ний өдөр ажилд томилогдож 1988 оны 11 сарын 01 хүртэл ажиллаж байгаад 11 сарын 01-нээс хүн эмнэлгийн жолоочоор ажиллахаар томилогдож шилжин ажилласан. Гэтэл тухайн жил 1981 оны 06 сарын 15-наас 1983 оны 10 сарын 01, мөн 1987 оны 08 сарын 01-ээс 1988 оны 10 сарын 01 хүртэлх хугацааны Хөдөлмөрийн дэвтэр гээгдүүлсэн тул энэхүү ажиллаж байсан хугацааг шүүхээр баталгаажуулах гэсэн юм. Иймд тухайн үед ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр (Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар лавлагаа), 1981 оны 06 сарын 15-ны өдрийн нэгдлийн даргын 15 тоот тушаал, 1987 оны 08 дугаар сарын 01-ний 33 тоот тушаал, 1983 оны 10 сарын 24-ний 53 тоот тушаал, 1988 оны 11 сарын 01-ний 58 тоот тушаал зэрэг нотлох баримтыг үндэслэн тухайн жилүүдэд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.Тухайн үед надтай хамт ажиллаж байсан *******, нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1983.10.24-ний өдрийн 53 дугаар тушаал, Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988.11.01-ний өдрийн 58 дугаар тушаал, Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1987.08.01-ний өдрийн 33 дугаар тушаал, уг тогтоолын хавсралт, Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1981.06.15-ны өдрийн 1 дугаар тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь туслах ажилчнаар, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн ******* нэгдэлд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Цэвээн овогт Мажигсүрэнгийн ******* нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарыг дуустал, 1984 оны 06 дугаар сарыг дуустал, 1988 оны 01-10 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн ******* нэгдэлд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
Мажигсүрэнгийн *******д 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр,
Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цалингийн лавлагаа,
Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1983.10.24-ний өдрийн 53 дугаар тушаал,
Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988.11.01-ний өдрийн 58 дугаар тушаал,
Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1987.08.01-ний өдрийн 33 дугаар тушаал, уг тогтоолын хавсралт,
Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1981.06.15-ны өдрийн 1 дугаар тушаал,
гэрч *******ийн шүүхэд өгсөн “ 1981-1983 онуудад Сүхбаатар аймгийн ******* нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан. Би бас тус нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан. ******* нь 1984 онд цэргийн албан татагдаж явсан. Тэгээд цэргээс ирээд 1987-1988 оны 11 дүгээр сар хүртэл Сүхбаатар аймгийн ******* нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас ******* ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ” гэх,
гэрчгийн “ Би 1981 оноос Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Мажигсүрэнгийн ******* нь 1981 оны 06 дугаар сараас 1983 оны 10 сар хүртэл Сүхбаатар аймгийн ******* нэгдэлд грүүшикээр ажиллаж байсан. 1983 онд цэргийн албанд татагдаж яваад, 1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1987 оны 10 сард буцаж ажилдаа орсон. 1988 оны 11 дүгээр сар хүртэл тус нэгдэлдээ ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар байсан учраас ******* ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. ******* нь нийгмийн идэвх сайтай залуу байсан” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан буюу Сүхбаатар аймгийн ******* нэгдлээс Мажигсүрэн овогтой *******д 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийг үндэслэвэл, уг дэвтэрт тэмдэглэгдсэн Мажигсүрэн овогтой ******* гэх нэр, төрсөн огноо нь нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирох бөгөөд мөн дэвтэрт Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1981.06.15-ны өдрийн 15 тоот тушаалаар түүнийг нэгдлийн барилгын бригадад ажилчнаар авсан нь тэмдэглэгдсэн, мөн уг дэвтэрт түүний 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарыг дуустал, 1988 оны 01-10 дугаар сарыг дуусталх хугацааны цалин бичигдэж тухайн байгууллагын тамга, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байх тул энэ Хөдөлмөрийн дэвтрийг түүнийх гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
6. Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай лавлагаанд ******* ******* нэгдэлд 1981 оны 9 дүгээр сар, 1982 оны 2-6, 8-12 дугаар сар, 1983 оны 1-5 сар, 7-12 дугаар саруудад туслах ажилчнаар ажиллах хугацааны цалин хөлсний жагсаалт гарчээ.
7. Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1981.06.15-ны өдрийн 1 дугаар тушаал, хавсралтаар Мажигсүрэн Гантулгыг 1981 оны 06 дугаар сарын 15-наас барилгын бригадад ажилчнаар томилсон,
мөн нэгдлийн зөвлөлийн даргын 1988.10.24-ний өдрийн 53 дугаар тушаалаар ажилчнаар ажиллаж байсан *******д 18 хоногийн ээлжийн амралт олгосон,
мөн нэгдлийн зөвлөлийн даргын 1987.08.01-ний өдрийн 33 дугаар тушаал, уг тушаалын 2 хавсралтын 30 дугаарт нэгдэлд туслах ажилчнаар томилсон,
мөн нэгдлийн зөвлөлийн даргын 1988.11.01-ний өдрийн 58 дугаар тушаалаар “өөр байгууллагад шилжсэн учир 11 дүгээр сарын 01-нээс жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, хүн эмнэлгийн салбарт шилжүүлсэн ” нь тус тус дурдагджээ.
8. Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч******* , 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн ******* нэгдлийн барилгын бригадад ажилчнаар ажиллаж байсан нь нотлогдох тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* , 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн ******* нэгдэлд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН