| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0540/э |
| Дугаар | 480 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Л.Мажигсүрэн;
шүүгдэгч: М.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М.А-д холбогдох эрүүгийн 1809015740401 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ОУ-ын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ШУ88050237 регистерийн дугаартай, Боржигон овогт М.А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч М.А нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Hair-Х гэх үсчиний газарт Б.Сэргэлэнтэй харилцан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодон, шатны уруу унагаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сэргэлэн /хх-ийн 7/, гэрч Ш.Чулуунбат /хх-ийн 15/, гэрч Б.Болдбаяр /хх-ийн 21/ нарын мэдүүлэг, М.Аийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18, 25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4319 дугаартай дүгнэлт /хх-ийн 10/, М.А-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-38/, шинээр өгсөн хохирогчийн хүсэлт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.А нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Hair-Х” нэртэй үсчиний газарт Б.Сэргэлэнтэй харилцан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодон, шатны уруу унагаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Сэргэлэнгийн /хх-ийн 7/: “... Гадаа гараад би духнаас гарч байсан цусыг тогтоож байсан алчуураа намайг цохьсон залуугийн /Азгүний/ нүүр рүү нь шидчихсэн. Тэгсэн чинь тэр залуу миний чамархай хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод шатны уруу унагаасан. Би шатны уруу унахад л миний хөл шагай, хүзүү энэ тэр гэмтсэн юм шиг байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Ш.Чулуунбатын /хх-ийн 15/: “... Сэргэлэнгийн нүүр амыг угаалгаад хартал хоёр нүдний гол, хамарны дээд талаас нь цус гараад тогтохгүй байсан. Сэргэлэн “би энэ залуутай гарч уулзмаар байна” гэхээр нь “дахиж битгий зодоон цохион хийгээрэй” гэж хэлсэн. Тэгтэл Сэргэлэн гараад “чи намайг яалаа гэж зодож байгаа юм, би чамайг танихгүй шүү дээ” гэхэд нөгөө залуу согтуурхаж хоёр биенийхээ өөдөөс хэрэлдэж Сэргэлэнг дахиад цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Болдбаярын /хх-ийн 21/: “... 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэргэлэн, Азгүн хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад маргалдсан. Сэргэлэн Азгүнийг нилээд хэдэн удаа дагзадсан /толгойны ар хэсэгт/. Азгүн уурлаад Сэргэлэнтэй заамдалцаж аваад ноцолдоод эхэлсэн. Би салгах гээд Азгүн, Сэргэлэн хоёрын дундуур орсон. Гаднаас Чулуунбат ах, Хос-Эрдэнэ нар орж ирээд Сэргэлэн, Азгүн хоёрыг салгаад үсчний газраас гарцгаасан. Бид нар үсчнээс гарч ирээд тамхи татаад зогсож байхад Азгүн, Сэргэлэнг цохьсон уу, алгадсан уу нэг юм болсон. Намайг харахад Сэргэлэн үсчний шатан дээр бөгсөөрөө суучихсан байсан. Хэн хэнээс л болсон байх. Сэргэлэн Азгүнийг дагздаж, Азгүн маргалдсанаас болсон. Нэг нэгнийгээ заамдчихаад л маргалдаад байсан. Сэргэлэнгийн духан дээр үүссэн хумсны шархыг тэр үед заамдалцаж байгаад учруулсан байх...” гэх мэдүүлгээр,
М.А-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 18, 25/: “... Сэргэлэн намайг “яасан том, том яриатай бацаан бэ” гэж хэлээд миний баруун талд сууж байснаа зүүн гараараа миний дагзанд /толгойны ар хэсэгт/ 2 удаа нэг их хүчтэй биш байдлаар цохьсон. Тэр үед Болдбаяр, Сэргэлэнг надаас салгахад цаана байсан үсчингүүд гүйж ирээд “та нар яагаад архи уугаад зодолдоод байгаа юм бэ” гээд бид нарыг “гарцгаа” гээд гаргасан. Сэргэлэн, Болдбаяр бид 3 үсчнээс гарч явахад миний араас Сэргэлэн “чи үхлээ шүү дээ” гэж хэлснээ гараа далайхаар нь би зүүн гараараа Сэргэлэнгийн баруун шанаа хэсэгт нэг удаа цохьсон. Сэргэлэн цохиулаад газарт бөгсөөрөө суусан. Тухайн үед миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Би Сэргэлэнгийн биед гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлгээр,
М.Аийн буруутай үйлдлийн улмаас Б.Сэргэлэнгийн биед “баруун шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн шилбэ, цээжний цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4319 тоот дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан М.Аийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч М.Аийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
М.А гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Б.Сэргэлэнд 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч М.Азгүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт М.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ