| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0240/э |
| Дугаар | 477 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Ш.Насанжаргал;
шүүгдэгч: Б.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 1709025940347 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 41 дүгээр гудамжны 2060 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УИ99072817 регистерийн дугаартай, Хорчин овогт Б.О.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёл” караокед урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Н.Оюун-Эрдэнийн “Самсунг Нөт-3” маркийн гар утсыг, гар утасны хавтсанд байсан 60.000 төгрөгийн хамт “утсаар чинь хүнтэй ярьчихаад өгье” гэж хуурч авч ашиглан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Оюун-Эрдэнийн /хх-ийн 19, 23/ мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 47/, Б.О-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6/, Б.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Соёл” төвийн караокед урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “утсаар чинь яръя” хэмээн Н.Оюун-Эрдэнийн “Самсунг Нөт-3” маркийн гар утас, гар утасны хавтсанд байсан 60.000 төгрөгийг залилан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Оюун-Эрдэнийн /хх-ийн 19, 24/: “... 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танил Отгоо, Гүржав нартай уулзахаар тохирсон юм. Тэгээд 21 цагт найз Анударийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Соёл” төвийн караокед ороод сууж байтал Отгоо орж ирсэн. 20 орчим минут юм ярьж байгаад би “Гүрээтэй утсаар ярья” гэтэл Отгоо “би яриадахъя” гээд миний гар утсыг аваад гараад явсан. Би 1 цаг орчим хүлээж байгаад өөрийн утас руу залгахад “холбогдох боломжгүй” болсон байсан. Отгоогийн 88553130 дугаар руу залгахад бас “холбогдох боломжгүй” болсон байсан. Б.О надад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 110.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Өөр надтай холбоо бариагүй... ” гэх мэдүүлгээр,
Б.О-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6, 31/: “...Би Н.Оюун-Эрдэнэтэй 2017 оны 12 дугаар сарын эхээр бааранд танилцаад танилууд болсон юм. Танилцсанаасаа хойш 2 удаа уулзаж байсан. Хэрэг гардаг өдөр би Н.Оюун-Эрдэнэ рүү утсаар яриад дуудсан. Би … Н.Оюун-Эрдэнээс “гар утсаа өгч бай, яриад өгье” гэж аваад шууд гараад Сансарт байдаг ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөөр нь ганцаараа архи авч уугаад, буудалд хоносон...” гэх мэдүүлгээр болон “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 47/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн гар утас, гар утасны хавтсанд байсан 60.000 төгрөгийг “утсаар чинь яриад өгье” гэж залилж авснаа өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө залилуулснаа мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Дээрх байдлаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон найз нөхдийн итгэлийг урвуулан ашиглаж бусдын хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан Б.о-ын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.о-ын бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгч Б.о-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.о-т нь хохирогчид учирсан нийт 360.000 төгрөгийн хохиролыг бүрэн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хорчин овогт Б.О-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ