Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар  2026/ДШМ/03

 

2026           01              09                                           2026/ДШМ/03

 

     *******т холбогдох

    эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Б.Цэгмэд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Г.Эрдэнэбат

            Шүүгдэгч                                                     *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        О.Энхжин нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2530003130228 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, ******* гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан худаг” гэх газраас иргэн ******* улаан алаг зүсмийн эм тугал, хээр халтар зүсмийн эм унага буюу нийт 2 тооны бод малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч ******* 550 000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ... Улаан алаг зүсмийн эм тугалыг хулгайлсан гэж шүүх дүгнэсэн байна. Насанд хүрээгүй гэрч нь 2025 оны 5 дугаар сарын дундуур ахын хүрэн халзан үнээнээс хүрэн алаг зүүн талын гуя нь их цагаан содон тугал гарсан гэж мэдүүлэг өгдөг. Хохирогч нь улаан үнээ улаан алаг, толгой дээрээ бундан цагаан үстэй охин тугал гаргасан гэж мэдүүлдэг. Шүүгдэгч ******* нь цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ манай үхрийг дагаад улаан алаг тугал ирсэн гэдэг. Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Үхрийн зүс болон тугалын зүсийг хоорондоо зөрүүтэй мэдүүлдэг. Үүнээс харахад энэ тугал хохирогч ******* үнээний тугал мөн эсэхийг нотлохын тулд шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Хохирогч ******* хээр халтар зүсмийн охин даагыг мөн хулгайлсан гэж дүгнэжээ. Гэрч О.Төмөрхүү нь цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр морь сунгачихаад маргааш нь адуугаа хураахад халтар азаргатай адуунаас бор хонгор гүүний зүсмийн унага алга болсон байсан. Тухайн үед би тэр хавийн адуугаар хайж яваад олохгүй болохоор нь урагшаа яваад ******* гэдэг айлаар очоод ахаас хээр охин унага харагдана уу гэхэд мэдэхгүй гэдэг. Шүүгдэгч ******* нь манай алаг гүүнээс хээр зүсмийн унага гарсан гэж цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Хээр зүсмийн охин унага нь хохирогч *******х уу шүүгдэгч *******ийнх уу гэдгийг шүүх шинжилгээний байгууллагаар тодруулах зайлшгүй шаардлага гарч байна.

Мөн энэ хоёр үйлдэл нь хулгайн үйлдэл мөн үү, алдуул мал уу гэдгийг хууль зүйн талаас нь дүгнэлт хийх, гэм буруугийн хэлбэр байгаа эсэхэд эргэлзээ төрж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хавтаст хэргийг уншиж танилцах явцад маш их эргэлзээ төрсөн. Нэгдүгээрт зүслээд байгаа тугалыг хохирогч хэлэхдээ охин тугал байсан гэж хэлдэг. Гэтэл энэ тугал нь эр тугал байсан гэж шүүгдэгч хэлдэг. Хохирогч тугалтай зүс нь таарахгүй, хүйс нь таарахгүй байна. Хохирогч гэрч 2 охин тугал гээд байдаг, харин эр тугал байсан гээд байдаг. Тэгэхээр ийнд байсан тугал нь тугал биш юм. ... Хоёрдугаарт тус үйлдлээрээ хулгай хийсэн үү гэх асуудал яригдана. Хулгай гэдэг нь нууц, далд аргаар идэвхтэй үйлдлээр илэрдэг. Тухайн тугал нь үхрийг нь дагаж ирсэн учраас үүнийг ямар нэгэн үйлдэл гэж хэлэхэд хэцүү. Алдуул мал гэж үзвэл Иргэний хуулийн 117.1-т зааснаар Сумын Засаг дарга болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж заасан. Алдуул мал гэж үзэхэд бас хэцүү. Алдуул мал мөн гэж үзэхэд түүнийг захиран зарцуулаагүй. Тэр тугалыг зунжин үнээндээ хөхүүлж, тэжээж байсан. Намар шүүх хурал болох үед өгсөн байдаг. Тэр өмгөөлөгч тугалын хүйсийг асуугаагүй юм шиг байна лээ. Эр тугал байсан бол аваачиж өг гэж хэлэхгүй л байсан байх. ...

Гуравдугаарт хээр зүсмийн унаганы асуудал яригдана. Энэ унага нь манай гүүнээс гарсан хээр азарганы унага гэдгийг өөрөө хэлдэг. Төрөөд 7-8 хонож байсан, нэг очиход унага маань сарнисан байсан, 2-3 хоногийн дараа дахин очиход эхийгээ дагаад явж байсан. Эх нь хөхүүлэхгүй байхаар нь би гэрийнхээ ард чөдөрлөөд, дэргэд нь унагыг нь тавиад орхисон. Маргааш нь харахад унага маань эхийнхээ дэргэд үхсэн байсан. Ийм учраас тэр унагыг л манайх гээд байгаа болохоос унага биш. Тэр унагыг яг хэнийх гэдгийг огт тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-т зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.  Гэтэл  энэ  нь  эргэлзээтэй  байна.  Унага  х  юм  уу, Ганзоригийнх юм уу гэдгийг хөтөлбөргүй тогтоогоогүй.

Тиймээс хээр зүсмийн унага болон алаг тугал нь хохирогчийн мал мөн эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, ... мөн шүүгдэгчийн үйлдэл нь хулгайн үйлдэл, эсхүл алдуул мал завших үйлдэл мөн үү гэдэг нь эргэлзээтэй буюу шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн хэлбэр байна уу гэдэг нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байх зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлоо дэмжиж байна.” гэв.

7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тугал нь манай үхрийг дагаж ирсэн. 2-3 хоног манай үнээг хөхөж, би гэртээ хадгалж байсан. Унаганы хувьд манай гүүний унага сарнисан байсан. Би гүүгээ чөдөрлөж, унагыг хөхүүлсэн. Өөр зүйл болоогүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

8. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Нэгдүгээрт хулгайлагдсан гэх тугалны зүстэй холбоотойгоор хохирогчийн тугал эсэх нь тогтоогдохгүй байна гэх гомдлын хувьд анхан шатын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд болон хэрэгт авагдсан баримтууд болох гэрч О.Төмөрхүү, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, маргаан бүхий нэг тооны тугалд буюу малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар малын зүсэн дээр ямар нэгэн эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй. ... Харин хохирогчийн алдсан гэх тугал нь гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн тэмдэглэлээр зүсээрээ таарсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, шүүх шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр хэрэгт авагдаагүй гэрэл зурагт үндэслэж, хохирогчийн алдсан гэх нэг тооны тугал нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр зөрөөтэй байна гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт хээр унагатай холбоотойгоор хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хээр зүсмийн унагыг таньж, манай унага байсан талаар мэдүүлдэг. Тухайн унагыг шүүгдэгчийн унага гэж маргах ямар нэгэн баримт энэ хэрэгт байхгүй. Шүүгдэгч өөрөө ч энэ манай гүүнээс гарсан унага гэх зүйлийг хэлдэггүй юм. Энэ унагыг хохирогчийнх биш гэдгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тэгэхээр энэ гомдол мөн үндэслэлгүй байна. ...

Гуравдугаарт энэ нь мал хулгайлах гэмт хэрэг үү эсвэл алдуул мал уу гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн үү гэх гомдолтой холбоотойгоор дараах тайлбарыг хэлье. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өгсөн мэдүүлэг, анхан шатын шүүх хуралдааны үед яллагдагчийн өмгөөлөгч Б.Цолмонгийн өмгөөллийн дүгнэлт зэрэг дээр энэ нь миний мал байсан юм аа, эсвэл тухайн 2 тооны малыг хэний мал гэдэг нь мэдэгдэхгүй байна гэж маргасан зүйл байхгүй. Мөн шүүгдэгч ******* болон хохирогч нар нь хоорондоо 1 км-ийн зайтай айл. Бэлчээр нэг, саахалт айлууд юм. Тэгэхээр алга болсон мал хэнийх вэ гэдэг нь ойлгомжтой, хөрш айлын мал гэдгийг мэдэх боломжтой. Алдуул мал байсан бол тухайн малын эзэмшигч нь хэн гэдэг нь тодорхойгүй байх ёстой. Тухайн малын өмчлөгч буюу эзэн нь манай хөрш айл юм байна гэдгийг шүүгдэгч анхнаасаа мэдэж байсан. ... Гэрч Төмөрхүү сураглаж ирэхэд нь энэ бол танай унага биш ээ гэж хэлсэн байдаг. Мөн тухайн тугалыг өөрийнхөө илүү гэрт өөрийнхөө 4 тооны тугалтай хамт хашсан байхад нь гэрч харсан байдаг. Тэгэхээр шунахайн сэдэлтэйгээр бусдын эзэмшигч буюу өмчлөгч нь тодорхой малыг өөрийнхөө эзэмшилд захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, байлгаад байна гэдэг нь цэвэр шунахайн сэдэлтэй, бусдын эзэмшлийн гэдэг нь тодорхой малыг өөрийнхөө өмчлөлд захиран зарцуулах боломжийг хангаж, хууль бусаар авч байгаа үйлдэл юм. Мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн хангаж байгаа үйлдэл гэж прокурорын зүгээс үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд ямар нэгэн эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэхүйц баримт хэрэгт авагдаагүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

3. Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан худаг” гэх газраас иргэн ******* улаан алаг зүсмийн эм тугал, хээр халтар зүсмийн эм унага буюу нийт 2 тооны бод малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч ******* 550 000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/, хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч О.Төмөрхүү /хх-ийн 20-21/, Ө.Амарзаяа /хх-ийн 26-28/, насанд хүрээгүй гэрч /хх-ийн 24-25/ нарын  мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2502138 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35/, Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ ... хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт тугалын зүс, хүйсийн талаар зөрүүтэйн улмаас хохирогчийн мал мөн эсэх нь эргэлзээтэй байх тул шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэх шаардлагатай. ... Шүүгдэгчийн үйлдэл нь алдуул мал завших, мал хулгайлах гэмт хэрэг мөн эсэхэд эргэлзээ төрж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, хэрэгт авагдсан баримтууд болох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн хохирогч *******: “... манай хайруулын тамгатай халтар азаргатай адуунд байсан бор хонгор гүү унагалаад хээр халтар зүсмийн охин унага гарсан. Тухайн унага нь адуундаа байж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 28-нд саахалт айлын адуу руу салаад ганцаараа орсон байна гэдгийг  манай хажуу айлын н.Мөнх-Эрдэнэ гэх залуу манай адууг хардаг О. Төмөрхүү гэх хүүхдэд хэлсэн байсан. ... манай гэрээс урагш 1 км гаруй зайд байдаг ******* гэх айл руу О.Төмөрхүү очиж асуухад манай хээр зүсмийн унагийг хониныхоо хашаанд хашсан байхаар нь О.Төмөрхүү унагаа авъя гэхэд ******* нь манай алаг гүүний унага гээд өгөхгүй байна гэсэн. 2025 оны 05 дугаар сарын 10-ны үед манай улаан үнээ улаан алаг, толгой дээрээ бундан цагаан үстэй охин тугал гаргасан. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би малаа эргээд услаад явж байтал цагаан худгийн зүүн урд талд манай улаан алаг, толгой дээрээ бундан цагаан үстэй тугал ганцаараа хэвтэж байсан. Тэрнээс хойш 1 хоногийн дараа манайд байдаг О.Төмөрхүү надад “алга болсон тугал ******* ахын гэрт байна...” гэж хэлсэн ба 2 хоногийн дараа би *******ийн гэрээр очиж тугалаа асуухад жижиг гэртээ өөрийнхөө 5 тугалтай цуг хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,  

гэрч : “... 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сумын төвд морь сунгах ажлаар ирээд тэр өдрөө буцаад явсан. Маргааш нь адуугаа хураахад халтар азаргатай адуунаас бор хонгор гүүний хээр зүсмийн унага алга болсон байсан. Тухайн үед би тэр хавийн адуугаар хайж яваад олохгүй болохоор нь урагшаа яваад ******* гэх айлаар очоод ******* ахаас “хээр охин унага харагдана уу” гэхэд “мэдэхгүй” гэхээр нь би “танай зүүн талд нэг алаг гүү унагатай байна” гэхэд “тэр яах вэ манай алаг гүү унагаа голчхоод байгаа юмаа” гэхээр нь би эрлээ үргэлжлүүлээд явсан. Тэгээд орой гэгээ тасрахын үед дахин ******* ахын гэрийн гадуур гарахад алаг гүүгээ чөдөрлөж тавиад манай хээр унагыг хажууд нь тавьсан байсан. Тэгээд би ******* ахын гэрээр орох гэсэн боловч гэрэлгүй байхаар нь гэр лүүгээ буцаж очоод ахад хэлсэн. Маргааш өглөө нь ******* ахын гэр лүү “унагаа авъя” гэж очих үед манай унага үхсэн байсан. ... ахад манай хээр унага мөн байна эрээд байхад хэлэхгүй яасан юм бэ ... гэхэд дуугарахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

насанд хүрээгүй гэрч ийн: “... 2025 оны 05 дугаар сарын дундуур О. ах бид 2 машинтай үхэр хураагаад явж байхад ахын хүрэн халзан үнээнээс хүрэн алаг зүүн талын гуя нь цагаан их содон тугал гарсан байсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа ... ******* ахынд очиход ... тэдний гэрт танихгүй ах сүү халаачихсан ... намайг “унага угжаад өг” гэж хэлэхээр нь ******* ахын зүүн талын илүү гэрт ороход ахын хүрэн халзан үнээнээс гарсан алаг тугал, түүнээс гадна 5 тугал, 1 хүрэн зүсмийн унага байсан. Би тэр унагыг сүүгээр угжчихаад гэр лүүгээ явсан. Тэгээд би ахад манай тугал ******* ахын илүү гэрт байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25,

гэрч : “ ... 2025 оны 05 дугаар сар гарчихсан намайг хөдөө гэрт өглөө очиход манай адууг дагаад хээр унага ирсэн гэж манай нөхөр хэлж байсан. Манай хээр алаг гүүний унага гэмтээд үхчихсэн ба гүү нь гэрийн гадаа чөдөртэй байхад адуу дагаж ирсэн унага хажууд нь байж байсан. ... манай үхрийг дагаад улаан алаг тугал ирээд 3 хонож байна. Гэдэс нь нарийсаад байна гэж хэлэхээр нь номхон үнээндээ хөхүүлчих гэж би хэлээд манай нөхөр хөхүүлээд өөрийнхөө тугалтай нийлүүлээд харж байсан. Хэд хоногийн дараа хөдөө гэртээ буцаад ирэхэд манай нөхөр нөгөө адуу дагаж ирсэн хээр унага үхчихсэн гэж хэлсэн... тэнгэр муухайрах гээд байхаар нь манай үхрийг дагаж ирсэн улаан алаг тугалыг илүү гэртээ өөрийнхөө тугалтай цуг хашсан байхад тугалын эзэн ирээд “чи манай тугалыг гэртээ хашсан байна” гэхэд манай нөхөр “тугалаа таньж байгаа бол аваад яв” гэхэд нь “эх нь ширгэсэн, чи наад тугалаа өөрөө аваачиж тавь” гэж хэлээд... явсан талаар дараа нь би нөхрөөсөө сонссон. Би тухайн үед бол байгаагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/ зэрэг баримтуудаас үзвэл хохирогч болон гэрчүүд дээрх унага болон тугалыг зүсээр нь таньсан үйл баримт тогтоогдож байхаас гадна тугалын хүйсийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хээр зүсмийн унага шүүгдэгч *******ийн гүүний унага байсан гэх үйл баримт тус тус үгүйсгэгдэж байх тул дээрх унага, тугалыг хохирогч *******х мөн эсэхийг тогтоолгох шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэг бус, харин шүүгдэгчийн хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлж, өөрийнх нь сүрэгт бусдын мал нийлсэн нөхцөл байдлыг ашиглан өөрийн эзэмшилд байлгаж, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчлөлд хууль бусаар авч буй үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан  гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Тодруулбал, хэргийн баримтаар 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын хооронд  хохирогч ******* улаан алаг зүсмийн эм тугал, хээр халтар зүсмийн эм унага нь хохирогчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээс холдон шүүгдэгч *******ийн адуу болон үхэрт шилжсэн нь тогтоогдсон байна.

Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг малын талаар шүүгдэгч ******* Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар ...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.

Гэвч шүүгдэгч ******* нь хохирогч *******ай ойр нутагладаг, малын бэлчээр ойрхон учир тухайн нялх унага, тугал нь ******* өмчлөлийн байх боломжтой гэдгийг мэдсээр байж энэ талаар түүнд болон ойр орчмын саахалт айлуудад мэдэгдэлгүйгээр, мөн ******* малчин асууж, сураглаж ирэхэд нь хэлэлгүйгээр нуун дарагдуулж, улмаар өөрийн гүүнд авахуулахаар уях, үхэр сүрэгт нь нийлсэн тугалыг гэртээ оруулж сүүгээр угжиж тэжээх зэргээр бусдын өмчлөлийн малыг өөртөө авах боломжийг бүрдүүлсэн идэвхитэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгчид 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.ГАНЧИМЭГ

       ШҮҮГЧИД                                                                      Ц.ЭРДЭНЭЗУУ      

                                                                                    Г.УРТНАСАН