| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2513001130187 |
| Дугаар | 2025/ДШМ/55 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/55
М.Д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Д холбогдох эрүүгийн 2513001130187 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.А, шүүгдэгч М.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Е.М, хохирогч Г.О /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А, хэлмэрч, орчуулагч М.Н нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ********* мэргэжилтэй, Зам, тээврийн хөгжлийн төвийн Баян-Өлгий аймгийн С***** сум дахь төлбөр авах цэгт төлбөр хураагч ажилтай, ам бүл ** хүнтэй, ********* хамт ***************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И**** овогт М********** Д********* /регистрийн дугаар [********]/;
2. М.Д нь Зам, тээврийн хөгжлийн төвийн Баян-Өлгий аймгийн С***** сумын төлбөр авах цэгт төлбөр хураагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 8 дугаар сарын 16, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус төлбөр авах цэгээр гарах гэж байсан **** ХОЕ, **** ХОҮ, **** ХОЕ, **** ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг жин хэтрүүлж ачаа ачсан гэх үндэслэлээр саатуулж, бодит байдлыг нуух замаар хохирогч Г.О төөрөгдөлд оруулан хуурч, түүнээс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 340,000 төгрөг, нийт 740,000.00 төгрөгийг бэлэн бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 166 дугаар яллах дүгнэлтээр М.Д дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолоор:
4.1. Шүүгдэгч И**** овогт М********** Д*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:
5.1. Өмгөөлөгч Е.М /ӨНБД:3689/ би М.Д холбогдох Эрүүгийн 2513001130187 дугаартай хэрэгт шүүгдэгч М.Д өмгөөлөгчөөр ажиллаж байна.
5.2. Өмгөөлөгч Е.М би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэсний дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн түүнчлэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй” гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.
5.3. Шүүхийн шийтгэх тогтоолын 11 дэх заалтад “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч М.Д нь З**, тээврийн хөгжлийн төвийн Баян-Өлгий аймгийн С***** сумын төлбөр авах цэгт төлбөр хураагчаар ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 8 дугаар сарын 16, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус төлбөр авах цэгээр гарах гэж байсан **** ХОЕ, **** ХОҮ, **** ХОЕ, **** ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жинг хэмжиж, даац хэтрүүлсэн гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан "... авто зам, замын байгууламжаар зорчиж буй авто тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ талаар гарсан хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлж ажиллах төвийн удирдлагыг мэдээллээр хангах” үүргээ зөрчсөн байна” гэсэн бол 12 дахь заалтад “Шүүгдэгч М.Д нь тухайн цаг хугацаанд З**, тээврийн хөгжлийн төвийн Баян-Өлгий аймгийн С***** сумын төлбөр авах цэгт төлбөр хураагчаар ажиллаж байсан, уг албан тушаалын байдлаа ашиглаж хохирогч Г.О “тээврийн хэрэгсэл чинь жин хэтрүүлсэн” хэмээн бодит байдал буюу тээврийн хэрэгслийн жин хэтрүүлсэн баримтуудыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “мөнгө төлөөд гарвал гар” гэж хуурч, нийт 740,000 төгрөгийг өөрийнхөө дансанд шилжүүлэн авч, уг мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ” хэмээн дүгнэсэн байна. Гэвч анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан дүгнэлтдээ дурдсанчлан миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь залилах гэмт хэрэг бус харин өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, тэр үеийн байдлаар мөн бүлгийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан бус этгээд хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа.
5.4. Залилах мэхлэх гэмт хэргийн нийгмийн хор аюул нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд тэднийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар халдаж, эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар олж авч байгаагаар тайлбарлагдана. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэрэг нь аливаа иргэний Үндсэн хуулиар баталгаажиж, салбар хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд шууд халдаж, түүнд хохирол, хор уршиг учруулахын сацуу итгэлцлийг үгүй хийдэг. Харин нийтийн албан тушаалтан бус этгээд хахууль авах гэмт хэргийн тухайд гэвэл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдэл байдаг.
5.5. М.Д хувьд дээр дурдсанчлан хийх ёсгүй байсан үйлдлээ хийсэн асуудал байгаа. Тухайлбал гэрч К.Е мэдүүлэгт “Тухайн зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр хураагч нар нь зөрчилтэй тээврийн хэрэгсэл илэрвэл жолоочийн бичиг, баримтыг түр хугацаагаар хурааж, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, авто тээврийн төвийн холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгдөг, бие дааж тээврийн хэрэгслийн жолоочид торгууль шийтгэл ногдуулдаггүй. Тогтоож өгсөн үнэ тарифын дагуу төлбөр мөнгө авдаг. С***** сумын төлбөр авах цэгээр том оврын тээврийн хэрэгсэл нь тогтоосон дүрэм журмын дагуу 18-44 тонн хүртэлх ачаатай зорчин өнгөрч болно. Төлбөр хураагч нар нь авто пүүн дээр тээврийн хэрэгслийг гаргаж зогсоож байгаад тэнхлэг бүрээр нь жинлүүлдэг, хэрэв тээврийн хэрэгслийн жин хэтэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг төлбөр хураах цэгийн хажууд байрлах түр саатуулах цэгт аваачиж ачааг нь буулгаж, дахин пүүлж тохирох тоннд тааруулж явуулдаг” гэсэн байна. Эндээс харахад бол М.Д нь албан тушаалын чиг үүргийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь харагдаж байгаа юм. Харин тухайн үед М.Д нь Г.О гэгдэж буй тээврийн хэрэгслүүдийн жин МNS 4598:2020 стандартад заасан дээд хязгаар болох 44 тонн хэмжээнээс хэтрээгүй байхад хэтэрсэн гэж хуурч эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлж авсан буюу мөнгө авсан байсан бол залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ эсхүл жин хэтэрсэн байсан ч та нарын жин хэтэрсэн байна мөнгө төлбөл гаргана гэж амлаад мөнгө төлсний дараа гаргаагүй эс үйлдэхүй байвал залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна үзэх боломжтой. Энэ тохиолдлын хувьд М.Д нь хийх ёсгүй үйлдэл хийж үүний хариуд шан харамж авсан асуудал байгаа бөгөөд энэ нь дээр дурдсанчлан нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангасан гэж үзэхээр байна.
5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсний дагуу зүйлчлэлд өөрчлөлт оруулж бидний гомдлыг хангаж өгнө үү.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
6.1. Хахууль авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байх шиг байна. Миний хувьд дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа гэж үзэж байна. Нийтийн албан тушаалтан биш байна.
6.2. М.Д үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Бодит байдлыг нуугаад, бодит байдал нь жин хэтрүүлж ачсан тээврийн хэрэгслийн тухайн постоор гаргаж болохгүй, жин хэтрүүлсэн нөхцөл байдлыг нууж, улмаар жин хэтрүүлээгүй хэмээн гаргаж өгье гэж мөнгө авч байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа, ингэхдээ албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэж байна. Хэрвээ тухайн албан албан тушаалтан биш байсан бол энэ гэмт хэргийг үйлдэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь зорчигч нар постын төлбөр хураагчид төлбөр, хураамжийг төлдөг. Энэ албан тушаалын байдлаа ашиглаж, нэр бүхий хохирогчоор удаа дараагийн үйлдлээр мөнгө авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн дагуу шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.
8. Шүүгдэгч М.Д нь Зам, тээврийн хөгжлийн төвийн Баян-Өлгий аймгийн С***** сумын төлбөр авах цэгт төлбөр хураагчаар ажиллаж байхдаа **** ХОЕ, **** ХОҮ, **** ХОЕ, **** ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тогтоосон хэмжээнээс хэтрүүлж ачаа ачсан гэх үндэслэлээр саатуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Г.О 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 400,000.00 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 340,000.00 төгрөг, нийт 740,000.00********* ***** ****** ****** **** банк дахь дансанд шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
9. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд болох Г.О 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг, хэргийн 13, 15 дахь талд авагдсан М.Д дансны хуулга, гэрч Б.А, К.Е нарын мэдүүлэг, З**, тээврийн хөгжлийн төвийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/166 дугаар тушаал, М.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн 112, 122 дугаар талд хавсаргасан баримтуудаас үзвэл, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нийтийн албан тушаалтан бус этгээд М.Д болон иргэн Г.О нарын хооронд болж өнгөрсөн үйл явдлын талаар хоорондоо зөрүүгүй мэдээллүүдэд тусгагдсан байна.
10. Харин тэдгээр нотолгооны хэрэгслүүдийг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч М.Д нь тухайн өдрүүдэд бусдыг, ялангуяа иргэн Г.О болон **** ХОЕ, **** ХОҮ, **** ХОЕ, **** ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жолооч нарыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлж, илүү ачаа ачсан гэж “хуурсан”, “зохиомол байдлыг зориудаар бий болгосон”, “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан” зэргээр залилсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Тодруулбал, нийтийн албан тушаалтан бус этгээд болох шүүгдэгч М.Д нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус тус бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэх үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй байхад шүүх М.Д болон Г.О нарын хооронд, Г.О М.Д дансанд нийт 740,000.00 төгрөг бэлэн бусаар шилжүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг буруу тайлбарлаж хэрэглэж хууль ёсны зарчмыг алдагдуулсан байна.
11. Энэхүү нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтаар шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, харин үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хууль үйлчлэх цаг хугацаа болон Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг тодорхойлсон.
М.Д болон Г.О нарын хооронд, Г.О М.Д дансанд нийт 740,000.00 төгрөг бэлэн бусаар шилжүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн үйл баримтад тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан биш этгээд хахууль авах гэмт хэргийн, түүнчлэн мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийн шинж тус тус байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, тухайн үйлдэл холбогдол болж өнгөрсний дараа Монгол Улсын Их Х****** 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж, мөн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт зарим нэмэлт оруулсан бөгөөд эдгээр нөхцөл байдалд хууль хэрэглээний хувьд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Энэ нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчим болон гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13. Харин анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлээгүй энэхүү нөхцөл байдлуудын талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилан дүгнэлт хийх боломжгүй, түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд М.Д болон Г.О нарын хооронд, Г.О М.Д дансанд нийт 740,000.00 төгрөг бэлэн бусаар шилжүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн үйл баримтуудад тодорхой төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтооход чиглэгдсэн мөрдөн шалгах ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Үүнтэй холбогдуулан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос “шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн агуулга бүхий үндэслэл”-ийг нь хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Шүүгдэгч М.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33 дугаар заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, шүүгдэгч М.Д болон түүний өмгөөлөгч Е.М “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК