Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 481

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Д.Мөнхтогоо,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 1809020960448 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13 дугаар байрны 170 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧВ82031579 регистерийн дуугаартай, Тугч овогт Ц.О

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч Ц.О нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны В1 тоотод М.Сүхрагчаагийн “Ай фоне 6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Сүхрагчаад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буураа хүлээж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сүхрагчаагийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 34/, Ц.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 19-29/, Ц.Оын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд, ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны В1 тоотоос М.Сүхрагчаагийн “Ай фоне 6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Сүхрагчаад 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч М.Сүхрагчаагийн /хх-ийн 4-5/: “... 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орой 19 цагийн үед өөрийн наиз Г.Нямдаваад хоол аваачиж өгсөн. Тэгээд би Нямдаваа, Мөнх-Эрдэнэ бид гурав юм яриад сууж байтал гаднаас Нямдаваагийн найз Отгонбат орж ирээд хоол идээд сууж байгаад миний цэнэглэж байсан Ай фоне 6 плас загварын утсыг аваад явсан байсан. Тэгээд би миний гар утсыг авч явснаас хойш 20 минутын дараа мэдээд өөрийн утас руу залгатал Отгонбат миний гар утсыг аваад “хэн бэ” гэж хэлээд гар утсыг маань унтраасан. Тэгээд би Нямдаваа, Мөнх-Эрдэнэ хоёрыг дагуулаад Отгонбатын гэрт очтол ах, дүү, ээж гурав нь гэртээ байсан ба 20 минутын өмнө өөрөө барьж байгаагүй том цагаан утас барьж ирээд гараад явсан гэж хэлсэн. ...Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 24, 4 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Оын гэрт нь очоод миний гар утсыг өгчих, цагдаад мэдэгдэхгүй талаар би удаа дараа хэлсэн боловч миний гар утсыг гаргаж өгөөгүй. Би 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө Отгонбат над руу 96450381, 95200344 гэсэн дугаараас удаа дараа залгаад дараа нь миний гар утсыг ломбарданд тавьсан авч өгнө гэсэн боловч надтай дахин холбогдоогүй...” гэх мэдүүлгээр,

 

 

Ц.О-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 17/: “... Би тухайн үед гар утсыг нь аваад явчихсан байна. Тэгээд М.Сүхрагчаа над руу яриад би гэртээ байж байя гэж хэлсэн. Тухайн үед би согтуу байсан учраас ямар үйлдэл гаргаснаа мэдэхгүй байна. Манай ээж надад хэлэхдээ тухайн үедээ гэртээ харьсан боловч над руу хүн залгаад гараад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 8-10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.О нь М.Сүхрагчаагийн эд зүйлийг нь хулгайлсныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө хулгайд алдсанаа мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.О-ын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Ц.О-ын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Ц.О нь “Ай фоне-6 плас” маркийн гар утасны хохиролд 500.000 төгрөгийг хохирогчид  нөхөн төлж хохиролыг барагдуулсан байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ц.О-ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                     

            1. Шүүгдэгч Тугч овогт Ц.О-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                  

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ