2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/00414

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 06 191/ШШ2026/00414

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .....дүүрэг, .....дүгээр хороо, ...... оффис, 2 дугаар давхар, .... тоот байрлах, ...ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ...... дүгээр хороо, Ж..... гудамж-3, өөрийн байр, 3 даврхар, .... тоотод байрлах,.... даатгал ХК /РД:....../-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 47,879,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .....н /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...ХХК нь хариуцагч.... даатгал ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...ХХК нь харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бөгөөд .... дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрх .... корпораци ХХК-ийн агуулахын харуул хамгаалалтыг хариуцаж байх хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 удаагийн давтамжтай хулгай орж, улмаар 47,879,850 төгрөгийн хохирол учирсан.

...ХХК нь хулгай гарсныг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хяналтын камераар илрүүлж нэн даруй.... даатгал ХК болон .... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус мэдээллийг хүргүүлсэн.

Хохирлыг талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан.... тоот Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ-ийн 5.3, 5.4, 9.3 дах заалтыг үндэслэн.... даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч төлөхөөс татгалзсан.

.... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс уг тохиолдолд 230500811 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай албан бичгийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр.... даатгал ХК-д хүргүүлснийг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагчид 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 03/67 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар хүссэн хэдий ч хариуцагчийн зүгээс Даатгалын гэрээний 9.1-т заасны дагуу нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх 90 хоногийн хугацаа 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэж тухайн өдөртөө мэдэгдсэн.

...ХХК-ийн зүгээс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2 удаа хороонд энэ тухай мэдэгдэж, Хорооноос 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус хариу албан бичгийг ...ХХК,.... даатгал ХК-д хүргүүлсэн.

Хорооноос уг асуудлыг шалгаж үзээд ....... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс захиалгаар даатгалын хохирлын үнэлгээ гаргасан ... ХХК нь тусгай зөвшөөрөлгүй байна..., ...уг тохиолдлын шалтгааныг .... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс тогтоон шалгах ажиллагаа хийгдэж, холбогдох дүгнэлт гарах болон тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэх даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт гарсны дараа нөхөн төлбөрийн баримт бүрдүүлж өгөх хугацаа тоологдож эхлэх нь зөв буюу даатгуулагчийн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг.

.... ХК-ийн зүгээс дээрх утга бүхий албан бичгийг хорооноос хүлээн авсны дараагаар 2023 оны 11 дүгээр сарын 13, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хорооны шийдвэртэй санал нийлэхгүй тухай албан бичгийг ...ХХК-д илгээсэн. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын дүгнэлт нь гэрээний 9.2.5-д тусгасан эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт биш, гэрээний 13.4-т зааснаар нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх хугацаа дуусгавар болсон тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй тухай дурдсан. Түүнчлэн Хорооноос ирүүлсэн 2 албан бичиг нь утгын хувьд зөрчилдөөнтэй байгаа талаар 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан бичигтээ дурдсан нь үндэслэлгүй юм. Цагдаагийн байгууллагыг даатгалын хохирлын хэмжээг тогтоох эрх бүхий этгээд гэж үзэхгүй гэж дурдсан болохоос хохирлын шалтгааныг тогтоох эрхгүй гэж хэлээгүй. Улмаар Хорооны хоёр дахь албан бичигт цагдаагийн байгууллага нь даатгалын хохирлын шалтгааныг тогтоох эрх бүхий этгээд мөн болох тухай тодорхой дурдсан байдаг.

Гэрээний 9.3-т Хэрэв гэрээний 9.2.5-т заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолтыг гаргахад хугацаа шаардлагатай бол уг тодорхойлолт гарснаас хойш 9.1-д заасан хугацаа тоологдож эхэлнэ, мөн гэрээний 9.2.5-д Даатгалын тохиолдол үүссэн шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гэж тус тус зааснаас үзвэл аливаа даатгалын тохиолдол үүсэхэд 1-т шалтгаан, 2-т хохирлын хэмжээ гэх хүчин зүйлсийг тус тус эрх бүхий этгээдээр гаргуулах шаардлагатай гэж ойлгогдож байна. Энэ тухай мөн Даатгалын багц дүрмийн хавсралт 1 -Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийн 8.2-т Даатгагч хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад даатгалын гэрээнд заасан хугацаа өнгөрсөн шалтгаанаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахгүй байх гэж нарийвчлан зохицуулсан байдаг.

Иймд энэхүү тохиолдлын хувьд хохирлын шалтгааныг тогтоох эрх бүхий байгууллага нь Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн байгууллага буюу .... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс мөн байна.

Харин даатгалын хохирлын хэмжээг тогтооход тухайн Цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг үнэлгээний компанийн дүгнэлтийг ашиглаж болох эсэх тухай зохицуулалт хууль тогтоомжид тусгагдаагүй тул Хорооны дүгнэлтийн дагуу ...ХХК нь даатгалын хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий .... ХХК-аар 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хөрөнгийн үнэлгээ хийлгэж тайлан гаргуулсан болно.

Уг тохиолдлын тухайд .... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс .... корпораци ХХК-ийн бараа материалын агуулахад гарсан хулгайн гэмт хэрэг нь шалгагдаж байгаа гэсэн утга бүхий албан бичгийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болон 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хүлээж авсан болно.

Иймд даатгалын гэрээний 11.2.2, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг болон Хорооны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 9/145 тоот албан бичгийг тус тус үндэслэн хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр болох 47,879,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үүний шалтгаан нь уг хэрэгтэй зэрэгцээд .... даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...ХХК-д холбогдох гэм хорыг барагдуулахтай холбоотой хэрэг хэлэлцэгдэн ...ХХК-иас 14,294,583 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэгдэн хүчин төгөлдөр болсон.

Даатгалын гэрээний 7.2.1, 7.2.5-д зааснаар даатгуулагчийн ажилтны санамсаргүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл болон албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүйгээс гуравдагч этгээдээс учирсан хохирол гаргах эрсдэл хамаарна гэж заасан. Мөн гэрээний 8.3-т зааснаар даатгагч нь Монгол Улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээнд тогтоосон акт зэргийг үндэслэн нөхөн төлбөр олгоно, шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шүүхэд давж заалдах бол тухайн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй гэж заасан. 8.6-т зааснаар даатгагч нь даатгалын эрсдэлийн улмаас даатгуулагчийн гуравдагч этгээдүүд учирсан хохирлыг барагдуулах, хэрэв шаардлагатай бол шүүхийн шийдвэрийг үндэслэн гэрээгээр тохирсон нэг удаагийн тохиолдлын хязгаарлалт багтаан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасаж тооцсон дүнгээр нөхөн төлбөр олгоно гэж заасан.

Иймд нэхэмжлэгч өөрийн хүлээх 15 хувийн хариуцлага болох 2,143,187.45 төгрөгийг хасаж, үлдэх 12,150,395.55 төгрөг, .... ХХК-аар дахин үнэлгээ хийлгэсний зардал 495,000 төгрөг нийт 12,645,395 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч.... даатгал ХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч ...ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр.... даатгал ХК-тай.... дугаартай Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ байгуулж, өөрийн үйлдлийн улмаас гуравдагч этгээдэд учруулах хохирол, гэм хорыг арилгах хуулийн үүрэг хариуцлагаа даатгуулсан.

Даатгуулагч нь анх 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...ХХК-ийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг .... корпораци ХХК-ийн агуулахаас дамартай утас хулгайд алдагдсан хэмээн мэдэгдсэн.

Уг мэдэгдлийн дагуу бид даатгуулагчид гэрээнд заасан нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай материал, баримтууд-ыг бүрдүүлэн өгөх зөвлөгөөг удаа дараа өгсөн хэдий ч даатгуулагч нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар даатгалын тохиолдол бий болсноос хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн баримтыг бүрэн гүйцэт бүрдүүлж өгнө гэж заасныг зөрчиж, тухайн хугацаанд нөхөн төлбөрийн баримтуудын бүрдүүлж өгөөгүй байдаг.

Иймд,.... даатгал ХК нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн.... дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай гэх албан бичгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэ тухайгаа даатгуулагчид мэдэгдсэн байдаг.

Гэвч, даатгуулагч нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаартай Даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт гэх албан бичгээрээ харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байх үед албан хаагчдын хайхрамжгүй байдлын улмаас удаа дараа буюу 6 удаагийн хулгайн шинжтэй үйлдэл гарч, 49,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь цагдаагийн байгууллагаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нөхөн төлбөр олгохыг хүсэж, зарим баримтуудын хамтаар цахим шуудангаар ирүүлсэн боловч даатгагч нь өмнө дурдсан үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзсан.

...Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай албан бичгийн агуулгыг даатгуулагчийн дурдаж буй шиг нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй гэж бус, харин хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзалгүйгээр материалыг хүлээн авч, гэрээнд зохицуулсан ёсоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэсэн утгатай хэмээн ойлгож байна.

Талуудын хооронд байгуулагдсан энэхүү Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ бол Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэг болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар Сайн дурын даатгалын хэлбэрийг батлах тухай тогтоолын хавсралтын 1.10-т заасан хариуцлагын даатгал юм.

.... дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасанчлан тухайн нутаг дэвсгэрт гарсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий цорын ганц этгээд байх ба харин .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бол шүүгдэгчийн гэм бурууг тогтоох, хариуцлагыг хүлээлгэх цорын ганц эрх бүхий хуулийн субъект байна.

Өмнө дурдсан гэрээний заалтууд болох гэрээний 4, 5, 2.5, 2.7, 8.2, 8.3, 8.4, 8.13, Иргэний хууль болон Даатгалын тухай хуулийн зохицуулалтуудаас харвал дараах нөхцөл байдал илэрхий болж байна. Энэхүү сайн дурын хариуцлагын гэрээний дагуу хохирогчид нөхөн төлбөр олгохын тулд дараах хэм хэмжээ, урьдач нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай байна. Үүнд:

1.  Гэрээнд заасан даатгалын эрсдэл үүссэн байх буюу Даатгуулагч нь хэвийн үйл ажиллагаа явуулах үедээ гуравдагч этгээдэд гэм хор учруулсан байх

2.  Уг эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүссэн байх буюу уг хулгайн улмаас учирсан хохирлыг ...ХХК-ийг хариуцан арилгах үүрэгтэй хэмээн үзсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх.

 

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудаст ...ХХК-ийн тухайлсан ямар хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс болж .... корпораци ХХК-д хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар ...ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас .... корпораци ХХК-д хохирол учирсан талаарх баримт нотолгоо байхгүй учраас манай компанийн зүгээс даатгалын гэрээний дагуу хариуцлага хүлээх үндэслэлгүй. Даатгалын эрсдэл, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гэрээний 13.6 дахь хэсэгт Гэмт хэргийн шинж чанартай аливаа хохирол-д нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай заасан байдаг.

.... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тухайн хэрэг учралд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж байгаа болохыг хариуцсан мөрдөгчөөс нь тодруулсан ба үүнтэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт хэдийн авагдсан байна.

Иймд, уг гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хожим хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдсон ч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, .... дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх-8, 19/, Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ /хх-9-17/, 2023.05.15-ны өдрийн 03/67 дугаартай ...ХХК-иас.... даатгал ХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-20/,.... даатгал ХК-иас ...ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-21/, 2023.05.22-ны өдрийн 3/72 дугаартай ...ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн албан бичиг /хх-22-23/, 2023.05.23-ны өдрийн 03/075 дугаартай албан бичиг /хх-24/, 2023.06.06-ны өдрийн 9/2312 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооноос ...ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-25/, ... ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-26-27/, 2023.11.13-ны өдрийн 01/0727 дугаартай.... даатгал ХК-иас ...ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-28-29/, 2023.12.13-ны өдрийн 3/146 дугаартай ...ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн албан бичиг /хх-30-31/, 2024.01.15-ны өдрийн 9/145 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооноос.... даатгал ХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-32/, 2024.01.26-ны өдрийн 03/10 дугаартай ...ХХК-иас.... даатгал ХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-33/, 2024.02.02-ны өдрийн 01/104 дугаартай.... даатгал ХК-иас ...ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-34/, .... ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-35-41/, 2023.03.21-ний өдрийн 3/2944 дугаартай .... коркпораци ХХК-иас .... даатгал ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-88-90/, төлбөрийн баримт /хх-91-92/, .... даатгал ХХК-ийн ...ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл /хх-93-94/, Хөрөнгийн даатгалын гэрээ /хх-95-102/ төлбөрийн баримт /хх-166-169/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-44/, 2023.11.13-ны өдрийн 01/0727 дугаартай.... даатгал ХК-иас ...ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-56-57/, 2024.02.02-ны өдрийн 01/104 дугаартай.... даатгал ХК-иас ...ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-58/

 

5. Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: .... корпораци ХХК, ...ХХК-ийн хооронд байгуулагдсан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-103-115/ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /хх-143-147/,.... даатгал ХК-ийн шуурхай дугаарт холбогдон мэдэгдсэн дуудлагын дуу бичлэг /войс рекорд/, ...ХХК-д зөвлөгөө өгсөн өөр тохиолдол байгаа бол түүнийг нотлох захидал харилцаа, и-мэйл /хх-128-139/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ...ХХК нь хариуцагч.... даатгал ХК‑д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 47,879,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 36,628,085.20 төгрөг гаргуулахаар шаардсан. /хх80-81/

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь .... даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...ХХК-д холбогдох гэм хорын хохирол барагдуулахтай холбоотой хэрэг хэлэлцэгдэн ...ХХК-иас 14,294,583 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр 14,294,583 төгрөгөөс гэрээгээр хүлээх 15 хувийн хариуцлагыг хасаж үлдэх 12,150,395.55 төгрөг болон .... ХХК-аар дахин үнэлгээ хийлгэсний зардал 495,000 төгрөг нийт 12,645,395.55 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

 

2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгч ...ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ нэхэмжлэгч нь .... корпораци ХХК-ийн агуулахын харуул хамгаалалтыг хариуцаж байх хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 удаагийн давтамжтай хулгай орж, 47,879,850 төгрөгийн хохирол учирсан.

Талуудын хооронд байгуулагдсан Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ-ийн 5.3, 5.4, 9.3 дах заалтыг үндэслэн.... даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэхэд Даатгалын гэрээний 9.1-т заасны дагуу нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх 90 хоногийн хугацаа 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар үндэслэлээр татгалзсан.

Санхүүгийн зохицуулах хороонд энэ талаар ...ХХК-ийн зүгээс 2 удаа мэдэгдсэн ба хорооноос уг асуудлыг шалгаж үзээд .... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс шалгах ажиллагаа хийгдэж, холбогдох дүгнэлт гарах мөн тусгай зөвшөөрөлтэй компаниар даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт гарсны дараа нөхөн төлбөрийн баримт бүрдүүлж өгөх хугацаа тоологдож эхлэх нь зөв буюу даатгуулагчийн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг.

Хохирлын шалтгааныг тогтоох эрх бүхий байгууллага нь цагдаагийн байгууллага буюу .... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс мөн байна.

Харин даатгалын хохирлын үнэлгээний тухайд тусгай зөвшөөрөл бүхий .... ХХК-аар 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хөрөнгийн үнэлгээ хийлгэж тайлан гаргуулсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад .... даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...ХХК-д холбогдох гэм хорыг барагдуулахтай холбоотой хэрэг хэлэлцэгдэн ...ХХК-иас 14,294,583 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэгч нь дээрх төлбөрөөс гэрээгээр өөрийн хариуцах 15 хувийн хариуцлагыг хасаж тооцон, .... ХХК-ийн үнэлгээний зардлыг нэмж 12,645,395 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч.... даатгал ХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Талуудын хооронд.... дугаартай Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан талаар маргаангүй.

Даатгуулагчийн мэдэгдлийн дагуу бид даатгуулагчид гэрээнд заасан нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай материал, баримтууд-ыг бүрдүүлэн өгөх зөвлөгөөг удаа дараа өгсөн хэдий ч даатгуулагч нь гэрээний 9.1-т зааснаар даатгалын тохиолдол бий болсноос хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн баримтыг бүрдүүлж өгөөгүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 9/145 дугаартай албан бичгийн агуулгыг даатгуулагчийн дурдаж буй шиг нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй гэж бус, харин хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзалгүйгээр материалыг хүлээн авч, гэрээнд зохицуулсан ёсоор шийдвэрлэх нь зүйтэй гэсэн утгатай хэмээн ойлгож байна.

.... дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасанчлан тухайн нутаг дэвсгэрт гарсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий цорын ганц этгээд байх ба харин .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бол шүүгдэгчийн гэм бурууг тогтоох, хариуцлагыг хүлээлгэх цорын ганц эрх бүхий хуулийн субъект байна.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудаст ...ХХК-ийн тухайлсан ямар хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс болж .... корпораци ХХК-д хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. ...ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас .... корпораци ХХК-д хохирол учирсан талаарх баримт нотолгоо байхгүй учраас манай компанийн зүгээс даатгалын гэрээний дагуу хариуцлага хүлээх үндэслэлгүй.

Гэрээний 13.6 дахь хэсэгт Гэмт хэргийн шинж чанартай аливаа хохирол-д нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай заасан тул .... дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж байгаа нь нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл болж байна. гэж татгалзжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ...ХХК болон.... даатгал ХК-ийн хооронд.... дугаартай Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, даатгуулагчийн санамсаргүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гуравдагч этгээдийн бие эрхтний гэмтэл, бэртэл, эрүүл мэнд, амь насанд учруулах хохирол, гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эвдрэл ба хохиролд хүлээх хариуцлагыг даатгуулж, хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд тохиолдол бүрт учирсан хохирлын 15 хувь /зөвхөн хөрөнгийн хохиролд/-ийг хасаж, үлдэх хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээх тул талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Зохигчид гэрээг бичгээр байгуулж, зохих нөхцөлийг бүрэн тусгах Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3, 431.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулсан байна.

 

4.2 Даатгалын гэрээний мэдээлэлд даатгалын зүйл нь даатгуулагчийн санамсаргүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гуравдагч этгээдийн бие эрхтний гэмтэл, бэртэл, эрүүл мэнд, амь насанд учруулах хохирол, гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эвдрэл ба хохиролд хүлээх хариуцлага гэж, гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 1 жил, даатгалын үнэлгээний нийт хариуцлагын хязгаар нь 1,000,000,000 төгрөг, 1 удаагийн тохиолдлын хязгаар нь 500,000,000 төгрөг, 1 хүний амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлагын хязгаар 30,000,000 төгрөг,

Хураамжийн хувь 0.33 хувь, жилийн хураамж 3,135,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцож, даатгуулагч ...ХХК нь даатгалын хураамжийг цаг тухайд нь төлсөн талаар хэн аль нь маргахгүй байна.

 

4.3 Нэхэмжлэгч ...ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 03/67 дугаартай албан бичгээр Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу .... корпораци ХХК-ийн агуулахад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байх үед хулгайн шинжтэй үйлдэл гарч, 49,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдлийг хариуцагч.... даатгал ХК-д гаргасан байна. /хх20/

 

Хариуцагч.... даатгал ХК нь өргөдлийг хянан үзээд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр даатгуулагч 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр даатгалын тохиолдол бий болсон буюу нийт 7 удаагийн үйлдлээр 5,599 метр урттай кабель хулгайд алдсан болохоо мэдсэн, даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх материал бүрдүүлэх 90 хоногийн хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоологдож, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

 

4.4 Даатгалын тохиолдол үүссэн шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолтыг гаргахад хугацаа шаардлагатай байгаа, даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх материал бүрдүүлэх хугацаа дуусаагүй нөхөн төлбөр авах үндэслэлтэй талаарх албан бичгийг нэхэмжлэгч ...ХХК-аас хариуцагч.... даатгал ХК-д 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн.

Хариуцагч.... даатгал ХК-аас нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээлгэн өгөх, хугацаа дуусгавар болсноос хойш нөхөн төлбөрийн нэхэмжлэл хүргүүлсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/0727, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21/104 дугаар албан бичгээр өгсөн байна. /хх56-58/

 

4.3. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ..... дугаар албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/148 дугаартай албан бичгээр хандсан байна.

 

4.4 Тус хороо нь гомдлыг хянан үзээд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 9/2312 дугаар албан бичгээр ...... ХХК нь даатгалын хохирол үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй..., тусгай зөвшөөрөлтэй компаниар хохирлын үнэлгээг хийлгэн.... даатгал ХХК-д хандах боломжтой гэж,

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 9/145 дугаар албан бичгээр ....... дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй..., ...эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсны дараа нөхөн төлбөрийн баримт бүрдүүлж өгөх хугацаа тоологдож эхлэх буюу даатгуулагчийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж хариу өгсөн байна.

 

5. Талууд хэн аль нь даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу хураамж төлсөн үйл баримтад маргаагүй, харин даатгалын тохиолдол бий болсон эсэх, нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргасан.

 

6. Даатгуулагч нь нөхөн төлбөрийг нэхэмжлэхдээ ямар баримт бүрдүүлж өгөх талаар талууд гэрээний 9.2-т тохиролцсон ба 9.2.5-т даатгалын тохиолдол үүссэн шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолтыг бүрдүүлж өгөхөөр тусгажээ.

 

Мөн гэрээний 5.3-т Аливаа том хэмжээний даатгалын тохиолдол бүрдсэн үед (аливаа томоохон хэмжээний ослын үед) талууд зохих мэргэжлийн байгууллагатай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллуулах ба комиссын бүрэлдэхүүнд даатгалын мэргэжилтэн, инженер техникийн мэргэжилтэн, даатгуулагч түүний төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно,

5.4-т гэрээний 5.3-т заасны дагуу томилогдсон комисс нь даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган шинжлэн судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ гэж тохиролцсон байна.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гэрээний 5.3-т заасан том хэмжээний даатгал гэж гэрээнд нарийвчлан тохирсон зүйл байхгүй, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах, гал гарах, ус алдах, цахилгааны гэмтэл зэргийг даатгалын салбар өөрсдөө ойлгодог, үнийн дүнгээр хэмжвэл 50,000,000 төгрөгөөс дээш хохирол учрах эрсдэл харагдвал зайлшгүй очдог, гэрээний чөлөөт байдлын хүрээнд нэхэмжлэгч талаас комисс томилох, хамтран ажиллах хүсэлт гаргахад болохгүй зүйл байхгүй, тухайн тохиолдолд комисс томилогдсон зүйл байхгүй гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

7. Гэрээний 9.2.5-т зааснаар даатгалын тохиолдол үүссэн шалтгааныг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандсан, .... дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс .... корпораци ХХК-ийн аж ахуйн хашаанаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дамартай кабель, утаснууд алдагдсан гэх гомдолд хэрэг бүртгэлийн 230500811 дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болох нь талуудын тайлбар, .... дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх тохиолдлын шалтгааныг тогтоох цагдаагийн байгууллага буюу эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй хэдий ч талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3, 8.6, 8.13-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг шаардаж байна.

 

8. .... даатгал ХК нь .... корпораци ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ..... дугаартай Хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан, .... корпораци ХХК-ийн .... дүүрэг, гурвалжинд байршилтай агуулахад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 6 удаагийн давтамжтай хулгай орсон тохиолдол болсны улмаас даатгалын нөхөн төлбөрт 43,092,448.20 төгрөгийг .... корпораци ХХК-д төлсөн, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар даатгагчид шаардах эрх үүссэн үндэслэлээр ...ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 43,092,448.20 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс дээрх нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/04650 дугаар шийдвэрээр ...ХХК-аас 14,066,302 төгрөгийг гаргуулан .... даатгал ХК-д олгохоор шийдвэрлэн, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

9. Шүүхээс дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүсээгүй гэж дүгнэлээ.

 

Тодруулбал, шийдвэрт ...Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн .... Корпораци ХХК-ийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан гэм хорыг шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тухайлсан ямар хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр, хэдэн төгрөгийн гэм хор .... Корпораци ХХК-ийн эд хөрөнгөд учруулсан болох нь тогтоогдохгүй байна... гэж дүгнэснээс үзвэл даатгалын тохиолдол үүссэн шалтгаан тогтоогдоогүй байна.

 

Талууд даатгуулагчийн санамсаргүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гуравдагч этгээдийн бие эрхтний гэмтэл, бэртэл, эрүүл мэнд, амь насанд учруулах хохирол, гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эвдрэл ба хохиролд хүлээх хариуцлагыг даатгуулсан ба даатгуулагч буюу ...ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүй нь санаатай буюу болгоомжгүй аль хэлбэрээр үйлдэгдсэн болох, гэм буруу нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй буюу даатгалын тохиолдол үүссэн шалтгаан тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч ...ХХК-д даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн, хариуцагч.... даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 12,150,395.55 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

10. Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсноос хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгөөгүй буюу нэхэмжлэгч нь гэрээний 9.1-т заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Гэрээний 9.3-т зааснаар гэрээний 9.2.5-т заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолтыг гаргахад хугацаа шаардлагатай бол уг тодорхойлолт гаргаснаас хойш 9.1-т заасан хугацаа тоологдож эхлэх талаар тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гэрээний 9.2.5-т зааснаар даатгалын тохиолдол үүссэн шалтгааныг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт гаргаагүй тул даатгалын нөхөн төлбөрийн баримтыг нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд бүрдүүлж өгөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

11. Талуудын хооронд байгуулсан гэрээний 13.6-д зааснаар даатгуулагчийн ажилтнаас гэмт хэргийн шинж чанартай аливаа хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

12. Гэрээний 9.2.5-д зааснаар нэхэмжлэгч нь .... ХХК-аар хохирлын хэмжээг тогтоолгохоор үнэлгээний тайлан гаргуулж, уг тайланд .... корпораци ХХК-ийн хулгайд алдсан гэх 5 төрлийн кабелийн утасны хохирлын зах зээлийн үнэ цэнийг 2023 оны байдлаар 47,879,850 төгрөг гэжээ.

 

Үнэлгээний тайлан гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгч ...ХХК нь .... ХХК-д 495,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдох хэдий ч дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн тул хариуцагчаас 495,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

13. Иймд хариуцагч.... даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 12,645,395.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ...ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

14. Нэхэмжлэгч ...ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч.... даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 12,645,395.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ...ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ