Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 

2026         01          09                                 2026/ДШМ/02                

                                                                                                                          

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр,

               прокурор Д.Дашням,

                      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нарыг оролцуулан

шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 538 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Д.Дашнямын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* холбогдох эрүүгийн 2530000000264 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.  ,

1.Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Баруун-Урт сумын 8 дугаар баг, Төмөртэйн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД: *******)

2. Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг 13 дугаар дэлгүүрийн ойролцоо зүс таних ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь гараараа цохиж духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашням нь яллагдагч ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2530000000264 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

5.Хяналтын прокурор Д.Дашням эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагч *******ыг шүүхэд шилжүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэм буруугийн хурлыг товлон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараагаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч холбогдсон хэргүүдээ нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэн эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдээ илчлэн, эрх бүхий албан тушаалтанд мэдээлэх хүсэл зоригоос хамаардаг ба энэ нь хожим ял шийтгэгдсэний дараа өмнө үйлдсэн нэг ижил төрлийн хэрэг нь илэрч, хүнд ял шийтгүүлэхгүй, эрх зүйн байдал нь дордохгүй байх нөхцөл болдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч, тогтоогдоогүй тохиолдолд мөрдөгч, прокурорын хувьд хязгаарлагдмал байдаг. Нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн, энэ талаарх мэдээлэл, баримтыг гарган өгсөн тохиолдолд прокурор тэдгээр үйлдлүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх үүрэгтэй ба энэ хүрээнд ял оногдуулах нь гагцхүү гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах зорилгод суурилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад чиглэнэ. Харин өөр зүйл, хэсэгт хамаарах хэргүүдийг нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд аль ч тохиолдолд ашигтай байдлын асуудал хөндөгдөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх боломжтой. Дээрх хэргийн нөхцөл байдалд ******* нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаарх үйл баримтаа илчлэн эрх бүхий албан тушаалтанд хүсэл зоригоо илэрхийлээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт буюу эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь тогтоогдсон. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг сум дундын анхан шатны шүүхэд прокуророос шилжүүлэх үед өмнөх шүүх хуралдааны шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй прокурор, мөрдөгч тухайн баримтыг хэрэгт хавсаргах боломжгүй байсан болох нь тодорхой байна. Яллагдагч ******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр, өөр бүлэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүх нэмж нэгтгэх эсвэл тус тусад нь эдлүүлэх боломжтой байхад яллагдагч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараагаар буюу эрүүгийн хариуцлагын шатанд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          6.Прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. 

          8.Хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолтод яллагдагч *******ыг “урьд ял шийтгүүлж байгаагүй” гэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах” гэж тус тус тэмдэглэсэн бол 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцэж, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял авсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан эдлэх ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна.” гэж хэлсэн байна. (Хэргийн 29, 42-43, 80 дугаар хуудас)

          9.Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараагаар хэргийг прокурорт буцаасан болох нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлд хамаарна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгч хуульд заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах боломжтой, гэм буруугийн шүүх хуралдаанаас, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хууль тогтоогч шүүх, шүүгчид олгоогүй болно.

10.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоол хэрэгт авагдаагүй байх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр, өөр бүлэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан ялыг заавал нэгтгэхийг шаардахгүй, тус тусад нь эдлүүлэх боломжтой юм.

11.Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 39.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.Хяналтын прокурор Д.Дашнямын эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 538 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                          С.ГАНЧИМЭГ

Ц.ЭРДЭНЭЗУУ