2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/00417

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026  01   06  191/ШШ2026/00417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, .....дугаар хороо, ..... гудамж, .... дүгээр байр, ..... тоот хаягт оршин суух, .......-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг,..... дүгээр хороо, Э...... дүгээр байр, ..... дугаар давхарт байрлах, .... ХХК /РД:..../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .....

Гэрч Б.Б

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч .... ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Миний бие ...... нь 2016 оны 11 дүгээр сард мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, 2023 оны 7 дугаар сараас эхлэн банкны Стратеги төлөвлөлт, гүйцэтгэх захирлын ажлын болон дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг хариуцсан албаны дарга албан тушаалд ажиллаж байсан болно.

.... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ..... дугаар Э.Тийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 80.5, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 110 дугаар зүйлийн 110.1, .... ХХК-ийн дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 11.6, 11.7, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 37 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын Чиг үүрэг, орон тоог шинэчлэн батлах тухай 2025 оны А/4 дүгээр тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1 дэх заалт, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дугаартай мэдэгдлийг тус тус баримтлан .... ХХК нь Орон тоо хасагдсан, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр хасагдсан үндэслэлээр Э.Тийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар ажлын байр хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байдаг. .... ХХК-ийн бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу банкинд уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Бизнес төлөвлөлт, гүйцэтгэл хяналтын алба нь зөвхөн нэршил өөрчлөгдсөн байна. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно.

Нөгөө талаар .... ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.

Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.

.... ХХК нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан болно. Хуралдааны тэмдэглэл 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гарсан бөгөөд тус өдрөө гардан авсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч .... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга буюу Э.Тий ажиллаж байсан ажлын байр хасагдсан. Үүнтэй уялдуулаад 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 5,700,000 төгрөгөөр тооцож нийт 5 сарын тэтгэмж болох 28,500,000 төгрөгийг бодож олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт Энэ хуулийн 80.4-д заасны заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасан.

Үүний дагуу нэхэмжлэгч Э.Тий 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлөх тушаал гарсан. Хүсэлт дээр өөрийнхөө нөхцөл байдлуудыг тал талаас нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хүсэлттэй холбогдуулан гүйцэтгэх захирлаас хийсэн цохолт дээр түүний гаргасан саналуудыг мөн тусгасан. Хүсэлтэд дурдсанаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Пүүжээ захирлаас хяналт шалгалтын чиглэлээр намайг цаашид ажиллах боломжгүй, өөр чиглэлээр ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн. Гэсэн хэдий ч байгууллагаас түүний өмнө нь ажиллаж байсан хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой ажлын байрыг санал болгосон боловч ажилтан татгалзсан байдаг.

Өргөдөл дээрээ тэрээр банкны бүтцийн өөрчлөлтөөр Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр хасагдсан буюу тухайн албаны даргын чиг үүрэгтэй ижил чиг үүрэг бүхий ажлын байр байхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 6 сарын тэтгэмжтэй ажлаас чөлөөлж өгнө үү гэдэг хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлаас мэдэгдэл олгосон. Мэдэгдлийн дагуу түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Э.Тийг ажлаас чөлөөлөх тушаал нь хэлбэрийн болон агуулгын хувьд хуульд нийцсэн тушаал шийдвэр юм.

....ны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар Төлөөлөн Удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй, 20.1.5-д Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, орон тооны дээд хязгаарыг батлах эрхтэй. Хөгжлийн банкны дүрмийн 10.1-т зааснаар банкны зохион байгуулалтын бүтцийг ....ны тухай хуулийн 20.1.5-д заасны дагуу Төлөөлөн Удирдах зөвлөл батална гэж заасан. Үүний дагуу Төлөөлөн Удирдах зөвлөлөөс баталсан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад банкны зохион байгуулалтын бүтцийн зураглалыг баталсан. Зураглал дээр өмнө нь Э.Тий ажиллаж байсан гэх Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын алба байхгүй болсон.

Нэхэмжлэгч талаас гүйцэтгэх захирлын ажлын алба гэж ярьж байна. Өмнө нь ажлын албанд хамаарагдаж байсан нэгж юм. Одоо ажлын албаны чиг үүрэг нь өөрчлөгдсөн. Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын алба нь шинэ бүтцээр 3 хэсэгт хуваагдаад, 3 өөр чиг үүрэгтэй хэлтэс болсон. Э.Тий ажлын байр хасагдсан гэдэг нь ТУЗ-ийн тогтоолоор нотлогдож байгаа. Ажлын байр нэмэгдсэн гэдэг асуудал дээр нэхэмжлэгч талаас ямар нэгэн зүйл гаргаагүй. Ажлын байр нэмэгдсэн эсэх нь шүүх хуралдаанд яригдахгүй. Э.Тий хийж гүйцэтгэж байсан Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны чиг үүргийг мэргэжлийн түвшинд явуулах үүднээс 3 тусдаа хэлтэс болгосон. Уг 3 тусдаа хэлтэс нь Стратеги төлөвлөлт бодлогын хэлтэс, Хяналт шалгалтын хэсэг, гүйцэтгэлийн зөвлөлийн ажлын алба юм. Э.Тийг хүсэлтээ өгөх үед Стратеги төлөвлөлт бодлогын хэлтэст ажиллах санал тавьсан. Гэвч нэхэмжлэгч уг саналаас татгалзсан. Хяналт шалгалтын хэлтэст мөн санал тавихад хариу хэлээгүй. Эрсдэлийн бодлогын хэлтэст өөрөө хүсэлт гаргасан. Гэхдээ Эрсдэлийн удирдлагаар мэргэшсэн ажилтан авч ажиллуулах шаардлагатай байсан учраас түүний саналыг хүний нөөц судалж шийдвэрлэхээр түр орхисон байдаг.

Э.Т хүсэлт гаргах үедээ өөрийнх нь ажлын байр хасагдсаныг хүлээн зөвшөөрсөн учраас тэтгэмж авах хүсэлтээ гаргасан. Эрхийнхээ дагуу хүсэлтээ гаргаж эрхээ хэрэгжүүлсэн, тэтгэмжээ авсан. Гэвч дараа нь өөртөө ашигтай нөхцөл байдал үүсгэхийн тулд маргаан үүсгэж байгаа нь хуульд нийцэхгүй, шударга ёсонд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Э.Тий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, .... ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар Э.Тийг ажлаас чөлөөлөх тухай" тушаал /хх-5/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-6/, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрин 43 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-7-9/, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /10-11/, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа /хх-12-15/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-24/, Э.Тд тэтгэмж олгосон санхүүгийн баримтын хуулбар /хх-32/, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай ....ны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, хавсралт /хх-41-42/, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-39 дугаартай гүйцэтгэх захирлын Орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх-43-45/, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А-57 дугаартай гүйцэтгэх захирлын чиг үүрэг батлах тухай тушаал /хх-46-56/, Гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/62 дугаартай чиг үүрэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаал /хх-57/, Гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/144 дугаартай тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаал /хх-58/, ....ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай ....ны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт /хх-59-61/, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх-62-71/, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2/48 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-72-74/, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байрны тодорхойлолт /хх-75-77/, Э.Тийн өргөдөл /хх-78/, Мэдэгдэл /хх-79/, Гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-21 дугаартай журам батлах тухай тушаал /хх-80/, Хөдөлмөрийн дотоод журам /хх-81-88/, Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газрын стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолт /хх-217-218/, Комплаенс, хяналт, хууль эрх зүйн газрын хяналт шалгалтын хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолт /хх-219-221/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт. Үүнд: 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх111-141/ 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх166-206/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч .... ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.Т хариуцагч .... ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ

Хариуцагчтай 2016 оны 11 дүгээр сараас мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2023 оны 7 дугаар сараас эхлэн банкны Стратеги төлөвлөлт, гүйцэтгэх захирлын ажлын болон дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг хариуцсан албаны дарга албан тушаалд ажиллаж байсан.

.... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар орон тоо хасагдсан, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр хасагдсан үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон намайг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

.... ХХК-ийн бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу банкинд уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Бизнес төлөвлөлт, гүйцэтгэл хяналтын алба нь зөвхөн нэршил өөрчлөгдсөн байна. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно.

Нөгөө талаар .... ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч .... ХХК нь нэхэмжлэгч Э.Тий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга буюу Э.Тий ажиллаж байсан ажлын байр хасагдсан. Үүнтэй уялдуулаад 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 5 сарын тэтгэмж болох 28,500,000 төгрөгийг бодож олгосон.

Нэхэмжлэгч Э.Тий ажлын байр хасагдсан, мөн өөр ажлын байр санал болгосон талаар бичсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасны дагуу Э.Тийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан.

....ны тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар Төлөөлөн Удирдах зөвлөл нь банкны зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, орон тооны дээд хязгаарыг батлах эрхтэй. Үүний дагуу Төлөөлөн Удирдах зөвлөлөөс баталсан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад банкны зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тогтоолоор Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын алба байхгүй болж, шинэ бүтцээр 3 хэсэгт хуваагдаад, 3 өөр чиг үүрэгтэй хэлтэс болсон. Нэхэмжлэгч нь өөрөө хүсэлт гаргаж тэтгэмж авсан атлаа одоо хөдөлмөрийн маргаан үүсгэж буй нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байна. гэж татгалзан, маргажээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчоос гаргасан тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж хуульд заасан хугацаанд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд тухайн хорооны хурлаар талууд харилцан тохиролцоогүй гэсэн шийдвэр гаргасны дагуу шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Талуудын хооронд 2016 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, Э.Т нь .... ХХК-д Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргаар томилогдон ажиллахдаа ажил олгогчтой 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг шинэчлэн 2/48 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

5.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр тодорхой хугацаатай байгуулж болох ба үүнээс бусад тохиолдолд хугацаагүй байгуулна.

 

2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 2/48 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.6-д гэрээний хугацаа: Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн талууд харилцан тохиролцож хугацаагүй байгуулав гэснээс үзвэл, талууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. /хх 72-74/

 

5.3 Хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Т нь .... ХХК-ийн Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргаар ажиллаж байх хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

6. Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Харин талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж байна.

 

7. Хариуцагч .... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 110 дугаар зүйлийн 110.3, ....ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, ....ны дүрмийн 9.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11.6, 11.7 дахь хэсэг, Төлөөлөн Удирдах зөвлөлийн ....ны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 2024 оны 37 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай 2025 оны А/4 дүгээр тушаал, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.1, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дугаартай мэдэгдлийг тус тус үндэслэн Банкны зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэн батлагдаж, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга Энхтөрийн Тэнүүний ажлын байр хасагдсан гэж үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

 

8. Хариуцагч .... ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хууль зүйн үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар буюу Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр хасагдсан гэж,

нөгөө талаас ажилтан буюу Э.Т нь хүсэлт гаргасан буюу ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэж эсрэг агуулгатай нөхцөлийг заах боловч талуудын мэтгэлцээнээс үзэхэд ажлын байр хасагдсан эсэх тухайд илүүтэй маргаж, ажил олгогчоос энэ агуулгаар тушаал гаргасан байна гэж үзлээ.

 

9. ....ны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна 20.1.5-т Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, орон тооны дээд хязгаарыг батлах гэж зохицуулснаас үзвэл хариуцагч .... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах эрхтэй байна.

Уг эрхийн хүрээнд .... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоол гаргаж ....ны зохион байгуулалтын бүтцийг 1 дүгээр хавсралтаар баталж, гүйцэтгэх захирал ажлын албатай байх, Төслийн санхүүжилт, бизнес хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан Тэргүүн дэд захирлын эрхлэх ажлын хүрээнд Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газар, Төслийн санхүүжилтийн газар, Хөрөнгө оруулалтын газар харьяалагдахаар зохион байгуулалтын бүтцийг баталжээ.

 

10. Шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд гүйцэтгэх захирал нь ....ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дүгээр тушаал гарган газар, хэлтэс, албаны чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталсан байна.

 

11. Нэхэмжлэгч талаас Э.Тийг ажлаас чөлөөлсөн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 тушаал гарах үед гүйцэтгэх захирлын Чиг үүрэг, орон тоо шинэчлэн баталсан 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дүгээр тушаал гараагүй байсан, газар хэлтэс, алба, албан тушаалтнаас чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтын талаар санал авах, нэгтгэх ажиллагаа явагдаж байсан талаар маргаж, үйл баримт нь шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр явуулсан үзлэгийн ажиллагаагаар тогтоогдсон гэж тайлбарлах хэдий ч шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дүгээр тушаал хэдий хугацаанд албажиж гарсан болон А/4 тушаалын хүчин төгөлдөр байдлын талаар тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан.

 

Ажлын байр хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг хуульд зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэл буюу Э.Тий ажлын байр хасагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

12.1 Нэхэмжлэгч талаас гүйцэтгэх захирлын Чиг үүрэг батлах тухай 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А-57 дугаар тушаал, Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/4 дугаартай тушаал болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын гүйцэтгэх ажил, чиг үүрэг нь 3 тусдаа хэлтэст хуваагдсан, ажлын байр хасагдах биш нэмэгдсэн гэж,

хариуцагч талаас Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоолоор ажлын байр хасагдсан гэдэг нь Бизнес гүйцэтгэлийн хяналтын албаны чиг үүргийг мэргэжлийн түвшинд явуулах үүднээс 3 тусдаа хэлтэс болгосон гэж мэтгэлцэж байна.

 

12.2 Гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А-57 дугаар тушаалаар баталсан ....ны гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтэс, албадын чиг үүргийн 24 дүгээр зүйлд зааснаар Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны чиг үүрэг нь Стратеги, бизнес төлөвлөгөөний чиглэл, Дотоод хяналт, шалгалтын чиглэл, Гүйцэтгэх захирлын ажлын албаны чиг үүргээр хуваагдаж байна.

 

2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/4 дугаартай тушаалаар баталсан Газар, хэлтэс, албаны чиг үүргийн 5 дугаар зүйлд Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газрын чиг үүрэг, түүний хэлтэс болох Зах зээлийн судалгаа, төслийн хөгжүүлэлтийн хэлтэс, Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтэс, Маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн чиг үүргийн талаар зохицуулжээ.

 

12.3 Нэхэмжлэгч талаас дээрх .... дугаар тушаалын 24.1.1. Банкны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт хийх тухай санал боловсруулах, гүйцэтгэлийг тайлагнах, дүгнэлт гаргах гэсэн чиг үүрэг, А/4 тушаалын 5.3.1-т банкны стратеги, бизнес төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, гүйцэтгэлийг тайлагнах, үр дүнг үнэлэх чиг үүрэгтэй,

Дээрх 24.1.1 болон 24.1.2-т Стратеги төлөвлөгөөнд суурилсан жил бүрийн бизнес төлөвлөгөөний төслийг боловсруулж, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, Банкны холбогдох нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт хийх тухай санал боловсруулах, гүйцэтгэлийг тайлагнах, үр дүнг үнэлэх гэж заасан чиг үүрэг нь А/4 тушаалын 5.3.2-т банкны батлагдсан бизнес төлөвлөгөөнд үндэслэн газар, хэлтсүүдийн ирүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, тухайн оны үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлийг үнэлэх чиг үүрэгтэй,

А-57 дугаар тушаалын 24.1.3-т заасан Банкны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах, үр дүнг үнэлж дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, Банкны улирал болон жилийн тайлан бэлтгэж, Гүйцэтгэх захиралд тайлагнах чиг үүрэг нь А/4 тушаалын 5.3.4-т заасан банкны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах, шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй, мөн 24.1.3-т заасан чиг үүргийг 5.3.2, 5.3.4-т хуваан зохицуулсан,

А-57 дугаар тушаалын 24.3-т заасан гүйцэтгэх захирлын ажлын албаны чиглэлээр хүлээн үүрэг нь А/4 тушаалын 1.1-т заасан Ажлын албаны чиг үүрэгтэй гэх зэргээр А-57 болон А/4 тушаалаар баталсан Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны чиг үүрэг, Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газар, Ажлын албаны чиг үүрэг зэргээр алба, газрын чиг үүргүүдийг харьцуулан тайлбарласан нь үндэслэлтэй байна.

 

12.4 Дээрх баримт болон ажлын байрны тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолтыг шинэ бүтэц зохион байгуулалтаар байгуулсан Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газар, Ажлын албаны чиг үүрэгтэй харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг, агуулгын хувьд давхацсан зүйлүүд байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар ажлын байр хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга нэршлийн хувьд өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нэмэгдүүлэн, Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газар, Ажлын албаны чиг үүрэгт хуваасан гэж үзэхээр байна.

 

13. Ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

 

Мөн ажил олгогч нь мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болохоор мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зохицуулсан.

 

Хариуцагч .... ХХК-аас зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухай 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дугаартай мэдэгдлийг Э.Тд өгсөн байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдэж, хуульд заасан хугацаанд ажилтныг ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах тул ажил олгогчоос тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

14. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаар Э.Тийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Э.Тийг урьд эрхэлж байсан .... ХХК-ийн Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга-ын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

Нэхэмжлэгч Э.Тийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон гаргуулж шийдвэрлэв.

16. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тооцох нь зүйтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1, 2.2.-т заасны дагуу дундаж цалин хөлсийг Э.Тий нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг үндэслэн тооцоход, 2024 оны 10 дугаар сард 7,899,363.44 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 14,784,563.64 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 8,572,901.05 төгрөг, нийт 31,256,828 төгрөг байна. 1 сарын дундаж цалин хөлс 10,418,942 төгрөг, 1 ажлын өдрийн дундаж цалин хөлс 480,874,28 төгрөг байна.

Үүнээс тооцож үзэхэд нэхэмжлэгч ..... ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь 115,089,236 төгрөг / 10,418,942 төгрөг * 11 сар ажлын 1 өдөр/ байна.

Шүүх Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.2-т заасныг баримтлан дундаж цалин хөлсийг тооцоолохдоо нэхэмжлэгч Э.Тий 2024 оны 12 дугаар сарын цалинг оруулаагүй болно.

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах үндсэн эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Өөрөөр хэлбэл ажилтныг ажиллаж байх хугацаанд болон ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон аль ч үед ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

Иймд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нэхэмжлэгч Э.Тий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч .... ХХК-д даалгах нь зүйтэй байна.

18. Нэхэмжлэгч Э.Тий нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч .... ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 803,596 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасантай нийцэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тийг хариуцагч .... ХХК-ийн Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч .... ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 115,089,236 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Э.Тд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх олговор болох 115,089,236 төгрөгөөс шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч Э.Тий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч .... ХХК-д үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тий нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч .... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 803,596 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ