Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2016/ДШМ/020

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Прокурор *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 280 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор *******ийн бичсэн 2016 оны 19 тоот эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 201605000193 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ... ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /*******/

******* нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд байрлах тус сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар очсон бага насны хүүхэд болох 6 настай *******ид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 6 настай ******* нь 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчим нас барсан, ******* нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажилласан эсэх, эмч ******* нь эмнэлгийн байгууллагын ямар дүрэм журмыг хэрхэн зөрчсөн болох, өвчтөнд эмнэлгийн ямар тусламж үзүүлэх үүргийг хэрхэн биелүүлээгүй болох, ямар тусламж үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх, тухайн нөхцөлд эмнэлгийн ямар үйлчилгээ тусламжийг хэрхэн үзүүлэх ёстой байсан талаар нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар гаргуулах нь зүйтэй байна.

Талийгаач *******ийг үхэлд хүргэх болсон шалтгаан нь эмч *******ын үйлдэлтэй ямар учраас холбогдож байгааг тогтоох нь зайлшгүй шаардлагатай байна.

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, тухайн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих бүхий л ажиллагаануудыг тухайн үед бүрэн дүүрэн хийгээгүй, нөхөн гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдов.

Шүүхээс шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэж болох боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 233 дугаар зүйлийн 233.1-д заасныг зөрчих тул хэргийг прокурорын байгууллагаар дамжуулан мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор ******* 2016 оны 19 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй ба захирамжид дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.

******* нь хүүхдийг үзэж онош буруу тавьсан, үзлэг хангалтгүй хийгдсэн, лабораторын шинжилгээ хийгээгүй, дээд шатлалын эмнэлэгт хүргээгүйн улмаас ******* шээсний хүчлийн хордлогод орж нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 49 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нөгөөтэйгүүр ******* нь өдөр тутам гүйцэтгэх ажил болох ажлын байрны тодорхойлолтын А-д заасан “Үйлчлэх хүрээний хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай үзүүлэх замаар тэдний эрүүл мэндийн түвшинг сайжруулах”, Б-гийн 3-т заасан “Үйлчлэх хүрээний хүн амд оношлогоо, эмчилгээ хийх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлгийн байгууллага руу шилжүүлэх”, Б-гийн 4-т заасан “Үйлчлүүлэгчээс өгсөн яаралтай тусламжийн дуудлагыг зохион байгуулах”, Г-гийн 1.2-т заасан “Үйлчлүүлэгчийн ар гэртэй үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл солилцох, Орон нутгийн байгууллагад өвчтөнг 2 дугаар шатлалын эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулах талаар мэдэгдэж, өвчтөнг 2 дугаар шатлалын эмнэлэгт хүргэх” гэсэн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй байдаг.

Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар зүйл нь эмнэлгийн байгууллагын дотоод хяналт шалгалттай холбоотой заалт бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд Шүүхийн шинжилгээний албаны шинжээчээр дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх нь хууль ёсны юм.

Шүүгч тухайн хэрэгт гарсан шинжээчийн 49 тоот дүгнэлтийг үндэслэлгүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа уг дүгнэлтийн талаар дахин дүгнэлт гаргуулахаар зааж байгаа нь үндэслэлгүй байна. Талийгаачийн үхлийн шалтгаан буюу шээсний хүчлийн хордлогод орсоны улмаас бөөр шээсний замын хурц үрэвсэлт өвчний улмаас олон эрхтэний дутагдалд орж нас барсан бөгөөд түүнд хаван хөөх, хордлого тайлах, шээс хөөх, өвчин намдаах, тархи хамгаалах, бөөрний үйл ажиллагааг дэмжих, амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих зэрэг эмчилгээ хийгдэх ёстой байсан, талийгаачид анхан шатны үзлэг хийгээгүй, шинжилгээ аваагүй, аймгийн эмнэлэгт хүргэх арга хэмжээ авах ёстой байтал аваагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул дахин дүгнэлт гаргуулах шаардлаггүй юм.

Хэрвээ шинжээчийн дүгнэлттэй холбоотой тодруулах нэмэлт дүгнэлт гаргуулах шаардлагатай бол шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан гэрч З.Цэндхүү, Ч.Одгэрэл, С.Энхбаяр, А.Ганболд нарын мэдүүлгээр нотлогдож байгаа.

Нөгөөтэйгүүр захирамжийн заалтууд нь өөр хоорондоо зөрчилтэй буюу тухайн хэрэгт нэг бол Эрүүл мэндийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар эсхүл Шүүхийн шинжилгээний байгууллагаар дахин дүгнэлт гаргуулахаар заасан нь ойлгомжгүй байна.

Өмгөөлөгчийн хүсэлтэд дурьдагдсан талийгаач гэмтэл хэрхэн авсан, ардын эмчилгээ хийсэн эсэх нь уг хэрэгт хамааралгүй бөгөөд талийгаачийн биед гэмтэл тогтоогдоогүй болох нь задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, ардын эмчилгээ хийлгэсэн нь *******ын үйлдэлтэй шалтгаант холбоогүй бөгөөд хэрэгт хамааралгүй юм.

Шүүгчийн захирамжид дурьдагдсан мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих бүхий л ажиллагаануудыг тухайн үед бүрэн дүүрэн хийгээгүй, нөхөн гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдов гэж дүгнэсэн нь ойлгомжгүй буюу мөрдөн байцаалтын ямар ажиллагааг тухайн цаг хугацаанд нь гүйцэтгэлгүй нөхөн гүйцэтгэсэн болох энэ нь хэргийг шийдвэрлэхэд хэрхэн саад учруулж байгаа, аль хуулийг зөрчиж байгаа талаар тодорхойгүйгээс дүгнэхэд захирамжийн энэ заалтыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт маш олон эргэлзээтэй зүйл байдаг энэ талаар прокурорын шатанд хүсэлт гаргаж байсан боловч хүлээн авахгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байсан. Хэрэгт авагдсан байгаа шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт тусгагдсан хариултууд нь нөгөө хариултаа няцаасан маш эргэлзээ төрүүлэхүйц байгаа. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэл тус бүрийг авч үзвэл ******* нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажилласан эсэх, эмч ******* нь эмнэлгийн байгууллагын ямар дүрэм журмыг хэрхэн зөрчсөн болох, өвчтөнд эмнэлгийн ямар тусламж үзүүлэх үүргийг хэрхэн биелүүлээгүй болох, ямар тусламж үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх, тухайн нөхцөлд эмнэлгийн ямар үйлчилгээ тусламжийг хэрхэн үзүүлэх ёстой байсан талаар нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар гаргуулахаар заасан бөгөөд энэ нь хавтаст хэргийн 111-115 дугаар талд авагдсан “Ажлын байрны тодорхойлолт”-д бүрэн тусгагдсан байна.   

Мөн шүүгчийн захирамжид “...мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих бүхий л ажиллагаануудыг тухайн үед бүрэн дүүрэн хийгээгүй, нөхөн гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдов...” гэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд *******т холбогдох хэрэгт тухайн үед гүйцэтгэх ёстой байсан ямар ажиллагааг дутуу хийж нөхөн гүйцэтгэсэн талаар шүүгчийн захирамжид тодорхой дурдагдаагүй байх тул уг асуудлуудаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэн энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хавтаст хэргийн 74-76 дугаар талд авагдсан байгаа Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн №49 тоот шинжээчийн дүгнэлт нь илтэд эргэлзээтэй уг дүгнэлтийн дүгнэлт хэсэгт тусгагдсан зарим зүйлүүд нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн хүрээнд гаргах асуудал мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй байх тул прокурорын эсэргүүцлийн уг хэсгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийсний эцэст түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 280 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2, 3 дахь заалтыг хэвээр үлдээж 1, 4 дэх заалтыг хүчингүй болгон, дээд шатны прокурор *******ийн бичсэн 2016 оны 19 тоот эсэргүүцлийн 1, 4 дэх хэсгийг хүлээн авч, 2, 3 дахь хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Б.НАМХАЙДОРЖ