| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2530000000031 |
| Дугаар | 2026/ДШМ/01 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/01
******* холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,
прокурор Б.Цэгмэд,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бат-Өлзий,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нарыг оролцуулан
шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2530000000031 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1978 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баруун-Урт сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт ******* (РД: *******),
2. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн “Хайлааст” гудамжны ******* тоотын хашаанд хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан улмаар зүүн гуяны тус газарт нь хутгаар хутгалж, түүний эрүүл мэндэд "зүүн гуяны ар хэсэгт гуяны тараагуур судас, булчинг бүрэн тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх" бүхий гэмтэл учруулж, хүн алсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэд нь шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 249 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчээс амь хохирогчийн оршуулгын зардалд 14,629,627 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 118,800,000 төгрөг, нийт 133,426,627 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгож, түүний нэхэмжлэлээс 1,936,390 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Дээд шатны прокурорын эсэргүүцэл болон прокурор Б.Цэгмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох хэргийг хянан хэлэлцээд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэхгүйгээр эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялаа Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад эдэлж байх хугацаандаа шинээр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй ...” гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ялыг биелүүлээгүйд тооцож, эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэх байжээ. Тодруулбал хорихоос өөр төрлийн ял эдэлж байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул зорчих эрхийг хязгаарлах ялыг түдгэлзүүлсэн байхад гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ялыг биелүүлээгүй гэж үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацаа, хоногийг тооцож, хорих ялаар солих нь эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2, 170.4-т заасныг үндэслэн ******* оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэж ял оногдуулаагүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон заалт тул шүүх тухайн хэм хэмжээг заавал хэрэглэнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бат-Өлзийгийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцож тогтоосныг зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн. Энэ цаг хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өндөр настай ээжтэй. Хохирлоо авахыг л хүсэж байна гэв.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна гэж үзэж, дэмжиж байна. Нэгэнт хууль зөрчиж шийдвэрлэсэн тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг мөн дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
9.Дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
11.Хэрэгт авагдсан сэжигтнийг баривчилсан, цагдан хорьж, хугацааг сунгасан шүүгчийн захирамжууд, тэмдэглэл, прокурорын саналууд, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02/158 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдож байна.(Хэргийн 1 дүгээр хавтасны 197-250, 2 дугаар хавтасны 6-14, 49-60 дугаар хуудас) Үүнд:
11.1.Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, зүүн гуяны тус газарт нь хутгалж, хүн алсан гэмт хэрэгт холбогджээ.
11.2.Анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, мөн өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж, нэмж нэгтгээгүй байна.
12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2-т “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно.” гэж, энэ зүйлийн 170.4 дэх хэсэгт “ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солино.” гэж заасан.
13.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа дээр дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримталж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
14.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэх эрх хэмжээгүй бөгөөд дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байх тул хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийлгүй, хэлэлцэхгүй орхив.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
Хоёр. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ