Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814003410203 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Б.Уийн ... ******* бол 2000 оноос хойш манайхтай айл саахалт байж ирсэн хүмүүс юм. Бид 2-ын хоорондоо муудалцах болсон нь 2 дугаар сард хаваржаанаас болж муудалцаж эхэлсэн. Тэр үед бол зодолдсон барьсан тийм юм бол болоогүй. Сая 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой 19 цагийн орчимд А гэгч миний утасруу залгаад би танайд очих гэсэн юм гэж асуухлаар нь би гэртээ байна тэг тэг хүрээд ир гэж хариулсан. 5 орчим минутын дараа дахиж миний утасруу залгаад би танай гэрийн үүдэнд ирчихлээ гараад ир гэж надад утсаар хэлсэн. Би гэрээсээ гараад ирсэн чинь хашааны гадаа үүдэнд ирчихсэн байсан, тэгээд би манайд орохгүй юм уу гэсэн чинь миний урдаас намайг машинд суучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиных нь урд ороод суучихсан чинь хөдлөөд явчихсан юм. Тэгэхээр нь би хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь одоохон мэднэ чи гэж хэлж байсан. Тэгээд доошоо уруудаад явж байгаад хашааны үүдэнд ******* сууж байсан. Тэгээд дэргэд нь очиж зогсоод эхнэр А нь машинд суу гэж хэлээд суулгаад доод худгийн хавьд очсон юм. Очиж зогсоод үг дуугүй шууд миний үснээс зулгаагаад гинж тасдаад хаячихсан юм. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Чи манай нөхөртэй унтсан гэж хэлсэн тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэрний дараа би *******аас чи бид 2 унтсан юм уу гэсэн чинь А нь чи унтсан гээ биз дээ гэж хэлээд нөхрийгөө цохиод байсан чинь ******* тэгсэн гэж хэлчихээд машинаас буугаад явчихсан. А нь чиний нүүрийг Баянцагаан сумынхан харахаар цочдог болгоод өгье гээд нүүр маажих гээд дайраад байсан. Тэгээд намайг үснэсс зулгаагаад, шилэн хүзүү рүү, толгой руу гараа зангидаж байгаад нүдчихсэн юм. Тэгээд ******* тамхиа татчихаад ороод ирсэн чинь нөхрийгөө цүнх аваад өг гэж хэлсэн цүнхэн дотроосоо улаан өнгийн боодолтой юм гаргаж ирээд чамайг ална гээд дайраад байсан. Би тэрийг хутга байна гээд булаацалдаж байсан чинь нөхөр нь наадахаа өгөөдөх гээд булаагаад авчихсан. Тухайн үед А нь эрүүл байсан А ******* 2 хөдөөнөөс санаатай намайг зодох гэж ирсэн гэж ойлгож байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-17/,

Гэрч *******ы ... Би эхнэртэйгээ 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэрээсээ сумын төв рүү машинтайгаа ирсэн юм. Тэгээд гадуур ажил төрөл хөөцөлдөж байгаад 17 цагийн орчимд эхнэр А нь Б.У дээр хамт очоод уулзья гэж хэлсэн. Тэгэхээр нь би очихгүй төвөг төвөг гэж хэлсэн. Тэгсэн манай авгай өөрөө машинаа унаад Б.Уийнх рүү явчихсан. Тэгээд манай авгай машинд суу гэхээр нь машинд суусан. Тэгээд суусан чинь манай авгай Б.У бид 2-ийг Та 2 үнэнээ хэл, эв зүйгээр ярилцая та 2 яваад байна гэж хэлсэн тэгсэн чинь У тийм юм байхгүй ******* худлаа яриад байна гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад манай авгай Уийг алгадчихсан чинь зөрүүлээд У 2 удаа алгадсан. Тэгээд тэр 2 хоорондоо үсдэлцээд би боль гээд салгасан. Тэгээд би машинаас бууж тамхиа татчихаад ороод ирсэн чинь Урамчимэгийг самардаад, ураад хаячихсан байсан, манай эхнэр цүнхнээсээ улаан боодолтой машины боолт гаргаж ирээд тэрийгээ булаацалдаад байж байсан. Тэгээд тэндээсээ яваад Уийг хүргэж өгчихөөд эхнэртэйгээ хөдөө гараад явчихсан юм. Манай эхнэр л У бид 2-ийг л хоорондоо явалддаг гээд уурлаад байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/,

Шүүгдэгч *******гийн ... Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нөхөр *******ы хамт сумын төв орж ирсэн, тэгээд сумын төвд ажлаа зохицуулж дуусчихаад нөхөр *******д хандаж Утэй уулзмаар байна та 2-ын дунд болоод байгаа асуудлын талаар ярилцмаар байна, болохгүй бол 2-уулаа салъя гэж хэлсэн, тэгсэн чинь манай нөхөр ******* буруугаа хүлээж Утэй 9 сараас хойш явалдсан талаараа хэлсэн, уучлалт гуйж салахааргүй болсон, би Утэй уулзаж надаас уучлалт гуйвал би салахгүй хамт амьдарна гэж *******д хэлсэн. Тэгээд би Утэй уулзах гэж ганцаараа явсан. Б.Уийг гэрээс нь авчраад нөхөр ******* тэр 2-ын дунд болсон асуудлын талаар ярих гэхэд миний өөдөөс тийм зүйл болоогүй гэж хэлээд бид 2-ын дунд маргаан болж эхэлсэн. Тэгээд бид 2 хоорондоо хэрэлдэж У намайг үсдэж дарсан, би Уийг зөрүүлээд үсдэж дарсан, тэгээд бид 2 хоорондоо хэрэлдэж байгаад би Уийн нүүрийг нь самардсан, үсийг нь зулгаасан, нүүрэнд нь алгадсан. Би хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 392 дугаартай шинжээчийн ... Б.Уийн биед тархи доргилт, баруун зүүн хацар, доод эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28/,7-38/,

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын эмчийн үзлэг /хх-ийн 29-30/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 741.800 төгрөгийг өгч хохирогч Б.Утэй эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 62-63 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн самсунг эс-3 маркын гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн самсунг эс-3 маркын гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА