| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 156/2018/00667/И |
| Дугаар | 226/МА2019/00007 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 226/МА2019/00007
2019 оны 4 сарын 18 өдөр Дугаар 226/МА2019/00007 Хэрлэн сум
Х-н нэхэмжлэлтэй,
хариуцагч Г, А, С, Э нарт холбогдох
иргэний хэргийн талаар
226/2019/00007/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан,
Хариуцагч С,
Хамтран хариуцагч Э нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2019/00082 дугаар шийдвэртэй, Х-н нэхэмжлэлтэй, хариуцагч Г, А, Э, С нарт холбогдох “бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлж, өөрт буцаан олгуулахыг даалгуулах, 842450 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч С-н давж заалдах гомдлоор 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Г гэдэг хүнд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн “Боржигон” хийцийн 70 лангийн, ганзаганы ёзоор болон ясан хяран дээр мөнгөн угалзтай их гарын мөнгөн эмээлээ засуулахаар хүлээлгэн өгсөн. Хэд хоногийн дараа Г-с эмээлээ авъя гэхэд авсан өдрөө ломбардад тавьчихсан байсан. Миний зүгээс удаа дараа эмээлээ авахыг шаардахад Гг эмээлийг маань ломбардаас авч өгөхгүй байсан тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн газарт хандсан. Тус хэргийг шалгаж байсан байцаагч над руу залгаад “Г таны эмээлийг ломбардаас аваад өгнө гэж байна” гэж хэлэхээр нь би “Г эмээлийг маань буцааж өгөх юм бол гомдол байхгүй” гэсэн бичиг хийж гарын үсэг зурж өгсөн. Гэтэл Бор-Өндөр сум дахь Прокурорын газраас Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бичиг ирсэн. Миний бие хэрэг хэрхэн шалгагдаж байсан талаар мэдээлэлгүй байсан бөгөөд хэргийн материалтай танилцаагүй. Бор-Өндөр сум дахь Прокурорын газарт энэ талаар гомдол гаргах гэтэл гомдол гаргах хугацаа дууссан тул шүүхэд ханд гэж хэлсэн.
Г нь А гэдэг хүнтэй машины наймаа хийгээд мөнгө дутахаар нь миний эмээлийг “Хэрлэн тэс” ХХК-ийн “Мөнгөн гоёл” ломбардад А-н нэр дээр тавьж мөнгийг хувааж авсан байсан. Дараа нь А эмээлийг маань “Мөнгөн гоёл” ломбардаас авч, дахин С-н ломбардад тавьж мөнгийг нь өөрөө авсан байсан. Би С-тэй уулзаж эмээлээ авах гэтэл “мөнгөө төлөөд ав” гэж хэлсэн. Би “хүний авсан мөнгийг би төлөхгүй” гэж хэлэхэд С “би мэдэхгүй, эмээлийнхээ хүүг төлөхгүй бол эмээл чинь үхнэ” гэж хэлсэн.
С А-н эзэмшлийн эмээл биш гэдгийг мэдсээр байж эмээлийг ломбарддаа авсан байсан. Алтанцоож эмээлийн ломбардын хүүг төлөхгүй байсан учир би өөрөө 8, 9 дүгээр сарын хүү 700000 төгрөгийг төлсөн. С-с ломбардын хүү төлсөн баримтаа шаардахад өгөөгүй бөгөөд ломбардынхаа нэрийг нууцлаад байсан. Ломбард нь нэр хаяггүй, хүнсний дэлгүүр дотор үйл ажиллагаагаа явуулдаг. Олны хэлж заншсанаар С-н ломбард гэдэг. Миний бие Хэнтий аймгийн Галшар суманд амьдардаг малчин хүн тул өдөр болгон эмээлийнхээ асуудлыг хөөцөлдөж чаддаггүй, хааяа малаа хүнд харуулж аймгийн төвд орж ирдэг. Иймд Г, А, С нарын хууль бус эзэмшлээс миний эмээлийг гаргуулж, итгэл эвдэх замаар хөрөнгөжиж өөрсдөдөө ашиг олсон хууль бус үйлдэл хийсэн болохыг тогтоож, эмээлийг надад буцаан олгож, ломбардын хүүнд төлсөн 700000 төгрөг, нотариатын үнэ 15500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөг нийт 842450 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Мөн манайхыг Хэнтий аймгийн Галшар сумын “Ухаа” гэдэг газар өвөлжиж байхад Г 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирээд танайхаас өвлийн идшиндээ 1 бүдүүн адуу, 1 хязаалан үхэр худалдаж авъя гэхээр худалдахаар тохиролцсон. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр адуугаа, 12 дугаар сарын 13-ны өдөр үхрээ манай гадаа ажиллаад явсан. Г мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлсэн учир бид наймаа хийсэн. 2016 онд манайхаас үхэр худалдаж аваад мөнгөө өгсөн болохоор нь итгээд мөнгийг нь дараа авахаар тохиролцож Г-д адуу, үхрээ өгөөд явуулсан юм. Гэтэл Г нь өнөөдрийг хүртэл худалдаж авсан адуу, үхрийнхээ мөнгийг төлөөгүй. Мөнгөө төл гэж шаардахаар удахгүй өгнө гэж хэлдэг. Сүүлд 2018 оны намар Г-с мөнгөө нэхэхэд “Солонгос улс руу явж ирчхээд өгнө” хэлсэн боловч өгөөгүй. Иймд адуу, үхрийн үнэ 1700000 төгрөгийг Ганхуягаас нэмж гаргуулж өгнө үү .
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь шүүхэд тайлбар гаргаж өгсөн байх бөгөөд тус тайлбаруудтай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Хариуцагч С шүүхэд: “...тус эмээлийг Э гэдэг хүн ломбардад тавьсан боловч сарын хүүгээ төлөхгүй, залгахаар утсаа авахгүй байсан. Г гэгч ирээд санаа зоволтгүй, би бүх хүү, тооцоог нь хийгээд эмээлээ удахгүй авна гэж хэлсэн...”, “...харин Галшар сумын 4-р багийн иргэн Б-н Х-н эмээлийн зарим эд зүйлийг засаж өгнө гэж аваад өөр ломбардад тавьж байгаад сүүлд нь Э гэдэг хүний бичиг баримтаар тавиулсан байсан...” гэсэн тайлбаруудыг гаргасан байх бөгөөд уг тайлбараас үзвэл хариуцагч С нь эмээлийг хууль бусаар өөрийнх нь ломбардад тавьсан гэдгийг мэдсэн байна. Иймд С, Э нарын хооронд хийгдсэн барьцаалан зээлдүүлэх хэлцэл нь /гэрээ байхгүй/ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан “барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэсэн заалт, 156.3-т заасан “156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.
Тус эмээл одоо С-т байгаа бөгөөд С-н эзэмшилд Х-н эзэмшлийн эмээл хууль бусаар орсон, үүнийг С анхнаасаа мэдэж байсан боловч суллаж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар эмээлийг С-с гаргуулж Х-т олгож өгнө үү.
Нэхэмжлэгч Х нь эмээлийн 2 сарын хүүнд 700000 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү 700000 төгрөгийг тушаасан баримт нь С-д байгаа тул уг баримтыг түүнээс гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Гэтэл С нь ломбардын бичиг Э-д байгаа талаар өөр зүйл тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эмээлтэй холбогдолтой баримтуудыг С-с гаргуулж хавтаст хэрэгт хавсаргаж өгнө үү.
Мөн С тухайн эмээлийг ломбардад тавьж мөнгийг нь авсан хүмүүсээс биш тухайн харилцаанд огт хамааралгүй хүн болох Хүрэлбаатарт “эмээлийн хугацааг сунгахгүй бол эмээл чинь үхнэ” гэж хэлж 2 сарын хүү 700000 төгрөгийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар түүнээс 700000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч Г нь өөрийн хууль зөрчсөн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч “эмээлийг ломбардаас авч Х-т өгнө” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч урьд мөн энэ үгийг хэлж байсан. Одоо нэхэмжлэгч Х нь Г-д итгэхгүй байна. Г С-д учруулсан хохирлыг барагдуулах асуудал нь тухайн хүмүүсийн хоорондын асуудал гэж үзэж байна.
3. Хариуцагч А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргийнхээ дагуу хуулийн хугацаандаа хариу тайлбараа ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэж өгнө үү
Мөн бод малын 1200000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж болно үүнийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мөнгөн чимэгтэй, бүрэн хэрэгсэлтэй их гарын мөнгөн эмээлийг Э гэдэг хүүхэн “зээлийн мөнгө төлчихөөд 3 хоногийн дотор авна” гэж хэлээд үнэлгээ хийлгэж СШ86032503 гэсэн регистрийн дугаартай иргэний үнэмлэх үзүүлээд 3850000 төгрөгөөр манай ломбардад тавьсан. Ломбардад тавиад 1 сар болоход хүүгээ төлөхгүй байхаар нь 99708389 гэсэн утсаар залгасан боловч утсаа авахгүй байсан. Удалгүй Баянхутаг сумын харьяат Б-н Г гэдэг хүн ирж “та санаа зоволтгүй, би бүх төлбөр, хүүг нь төлөөд эмээлээ удахгүй авна” гэж хэлээд явсан. Түүнээс хойш 4 сар гаруй хугацаа өнгөрөхөд сарын хүүг нэг ч удаа төлөөгүй.
Г нь Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Х-с эмээлийн зарим эд зүйлийг засч өгнө гэж хэлээд танил тал, найз нөхдийн хүрээнд эмээлийг нь аваад өөр ломбардад тавьж байгаад манай ломбардад Э гэдэг хүүхнээр тавиулсан гэдгийг сүүлд мэдсэн. Эмээл нь хэний өмчлөлийнх болох нь тодорхойгүй, өмчлөлийн бичиг баримт байдаггүй тул иргэний үнэмлэх, утасны дугаарыг нь үндэслэн ломбарддаа авсан. Ломбардын бичгийг 2 хувь үйлдэж 1 хувийг нь үйлчлүүлэгчид өгч, 1 хувийг нь өөртөө үлдээсэн. Ломбардын бичгийн 1 хувийг Э-с авах хэрэгтэй гэж үзэж байна. Ганхуяг намайг хохиролгүй болгоно гэдэг боловч одоо болтол нэг ч сарын хүүг төлөөгүй, харин эмээлийн эзэн Х 8,9 сарын хүүнд 700000 төгрөгийг төлсөн. Г, А хоёр эмээл ломбардад тавина гээд ирсэн бол тэднийг таньдаг тул авахгүй байсан. Ганхуяг нь намайг болон Х-г хохиролгүй болгоно гэдэгт найдаж байна гэжээ.
Хариуцагч Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус их гарны мөнгөн эмээлийг 1994 онд би Хүрэлбаатарт хийж өгч байсан юм. Миний зүгээс Х-т “би эмээлийг чинь янзалж өгье, янзалж өгсний хөлс авахгүй, харин 1,2 сар эмээлийг чинь ломбардад тавьж байгаад авч өгье” гэсэн санал тавьсан бөгөөд Х бид 2 тохиролцсон юм. А надаас мөнгө аваагүй, би тэрнээс машин ч аваагүй. Би бичиг баримтгүй ирчихээд А-н нэр дээр эмээлийг ломбардад тавьсан юм. Нэхэмжлэл ирэхээс өмнө би С-тэй уулзаад Х-н 700000 төгрөг болон хүүг өгнө гэж ярилцсан. Би ч мөнгө олохын тулд янз бүрийн юм хийгээд олигтой ч мөнгө олохгүй явсаар хоног алдчихаад байна. Дүү нар маань ноолуур гарахаар эмээлийг нь аваад өгье гэж хэлсэн. Би эмээлийн төлбөрийг бүрэн хариуцна. Яг өнөөдөр, маргаашдаа эмээлийг ломбардаас чөлөөлж өгөх үнэхээр боломжгүй байна.
Миний бие 2017 оны 12 дугаар сарын 20-доор Х-с шүдлэн үхэр 1, хязаалан адуу 1, тус бүрийг 600000 төгрөгөөр худалдан авахаар тохирч өвлийн идшиндээ хэрэглэсэн. Би Х-т 1200000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл мөнгийг тохиролцоогүй учир төлөхгүй гэжээ.
Хамтран хариуцагч Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сард А над дээр ирээд “манай хуурай ахын эмээл ломбардад хугацаа нь дуусаад зарагдах гээд байна” гэж хэлээд надаас гэр авахаар хурааж байсан 3850000 төгрөгийг зээлж авч “Цэцэг” ломбардаас эмээлийг нь авсан. Тэгээд эмээлийг намайг гэртээ байлгаж бай гээд авчирч өгсөн. А эмээлийн эзэн Улаанбаатар явсан ирэхээр нь мөнгийг чинь аваад өгнө гэж хэлж байсан. 14 хоногийн дараа мөнгөний хэрэг гараад А-с мөнгөө асуухад “ах маань ажил нь амжаагүй ирээгүй байна” гэж хэлсэн. Би нөхөртөө мэдэгдэлгүй 3850000 төгрөгийг А-д өгчихсөн юм. Би дахин 2 хоногийн дараа А руу утасдаж мөнгөө асуухад “эмээлээ ломбардад тавиад мөнгөө авчих, эзэн нь удахгүй ирнэ” гэж хэлэхээр нь эмээлийг нь зүүн захын ломбардад 2018 оны 7 сард 3500000 төгрөгөөр сарын 10 хувийн хүүтэй тавьсан гэжээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч С-с 7000000 төгрөгийн үнэлгээтэй, “Боржигон” хийцийн 70 лангийн, их гарын мөнгөн чимэглэл, тоноглолтой эмээлийг гаргуулж нэхэмжлэгч Х-д, хариуцагч Г, А, Э нараас 842450 /найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-д, хариуцагч Г-с 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-т тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Х-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169100 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г, А, Э нараас тус бүрээс 42316 төгрөг нийт 126950 төгрөг, хариуцагч Г-с сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж болох 33350 төгрөг, нийтдээ хариуцагч нараас 160100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-д олгож, хариуцагч С нь эмээлтэй холбоотой асуудлаар өөрт нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагч Г, А, Э нараас учирсан хохирлоо иргэний журмаар жичдээ нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1870 дугаартай Х-н эзэмшлийн эмээлийг битүүмжилсэн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч С давж заалдах гомдолдоо: Миний бие одоо 78 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг. Саяхан хагалгаанд орсон бөгөөд биеийн эрүүл мэндийн улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч Х намайг А-тай хуйвалдаж эмээлийг барьцаанд авсан гэсэн утгатай мэдүүлэг өгсөн байна. С миний бие Х, А, Г нарыг огт танихгүй, бидний дунд амаар болон бичгээр үйлдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй бөгөөд хуулийн байгууллагаар маргаан шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Э над дээр ирээд “мөнгөний чухал хэрэг гарсан тул эмээлээ тавьж байна, удаахгүй авна” гэж гуйсаар байгаад манай журамтай танилцаж, хүлээн зөвшөөрөөд 3500000 төгрөг авч их гарын мөнгөн чимэгтэй эмээл барьцаанд тавьсан. Түүнээс хойш эмээлээ авахгүй, хүүгээ төлж, сунгалтаа хийхгүй байсан. Мөн эмээлийн эзэн гэж янз бүрийн хүмүүс гарч ирж байсан бөгөөд зарим нь хүүг нь төлж сунгалт /2 сар/ хийж байсан. Би барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний дотоод дүрэм журмын хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн 32 настай Э гэгч эмэгтэйд бичиг баримтыг нь үндэслэн үйлчилсэн. Би Э-д авсан өгсөн талаар тусгай баримт бичиж, гэрээг үйлдсэн. Э-тэй би ямар нэгэн маргаан үүсгээгүй. Миний бие хэний ч өмнө ямар ч хариуцлага алдаагүй бөгөөд хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна.
Энхцэцэг үндсэн зээл 3500000 төгрөг, зээлийн хүүд 1750000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөг, бусад хохирол /хуулийн зөвлөгөө, нотариат гэх мэт/ 500000 төгрөг, нийт 5876950 төгрөгийг төлж эмээлээ буцаан авахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие өндөр настай, биеийн байдал тааруу тул ажил хөөцөлдөх боломжгүй байдаг. Энэ нөхцөл байдлыг минь далимдуулан элэг барьж, залуучууд хоорондын маргаандаа татан оролцуулж намайг хохироохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х эмээлийн асуудлаар анх тохиролцсон хүнээ шүүхэд өгөх хэрэгтэй юм. Би гэрээний дагуу журмыг хүлээн зөвшөөрсөн Э-тэй тооцоо хийхэд бэлэн байна. Эмээлийн тухайд Г, Х хоёулаа миний эмээл гэж над дээр ирсэн тул хэний эзэмшлийн эмээл болохыг мэдэхгүй байна. Иймд хариуцагчийг үнэн зөвөөр тогтоож намайг гомдолгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээр эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нарын хариу тайлбарт бүрэн дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна.
Нэхэмжлэгч Х нь хариуцагч Г, А, С нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлж, өөрт буцаан олгуулахыг даалгуулах, гэм хорын хохиролд 842450 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х нь хариуцагч Г-д холбогдуулан худалдан авсан 1 тооны адуу, 1 тооны үхэр нийт 1700000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Э-г татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангажээ.
Хариуцагч Г “эмээлийг ломбардаас авч өгөхийг хүлээн зөвшөөрсөн” тайлбар гаргасан.
Хариуцагч А шүүхэд тайлбар гаргаагүй. Хамтран хариуцагчаар татагдсан Э “А ах эмээлийг ломбардад тавиад 3850000 төгрөгөө ав” гэснээр С-н ломбардад эмээлийг барьцаанд тавьж 2018 оны 7 дугаар сард 3500000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн юм. Х-н нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.
Хариуцагч С “Х-н эмээлийг дур мэдэн аваагүй, Э гэгч эмэгтэй манай ломбардад эмээл барьцаалж 3500000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан тул мөнгөө төлж эмээлээ ав гэсэн шаардлагыг Г хэлсэн” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Х-н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардсан байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын хариу тайлбар үндэслэлүүдэд эрх зүйн бүрэн дүгнэлт хийлгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг”-ийн зохицуулалтыг баримтлан С-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн “шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Маргааны зүйл болох “Боржигон” хийцийн 70 лангийн их гарын мөнгөн чимэгтэй эмээлийг битүүмжлүүлж шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар гаргасан 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1870 дугаартай шүүгчийн захирамж биелэгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас эмээл битүүмжлэх ажиллагаа хийгээгүйг тэмдэглэвэл зохино.
С-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2019/00082 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
Б.СҮХГОМБО