| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00484/И |
| Дугаар | 320/ШШ2026/00467 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00467
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ........... сумын ......... багт оршин суух, ............ Н-н Б ,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ...... сумын ......... багт оршин суух, ......... Ч-н Ж нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ........ сумын ......... багт оршин суух, М-н М холбогдох,
Мал худалдан авахаар шилжүүлсэн 7,800,000 (долоон сая найман зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 320/2026/00484/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б , Ч.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Хөвсгөл аймаг ............ сумын нэгдсэн зарын группт Тугалтай үнээ зарна гэсэн зарын дагуу тухайн зар дээрх утсаар Н.Б нь холбогдоход М.М гэж хүн байсан. Бид хоорондоо утсаар яриад нэг тугалтай үнээг 1,800,000 төгрөгөөр тооцон 4 тугалтай үнээ, 1 тооны шүдлэн үхрийг 1,300,000 төгрөгөөр тооцон, нийт 8,500,000 төгрөгт худалдан авахаар тохиролцсон. Ингээд М.М ын хэлсэн данс руу өөрийн болон эхнэр Ч.Ж ы данснаас 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр 7,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэдл төлбөрөө малаа авсны дараа өгөхөөр ярилцсан юм. Тэгээд өчигдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр малаа авахаар утсаар ярихад М.М-н ээж н.М нь Зарах мал байхгүй. Цагдаа шүүхдээ ханд гэж хэлсэн. М.М-тай холбогдох гэтэл утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгөөд холбогдож чадаагүй.
Иймд мал худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.М-т мал худалдан авахаар шилжүүлсэн 7,800,000 төгрөгийг гаргуулж бидэнд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.М нь Н.Б , Ч.Ж нарт надад холбогдуулан гаргасан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Н.Б , Ч.Ж нарын нэхэмжилсэн 7,800,000 төгрөгийг төлж барагдуулах тал дээр маргах зүйлгүй. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, хариуцагчийн тайлбар, хүсэлт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б , Ч.Ж нар нь хариуцагч М.М т холбогдуулан мал худалдан авахаар шилжүүлсэн 7,800,000 (долоон сая найман зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,800,000 (долоон сая найман зуун мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч нарт төлж барагдуулах тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,750 (нэг зуун гучин есөн мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М аас 69,875 (жаран есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 69,875 (жаран есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Б , Ч.Ж нарт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Б , Ч.Ж нар тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөвсгөл аймгийн ............ сумын 3 дугаар багт оршин суух, М-н М-г хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан ба шүүхээс рл99072018 регистрийн дугаартай Харчин М-н М нэхэмжлэлийг гардуулж, эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулжээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд дурдагдаж буй нэхэмжлэгчийн заасан этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг ба хариуцагч М.М нь нэхэмжлэлийн үйл баримттай маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул шүүх Н.Б , Ч.Ж нарын нэхэмжлэлтэй хариуцагч М-н М холбогдох гэж залруулж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б , Ч.Ж нарын нэхэмжлэлтэй хариуцагч М.М холбогдох мал худалдан авахаар шилжүүлсэн 7,800,000 (долоон сая найман зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,800,000 (долоон сая найман зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч нарт 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,750 (нэг зуун гучин есөн мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М аас 69,875 (жаран есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 69,875 (жаран есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Б , Ч.Ж нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН