Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Р.Батнасан;

шүүгдэгч:  Г.Ц (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Их тугт овогт Г.Ц холбогдох эрүүгийн 1809003360470 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,  Сурагчийн 86 дугаар гудамжны 2-15 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59А байрны 98Е тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ШБ85061860 регистерийн дугаартай, Их тугт овогт Г.Ц

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Ц нь 2018  оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 хороо, Хангайн 20-785 тоот хашааны үүдэнд иргэн Э.Оргилмөнхийн үснээс гараараа зулгааж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: Гэм буруу дээрээ маргаангүй тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Оргилмөнх  /хх-ийн  13-14/, гэрч Б.Байгалмаа  /хх-ийн 29-30/, Х.Тэлмэн /хх-ийн 31/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1056 тоот дүгнэлт /хх-ийн 22/, Г.Ц-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-43/, Г.Ц-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 2-3, 27-28/, хохирогч Э.Оргилмөнхийн хүсэлт /хх-ийн 62/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ц нь 2018  оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчим  Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20-785 тоот хашааны үүдэнд Э.Оргилмөнхийн “хашааны үүдэнд шээж, бөөлжиж болохгүй” гэсэн үгэнд дургүйцэж, хэрүүл маргаан үүсгэн, улмаар Э.Оргилмөнхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Э.Оргилмөнхийн /хх-ийн 13/: “... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчим манай хашааны үүдэнд автомашинтай хүмүүс ирээд бөөлжөөд, шээгээд байхаар нь би гараад “болцгоо та нар, наад хашааны үүдэнд шээж, бөөлжиж болохгүй” гэж хэлэхэд улаан өнгийн 3869 УБУ дугаартай Приус-20 маркийн машинтай 40 орчим насны 2 хүүхэн, нэг залуу намайг элдвээр хэлж “гичий, янхан, банзал” зэргээр дуудаад байсан. Нөгөө 2 хүүхний 1 нь миний үснээс татаад зуураад авсан. Нөгөө хүүхэн нь хажуугаар орж ирээд зуурч аваад жолооч залуу нь энгэрээс зуураад үснээс зулгаасан. Манай нөхөр, дүү хоёр гарч ирээд намайг салгасан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Байгалмаагийн  /хх-ийн 29 /: “... Болдоогийн машиныг хөдөлгөж яваад гудамжны үзүүр дөнгөж эргээд явж байтал Ц “дотор муухай болоод байна” гээд машиныг зогсоож буугаад хашаа түшээд бөөлжих гээд хашаа түшээд зогсож байсан чинь хашаанаас шар үстэй үл таних эмэгтэй гарч ирээд “муухай заваан архичин пизда” гэх мэтээр Ц-ийг доромжлоод байсан. Ц “би бөөлжөөгүй”  гэж хэлсэн чинь нөгөө шар үстэй хүүхэн Ц-ийг үсдээд авсан. Ц зөрүүлээд үсдээд авсан юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Х.Тэлмэнгийн  /хх-ийн 31 /: “... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 785 тоот хашааны гадна хэдэн хүмүүс манай эхнэр Оргилмөнхтэй маргалдсан. Хар куртиктэй хүүхэн манай эхнэрийг үсдээд зулгаасан байдалтай байхаар нь салгах гээд дундуур нь ороод дийлээгүй...” гэх мэдүүлгээр,

 

Г.Ц-ийн буруутай үйлдлийн улмаас Э.Оргилмөнхийн биед “зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1056 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Ц-ийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Г.Ц-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Оргилмөнх “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Г.Ц-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Г.Ц-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их тугт овогт Г.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэлмэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэлмэгт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ