| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00023/И |
| Дугаар | 305/ШШ2026/00093 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 305/ШШ2026/00093
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** цогцолбор, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ****оршин суух С-ын Ц-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 764,948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 764,948 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Ц нь М ББСБ ХХК-тай 2023.01.30-ний өдөр Зээлийн зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99357449 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. С.Ц нь уг гэрээний үндсэн дээр 2024.08.05-ны өдрөөс 2024.11.03-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 2,040,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд С.Ц нь нийт 1,650,427 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 1,391,467 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 236,997 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 21,963 төгрөг тус бүр хасагдсан ба М ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар С.Цийн үндсэн зээлийн үлдэгдэл 648,532 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 97,163 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 19,253 төгрөг, нийт 764,948 төгрөг байна. С.Ц нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 764,948 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
3. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: М ББСБ ХХК нь хариуцагч С.Цаас зээлийн гэрээний үүрэгт 764,948 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 764,948 төгрөгийг тус компанийн Хаан банк дахь ********** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ц-ид холбогдох 764,948 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ийн Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 764,948 төгрөгийг тус компанийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,909 төгрөгийн тал хувь 11,454.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,454.5 төгрөгийг улсын орлогоос, 11,454.5 төгрөгийн хариуцагч С.Цаас тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ц-ид холбогдох 764,948 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,909 төгрөгийн тал хувь 11,454.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,454.5 төгрөгийг улсын орлогоос, 11,454.5 төгрөгийн хариуцагч С.Ц-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР