Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

Улсын яллагч: Э.Халиун;

Шүүгдэгч: Э.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 1809018060472 дугаартай хэргийг 2018 оны 06 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт   төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, “Увс-Эрдэнэ” ХХК-д туслах ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Банязүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар  хороолол 30 дугаар байрны 82 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, НД88031276 регистерийн дугаартай, Хаад боржигон овогт Э.М

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Э.М нь  2018 оны 04  дүгээр сарын 12-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Лакс” баарны урд талд байрлах түргэн үйлчилгээний цэг дотор хохирогч Б.Янжинлхамыг “эгчийгээ өмөөрлөө” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед тархины доргилт, хамар ясны хугарал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Янжинлхамын  мэдүүлэг /хх-ийг 5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4811 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/,  Э.М гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9, 30/, Э.М хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 16-24 /, Э.М, Б.Янжинлхам нарын хүсэлт /хх-ийн 38-39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Лакс” баарны урд талын түргэн үйлчилгээний цэг дотор “эгчийгээ өмөөрлөө” хэмээн Б.Янжинлхамтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Янжинлхамын /хх-ийн 8, 18/: “... Би Улаанбаатар хотод нагац эгч  Золбаярын гэрт түр амьдарч сургуульдаа явдаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Золбаяр эгчийн нөхөр Мэндбаяр ирчихсэн байсан. Эгч нөхөртэйгөө маргалдаад нөхөр нь Золбаяр эгчийн толгой руу цохиод авахаар нь “та яагаад байгаа юм бэ, болиоч” гэхэд эргүүлээд манай эгчийн толгой руу дахиад цохиод авсан. Мөн миний хамар руу цохиход хамраас аймар их цус гарсан чинь гараад зугтаачихсан. Цагдаа дуудчихаад эгч бид хоёр гэмтлийн эмнэлэг явж очоод үзүүлсэн чинь хамар хугарсан байна гэсэн. Золбаяр эгчийн толгой нь хавдсан байна гэсэн...” гэх мэдүүлгээр,

 

Э.М-ны гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 9, 30/: “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны шөнийн 03 цагийн орчим … би эхнэртэйгээ маргалдсан чинь хажуунаас эхнэрийн дүү нь голоор орж ирэхээр нь нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

          

Э.М-ны буруутай үйлдлийн улмаас Б.Янжинлхамын биед “тархи доргилт, хамар ясны хугарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4811 тоот дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Янжинлхамыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Э.М-ны санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Э.М-ны “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Янжинлхам нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Э.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хаад боржигон овогт Э.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн   зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ