Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 226/МА2019/00004

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 4 сарын 17 өдөр          Дугаар 226/МА2019/00004                              Хэрлэн сум          

Х банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч  У, Н, С нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

 

226/2019/00004

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,  

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,

Хамтран хариуцагч С, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг  оролцуулан,

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 156/ШШ2018/00070 дугаар шийдвэртэй, “Х” банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч У, Н, С нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 8369831.26 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хамтран хариуцагч С-н давж заалдах гомдлоор 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            “Х” банкны Хэнтий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн У, Н нар нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хэрлэн сум дахь “Х” банкны төв тооцооны төвөөс 11200000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 22.8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд хөргөгч, 5 ханатай гэр, 32 инчийн LCD зурагт, угаалгын машин зэрэг зүйлийг тавьсан.

            У, Н нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 3456318.36 төгрөг, зээлийн хүүд 3257960.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна.

            Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч У, Н нараас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

            1. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/201642854338 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

            2. Үндсэн зээлийн төлбөр 7743681.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 620513.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5636.40 төгрөг, нийт 8369831.26 төгрөгийг гаргуулах,

           

            3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах,

            4. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148867 төгрөгийг гаргуулах,

            5. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн банкан дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү.

            Жич: Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н, талийгаач У нар нь “Х” банкнаас 11200000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй зээлж авсан. Хариуцагч Н нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Н байгаагүй бол У зээл авах боломжгүй байсан. Банк эрсдэлээ тооцоолоод хамтран зээлдэгч шаарддаг. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй. Иймд “Х” банкны зүгээс хариуцагч Н, хамтран хариуцагч С-с үндсэн зээлийн төлбөр 7743681.64 төгрөг, хүү 620513.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 563640 төгрөг нийт 8369831.26 төгрөгийг гаргуулж, талийгаач У-н зээл авахдаа барьцаалсан 5 ханатай гэр болон эд зүйлсийг битүүмжилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:  Би үсчин хийдэг, талийгаач У-тай садан төрлийн холбоогүй, миний байнгын үйлчлүүлэгч байсан учир таньдаг байсан. У “эгч нь зээл авч байгаа юм, ээж аав Бэрхэд байдаг болохоор хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах хүнгүй болоод байна. Зээлийн эргэн төлөлт дээр ямар нэгэн асуудал гаргахгүй” гэж гуйхаар нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж зээл авч өгсөн. Би зээлсэн мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй. Талийгаачийн эцэг, эх, ах, эгч нь байдаг. Гэрийнхэнтэй нь уулзахад “ээж нь элэгний хорт хавдартай, элэг солих хагалгаанд орох гэж байгаа, сүүлийн хэдэн сарын зээл төлөлтийг хийгээгүй, ямар ч байсан төлнө” гэж хэлж байсан. Миний бие 8369831.26 төгрөгийн зээлийг төлөх боломжгүй бөгөөд өөрөө зээлтэй, түрээсийн байранд амьдардаг. “Х” банкнаас хамтран зээлдэгчид ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар гэрээний эрх үүрэг танилцуулаагүй гэжээ.

Хариуцагч Н-н өмгөөлөгч Г.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалд дутуу зүйл их байна. Хамтран зээлдэгчээр хэрхэн оролцсон талаарх баримтууд, хорооны засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хамтран зээлдэгчийн зээл төлөх баталгаа зэрэг баримтууд байхгүй байна. Иймд Н, С нар зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хамтран хариуцагч С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охин маань ямар шалтгаанаар зээл авсныг мэдээгүй, 2017 оны 11 дүгээр сард 3000000 төгрөгийг барьцаанд тавьсан эд зүйлийг нь зарж борлуулаад төлсөн. Эхнэр маань элэгний хорт хавдартай хэвтэрт байдаг. “Х” банкны Хэнтий аймаг дахь салбараас нэхэмжилж байгаа 8369831.26 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.

             

 

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.11, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч Н-с 3871841 /гурван сая найман зуун далан нэгэн мянга найман зуун дөчин нэг/ төгрөг, хариуцагч С-с 3871841 /гурван сая найман зуун далан нэгэн мянга найман зуун дөчин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х” банкны Хэнтий аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 626149 /зургаан зуун хорин зургаан мянга нэг зуун дөчин ес/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148867  /нэг зуун дөчин найман мянга найман зуун жаран долоо/ төгрөгөөс 138849  /нэг зуун гучин найман мянга найман зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлого болгож, үлдсэн 10018 /арван мянга арван найм/ төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, хариуцагч Н-с 69424.5 төгрөг, С-с 69424.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Хамтран хариуцагч С нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг гажуудуулсан гэж үзэж байна.

            Би болон манай эхнэр О нь талийгаач охиноосоо ам өрх тусдаа амьдарч байсан. Банкнаас мөнгө зээлдсэн талаар болон тус  зээлдсэн мөнгөө юунд хэрэглэсэн талаар огт мэдээгүй бөгөөд барьцаалсан эд зүйлийн талаар ч мэдээгүй байсан. Иймд “Х” банктай байгуулсан гэрээ нь надад огт хамааралгүй юм. Миний бие талийгаач охиныг маань банкнаас зээл авахад нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан Н гэдэг охиныг танихгүй бөгөөд түүний хүсэлтээр энэ хэрэгт хамтран хариуцагчаар татагдан оролцсон. Хэргийн материалтай танилцаж, хариуцагчийн зүгээс хариу тайлбар өгүүлээгүй, 3 хоногт шүүх хуралдаан хийсэн. Мөн анхан шатны шүүх Н-н “талийгаач У банкнаас зээлдсэн мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд ээжтэйгээ хамт зарцуулсан” гэсэн баримт нотолгоогүй мэдүүлгийг үндэслэн надаар 3871841 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Манай эхнэр О талийгаач охиныхоо ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ надад хэлэлгүй банкны зээлийг нь жил шахам хугацаанд төлсөн байсан. Эцэг, эх нь болсныхоо төлөө талийгаач охиныхоо банкны зээлийг төлөх ёстой гэж ойлгохгүй байна. Иргэний хуульд заасан хариуцагч болон хамтран хариуцагч гэрээнд заасан үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн заалт надад хамаарахгүй байхад анхан шатны шүүх хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

            Мөн Н У-н банкнаас зээлсэн мөнгийг ээж нь хамт хэрэглэсэн гэж гэрчилсэн. Түүний мөнгө хэрэглэсэн гэх миний хань О хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд нас барсан хүмүүсийн өмнөөс намайг хариуцагчаар татах ёсгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                    Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Х” банкны Хэнтий аймаг дахь салбар хариуцагч Н, У нарт холбогдуулан зээл, зээлийн төлбөрт 8369831 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Н “зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн, зээлээс нэг ч төгрөг аваагүй, хамтран зээлдэгчийн эрх үүргийг банк надад танилцуулаагүй, зээлийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

Хамтран хариуцагчаар татагдсан С “охиноо банкнаас зээл авсныг мэдээгүй, 2017 оны 11 дүгээр сард 3181050 төгрөгийг ээж нь төлсөн, одоо төлөх чадваргүй элэгний хорт хавдартай, би тэтгэврийн зээлтэй төлбөрийн чадваргүй тул хариуцахгүй” гэжээ.

Нэхэмжлэгч “Х” банкны Хэнтий аймаг дахь салбар нь нас барсан зээлдэгч У-с зээлийн өр төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах атал  иргэний хэрэг үүсгэн, мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Н-с “зээлдэгч У-н эцгийг хамтран хариуцагчаар татах” тухай хүсэлт гаргасныг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт  заасантай нийцэхгүй байна.

Хамтран хариуцагч С нь “Х” банктай зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэг үүсээгүй нь хэргийн баримтаар тогтоогдож байхад шүүх “Н, С нарыг “Х” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд хамтран ижил тэнцүү үүрэг хүлээх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

С-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76899.46 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 156/ШШ2018/00070 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хамтран хариуцагч С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76899.46 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Я.АЛТАННАВЧ

 

                                     ШҮҮГЧ                                                Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                                                Б.СҮХГОМБО