| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01555/И |
| Дугаар | 320/ШШ2026/00393 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2026/00393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б*** дүүрэг, 1****-р хороо, Г**** гудамжны 2***Б байрны **** тоотод оршин суух, С*** овогт Н***-н Т**** (И*******7)
Хариуцагч: Х*** аймгийн Ц**** сумын **** дүгээр багт оршин суух, Ц**** овогт Б***-н Б*** (Р****)
Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 (арван таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Т**** (цахим), түүний өмгөөлөгч Б.А****,
Хариуцагч: Б.Б***, түүний өмгөөлөгч Б.Г****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т*** нь хариуцагч Б.Б***-д холбогдуулан 15,000,000 (арван таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Т**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт очиж тэнд морь уядаг Г.Ч**** гэдэг хүнээс 3 адуу худалдаж авахаар газар дээр нь бичгийн хэлцэл хийсэн. Яагаад энэ хүнийг сонгож адуу худалдаж авах болсон бэ гэхээр би 3 жилийн өмнө нэг үрээ худалдаж авч байсан ба үрээ маань 2025 онд З****н аймгийн баяр наадамд 3-аар, А***н сумын баяр наадам, даншиг наадамд түрүүлээд мөн А***й аймгийн Х***й сумын баяр наадамд аман үзүүрлэсэн. Мөнгөн дүнгээр ойролцоогоор 6,000,000-7,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний шагнал урамшуулах авах жишээний маш хурдан давхисан. Тэгээд үрээнийхээ овог, эзнийг сурахад *Х*** аймгийн харьяатай Г***-ын Ч*** гэж хүн байсан. Энэ фэйсбүүк хаягийг олж манай уяач Н***-н Ч**** холбогдсон. Энэ удмынх нь адуунаас худалдаж авъя, өөр наймаа тохирвол адуу худалдаж авъя гэж ярьсан. 2026 онд Тү**** сум байгуулагдсаны 100 жилийн ой болох, мөн За**** аймагт баруун бүсийн морин спортын наадам болно гэдэг ийм урьдчилсан мэдээллүүдийг авсан байсан ба мөн аймгийн наадамдаа сайн уралдах, зэргэлдээ сумынхаа 100 жилийн ойд сайн уралдах зорилгоор адуунууд нилээн идэвхтэй хайсан. Тэгээд Г.Ч***-с 3 адуу авахаар болсон. Эхнийх нь нэг буурал үрээ байсан. Тэр бол тухайн үед хавчиг буюу их насны моринд уралдахаар үрээ байсан. Үнэ хөлсийг 3,000,000 төгрөгөөр тохирсон. Дараагийн адуу нь машинаас унаж эндчихээд бор үрээ 2026 ондоо хязаалан настай болох байсан. Хамгийн гол шалгуур нь хэмжээ буюу уяачид мэдэж байгаа Б.Б*** ч морь уядаг хүн юм билээ ойлгох байх. Сэрвээний өндрөөр нь хэмжээд хэмжээнд асуудалгүй орох намхан хурдан удамтай 50%-ийн цустай ийм үрээ гэж санал болгосон. Миний гол шалгуур хэмжээнд орох нь чухал. Хурдан байх нь чухал гэдгийг шалгуур болгосон. Үүнийгээ анх 20,000,000 төгрөг гэж ярьсан. Тэгээд бас унаган адууг нь давхиулж байгаа юм гээд нилээн яриа хөөрөө хийгээд энэ үрээгээ 15,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. 3 дахь адуу нь халзан даага байсан. Энэ жил буюу 2026 онд шүдлэн болох сэрвээгээрээ хэмжээнд орох ийм адуу. Энэ адуугаа 20,000,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ мөнгөний хувьд жоохон чанга байгаа учраас энэ халзан адууг нь аваачаад уяад тэгээд сайн давхичих юм бол мөнгийг нь өгье. Тааруухан давхих юм бол буцаагаад өгчихье. Хэрвээ уяж байх үед хөл гар нь гэмтэх, ахиж уралдах боломжгүй болох юм бол 20,000,000 төгрөгийг нь төлнө гэдэг ийм тохироонууд хийсэн. Үүнийг 20-ны өдөр жаахан дэлгэрүүлээгүй товчхон бичгээр үйлдсэн. Түүний өмнө энэ хэлцлүүдээ фэйсбүүк, мессенжерээр харьцаж хэлсэн зүйлүүд нотлох баримтын хэмжээнд шаардлагатай бол байгаа. Түүнийг ингэж ингэж харьцлаа, ийм гээд 20-ны өдөр очихоосоо өмнө харьцсан зүйлүүдийг Б.Б***-д бор үрээг ачиж унагааж гэмтээснийх нь дараа машиндаа хоёулахнаа сууж байгаад учир зүйг нь хэлээд үзүүлж харуулж байсан. Тэгэхээр энэ сошиал дээр харьцсан юмыг нөхөөд хийх боломжгүй урьдчилаад хийчихсэн байсан үнэн зөв нотолгоо учраас Б.*Б**т бас тухайн үед нь үзэж танилцаад тийм байна ах аа гэдгийг хэлж байсан. Ийм л учиртай зүйл болсон.
Б.Б*** 21-ний өглөө бүрэн бүтэн 3 адуугаа ачуулаад хөдөлгөсөн. Хөдөлгөхөөсөө өмнө тэр бор үрээг манай уяач Н.Ч***г ахиж шинжье гээд хөтөлж шогшуулж гүйгээд хурдан адууны шинжтэй, ээрч нэг сайхан тавиулах юм энэ тэр гэж ярилцаад хөл гар нь бүрэн бүтэн ямар нэгэн согоггүй ачуулсан. Б.Б*** өөрөө ачих гэж ирэхдээ хоёр залуувтар дүүтэйгээ хамт ирсэн. Гурван хүн тэр адууг ачаад хөдөлсөн. Б.Батыг болгоомжтой явахыг сануулаад дүүгээ би яг дагалдуулаад Н.Ч***-н араар Т***втэй сумаас ирсэн Н.Ч***-н найз охиных нь дүү болох залууг сундалдуулж суулгаад хамт дагалдуулсан. Болгоомжтой яваарай, ах нь өөрөө түрүүлээд очоод хүлээгээд байж байя. Замаараа өөр нэг айлаар орно гээд ганцаараа машинаа унаад түрүүлээд явсан. Араас Н.Ч****р дүүгээ ардаа суулгаад мотоцикльтой, Б.Б*** машинаа бариад хоёр залуу хажуудаа суулгаад тавуулаа хөдөлсөн. Замдаа бор үрээг унагаж бэртээсэн байсан. Унагаангуутаа Б.Бат зогсоогүй нилээн хэсэг газар явсан гэдгийг Н.Ча**** хэлдэг. Мотоциклоороо машиныг нь гүйцэж урдуур нь орсон уу, ямар ч байсан зогсоогоод буцаагаад бор үрээг ачсан. Бор үрээг ачих үед дух нь хагарчихсан, цус гоожчихсон, морины адууны хүмүүс бол ойлгоно ташаа нь буух буюу хоёр талд нь байдаг овгор ясны нэг нь доошоо буугаад хэлтгий болчихсон байдалтай байсан гэсэн. Ачаад гэрийн гадаа ирэх үед би адуунд явчихсан байсан ба ирэхэд буулгачихсан байсан. Хоёр адууг нь уячихсан, бор үрээ маань уяаны хажууд хавтгайгаараа уначихсан босох чадваргүй байсан. Тэгээд юу болов, яав гээд Б.Б***-тай уулзахад унагаасан гэдгээ хэлсэн. Өөрийнх нь тэвшний хоёр өндөрлөгөөний гагнаас салсан байсан. Тэвшнийх нь зургийг дарсан. Өөрөө бол унагаачихсан, гэмтээчихсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Б.Б**-н мэдүүлгийг уншихад олон хүмүүс цуглаад янз янзын юм ярьсан учраас би хүүтэй мөнгө өгнө гээд хүлээн зөвшөөрсөн гэсэн утгатай юм бичсэн байх шиг байсан. Түүнд нь би нилээн эмзэглэж байгаа. Яг л Монгол хүний ёсоор, тэр дундаа уяач, адуучин хүний ёсоор сайхан дайлаад ах нь ийм үнэтэй адуу авсан, ийм ийм учиртай гэдгийг нь нотолж яриулахдаа би хүмүүсийн дэргэд яриулаагүй. Би бас хөдөө гадаа явж байсан, олны газар морь мал уяад явдаг, гадаад дотоодод сургуульд сурсан. Хүний газар ямархуу байдгийг мэдэх учраас Б.Б**-г дагуулаад тусад нь хоёулахнаа машин дотроо орж сууж байгаад маш тайван ярьсан. Ах нь ингээд зээл, хадгаламжаасаа мөнгө аваад адуу авч байгаа. Машин тэрэг өгч байгаа. Нилээд хэдэн адуу цуглуулаад саяын дурдсан ийм ийм наадмууд болох гэж байгаа учраас ах нь ингэж анхаарч байгаа. Яагаад анхаарах болов гэхээр энэ удмын энэ адуу нь ингээд давхичихсан нь ийм учиртай гэдгээ эр хүний ёсоор нэг сайхан тайлбарлаад энгийн ярьсан. Б.Б*** өөрөө ч сайн ойлгосон. Анх энэ адууг 20,000,000 төгрөгөөр үнэлж байсан юм байна. Тэгээд 15,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ мөнгийг би өөрөөс нь асуусан. Чи ахын дүү ямар хугацаанд гаргаж өгч чадах юм бэ, гэсэн өөрөө 7-8 билүү богино хугацаа хэлсэн. Хэрэггүй ээ наадах чинь бас их мөнгө. Чи 10-15 хоногийн дотор гаргаад өгчих. Ингээд гаргаад өгчих юм бол ямар нэгэн маргаан гаргахгүй. Гаргаж өгч чадахгүй 15 хоног хойшлох юм бол банкнаас ах нь хүүтэй мөнгө зээл авч бизнес явуулдаг хүн. Тийм учраас би энэ 15,000,000 төгрөгөө тухайн үеийн Хаан банкны аппликэйшн рүү нь ороод өөрт нь харуулсан 2,2%-ийн хүү гэж байхаар нь 2%-ийн хүү тооцъё. Хүүг нь чи бас бас төлөх хүртлээ төлөөд явна шүү гээд тусдаа ахиад нэг бичиг үйлдээд гарын үсэг өөрөө зурсан. Ингээд хүлээн зөвшөөрсөн. Ингээд өгөх юм байна л гэж ойлгосон. Аав нь дараа нь над руу ярьсан. Морь мал уядаг хүн, хүний хурдан адууг ойлгож байна, төлөлгүй яах вэ гэж хэлсэн. Тэгээд тэр үед нь би бас төлөх юм байна гэж ойлгоод монгол хүний, уяач хүний ёсоор найр тавиад адуу мал уядаг бол миний тэр 50%-ийн цустай азарга хурдан байгаа. Гүү авч ирж хийгээд тэгээд мөнгийг нь төлчхөөрэй гээд эхний яриа болоод өнгөрсөн. Тэгсэн дараа нь надаас ахиад нэг хурдан адуу байна. Тэрийг авах уу гэсэн. Үгүй ээ одоо ингээд адуу мал авдаг ажлыг зогсоосон мөнгөө л авъя гэсэн. Дахиад 1, 2 хоногийн дараа Б.Б*** ч өөрөө ярьсан. Тэр унаж явсан машинаа хот оруулаад зарчихъя тэгээд мөнгийг нь өгье гэсэн. Тэгэхээр нь би хүрээд ирээ, би хотод ирчихсэн байна. Хоёулаа одоо цуг ченжүүдээр яваад хэдэн төгрөг болдог байж хамаа алга 20,000,000-30,000,000 төгрөг болох юм бол чи ахынхаа 15,000,000 төгрөгийг тоолж өгчхөөд үлдсэнийг нь өөрөө аваад яв гэдэг войс нь ч байж байгаа. Мессенжерээр харьцсан. Хэрвээ мөнгө жоохон чанга байгаа бол эхлээд 10,000,000 төгрөгийг нь өгчих, үлдсэн 5,000,000 төгрөгт нь идэшний морь мал, хурдан удмын адуу байгаа гэж байгаа бол тэрийг ярилцаж болно. Чи бас залуу хүн гэнэт явж байгаад санаатай биш тээврийн хэрэгслээс болоод өрөнд орж байгааг ах нь ойлгож байна. Үнэхээр сэтгэл, зүрх өвдөж байна. Гэхдээ ах нь үнэнээрээ мөнгө төлөөд авсан адуу учраас мөнгөө авна гэдгээ хэлээд иймэрхүү хүн чанартайгаар харилцан яриад ойлголцож байна гэж бодсон боловч одоо төлөхөөргүй боллоо, шүүхдэхээр боллоо гэдэг юм над руу өөрөө хэлсэн. Би өмгөөлөгч аваад тодорхой зардал гаргаад эхлэх юм бол эвлэрэх асуудал байхгүй шүү. Хүүгээ бол авна шүү. Чиний гарын үсэгтэй юм байгаа шүү гэдгийг нь өөрт нь хэлсэн. За тэгээрэй, тэгээд шүүхээр явъя л гэж хэлсэн. Тэгээд өмгөөлөгч маань 15,000,000 төгрөгөөс дээш мөнгө болохоор өөр журмаар шийднэ гэдэг юмнууд танилцуулаад эхний ээлжид одоо яг гарчихсан байгаа хохирлоо авах нь зөв юм гэдэг байдлаар хуулийн хүрээнд зөвлөгөө өгсний хүрээнд нэхэмжлэлээ өгчихсөн байж байгаа. Тэгээд саяын ярьсан зүйлүүд дээрээс үндэслээд ямар ч байсан эвлэрэх боломжгүй мөнгөө бүрэн бүтэн яг 15,000,000 төгрөгөөр нь авна. Би тодорхой зардал бас өмгөөлөгчдөө гаргачихсан, цаг хугацаа ч зөндөө орж байна. Энэ мөнгө надад бэлнээрээ байж байсан бол хадгаламжид хийхэд хүртэл өсөөд байж байна гэдгийг энэ хүмүүс бүгд ойлгох байх. Морь ачихад гурван адуу гурвуулаа бүрэн бүтэн байсан, ачихаасаа өмнө хөтөлж шогшуулаад шинжиж байхад Б.Б*** өөрөө харж байсан. Адууг унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна, өөрийнхөө машинаар тээвэрлэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ойлгож байна. Ачиж очиход тухайн адуу мэдээж 4 хөлтэй амьтан хөл дээрээ буух нь ойлгомжтой. Дараа нь намайг очиход хавтгайгаараа хэвтчихсэн тийчлээд байж байхыг бүгдээрээ л харсан. Тийчлээд байна аа, энэ үхэх нь тодорхой байна гэдгийг би удаа дараа хэлээд яриад сууж байсан. Тэр үед өөрөө миний буруу гээд санаа зовж байна гэдгээ удаа дараа хэлээд байсан. Дараа нь чатаар ч хэлсэн. Унаснаас болоод гэмтэж хэвтээд үхэх гээд тийчлээд байгаа гэдгийг ойлгосон юм байна гэж ойлгож байна. Үнэ мөнгөний тухайд эргэлзээ байгаа юм байна. Унагасны маргааш нь өөрөө орой ажилтай гэр лүүгээ явъя гэдэг байдлаар хандсан. Би хоёр санал өөрт нь хэлсэн юм. Ахын дүү нэг бол хоноод яв, үхэх нь тодорхой боллоо, хараад яв гэсэн. Хонохгүй хоёр хүүхэдтэй хамт явж байгаа учраас хэцүү байна ах явъя гэдэг юм хэлсэн. Явах гэж байгаа бол энэ адуугаа ачаад яв, аваачаад чи өөрөө хөл дээр нь босгоод мал болгочих юм бол чи авч болно, уралдаад сайн байж байвал ах нь авч болно. Тэгвэл хоёулаа мөнгө ярихгүй, чи худалдаад авбал 15,000,000 төгрөгийг төлнө гэдгийг би өөрт нь хэлэхэд яах юм бэ ах мал зовоогоод яах вэ, ачиж яваад яах вэ, ямар үр дүн гарах нь вэ, тэрийг нь та над руу хэлчих гээд фэйсбүүкээ солилцсон. Өөрөө гэртээ харина. Дүү нь энэ хоёр хүүхэдтэй явж байна хүргэж өгнө, явъя гээд явсан. Явсан шөнө нь бор үрээ үхээд үүрээр нар арай мандаагүй, гэгээ орсон байхад байхад бичлэг хийгээд өөрт нь бичлэгийг нь явуулсан. Дараа нь тэр уяан дээр байлгаад байж болохгүй үхсэн сэг зэмийг хогийн цэг дээр аваачаад 4 мөчийг нь толгойтой нь тасалж аваад Х***-н зүг рүү цаашаа хогийн цэгээс өөр газар хүндэтгэлтэй залах гэж байна гэдгээ хэлээд хүндэтгэлтэй залсныхаа дараа 4 шийртэй толгой нь хагарчихсан бор үрээ мөн гэдгийг нотолсон зургийг нь явуулсан. Үхчихсэн байж байхад нь хөшчихсөн нүд мүд нь ингээд аньчихсан байна шүү гээд бичлэг хийгээд өөрийнх нь мессенжерээр явуулсан. Яагаад хурдан юм, яагаад 15,000,000 төгрөг юм бэ гэдгийг асуусан байсан. Үүнийг бид нар нотлох баримтаар хэлж байгаа. Энэ үрээний үнэ өсгөж байгаа хамгийн том шалтгаан нь эцэг буюу азарга нь 100%-ийн цустай Польш улсаас оруулж ирсэн азарга. Дааганд нь оруулж ирсэн гээд гэрчилгээг нь Г.Ч*** гэдэг хүнээс аваад нотлох баримтыг хүргүүлсэн. Энэ өөрөө гадаад азарга буюу заалттай хурдан төл гаргах удамтай адуу авчирсан. Үүнийг авчрахад мэдээж зардал мөнгө гарсан байгаа. Г.Ч*** гэдэг хүн өөрөө 20,000,000 төгрөгөөр үнэлж байсан. Улаанбаатар хотын эргэн тойронд ч хамгийн багадаа 15,000,000 төгрөг гэж байгаа. Энэ өөрөө даага хоёр насаар илүү болчихсон. Хязаалан гээд дараа жил нь уралдахад жинхэнэ бэлэн буюу гар хөл нь сайн болоод хөл нь гэмтэхээргүй сайн хурдан чадвартай болж байгаа. Ийм учраас үнэ өсөж байгаа. Угаасаа мал томрох тусмаа үнэ өсдөг гэдгийг та бүхэн ойлгох байх. Тэгэхээр энэ хүн өөрөө 20,000,000 төгрөг гэж анх үнэлсэн. Үүнийг би өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад 20,000,000 төгрөг гэж байна вэ гэхээр хэмжээнд орж байгаа ихэнх 100%-ийн цустай адууны төл буюу 50%-ийн цустай эрлийз адуу хэмжээнээс өндөр гарч байгаа. Одоо хэмжээнд ороод уралдаж чадаж байгаа 50%-ийн цустай адуунууд Монгол Улсад дандаа сайн уралдаж байгаа. Энгийн жишээ хэлэхэд өнгөрсөн жилийн наадмаар түрүүлсэн, улсын наадмаар түрүүлсэн хязаалан үрээг миний бор үрээнээс нэгхэн ах адууг улсын бүсэд уралдуулна гээд н.Н*** гэдэг хүн тэр н.М***н гэдэг хүнээс 3 тэрбум төгрөгөөр худалдаад авсан гэдгийг Монгол даяараа мэдээд хэвлэл мэдээллээр бичээд өгсөн, авсан нь хүлээн зөвшөөрчихсөн байж байгаа. Энэ адууг би өөрөө 3 тэрбум гэж үнэлсэн ч болох асуудал. Яагаад гэвэл сайн судлаад хурдан юм, тэрний төлүүд нь давхичихсан, гүүнийх нь удам угшил нь бас сайн учраас авъя гэж байгаа. Тийм учраас 20,000,000 төгрөг гэж эзэн нь үнэлээд дараа нь ярьж хөөрсөөр байгаад 15,000,000 төгрөг болсон. Захын фэйсбүүкийн адууны групп рүү ороод энэ жил тэжээчихсэн байгаа уралдах даага хэд вэ гээд бичихэд үнэхээр аймагт айрагдчихаар даага байх юм бол доод тал нь 10,000,000 төгрөг тэрнээс дээш болчихсон. Тэгэхээр энэ 15,000,000 төгрөг гэдэг бол жишиг зах зээлийн үнэ. Дээр нь энэ адууг улс бүсийн уралдаан болох гэж байгаа тэрэнд зориулаад цаашдаа улсад уралдах зорилготой авсан. Тэр нь миний бичиж байгаа Л.Ч***-тай бичсэн войс, фэйсбүүк, мессенжерээр хангалттай нотлогдоно. Яагаад гэвэл улсад уралдуулахаар зорьж, хэмжээнд орох адуу авъя гэдгийг удаа дараа дурдсан байгаа. Уг нь энэ адуу нэг аймагт айрагдчихсан байх юм бол доод тал нь 30,000,000 төгрөгөөс дээш сая төгрөгийн үнэтэй болоод явах ёстой ийм адуу байсан. Тэгээд унага байгаагүй, даага байгаагүй, шүдлэн болчихсон ирэх жил ногоонд уралдахад деталь нь хэмжээнд орох нь тодорхой ийм адуу. Тийм учраас 15,000,000 төгрөгөөр үнэлээд нэхэмжилж байгаа. Хэрвээ дараа нь хууль судлаад боломжтой байх юм бол 15,000,000 төгрөгийнхөө үлдсэн хүүг бас нэхэж авна гэсэн бодолтой байгаа. Тэгээд хурлын шийдвэрийн дараа өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авч байгаад үлдсэн хүүгээ ч гэсэн өнгөрсөн хугацааны алдагдлаа нөхөж нэхэмжилнэ гэж бодож байгаа. Өөрийнх нь 1,500,000 төгрөгийн хөлсийг өгөөгүй байгаа. Анхны тохироо 800,000 төгрөг бэлэн өгөөд бензин тосыг нь хийгээд өгье гэсэн чинь үгүй ээ, бүрэн бүтэн ачиж аваачаад 1,500,000 төгрөг өгчихнө гэсэн. Тэгээд бүрэн бүтэн ачиж аваачихыг нь хүлээгээд нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд мөнгийг нь өгөх гээд очтол адуу унагаагаад үхэх нь тодорхой хэвтэж байсан учраас ах нь 1,500,000 төгрөгийг чинь өгнө. Миний 15,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулахдаа өөрийнхөө авах ёстой 1,500,000 төгрөгөө шууд хасаж аваад 13,500,000 төгрөгөө шилжүүлсэн ч болно. Над руу 15,000,000 төгрөг шүүхийн шийдвэрээр нь өгөнгүүт буцаагаад 1,500,000 төгрөгийг нь өгсөн ч болно. Би тэрийг хэзээ л бол хэзээ өгөхөд татгалзах зүйлгүй. Хэрвээ энэ хүн эр хүний ёсоор ах аа, та 1,500,000 төгрөгөө яг энэ хурлын дараа шилжүүлчих. Тэгээд би таны 15,000,000 төгрөгийг шилжүүлчихнэ гэвэл би хурал дуусангуут хийсэн ч болно. Би тэр төлбөрийг өгөхгүй гээгүй, өгье л гэж байгаа юм.
Иймд 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байтал найз Э** над руу утсаар яриад морь хөлсөөр ачуулах хүн байна гэхээр нь хэдээр, хаанаас юм гэхэд Ц**** сумын 4 дүгээр баг Бу*** ар гэдэг газраас 1,500,000 төгрөгөөр ачуулна гэнэ гэхээр нь за тэгье гээд Булнай ар гэдэг газар очсон. Танихгүй хүмүүс 2 тооны морийг ачуулсан. Би өөрийн эзэмшлийн Киа Бонго маркийн ***-*** УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр морьдыг ачаад 2025 оны 9дүгээр сарын 20-ны шөнө Хө***л аймгийн Бү*** суманд орж ирсэн. Ингээд Хө*** аймгийн Бүр***х сумаас 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө миний ачиж ирсэн 1 морийг буулгаад, үлдсэн нэг морин дээрээс нь нэмж 2 морь ачаад ****н аймгийн Тү***эй сум оруулна гээд морины эзэн Тэ*** болон түүний дүү нь гэх мотоцикльтой Ч*** гэдэг залуу байсан. Ингээд Тэ*** нь өөрөө түрүүлж яваад миний араас дагаад мотоцикльтой Ча*** гэдэг залуу дүүгээ сундалдаад явж байсан. Морьдыг ачаад Х*** аймгийн Бү*** сумын Бү*** баг өнгөрөөд явж байтал машины тэвш гэнэт дуугарахаар нь би зогсох гэж байтал араас явж байсан Ч*** машинаа зогсоо гээд хашгирсан. Ингээд буухад машины тэвш гагнаасаараа салаад цагаан монгол бичгэн тамгатай, бор зүсмийн морь тэвшнээс буучихсан газарт зогсож байсан. Морь цулбуураа тасдаад зугтаад бид нар нилээн их тал талаас нь хөөцөлдөж байж морийг барьж аваад ачсан. Ингээд морьдыг тэр өдрийн орой нь З***н аймгийн Тү***й суманд хүргэж өгсөн. Морьдыг буулгах үед машинаас унасан гээд байгаа бор морь зүгээр л буугаад явж байсан. Гэтэл Т***р нь өөр бас танихгүй хүмүүстэй нийлчихсэн чи унагаасан морио төлнө гэсэн бичиг хийж өг гэж шаардаад, айлгаад байхаар нь би нэгэнт хүний газар очсон байгаа бас хэд хэдэн эрэгтэй хүмүүс нийлчихсэн дайраад байхаар нь би айгаад морийг нь төлж өгнө гэсэн бичиг хийж өгсөн. Миний хувьд Тэг**** гэж хүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл дээр морины толгойноос цус гарсан, морины зүүн талын ташаа хугараад санжигнаад гишгэж чадахгүй байсан гэжээ. Морь тэвшний гагнаас салаад унах нь унасан, гэхдээ түүний хэлээд байгаа шиг 100 гаран метр чирэгдээгүй, морины толгойны арьс нь язраад цус гарч байсан болохоос хөл нь хугарч санжигнаагүй морь бид нараас зугтаагаад бид нар тал талаас нь хөөж байж л барьж авсан.
Морины хөл санжигнаж байсан бол морь хөл дээрээ ч тогтож чадахгүй шүү дээ. Морь үхсэн гээд байгаа, морь бодитойгоор үхсэн эсэх мөн машин дээрээс унаснаас болоод үхсэн юмуу гэдэгт би итгэхгүй байна. Надад морь ачуулсан хөлс болох 1,500,000 төгрөгөө ч Тэгштөр өгөөгүй, түүгээр ч зогсохгүй морьдыг Хө***л аймгийн Цэ***г сумаас Бү***х сум руу, Бүр***огтох сумаас За***н аймгийн Тү***тэй сум руу тээвэрлэхэд миний машинд шатахуун ч хийж өгөөгүй. Би Тэг***р гэдэг хүнд зүгээр л тусалж байгаа юм шиг болоод өнгөрсөн. Гэтэл надад холбогдуулан үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нөгөөтэйгүүр үхсэн гээд байгаа морь 15 сая төгрөгийн үнэтэй гэдгийг юугаар нотолж байгаа юм, хүн надаас авмаар байгаа мөнгөө зүгээр санаан зоргоор нэхэж болохгүй гэж бодож байна.
Хурдан удмын адуу гэдгийг яаж нотолж байгааг нь би хэлж мэдэхгүй байна. Хаана уралдаж ямар баярт орсон гэдгийг нь би мэдэхгүй байгаа учир би 15,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Унаад араас мотоцикл сигнаалдахаар нь би зогссон. Бүр***өнгөрөөд Хайр***ы шил гэдэг газар нь жаахан хазгай газар байсан. Араас мотоцикльтой хүн нь ганцаараа ирсэн. Дагаж явсан хүүхэд нь адуугаа хөөгөөд гараад ирсэн. Надтай явсан хоёр дүү бид тавуулаа бүсэлж байгаад арай гэж барьж авсан. Дух нь хагарсан гэж яриад байгаа арьс нь язарсан цус гарч байсан. Дух нь хагарсан бол тэр дороо үхнэ. Ачаад Т***тэй сум ороход 100 гаруй километр газар тэр адуу зүгээр яваад очсон. Намайг буулгасан даруй хальт хэвтээд босоод байсан. Тэгж хавтгайгаараа байгаагүй. Тэгээд би хоёр дүүгээ суулгаж аваад наашаа явсан. Намайг явсан хойно яаж үхсэнийг би мэдэхгүй. Би өөрөө байхгүй байсан. 1,500,000 төгрөгөөр ачна гэсэн зардлаа өгөөгүй. Би өөрийнхөө мөнгөөр өөрөө түлшээ хийж яваад ирсэн. Тэр цэвэр азарганы төл гээд байгаа. Цэвэр азарганы төл болгон хурдан гарах албагүй. Цэвэр азарганы төл заавал хурдан гарах ёстой, төл нь заавал хурдан гарах ёстой гэсэн тийм юм байхгүй. Би ч гэсэн морь уядаг хүн. Манайх ч гэсэн хурдан адуутай, манайд байнгын тийм хурдан адуу гараад байдаггүй. Тэгээд намайг тэр машиндаа суулгаж байхдаа чамайг явуулахгүй чи надад тийм юм бичиж өг гээд надаар 3 хуудас юм бичүүлж авсан. Би тэрнээс өөрөө ганц юм ч сэтгэж бичээгүй. Чи тэгж ингэж бич гээд надад бүх юмаа хэлж бичүүлсэн. Тэгээд би тэр хүний хэлснээр нь бичиж өгөөд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод маргааш өглөө нь адуу үхчихлээ гээд над руу чат бичсэн байсан. Ийм л юм болсон. Би 15,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд С***л овогт На****-н Т***-йн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц***р овогт Ба****ын Б*** иргэний үнэмлэхийн лавлагаа, текникийн тодорхойлолтын гэрчилгээний хуулбар, морины гэрэл зургууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, хурдан морь худалдан авах тухай гэрээ гэх бичвэртэй гар бичмэл гэрээ, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтын маягтад 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хэвлэгдэж гаргасан авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, (хавтаст хэргийн 6-11, 23, 29-31, 32, 72 дугаар хуудас)
Хариуцагч Б.Б***ас хариу тайлбар, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, өмгөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлт зэргийг тус тус гаргаж өгчээ. (хавтас хэргийн 20-21, 22, 25 дугаар хуудас)
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн За*** аймгийн Тос***нгэл сум дахь сум дундын шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр тус тус даалгавар гүйцэтгүүлж, Г.Ч***в, О.Ж***эн, Н.Ч***ар нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан ба хариуцагчийн өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж тус тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. (хавтаст хэргийн 25-28,33-41, 47-53, 59-66 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Тэ***р нь хариуцагч Б.Б****д холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Б.Б***н эзэмшлийн ***-*** УЕТ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд бор үрээ, хүрэн халзан даага, буурал зүсний морь, нийт 3 тооны адууг Хө***л аймгийн Бүрэ***тох сумаас За*** аймгийн Тү***эй сум руу ачуулсан. Адууг тээвэрлэх замд тээврийн хэрэгслийн тэвшийг өндөрлөсөн гагнаас салж бор үрээ машинаас унаж чирэгдсэнийг ард нь явсан мотоцикль гүйцэж түрүүлж зогсоосон байсан. Бор үрээний толгойн хэсэг язарч цус гарсан, зүүн талын ташаа хугарч гэмтсэн байсан ба нэгэнт замд гарсан учир буцааж тэвшинд ачиж За***н аймгийн Түд***эй суманд тээвэрлэж очсон боловч 2025 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө үүрээр үхсэн. Уг үрээний эцэг азарга нь 100%-ийн цустай Польш улсаас дааганд нь оруулж ирсэн азарганы төл. Хэмжээнд орж байгаа ихэнх 100%-ийн цустай адууны төл буюу 50%-ийн цустай эрлийз адуу хэмжээнээс өндөр гарч байгаа ба хэмжээнд ороод уралдаж чадаж байгаа 50%-ийн цустай адуунууд Монгол улсад дандаа сайн уралдаж байгаа. Дээрх морьдыг Г.Чи*** гэх хүнээс худалдаж авсан ба бор үрээг 20,000,000 төгрөгөөр үнэлж байсныг нь би буулгаж 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба үнийг ***-***9 УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг өгөхөөр бид харилцан тохиролцож хэлцэл хийсэн байсан. Иймд үхсэн бор үрээний үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч Б.Б*** адууг ачаад Бү***ох сумын Бүрэ*** багийн нутаг Хайрханы шил гэдэг газарт машины тэвшний гагнаас салснаас адуу унасан. Толгой нь хагарч цус гоожоогүй, дух хэсэгтээ жаахан язарсан байсан. Хэрэв толгой нь хагарсан байсан бол адуу тэр дороо үхнэ. Түдэвтэй сум ороход 100 гаруй километр газар тэр адуу зүгээр яваад очсон. Намайг буулгасан даруй хальт хэвтээд босоод байсан. Байнга хавтгайгаараа байгаагүй. Тэр оройдоо би хоёр дүүгээ суулгаж аваад гэртээ ирсэн. Намайг явсан хойно адуу яаж үхсэнийг би мэдэхгүй. Цэвэр азарганы төл болгон хурдан гарах албагүй, заавал хурдан гарах ёстой гэсэн юм байхгүй. Би ч гэсэн морь уядаг, манайх ч гэсэн хурдан адуутай, байнгын тийм хурдан адуу гараад байдаггүй. Хурдан удмын адуу гэдгийг яаж нотолж байгааг би мэдэхгүй, юунаас болж адуу үхсэн нь тодорхойгүй. Надад адуу ачуулсны хөлсөнд Н.Т***р нь нэг ч төгрөг өгөөгүй ба бид 1,500,000 төгрөгт тохиролцож адууг нь ачсан. Адуу ачуулсны хөлсөндөө үхсэн адууны төлбөрийг суутгуулах учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, гэрч Г.Чи***в, Н.Ч***ар, О.Жамъ***н нарын мэдүүлэг, нэхэмжлэгч Н.Тэ***рийн Г.Чи****тай хийсэн хэлцэл, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулж мэдээл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.***р нь 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хө***л аймгийн Бү***гтох сумаас За*** аймгийн Түдэвтэй сум руу хариуцагч Б.Б***ын эзэмшлийн ***-**8 УЕТ улсын дугаар бүхий Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд хүрэн халзан зүсмийн даага, бор үрээ, буурал морь зэрэг 3 тооны адууг ачуулсан ба адууг тээвэрлэж явах замд тээврийн хэрэгслийн тэвшний гагнаас салсны улмаас бор үрээ унаж гэмтсэн ба дээрх 3 тооны адууг За***н аймгийн Тү***эй суманд хүргэж очсон шөнө буюу 2025 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө бор үрээ үхсэн үйл баримт тогтоогдлоо.
Дээрхээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.
Тээвэрлэгч буюу хариуцагч Б.Б*** нь 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 3 тооны адууг Х***л аймгийн Бүр***ох сумаас З***н аймгийн Т***тэй суманд хүргэх замд бор үрээнд гэмтэл учруулсан, гэмтлийн улмаас уг адуу үхсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Би бүрэн бүтэн 3 адуу ачуулсан ба ачуулахаасаа өмнө бор үрээг манай уяач Н.Ча***г ахиж шинжье гээд хөтөлж шогшуулж гүйгээд хурдан адууны шинжтэй ээрч нэг сайхан тавиулах юм гэж ярилцаад бүрэн бүтэн ямар нэгэн согоггүй адууг ачуулсан. Ачуулсан адуу ирэх үед би адуунд явчихсан байсан ба намайг очиход хоёр адууг нь уячихсан нөгөө бор үрээ маань уяаны хажууд хавтгайгаараа уначихсан босох чадваргүй байсан. Тэгээд юу болов, яав гээд Б.Б***тай уулзахад унагаасан гэдгээ хэлсэн. Өөрийнх нь машины тэвшний хоёр өндөрлөгөөний гагнаас салсан байсан. ...Бор үрээ хавтайгаараа хэвтэж байгаад 22-ны өдрийн өглөө үүрээр үхсэн байсан. Би толгой, 4 шийрнийх нь зургийг Б.Б***н утсанд явуулж үхсэн гэдгийг хэлсэн. ... гэх тайлбар,
Хариуцагч Б.Б***н шүүх хуралдаанд гаргасан ...машины тэвшний өндөрлөгөө гагнаасаараа салахад бор үрээ унасан. ...толгой нь дух хэсэгтээ арьс нь язарсан байсан, ... Намайг буулгасан даруй хальт хэвтээд босоод байсан. ... гэх тайлбар,
Гэрч Н.Ча***рын ...Би адуу ачсан машины араас дагаж явсан. Араас нь 40-50 метрийн зайтай дагаж явсан. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумаас гараад хойд даваагаар даван уруудаж явах үед машины тэвшний дээд өндөрлөгөө хугарсан. Тухайн үед бор үрээ духаараа унасан боловч машин зогсолгүй явсаар байсан. Морь ойролцоогоор 10 орчим метр чирэгдсэний дараа босож ирээд хойшоо чараад зогссон. Машин зогсолгүй явсаар бор үрээний ногт тасарч үлдсэн. Би дүүгээ бор үрээг харж бай гэж хэлээд буулгачхаад машины араас очиж зогсоосон. ...Бор үрээний дух цөмөрсөн цус их гоожсон. Ташаа нь бяцарсан байсан. Машинаас цагаан даавуу авч духан дээр нь дарсан. Мөн өөрийнхөө бүсээр ороосон гэх мэдүүлэг,
Гэрч О.Ж***ийн ...Би энэ намар эгчийнхээ найз залуу Н.Чана****ртай Хө***л аймгаас адуу ачиж ирсэн. Тухайн үед 3 адуу ачиж ирсэн. Портер маркийн машинаар хүрэн халзан, буурал, бор зүсмийн 3 адуу ачиж Хөв***л аймгаас Зав***ан аймгийн Тү***тэй сум руу ирсэн. ...Тээврийн хэрэгсэл явж байх үед бор үрээ машинаас унасан. ...Толгой нь хагарчихсан байсан, цус их гоожиж байсан. Доголоод байсан. ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Зохигч тээврийн хэрэгслийн эзэмшигч болон 3 тооны адууг тээвэрлэх явцад бор зүсмийн үрээ унаж гэмтсэн, улмаар уг үрээ үхсэн үйл баримтад маргаагүй боловч нэхэмжлэгч Н.Т***өр нь тухайн адууг польш азарга эцэгтэй, монгол гүүнээс төрсөн 50 хувийн цустай, уяж хурдлуулах зорилгоор Г.Чи***в гэх иргэнээс 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж, хариуцагч нь тээвэрлэлтийн явцад авсан гэмтлээс болж адуу үхсэн гэдэг нь эргэлзээтэй, тухайн адууг хурдан гэдгийг нотолсон баримтгүй учир нэхэмжлэийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Дээрх 3 тооны адууг ачуулахаар зохигч харилцан тохиролцож байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 386 дугаар зүйлд заасан ачаа тээврийн гэрээний зүйлд хамаарах бөгөөд тус гэрээг дагалдах бичгийн хамт байгуулах журамтай хэдий ч талуудын хооронд энэ талаар тохиролцсон бичгийн хэлцэл хийгдээгүй байна.
Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна. гэж 388 дугаар зүйлийн 388.1-д Тээвэрлэгч ачааг хүлээн авахдаа дараахь зүйлийг шалгах үүрэгтэй гээд 388.1.1-д дагалдах бичигт заасан ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэх гэж, мөн 388.1.2-т ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Б.*Б** нь тээвэрлэж буй ачаа болох адуу нь хурдан удамтай эсэх, бэртэл гэмтэлтэй байсан эсэхийг анх ачихдаа шалгаж, энэ талаар дагалдах бичгийг үйлдэх үүрэгтэй байжээ.
Зохигч нь ачаа тээврийн гэрээг дагалдах бичиг баримтын хамт үйлдээгүй, хариуцагч Б.Б*** нь ачааг шалгаж хүлээн авсан, тийнхүү авахад эрлийз биш монгол гүүнээс төрсөн, хурдан удамгүй адуу байсан гэсэн баримт үйлдэгдээгүй, тэрээр тайлбараа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Н.Тэ***р нь Га***х овогтой Чи***-аас бор зүсний үрээг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан, улмаар уг худалдан авсан адууг хариуцагч Б.Б*** эзэмшлийн ***-5*** УЕТ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хө*** аймгийн Бү***сумаас Завхан аймгийн Түдэвтэй сум руу ачуулсан болох нь хэрэгт авагдсан Н.Т***р, Г.Чи***в нарын хооронд 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн ...худалдан авч байгаа шүдлэн бор үрээ нь Гал халиун нэртэй цэвэр азарганы төл бөгөөд 50 хувь цустай, хэмжээнд орхоор адууг 15,000,000 /арван таван сая/ төгөргөөр үнэлээд төлбөрт нь Н.Тэгштөрийн эзэмшлийн ***-0*** УБГ улсын дугаарт prius-30 автомашиныг өгнө. ... гэх бичилт бүхий хэлцэл,
Гэрч Н.Ч****н ...Х*** аймгийн Бүрэ***ох сумаас адуу худалдаж авахад хамт байсан. ...Адууг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны ***гөл аймгийн Бүр***ох сумын Га***ын Чин*** гэх хүнээс худалдаж авсан. 6 настай буурал зүсмийн морь, 3 настай бор зүсмийн үрээ, 2 настай хүрэн халзан зүсмийн даага худалдаж авсан. 6 настай буурал зүсмийн морийг 3 сая төгрөгөөр, 3 настай бор зүсмийн үрээг 15 сая төгрөгөөр худалдаж авсан. 2 настай хүрэн халзан зүсмийн даагыг уях гэж авсан, мөнгө төлөөгүй. Харин бэртээх юм бол 20,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. 6 настай буурал зүсмийн морины үнийг бэлэн өгсөн. 3 настай бор зүсмийн үрээний үнийг Prius-30 маркийн машин өгч худалдаж авсан Худалдаж авсан. Prius-30 маркийн машинаа 15 сая төгрөгөөр үнэлж өгсөн. ... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Ачаа тээврийн гэрээгээр үүрэг хүлээсэн тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар, гэрээнд заасан хугацаанд заавал хүргэж өгөх, хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.
Энэ талаар тус хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасан.
Иймд хариуцагч Б.Б***н тээвэрлэсэн бор үрээ тээвэрлэлтийн явцад гэмтэл авч уг гэмтлийн улмаас үхсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул бор үрээг худалдан авсан үнэ болох 15,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б***с гаргуулж нэхэмжлэгч Н.Т***д олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б***с 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Т***д олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч талын хүсэлтээр Б.Ба***ын эзэмшлийн гар утсанд хадгалагдсан 23 секундийн дүрс бичлэгт үзлэг хийсэн ба энэхүү мэдээлэл бүхий нотлох баримт нь дамжмал буюу мэдээллийн эх сурвалжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдлаа.
Тодруулбал хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл бүхий дүрс бичлэгт бус дамжуулан, хууль бус арга хэрэгслээр хариуцагчийн төлөөлөгч өөрийн гар утсанд буулгасан дүрс бичлэгт үзлэгийг хийсэн ба уг ажиллагаагаар илэрч буй нөхцөл байдлыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б***-с 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Т***-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б***-с 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Т***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 10 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН