Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 178

 

“Н...” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Жаргалант, Тариат,

Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт

холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч          Ч.Тунгалаг 

            Шүүгчид:                        Г.Банзрагч  

                                                    М.Батсуурь

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “”Н...” ХХК-ийн ....Х, ....Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт даалгах”,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 109/ШШ2019/0016 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 109/ШШ2019/0016 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Н...” ХХК-ийн 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг 3 хувааж тус бүр 23400 /хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Н...” ХХК-ийн 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг дээрх сумын Засаг дарга нарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэгч “Н...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тухай: Байгаль орчны менежентийн төлөвлөгөөг зөвхөн уул уурхайн салбараас гадна дэд бүтэц, үйлдвэр, хөдөө аж ахуйн, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд боловсруулж зохих төрийн байгууллагуудаар батлуулдаг. Уул уурхайн салбарт дотроо ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших явцад боловсруулж мөн батлуулдаг. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулах байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулах байгаль орчны менежментийн төлөвлөгөө агуулга, цар хүрээний хувьд өөр гэдгийг нэхэмжлэгч талаас хариуцагч нар болон давж заалдах шатны шүүхэд удаа дараа тайлбарлаж хэлсэн боловч давж заалдах шатны шүүх шийдвэр гаргах үндэслэлдээ Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1, 9.4, БОАЖ-ын сайдын 2014 оны А-5 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 2.1-ийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг тодорхойлсон. Хариуцагчид мөн байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, энэ хүрээнд иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй гэснийг мөн үндэслэдэг.

4. Гэтэл нэхэмжлэгч “Н...” ХХК нь ....Х, ....Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд БОАЖ-ын сайдын 2014 оны А-5 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын (2019.10.29-нд хүчингүй болсон) 2.4-т уул уурхайн төслийн хувьд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлагдсан хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна гэсэн зохицуулалтын дагуу боловсруулсан. БОНБҮтХ-д заасан иргэдэд хэлэлцүүлэх зохион байгуулах үүрэг нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлуулахтай холбоотой зохицуулалт юм. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компани “нөөц батлагдаж”, ТЭЗҮ-ийг боловсруулж, ашигт малтмалын нөөцийг хэрхэн ашиглахтай холбогдох харилцаанд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх шаардлага тавигддаг буюу өнөөдрийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага маргаанд огт хамааралгүй.

5. Давж заалдах шатны шүүх хяналтын хүрээ хязгаарыг давж, хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн тухай: дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлага Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох бөгөөд шүүхээс дүгнэлт хийхдээ 1-рт хариуцагч нар хариу өгсөн, 2-рт өгсөн хариу хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Үүндээ тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, мөн ИНХ-д ирж оролцож танилцуулга хийх гэж өгсөн байна, эдгээр нь үндэслэлтэй гэжээ. Нэхэмжлэгч нь 2018 онд хариуцагч нарт 4 удаа, 2019 онд 1 удаа хандсан. Тухай бүрт сумдын Засаг дарга нар хууль зүйн үндэслэлгүйгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг авахаас татгалзаж буцааж шидэж хөөх, хүлээн авч уулзахаас татгалзаж удаан хугацаагаар хүлээлгэх зэрэг хүнд суртал, хууль бус эс үйлдэхүй гаргасан.

           6. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэх талаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ажиллагаа явуулж АМГТГ-ын Кадастрын хэлтсээс тодруулж нэхэмжлэгч “Н...” ХХК-ийн эзэмшиж буй 5355Х, 5359Х тусгай зөвшөөрлүүд нь хүчинтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдсан. Давж заалдах шатны шүүх хяналтын хүрээ хязгаараас хальж нэхэмжлэлд хамааралгүй асуудалд дүгнэлт хийж, хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг огт үнэлэхгүй, зөвхөн сумдын Засаг дарга нарын хариуг хууль ёсны болгох боломжит бүхий л хуулийн хамааралгүй зохицуулалтуудыг үндэслэн шийдвэр гаргасан.

          7. Давж заалдах шатны шүүхээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гагцхүү хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зорилгоор хэлбэрийн төдий батлуулах нь тухайн төлөвлөгөөний ач холбогдол, зорилгод нийцэхгүй гэж дүгнэсэн. Ямар учир шалтгаан үндэслэлээр нэхэмжлэгчийн батлуулахыг хүсч байгаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэлбэрийн төдий гэж үзэж байгаа вэ гэдгээ шүүх огт тайлбарласангүй. Бидний батлуулахаар хандсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд нийцээгүй, буруу эсхүл шаардлага хангахгүй зэрэг асуудлаар огт санал гаргаагүй, хариуцагч нар ч бидэнд энэ талаар ямар ч шаардлага тавьж байгаагүй байхад шүүхээс хэт нэг талыг баримтлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

          8. Давж заалдах шатны шүүх хурлыг даргалагч хурлын процессыг зөрчиж нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн тухай: давж заалдах шатны шүүх хуралд Архангай аймгийн Жаргалант, Өндөр-Улаан, Тариат сумдаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь Өндөр-Улаан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралд оролцох хүсэлтээ гаргаж хуралд оролцсон. Нэхэмжлэгч нарын зүгээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг шүүх хурлыг ажиглахаар оролцож байна гэж ойлгосон. Гэтэл УИХ-ын гишүүн итгэмжлэл өгч шүүх хуралд оролцсон. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн итгэмжлэлийг нэхэмжлэгч нарт огт танилцуулахгүйгээр хуульд нийцсэн гэж үзэж, хурлыг шүүх бүрэлдэхүүн үргэлжлүүлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т гишүүн бүрэн эрхийн хугацаанд дор дурдсан ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй гээд 36.1.1 Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн; 36.1.2 улс төрийн намын сонгуульт албан тушаал; 36.1.3 төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал; 36.1.4           багшлах болон эрдэм шинжилгээний ажил гэж тусгасан.

9. Энэхүү жагсаалтад тойргийн иргэд эсхүл сумын Засаг даргыг итгэмжлэлээр төлөөлөх гэж тусгагдаагүй буюу УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь хавсран эрхлэх ёсгүй ажлыг гүйцэтгэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан буюу нэхэмжлэгч “Н...” ХХК, түүний ажилтан албан хаагч бидний ч мөн төлөөлөгч, ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй атал сонгогдсон тойргийн эрх ашгийн төлөө гэх нэрийн дор бусад иргэд, аж ахуйн нэгжийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа, мөн шүүхэд энэхүү хууль бус үйлдлээрээ зүй бус нөлөөлөл үүсгэж байгаад бид гомдолтой байна.

           10. УИХ-ын гишүүн нь өөрт хамаарал бүхий хэрэг маргаанд оролцох эрх нээлттэй ч улс төрийн зорилгоор сонгуулийн тойргийн орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтныг төлөөлж шүүх хуралд оролцож байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн зөвхөн сонгогдсон тойрог, албан тушаалтныг хамгаалж, бусад байгууллага, хувь хүний эсрэг ажиллах нь УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ, УИХ-ын тухай хуулиар тогтоосон хавсран эрхлэх ажлын хүрээг зөрчсөн байхад шүүх огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүн нь Монгол Улсын бусад энгийн иргэдээс эрх зүйн хамгаалалт, нэр хүнд, нөлөөлөл зэргээрээ давуу байдалтай байдаг тул нийгмийн бусад харилцаанд (УИХтХ-ийн 36.1 бусад) оролцохдоо хуулийн хязгаарлалтыг баримтлах учиртай билээ.

           11. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч “Н...” ХХК-иас “... ...Х, ...Х дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 10, 2018 оны 09 дүгээр сарын 19, 2018 оны 10 дугаар сарын 29, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд нийт 4 удаа  Архангай аймгийн Тариат, Жаргалант, Өндөр-Улаан сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн /байхад/ ... төлөвлөгөөг батлахаас татгалзсан ... хууль бус” гэж, хариуцагч нараас “... тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй, ...  тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дууссан /байхад/ ирүүлсэн тул батлах боломжгүй” гэж тус тус маргасан, нэхэмжлэгч “Н...” ХХК-иас ....Х, ....Х дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй хоёр талбайн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хариуцагч нарт дээрх хугацаанд ирүүлсэн эсэх болон төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйл баримттай холбогдуулан талууд маргаагүй байна.

14. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх”-ээр заасан, тухайн тохиолдолд, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө” хүргүүлсэн эсэх үйл баримтыг шүүх тогтоох,  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө, эсхүл дараа нь хүргүүлснээр үүсэх эрх зүйн үр дагавар ялгаатай эсэх, хариуцагч Засаг дарга нарын “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах” эрх хэмжээнд энэ хугацаа хамааралтай эсэхэд тус тус дүгнэлт хийх шаардлагатай.  

15. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Цөмийн энергийн газраас анх 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Н...” ХХК-д Архангай аймгийн Тариат, Жаргалант, Өндөр-Улаан сумдын нутагт “Далтын-Овоо” нэртэй газар орших 27709 га талбайд ...Х дугаар, мөн аймийн Жаргалант, Тариат сумдын нутагт “Асар-Уул” нэртэй газар орших 15687 га талбайд ...Х дугаар цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг тус тус “2011 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал” хугацаагаар олгосон, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг “2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал”, “2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал” хугацаагаар тус тус сунгасан, ...Х, ...Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг цаашид сунгасан талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, уг хоёр тусгай зөвшөөрлийн хугацаа  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн, тус газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-ийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр “... шүүхийн маргаантай байдлаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй байсан” гэх үндэслэлээр ...Х, ...Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн дээрх кадастрын бүртгэлийг хүчингүй болгосон, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

16. Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д “...цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх /үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх/”-ээр, 21 дүгээр зүйлийн 21.1-д “... 15.2.1...-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн үйл ажиллагааны онцлог, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 3 жил хүртэл хугацаагаар олгох”-оор, 22 дугаар зүйлийн 22.1-д “...15.2.1...-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргах”-аар, 27 дугаар зүйлийн  27.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан ... /бол тусгай зөвшөөрөл дуусгавар болох/”-оор, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан ... /тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болох/”-оор тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч “Н...” ХХК-д олгосон ...Х, ...Х дугаар цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсноор уг тусгай зөвшөөрлүүд дуусгавар болсон, ийнхүү “тусгай зөвшөөрөл дуусгавар болсон” хууль зүйн фактын үр дагавар нь “Н...” ХХК-д эдгээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх, үүрэг дуусгавар болох хууль зүйн үр дагаварыг үүсгэнэ.

17. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “... сум, дүүргийн Засаг дарга ... /байгаль орчныг хамгаалах/ төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40.3-т “...хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж тус тус заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хувьд хэрэгжинэ, дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн хувьд сумын Засаг даргад үүрэг үүсгэхгүй тул хариуцагч нарыг энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

18. Иймд,  “Н...” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон ...Х, ...Х дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар “2018 оны 09 дүгээр сарын 10, 2018 оны 09 дүгээр сарын 19, 2018 оны 10 дугаар сарын 29, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд нийт 4 удаа” гаргасан хүсэлтээр хариуцагч нарыг дуусгавар болсон 5355Х, 5359Х дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй гэж буруутгах боломжгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хугацааг тусгайлан заасан, “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө” ирүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байхад хариуцагч Засаг дарга нар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхтэй гэж үзнэ, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

19. Нэхэмжлэгч “Н...” ХХК-иас “...тусгай зөвшөөрлийн хугацаа  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлээ Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр хүчингүй болгосноор ... ...Х, ...Х тусгай зөвшөөрлүүд нь хүчинтэй болох нь нотлогдсон” гэж, хариуцагч нараас “... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дууссан” гэж маргааны үйл баримтад холбогдох ...Х, ...Х хайгуулын тусгай зөвшөөрөл “хүчин төгөлдөр эсэх” талаар анхнаасаа маргасан, шүүх энэ маргааны үйл баримтад холбогдуулж дүгнэлт хийх ёстой, давж заалдах шатны шүүхээс “... тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дууссан гэх үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагч нарыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй” гэж зөв дүгнэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төрболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа нарын “... давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд хамааралгүй асуудалд дүгнэлт хийж, хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг огт үнэлэхгүй, зөвхөн сумдын Засаг дарга нарын хариуг хууль ёсны болгох боломжит бүхий л хуулийн хамааралгүй зохицуулалтуудыг үндэслэн шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээж авахгүй.

20. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д “… /Кадастрын хэлтэс/ тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”-өөр заасан, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа хуульд заасны дагуу дуусгавар болсон тохиолдолд, ийнхүү дуусгавар болсныг бүртгэсэн Кадастрын хэлтсийн бүртгэл нь аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, түүнчлэн, уг бүртгэлээ эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгосноор тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа шууд эргэж сэргэх, үргэлжлэн тоологдох хууль зүйн үр дагавар үүсэхгүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээсэн, сунгасан талаарх эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон тусгай зөвшөөрлүүдийг  “... дуусгавар болоогүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, түүнчлэн маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн Кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэл,  Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрийн талаар талууд маргаагүй байхад “... хугацааг сунгуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна” гэж заасан, 29 дүгээр зүйлд “төлөөлөн оролцож болохгүй байдал”-ыг тодорхойлсон, хариуцагч  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Б.Эрдэнэхүү 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Г.Тэмүүлэнг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.1-28.2.8-д заасан эрх эдлэх талаар дурдаж итгэмжлэлээ давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүй байх, “Улсын Их Хурлын гишүүн” гэх үндэслэлээр Г.Тэмүүлэнг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзах эрх шүүхэд олгогдоогүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “гишүүн бүрэн эрх” нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр “төлөөлөл” хэрэгжүүлэхэд хамааралгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төрболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа нарын “... давж заалдах шатны шүүх ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, ... /итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Тэмүүлэнг хуралд оролцуулж/, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

22. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Н...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                         Д.МӨНХТУЯА