| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2513000000191 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
С.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/244 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Б холбогдох эрүүгийн 2513000000191 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, хохирогч Т.П /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дүгээр сарын **-ны өдөр ******************* төрсөн, ** настай, эрэгтэй, ********** боловсролтой, ********* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, *************** хамт *************** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Н***** овогт С****** Б***********, РД:[********].
2. Х********* хэргийн талаар:
2.1. Шүүгдэгч С.Б нь 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн нэгдсэн зар мэдээ” гэсэн фейсбүүк группт “Үхэр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Ц “...надад 20 ширхэг үхэр бэлэн байна, хэд хоногоос 80 ширхэг үхэр ирнэ, би танд ачуулаад явуулъя...” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Ц өөрийн эхнэр Б.А эзэмшлийн Х*** банкны *********** тоот дансаар дамжуулан 12,000,000 төгрөг шилжүүлэн авсан,
2.2. мөн бусдад их хэмжээний өр төлбөртэй гэх бодит байдлаа нууж, огт малгүй атал малтай мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, фейсбүүк цахим орчинд “сарлаг бяруу болон монгол бяруу зарна” гэх утга бүхий зар байршуулан улмаар дээрх зарын дагуу холбогдсон хохирогч Т.П 10 тугаллах үнээ, 10 шүдлэн, 5 бяруу нийт 25 тооны үхэр худалдан борлуулахаар түүнийг хуурч, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 900,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 9,100,000 төгрөгийг өөрийн эхнэр Б.А эзэмшлийн Х*** банканд байрших *********** тоот дансаар дамжуулан авч, хохирогч Т.П 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай энгийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаар яллах дүгнэлтээр С.Б дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/244 дүгээр шийтгэх тогтоолоор:
4.1. Шүүгдэгч Н***** овогт С****** Б************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “З******” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоож,
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
4.5. Шүүгдэгч С.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Д***** сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Д***** сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
4.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б гэмт хэргийн хохиролд 5,000,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ц, 10,000,000 төгрөг гаргуулан хохирогч Т.П нарт тус тус олгож шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Сум дундын анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэсэн, шийдвэр гаргасан юм. Сум дундын анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 заалтад өөрчлөлт оруулахаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн 302/ШЦТ2025/244 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:
6.1. Шүүгдэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ба 5 дахь заалтаар Д***** сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гудамж, талбай цэвэрлүүлэхийг холбогдох байгууллагад даалган шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
8. Хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч С.Б нь 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн нэгдсэн зар мэдээ” гэсэн фейсбүүк группт “Үхэр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Ц “...надад 20 ширхэг үхэр бэлэн байна, хэд хоногоос 80 ширхэг үхэр ирнэ, би танд ачуулаад явуулъя...” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Ц өөрийн эхнэр Б.А эзэмшлийн Х*** банкны *********** тоот дансаар дамжуулан 12,000,000 төгрөгийг нь шилжүүлэн авч, Б.Ц 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
түүнчлэн бусдад өр төлбөртэй гэх бодит байдлаа нууж, огт малгүй атал малтай мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг итгүүлэн, фейсбүүк цахим орчинд “сарлаг бяруу болон монгол бяруу зарна” гэх утга бүхий зар байршуулан, тус зарын дагуу холбогдсон хохирогч Т.П 10 тугаллах үнээ, 10 шүдлэн, 5 бяруу нийт 25 тооны үхэр худалдан борлуулна гэж хуурч, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 900,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 9,100,000 төгрөгийг тус тус өөрийн эхнэр Б.А Х*** банкны *********** тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, Т.П 10,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цуглуулсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.
9. Тухайлбал, шүүгдэгчийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулж, тэдгээрийн мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан хууль бус үйлдлүүд нь:
-Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,
-Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
-Гэрч Е.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
-Иргэн Б.А Х*** банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
-Шүүгдэгч С.Б нэр дээрх бүртгэлтэй мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын хуудас /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
-Хохирогч Т.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
-Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
-Баян-Өлгий аймгийн Д***** сумын 12 дугаар багийн Засаг дарга ажилтай Е.Н 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 69 дэх тал/,
-Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
-Хохирогч Т.П гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн, фейсбүүк зарын тухай баримтууд /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
-Яллагдагч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 82 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, хүрэлцээтэй байх тул тэдгээрийг шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд заасан журамд нийцжээ.
10. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч 2 иргэнийг цахим хэрэгсэл ашиглаж, төөрөгдөлд оруулж, хохирогчдын мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
11. Шүүгдэгч С.Б дээрх хоёр удаагийн үйлдэл холбогдлыг нэгтгэн хоёр иргэний мөнгөн хөрөнгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж завж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
12. Иймд шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Д***** сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Д***** сумын Засаг даргын Т***** газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус хангасан, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн Зургаадугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журмыг хуульд зааснаар баримталсан, гэм буруутай этгээдэд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна.
13. Шүүгдэгч С.Б нь “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 заалтад өөрчлөлт оруулахаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн 302/ШЦТ2025/244 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэлүүдийг харгалзан үзэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/244 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ