Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2026/00084

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***** тоотод оршин суух Т.-н Мөнхбатын нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** оршин суух Б-ийн Б-д холбогдох

6,616,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Авто машины үнийн үлдэгдэл 5,500,000 төгрөг, 205 хоногийн 666,250 төгрөг, шүүхийн зардал 100,000 төгрөг, нийт 6,16,250 төгрөг гаргуулах тухай.

 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т.М-н миний бие 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед Буудай төвийн хойд талын уулзварт өөрийн эзэмшлийн 10-02 ГАО улсын дугаартай KIA RIO авто машинтай явж байтал хажуугаас 82-08 ГАА улсын дугаартай авто машин ирж хүчтэй мөргөсөн. Тус тээврийн хэрэгслийг иргэн Б.Бийн 16 настай хүү нь жолоодож явсан. Уг ослын улмаас миний машины зүүн талын хаалга банкны хэсэг гэмтсэн учир Б.Б 6,500,000 төгрөгөөр худалдан авч өөрөө засварлаж унана гэж тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд заахдаа урьдчилгаа 1,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний дотор, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл хугацаандаа мөнгөө өгөхгүй явсаар 07 дугаар сарын 05-нд 1,000,000 төгрөгийг Хаан банкны 5337075434 дансанд шилжүүлсэн. Иймээс гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл 5,500,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж утсаар ярьж, цахим хаягаар захидал бичиж, Алтай хотоос 110км байх гэрт нь 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Бигэр сумын нутаг хөв гэх газар байхад нь очиж уулзсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 5,500,000 төгрөг төлөөгүй. Иймд Б.Бөөс авто машины үлдэгдэл 5,500,000 төгрөг 205 хоногийн 666,250 төгрөг, шүүхийн зардал 100,000 төгрөг тус машины нийт 6,16,250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.М-н нь 6,616,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Мөнхбатын данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 4,616,250 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Т.М-н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т овогтой Мөнхбат би Б-ийн Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг иргэн Б.Б хүлээн зөвшөөрч мөнгөн төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж хүсэлт гаргасан байна. Миний бие уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т.М-нын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох 6,16,250 төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Б нь 6,16,250 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг нэхэмжлэл гаргасны дараа буюу 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Т.М-нын данс руу шилжүүлж, үлдэгдэл 4,616,250 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Т.М-н нь хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,810 төгрөгийн 60,405 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 60,405 төгрөгийг, хариуцагч Б.Бөөс 60,405 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.М-над олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т.М-нын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох 6,16,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь 2,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Т.М-над өгсөн бөгөөд зохигчид 4,616,250 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,810 төгрөгийн 60,405 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 60,405 төгрөгийг, хариуцагч Б.Бөөс 60,405 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.М-над олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР